Нийтэлсэн: 2013-08-12 09:13:17


Нийтэлсэн: 2013-08-12 09:13:17
Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горьлолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогын зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Бусдыг гэх тусам чи хөгжиж буйн шинж. Өөрийгөө гэх тусам чи хөлдөж буйн шинж.
ЧАМАЙГ ЭЭЖИД ХЭЛНЭ ДЭЭ
Ээж минь миний хувьд хүслийг биелүүлэгч чандмань эрдэнэ байж дээ. Ээждээ хэлэхэд л миний бүх хүсэл минь биелэдэг гэдэгт бат итгэлтэй байсан тэр үед би Диваажинд амьдардаг байсан юм байна даа. Болохгүй бол ээжид хэлчихэд л бүх юм болчихдог байждээ. “Чамайг ээжид хэлнэ дээ” гэдэг үгийг би хэлэлгүй ямар их удсан юм бэ. Хүнд хэцүү цаг мөчид энэ үгийг дахин дахин хэлж тайвширах юмсан. Хорвоо заримдаа ямар хэцүү юм бэ. Гэхдээ энэ үгийг хэлэхээр жаахан ч гэсэн яг тэр гэнэн цайлган үедээ очсон юм шиг мэдрэмж төрж би инээж байна. Жаахан ч гэсэн тайвширал авч байна. Яадаг юм би энэ үгийг чанга чанга дуугаад дахин дахин хэлнэ. Хэсэгхэн хугцаанд ч гэсэн би хүүхэд насандаа эргээд очдог юм. Ээжий минь сайхан үнэр сэнгэнэх шиг болдог юм. “Чамайг ээжид хэлнэ дээ”
ТА АЛИЙГ НЬ СОНГОДОГ ВЭ?
Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочих гээд. Бусдынхаар байх гэхээр өөрийгөө хохироочих гээд байдаг уу? Та алийг нь сонгодог вэ? Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу? Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундлуур явдаг уу? Хоёуланг нь сонгоод хуурамч дүр үзүүлдэг үү? Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу? Энэ бүхэнтэй зохицож амьдрах үнэхээр хэцүү. Үүний гол буруутан нь та биш Эго юм. Энэ дэлхий дээр долоон тэрбум Эго байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө хүслийг биелүүлэхийг хүсдэг учраас маш олон эрх ашгууд хоорондоо зөрчилддөг. Үүнээс л хагарал мөргөлдөөн, хэрүүл тэмцэл бүхэн үүддэг. Уг нь өөрийн аминч хүслийг биелүүлэхийн тулд бусдыг хохироохгүй. Бусдын аминч үзлийг тэтгэж муу зан сургалгүй аминч үзэл биш бол өөрийнхөө эрх ашигийг түүний төлөө зольж чаддаг байх нь зөв юм. Болж өгвөл хоёр нүүр гаргахыг битгий сонгоорой. Эсвэл бүгдийг орхиод Бурханд бүхнийг даатгаад нэг үзээрэй.
УУЧЛАЛТ
Уучилна гэдэг нь гомдлоо тайлахын нэр юм. Уг нь зүгээр л сэтгэлдээ уучилж болдог. Гэтэл бид заавал гуйлгаж байж ялж байж уучлах гээд байдаг. Нэгэнт гомдчихсон бол уучлах нь л хамгийн зөв шийдвэр юм. Уучлахгүй бол та өөрөө л удаан шаналах болно. Та хичнээн түүнийг бодохгүй өөр зүйлээр сатаарсанч далд ухамсарт чинь гомдол хадгалагдаад үлдчихдэг. Үүнээс болж амархан сэтгэлээр унадаг болчихдог. Гомдлоо тайлж байхгүй бол сэтгэлзүйн байдалд чинь танд мэдэгдэхгүй нарийн өөрчлөлт орж байдаг гэсэн үг. Уг нь гомдол таниас уучлахыг байнга хүсч байдаг. Тэр гадагшлахыг хүсч тэмүүлж байдаг. Гомдож эхлэхдээ хүртэл уйлж хагас нь гардаг. Дараа нь хэн нэгэнд түүнийгээ муулж бас нэг хэсэг нь гадагшладаг. Түүний дараа тэр хүнрүүгээ харж чадахгүй тунирхаж зугтаалгадаг. Үлдсэн хэсэг нь нүүр тулж хэлэх үгээ хэлж нэг гарч гүйцдэг. Та гомдлоо тээн шанлаж баймаар байна уу? Уучилж дотроосоо гаргаж хаяад санаа амармаар байна уу? Өөрөө л мэд. Таны л сонголт.
ГОМДЛЫН ГУРВАН ТҮВШИН
Та хэнд хамгийн амархан гомдох гээд байна. Тэр хүндээ л хамгийн хайртай байдаг. Бусдын ямар ч ааш авирыг тоодоггүй мөртлөө тэр хүнийхээ хэдхэн үгэнд жаахан хүүхэд шиг амархан гомдчихдог. Энэ нь түүнд эрхэлж байгаа нэг хэлбэр юм. Ийм ГЭНЭН ГОМДОЛ байдаг. Үүнд нэг их буруу байхгүй. Гэнэн гомдлын түвшинд гомдохгүй байна гэдэг нь хөндийрч байгаан илрэл байх нь ч бий. Гомдлын дараагын хэлбэр бол айлгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн ХАРАЛГАН ГОМДОЛ юм. Юм л бол нулимсаараа түрий барьж өөрийн хүссэнээрээ бусдыг байлгах гэсэн атгаг бодолд автдаг. Ийм гомдолд заль их байдаг. Үүний цаана цаад хүний эрх ашиг хөндөгдөж байдаг. Ийм гомдол хүмүүсийг чимээгүйхэн далдуур хөндийрүүлдэг. Мөн хоёулаа зовж шаналадаг. Гомдлын хүнд хэлбэр нь үзэн ядалт болдог. Бүх бурууг түүнд чихэж саяхан л хайр сэтгэл зарлаж байснаа одоо үзэн ядалт өс хонзон зарладаг. Удаан тээсэн өс нь уй гашуй ч болдог. Өнгөрсөн амдралдаа гутран нэг л хүнд хамаг буруугаа тохож түүнээс болж л аз жаргалгүй амьдарсан гэж харамсан гашуудан явдаг хүмүүс олон байдаг. Ийм хүнд гомдлыг МУЙХАР ГОМДОЛ гэдэг. Ийм гомдолд хүмүүс аль хэдийнэ холдсон байдаг. Гомдогч л өөрөө маш их зовдог.
ГОМДОЛ ҮГҮЙ БОЛ УУЧЛАЛТ ҮГҮЙ
Уучлах танд хэцүү байдаг уу? Уучилж чадахгүй зовж байхаар амархан гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм. Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шанлагах зүйлсээс холуур явбал танд л амар бусуу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Гомдсоноор та юу хожих юм? Зовлон л хожиж байгаа юм биш үү? Ингэж өөрийгөө сайн дураараа зовоох хэрэг юу байна? Нэг бол хурдхан уучлаад санаа амар байх нөгөө бол анхнаасаа годохгүй амгалан тайван байвал танд л амар байх даа.
ГОМДООГЧ БА ГОМДОГЧ
“ГОМДООГЧ” Та хөгжих тусам мэдрэмтгий болдог.Та зөв болох тусам уяхан болдог. Зөөлөн болдог. Бусдыг гомдоочихвий гэдгээ анзаардаг болдог. Бусдад туслахсан гэсэн сэтгэлтэй болдог. Та хөрөх тусам мэдрэмжгүй болдог. Хөндий хүйтэн цэвдэг болдог. Амиа л бодогч бэртэгчин үзэлтэй болдог. Бусдыг гомдоочихвий гэж бодох нь битгий хэл гомдоосон ч тоодоггүй хэнэггүй нэгэн болж байдаг. Бусдын зовлонгийн шалтгаан болохоо болихсон. Өнөөдөр бусдыг гомдоосон бол өөр нэг өдөр бусдад гомдох л байх даа.
“ГОМДОГЧ” Байнга аргадуулж амдрахыг хүснэ. Болж л өгвөл нүдэн доороо алга тосуулахыг хичээнэ. Амархан гомдогч өөрийгөө сайн дураараа дорой өрөвдөлтэй нэгэн болгож байдаг. Бие даах чадвар сул байдаг. Их эрх өссөн олон хэмжээст орж үзээгүй зовлон жаргалд нухлуулж үзээгүй хүмүүс гомдох нь хялбархан байдаг. Зовлонгоо чамаас л боллоо гэж бусадруу чихэхээ болихсон. Таны л амьдрал. Таны л сонгосон зам. Таны л үйлийн үр.
ГОМДОЛ
Гомдол бол урам хугаралт юм. “Арай ч дээ”-ээс гомдол үүснэ. Тэр бас биелээгүй хүсэл юм. “Үгүй байлгүй дээ” гэж гомдол эхлэнэ. Удаан тээсэн гомдол “Өс хонзон” болж хувирна. Цаад хүнээ ялахыг хүснэ. Миний буруу биш чиний л буруу байгаа биз дээ гэж цаад хүнээр өөрийнхөө зөв байсныг батлуулж өөрийг нь буруу байсныг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Ялалтыг өөртөө авч ялагдалыг түүнд өгч байж тайвшилна. Гуйлгаж байж л санаа амарна. Тэр хүн чамайг гомдоохгүйн тулд л амьдарч байгаа хүн мөн үү? Тэр хүн зөвхөн чиний төлөө л амьдарч байгаа бол зөхөн чиний зарц бол энэ боломжтой. “Тийм их тус болж байхад” “Ийм хайрлаж байхад” ингэх гэж та боддож байж болно. Гэхдээ тэр ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж бусдыг гомдоох нь буруу. Гэхдээ хэн ч бусдыг гомдооё гэж боддоггүй юм. “Гомдчих вий” гэж анзаарч чадаагүйгээс л бусдыг гомдоочихдог юм. Эсвэл чиний хэт их шаардлагаас, хэт их хариуг түүнээс хүссэнээс чинь гомдол үүссэн байдаг.
ЗӨВ БА БУРУУ
Хүн бүхэн өөрийнхөө зөв гэж боддог учраас л зөрчил үүсдэг. Өөрийгөө буруу гэж боддог хүн нэг ч үгүй. Зөв байхын тулд буруу заавал байх ёстой. Буруу үгүйгээр зөв орших боломжгүй. 100 хувь зөв. 100 хувь буруу гэж үгүй. Хэн нэгний буруу байж л таны зөв байх боломжтой. Бид өөрийгөө зөвтгөхийн тулд л бусдыг буруутгадаг. Бусдынх зөв болчихвол. Таных буруу болох болчихдог. Таны хувьд зөв өөр хэн нэгний хувьд буруу. Таны буруу гэж бодож байгаа үзэл хэн нэгий хувьд зөв байдаг.Тэгэхээр таны яг одоо бодож байгаа зөв чинь хэсэг хугцааны дараа буруу болж. Буруу гэж бодож байгаа чинь төд удалгүй зөв байсан байж ч магадгүй. Бид анд нөхөд сайн гэж бодсон хүнээсээ бурууг нь олж харж чаддаггүй. Дургүй муу гэж бодсон хүнээсээ зөвийг нь олж харж чаддаггүй. Та өөрийнхөө үзэлд автсан өнцгөөс л харж байгаа учраас тэр. Ер нь ямар ч хүнийг хэн ч гэж харж болдог. Гэгээнтэнг алуурчин, алуурчинг гэгээнтэн ч гэж харж болдог. Энэ таны л сонголт байдаг. Гэтэл бид өөрийнхөө зөвийг бусдад тулгаж. Бусдын зөвийг буруутгаж байдаг.
БУСДЫГ МУУЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ МУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ
Бид яагаад бусдыг муулдаг юм вэ? Тэр хүнийг алдааг нь засах гэж лав биш. Хэрэв тийм бол өөр хүнд биш өөрт нь хэлэх байсан юм. Хэн нэгний мууг нь чи өөрөө мэдчихсэн бол цааш нь өөр хүмүүст ярих хэрэгцээ юусан билээ? Муулснаар та юу хождог юм бэ? Зүгээр л ярих юм олдохгүй болохоор муулдаг гэж та бодож байж магд. Гэтэл тийм биш. Бусдыг муулж байгаа нь далдуур та өөрийгөө магтаж байгаа хэрэг юм. Мэдээж тэр хүнийг чи муулж байгаа юм чинь чи өөрөө тэрнээс муу биш гэсэн мэдрэмж сэтгэлийн гүнд чинь байдаг. Бүр би бол ингэх байсан юм арай ч дээ гэж хэлэх нь ч бий. Бусдыг муулна гэдэг нь бусдыг доош хийж өөрийгөө дээш татах гэсэн сэтгэлийн ов мэх юм. Муулаад ч хамаагүй түүнээс илүү гэдгээ өөрөө мэдрэх гэж байгаа Эго юм. Бүр хүн муулж таашаал авдаг хүмүүс ч байдаг. Бусдыг муулж явдаг хүнд хүмүүс дуртай байдаг билүү? Бусдыг танд муулж байгаа хүн таныг ч бас цааш нь өөр хүнд муулж мэдэх нэгэн бусуу? Ингэхээр бусдыг мулж байгаа нь би бол ховч таныг ч бас хэзээ нэг цагт цааш нь муулж мэднэ шүү гэж зарлаж байгаа хэрэг бусуу?
Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам
http://society.time.mn/content/32827.shtml
Өнөөдөр 8 цаг 58 минут
ХАЙРЛУУЛАХ ГЭЖ ХҮЛЭЭЛГҮЙ ХАЙРЛАЖ ЭХЛЭ
Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Авахыг хүсэгч нар нь олдож, өгөхийг хүсэгч нар нь цөөдснөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод байгальд, бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг маш их хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр. Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Би хангалттай хайрласан гэж бодож байгаа бол эндүүрэл. Бүр хоёр дахин илүү хайрла. Чи хайраар дутаж байгаа бол бусдыг хайрлахаа дутааснаас л болсон хэрэг. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ.
БОДЛЫН БООЛ НЬ БИШ ХААН НЬ БАЙХСАН
Бид биеэрээ ямар нэг үйлдэл хийхгүй гэвэл тэвчиж чадна. Мөн үгээ цэгнэж хянаж чадна. Бодлоо хянаж харин чаддаггүй. Бодохгүй гэж байгаа нь хүртэл бодол байдаг. Зөвхөн нэг зүйлийг алдахгүй бодъё гэхээр нэг мэдэхэд л өөр зүйл бодчихсон явж байдаг.Орондоо ороод унтая гэхээр бодол таныг унтуулахгүй дарангуйлж эхлэдэг. Бодол бидний хаан бид түүний боол болчихсон байдаг. Бодол яаж орж ирээд яаж таныг дарамталж байдгыг бид анзаардаггүй. Стресс бүгд бодол байдаг. Хүмүүс бодлоос зугтаж архи уух нь элбэг тохиолддог. Бодол үргэлжлсэн төлөвтэй байдаг. Нэг зүйлээс сэдэл аваад үргэлжилэн маш олон зүйл бодчихсон явж байдаг. Уг нь бол та өөрөө боддоггүй. Бодол өөрөө харваж орж ирдэг. Бид бодохгүй гэхээр өөрөө алга болчих юм шиг ойлгодог тийм биш. Бодол үгүй бол харин ч та жинхэнээсээ оршиж эхлэх болно. Хүссэн үедээ бодоод хүсээгүй үедээ боддоггүй болчих юмсан.
ИД ШИДИЙН ТӨМС
Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол гомдсон хүмүүсийнхээ тоогоор биедээ төмс авч явж бай. Төмс бүхэн дээр тэр хүмүүсийнхээ нэрсийг бичээрэй. Уучлахаас нааш төмсөө биенээсээ бүү салга байнга авч яв. Унтахдаа хүртэл өвөртөлж унт. Ингэхдээ нэг л дүрмийг заавал мөрд уучлахаас нааш төмсөө яавч хаяж болохгүй. Удах тусам төмс муудаж илжрэх болно. Та уучилж илжэрсэн төмснөөсөө салхууэсвэл өмхий ханхлуулан биедээ аваад л явах уу гэдгээ тунгаан бодоод шийд.
Та төмс авч явахгүй байсан ч төмснөөс илүү зовиур болох гомдолын хүндүүрийг зүрхэндээ тээсээр байгаагаа мэдэхгүй байгаа юм биш биз. Үүнийгээ та уучилж байж л юу тээж явснаа мэднэ. Зүрх хичнээн хөнгөн амгалан болсныг тэр үед л ойлгох болно. Туршаад нэг үзээрэй.
ЯАДАГ ЮМ БУРУУГАА ХҮЛЭЭЧИХ ЭЭ
Анханаасаа л буруугаа буруу гэж мэдэхгүй зөв гэж бодож байсан бол буруу байснаа мэдсэн дариудаа буруугаа хүлээчихэд нэг их шалдаан буугаад байгаа юм үгүй. Буруугаа үнэнээсээ хүлээн зөвшөөрч чаддаг хүн бүхнийг ухаантай гэж ойлгож болно. Буруу байснаа дотроо мэдсэн байж өөрийгөө өмөөрч гүрийх чинь харин чамайг ухаантай лав бишийг чинь батлаж байгаа юм. Ухаантай биш болцаана нь юу үлдэх бол? Өөрийх нь нөгөө итгэлтэй байсан үзэл буруудахаар буруугаа хүлээхээсээ ичиж булзайруулах юмуу эсвэл минийх л зөв гэж худлаа батлах гэж бүр буруутаж улам эвгүй байдалд өөрийгөө оруулах шаардлага байна уу? Ийм байдал давтагдан хуримтлагдвал таныг нөхцөл байдал улам худалч хуурамч болгоно шүү. Анханаасаа л буруугаа нүүр бардам хүлээж чаддаг хүн ямар сайхан харагддаг гээч. Сүүлд нь нуух гэж зовох шаардлага ч гарахгүй. Яадаг юм буруугаа хүлээчих ээ. Дэлхий сөнөчихгүй нь лав.
УХААНТАЙ ХҮН Л УУЧЛАЛТ ГУЙДАГ ЮМ
Чамаас болж хүн хохирч, чамаас болж хүн уйлж, чамаас болж хүн зовж байхад чи түүнийг тоохгүй байна гэдэг бол харгис явдал юм. Таны зүрх царцаж байна гэж ойлго. Таных гарцаагүй зөв эсэхийг дахиад нэг нягтлаад үз. Тэр хүний оронд өөрийгөө тавиад нэг үз. Үнэхээр таных зөв байгаад уучлалт гуйх нь бусдын муу занг дэмжсэн болох гээд байж ч магд. Хэрэв тийм бол өөр хэрэг.
ҮР ДҮНГ ЗӨНД НЬ ОРХИ
Хийх зүйлээ л чин сэтгэлээсээ хий. Үр дүнг нь зөнд нь орхи. Хэт их найдлага чамайг сэтгэл дундуур болгох нь элбэг. Үр дүнг хэт их горилох нь Эгогын том илрэл. Өнгө мөнгөөр, өнөө маргаашаар,нүдэнд харагдаж байгаагааар бүхнийг бүү хэмж. Өнөөдөр жимс тарьчихаад маргааш ургацаа хураах гэж сагс барин зогсохоо боль. Бүх зүйлд цаг хугцаа байдаг юм. Бүү яар. Хийсэн л бол үрийг нь эдлэдэг нь гарцаагүй. Цаг хугцаа бүгдийг харуулах болно. Үйлээ л үнэн сэтгэлээсээ хийгээд бай. Одоо байгаа амьдралаа хүлээлтээр бүү соль. Үр дүн нь хүссэн хэмжээнд хүрсэн ч хүрээгүй ч хамаагүй. Зүгээр л ажил үйлээ чинь сэтгэлээсээ хий. Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шанлал үүрээ засч,өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.
АМЬДРАЛЫГ ДАГАЖ БҮҮ САВЛА
Та өнгөрсөн амьдралаа эргээд нэг ажиглаад үзээрэй. Зовлонтой хэцүү үе байсан яаж ийж байгаад болоод л өнгөрчихсөн нэг л мэдэхэд жаргалтай сайхан цаг ирчихсэн байдаг. Жаргалтай сайхан үе бас байсан урсаад л өнгөрсөн нэг л мэдэхэд гуниглачихсан явж байдаг. Мөн удахгүй аз жаргал дахиад л ирчихсэн байдаг. Өнгөрсөн амьдрал тийм л байсан. Ирээдүйн амьдрал ч бас тийм л байх болно. Яагаад гэвэл энэ бол амьдрал юм. Хорвоо юм. Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно бүү шанала. Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай. Хэдэн өдөр таны зүрхэнд зовлон хоноглоод явна. Өөр хэдэн өдөр зүрхэнд чинь жаргал ч бас өнжөөд буцна. Та байдгаараа л байна. Зовлонд уйтгарлаж, жаргалд ташуурснаар амгалан тайван байна гэж ер үгүй. Энэ савалгааг л дагаж савлалгүй юу ч болж байсан амгалан тайван байж сур.Та сэтгэл хөдлөл биш.Та бол цэвэр тунгалаг ухамсар.
Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам
http://society.time.mn/content/33284.shtml
-Сүүлийн үед хүүхдийн чанартай зохиол бүтээл хомс болж. Та саяхан Монгол ардын үлгэрүүдийг нэгтгэн хэвлэхдээ шинэчлэн найруулсан гэж байсан?
-Тийм ээ. Монгол ардын 270 гаруй үлгэрийг өнөөгийн хүүхдүүдийн сэтгэхүй, цаг үед тааруулан шинэчлэн найруулж хэвлэсэн. Учир нь, манай Монгол ардын үлгэрүүд ихэвчлэн террорист талдаа өгүүлэмж, өрнөл, төгсгөлтэй байдаг болохоор тэр. “Аргай аргай түг аавын толгой хага” гэх мэт аавыгаа хөнөөх жишээний. Угтаа өнчин хүүхэд сайхан жаргахгүй шүү дээ. Мөн өдөр хоногоор бус цаг минутаар өсч торнидог нэг баатар эр гарч ирээд л арван таван толгойтой атгаалжин хар мангасын толгой бүрийг нь цавчаад, улмаар дайн тулаан хийж явсаар байгаад л дуусдаг. Миний хувьд эдгээр үлгэрийн эртний үг хэллэгийг зөөллөх, хүүхдийн хүмүүжилд яаж тусгах вэ гэдэг талаас нь дахин найруулж ажилласан юм.
-Борлуулалт сайтай байсан байх. Эцэг, эхчүүд номын дэлгүүрээс хүүхэддээ ном авч өгье гэхээр олигтой юм алга гээд гарахыг олон л харж байсан?
-Би үлгэрчилсэн хэлбэрээр хүүхдийн таван цуврал ном бичсэн. Бичих гэж нэлээн юм болсон. Бардам хэлэхэд, Монголын хүүхдийн зохиолчдын дунд над шиг хүүхдийн зохиол бичих гэж цэцэрлэгт сар болсон хүн байхгүй л болов уу. Хүүхэд өөрөө зохиол шүү дээ. Тэдэнтэй хамт байж орчинд нь зөв судалбал сая хүүхдийн зохиол туурвина гэхээс хүүхдийг бага балчир гэж дээрээс нь харж, мөнгөний ном биччихээд өөрийгөө хүүхдийн зохиолч гэж ярих нь буруу.Өнөөдөр Монголын номын зах зээлд хамгийн их борлуулалттай нь хүүхдийн ном. Тийм ч учраас зохиолчдын ихэнх нь хүүхдийн ном зохиол руу шуурч байна, мөнгө олох гэж хэрэгтэй, хэрэггүй юм бичиж байна. Гэхдээ тэд хүүхдийн сэтгэхүй, хүмүүжил, зан төлөвийг анзаардаггүйгээс зарим нэг зохиол нь хүүхдэд их сөргөөр нөлөөлөөд байх шиг. Зарим нь ч болж байна. Нэг эмгэнэлтэй юм хэлэхэд, мянгад гурав гээд барьчихаад хүүхдийн үлгэрийн ном зараад байдаг даа. Худалдааны төв, захаар зөндөө л байдаг. Нэгдүгээрт, эдгээр номонд найруулга гэж юу ч байхгүй. Хоёрдугаарт, тухайн номыг уншихаар мөнгөний ажил, мөнгөний ном гэдэг нь илт мэдэгдэнэ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөөд л байх юм даа.
-Ер нь, таны хэлсэнчлэн энэ орон зай хоосорсноос мөнгөний гэх ажил нь цэцэглэсэн юм биш үү. Уг нь, хүүхдэд зориулагдсан номын стандарт гэж байна биз дээ?
-Байлгүй яахав. Манайхан л юу дуртайгаа хэвлээд байгаа болохоос угтаа хүүхдийн ном гэдэг маш нарийн стандарт хангасан байх ёстой. Манайд олон улсын стандартад нийцсэн нэг ч хүүхдийн ном байхгүй гэвэл хүмүүс гайхах байх.
Цаас, будагнаас эхлээд хаана хэрхэн яаж хэвлэгдсэн нь маш нарийн тодорхой байх ёстой юм. Эрүүл ахуйн шаардлагад хэр нийцэж байна гэхчлэн нарийн яривал олон ч зүйл бий. Учир нь, тухайн номыг хүүхэд хазна, иднэ, долооно, урна, өвөртөлж унтдаг. Мөн номын агууламж санаа шийдэл нь ямар байх вэ, хэдэн насны хүүхэд уншиж хэрэглэх ёстой юм гээд маш өндөр шаардлага хангасны дараа л сая хэвлэх үйлдвэрээс гарч хүүхдүүдийн гарт очдог. Барууны орнууд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжил, эрүүл ахуйд ингэж л анхаардаг. Манайхан шиг бохир заваан гараас 1000 төгрөгөөр худалдаж авсан гурван номоо дөнгөж хэлд, хөлд орж буй хүүхэддээ бариулчихдаггүй. Гэтэл өнөөдөр Монголд хүүхдийн зохиолч бэлтгэдэг, сургадаг нэг ч газар байхгүй. Яахав, СУИС-д жүжиг киноны зохиол гэж хичээл ордог ч хүүхдийн зохиол гэсэн юм огт байхгүй. Бид хүүхдийн зохиол бүтээл бичихдээ хүүхдээ юмны учир мэдэхгүй жаахан гэж бодон дээрээс нь харж бичдэг. Үнэндээ, тэр хүүхэд чинь миний найз. Үүнийг л мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс хүүхдийн зохиолч гээд яваад байх юм. Японд хүүхдийн зохиолын баатарт хэзээ ч бодит нэр өгдөггүй. Манайхан шиг зохиолынхоо голд дүрийг Болдоо гэж шууд нэрлэдэггүй. Яагаад гэхээр, Нус Болдоо гэдэг зохиол байдаг. Тэгвэл энэ номыг уншсан хүүхэд ангийнхаа Болдоод нус гэж хоч өгдөг байгаа юм. Нөгөөх нь уурлаж хоорондоо зодолдож хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг учраас зохиолын баатар, гол дүрд нийтлэг, олны танил нэр өгдөггүй. Энэ мэт нарийн юм их бий.
-Нийгэм цаг үеэ дагаад хүүхдүүд интернэт, компьютер тоглоомыг номоос илүүд үзэх болсон. Унших ном нь ч хомс байх шиг. Таны бодол?
-Нэг талаараа үнэн ч, нөгөө талаар огт худлаа. Өнөөдөр хүүхдүүд уншъя гэвэл маш их ном байна. Даанч бид өөрсдөө хүүхэддээ авч өгдөггүй болохоор яаж унших юм. Авч өгөхгүй болохоор л хүүхэд аавынхаа утсаар тоглоно шүү дээ. Мөн нас, насны ангилал гэж байна. Тухайн хүүхдийн насанд тохирсон номыг авч өгөхгүйгээс сонирхлыг нь татахгүй, уншихгүй байгаа хэрэг. Өнгөрсөн долоо хоногт болсон цэцэрлэгийн багш нарын сургалтад 27 багш хамрагдсанаас ганцхан хүн л гэртээ номын сантай байна. Хүүхэд хүмүүжүүлж байгаа хүн нь тийм байхад хүүхэд яаж ном унших вэ дээ. Тэрнээс биш унших ном байхгүй байна гэж хэлж болохгүй. Өнөөдөр манайд Германы хүүхдийн зохиолчдын ном орчуулагдан зарагдаж байна. Японых ч байна. Хамгийн гол нь, ямар ном яаж сонгож авч өгөх вэ, хүүхдээ номонд дуртай болгохын тулд яах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулах ёстой юм шиг санагддаг. Манай охин гурван настай ч номын сан нь 40 гаруй номтой. Явдаг, дуулдаг, хаздаг, даавуун ном гэхчлэн. Би анх эхнэрээ төрөхөд нь охиндоо бүүвэйн дуу дуулдаг ном авч өгсөн юм. Тэр үеэс хойш л хүүхдэд зориулсан өвөрмөц, шинэ шинэлэг ном бүхнийг охиндоо авч өгдөг болсон. Одоо манай охин номын соёл гэж юу болох, ном уншихын сайхан, номтой хэрхэн харьцах вэ гэдгийг бүгдийг мэднэ.
-Сайн зохиол бичихэд юу чухал вэ?
-Монголд хүүхдийн зохиолч олон ч байна. Хүүхдийн зохиол бичээгүй зохиолч гэж ховорхон. Гэхдээ яг хүүхдийн зохиолч гээд ярихаар Сундуй ах, Батжаргал, Лхагвасүрэн эгч гэсэн цөөхөн хэдэн хүн л байна. Үнэн хэрэгтээ, урдаа барьж буй нь Сундуй ах. Яагаад гэвэл, Сундуй ах зохиол бүтээлээ бичих гэж цэцэрлэгүүдээр маш их явж, хүүхдүүдтэй найз нөхөр шиг нь ойр байж танин мэддэг. Гэтэл дийлэнхи зохиолч хулгай хийгээд л. Сайн зохиол бичихийн тулд хүүхдийн сайн найз нь бай.
-Дэлгүүрийн лангуу дүүртэл өрчихсөн өчнөөн олон гоё гоё зурагтай ном ном биш болчихоод байна. Монголын зохиолчдын уран бүтээл байхгүйгээс гадаадад хит болсон Харри Поттер, Тэргэл сар гэсэн киноны зохиол эзэлчихлээ. Хүүхдүүд киног нь үзчихсэн учраас өдөөгдөн авч уншдаг юм шиг?
-Зөв л дөө. Манайд 2-6 насны, 6-10 насны хүүхдүүдэд унших ном бол бий. Харин 10-17 насныханд зориулсан нь байхгүй болохоор орчуулга л уншаад байгаа хэрэг. Ер нь, хэцүү л дээ. Жишээ нь, Манжин гэдэг үлгэрийг хоёр настай хүүхэд ойлгохгүй байхад хоёр нас гурван сартай нь ойлгодог. Хүүхдийн сэтгэхүй сар, сараараа өөр болохоор тэр. Гурван нас нэг сартай хүүхэд, гурван нас таван сартай хүүхдийн тархины хөгжил огт өөр байдаг. Юм хүлээж авч, ойлгож, танин мэдэж байгаа гээд олон ч зүйлээрээ ялгаатай болохоор нас, насанд нь тохирсон ном зохиол гаргаж унших юмтай болгоно гэвэл нарийн судалгаа, дүн шинжилгээ хийх хэрэг гарна. Хоёрдугаарт, тэр дайны зохиол биччихээр өөдтэй, цог золбоотой аавын хүү манайд алга. Чөлөөтэй сэтгэчих тийм сэтгэхүйтэй хүн байхгүй. Одоо бичиж байгаа манай хүүхдийн зохиолчдын бүтээлийг нэг бүрчлэн унших юм бол авах юм нэг ч байхгүй. Би нүүр бардам хэлнэ. Үлгэрээ барьж авсан, үлгэрчилсэн тийм хоёрын хооронд юм хөөсөн л юм яваад байна. Тэрнээс биш, нэг сайхан гүнжийн тухай ч юм уу, суурьшмал нийгэмд таарсан дөрөвдүгээр ангийн хүүхдийн дүртэй тийм хөөрхөн зохиол байхгүй. Хийж чадахгүй байна. Хийх санаа сэтгэл, сэтгэлгээтэй тийм хүн алга. Эндээс нөгөө хүүхдийн зохиол маань мөнгө, бизнес болчихсон нь харагдаж байгаа юм. Наймаас доош насныхан ээж, ааваасаа нэхэж байгаад үлгэрийн ном авахуулчихдаг учраас энэ насныханд зориулж юм хийгээд байна. Гэтэл тэрнээс дээш насныханд зориулсан юм байхгүй. Боловсролын яам, Соёлын яамнаас жил болгон хүүхдийн зохиолын уралдаан зарлаад байгаа ч төрсөн зохиолууд нь хүүхдүүдийн дунд Ганнам стайл шиг тарж, тархаж чадахгүй байна. Энэ л үнэхээр сонирхолтой байгаа юм.
-Тийм шүү, сонирхолтой санагдаж байна. Улсын хэмжээнд шалгарсан зохиол бүтээл яагаад олны хүртээлд муу хүрдэг юм бол. Магадгүй, сайн зохиолоор кино ч хийж болмоор?
-Үнэхээр л тийм мундаг сайн зохиол нь түрүүлсэн юм бол өдийд бэстселлер болчих нь яасан юм. Нөгөө талаас, сайн хүүхдийн зохиол биччих чадалтай аавын хүү байхгүй гэвэл Монголын утга зохиолынхон тэр чигээрээ намайг үзэн ядаж барьж иднэ. Зарим нь сэтгэл санаагаар унаж гомдоод бараг намайг алах гэж ирэх байлгүй. Гэхдээ л чин үнэндээ ийм л байна. Бид гүзээ дотор сэвс байдаг л гэж боддог. Гэтэл гүзээнээс сэвсийг нь гаргаж хаячихаад алт алмаз ч хийж болно. Эсвэл элэг уушгийг нь ч юм уу. Тэр гүзээн дотор орчлон ертөнцийг ч гэсэн бүтээчихэж болно шүү дээ. Тэгж сэтгэчих хүн л байдаггүй. Гэтэл гүзээг гүзээ чигээр нь л ойлгоод, хараад байх юм. Энэ л хамгийн том эмгэнэл байхгүй юу. Чи бод л доо. Яагаад Харри Поттер хүүхдүүдийг татаад байна гэхээр тэр нэг духан дээрээ сорвитой, нүдний шил зүүсэн давжаа биетэй хүү ямар нэг юмны учрыг тайлах гээд, учир битүүлэг зүйлийг хайгаад яваад байгаа ч очсон газар бүхэнд нь гайхалтай уран сэтгэмжит үйл явдал өрнөж, уулзаж буй дүр бүхэнд нь танин мэдэхүй нуугдаж байна. Цоо шинэ зүйлээр дүүрэн. Шинэ мэдээлэл, шинэ тэмүүлэл, шинэ танин мэдэх хүсэл гээд л. Өнөөдөр Харри Поттерийг хүүхдүүд үзэхээс ч өөр аргагүй. Хүүхэд болгон баатар болохыг хүсдэг, хүүхэд бүр л сайн хүн болохыг хүсдэг. Тэгтэл манайд тэр хүсэлд нийцсэн өрнөлтэй, өгүүлэмжтэй зохиол алга. Бид ядаж хүүхдийнхээ тэр сайн хүн болох, баатар болох тэр мэдрэмж, тэмүүлэл, хүсэл мөрөөдлийг нь өргөсөөр ч болтугай хатгаж, өдөөж өгч байх ёстой байхгүй юу. Бид, эцэг эхчүүд, томчууд залхуу, худалч байна. Үнэн хэрэгтээ, би ч гэсэн чамд хүүхдийн зохиол ийм, тийм байна гээд л худлаа яриад сууж байгаа байхгүй юу.
-Худлаа ярихгүй байж болохгүй юу?
-Надад хүүхдийн зохиол бичээд хэвлүүлэх санхүү алга. Тэрнээс биш надад хоёр, гурван биччихсэн ном байна. Хүүхдийн зохиол өртөг өндөртэй гардаг. Тийм учраас эргээд мөнгө, бизнес болоод байдаг байж магадгүй юм.
-Үүнтэй холбоотой нэг хөндөх асуудал бол бодлого. Манайхан хүүхдийн хөгжил, хүмүүжил гэж их ярих болж. Бодлого боловсруулж хүүхэд хүмүүжүүлнэ гэх юм. Гэтэл том бодлого жаахан хүүхдүүдэд яаж хүрдэг юм бол?
-Харин тийм. Угаасаа тэнэг шүү дээ. Тав, зургаан жилийн өмнө байх аа. Боловсролын яамнаас “Хүүхэд хаанаас гардаг вэ” гэсэн ном гарч байсан юм. Би Хүүхдийн номын ордонд яах гэж ч билээ явж байгаад тэр номыг нь олоод харчихсан. Эхний хуудсанд нь бэлэг эрхтэнээ навчаар халхалсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нүцгэн зураг байна. Дараагийн хуудсанд нь хүүхнийхээ дээр эрэгтэй нь гараад хэвтчихсэн. Хамгийн гол тайлбар нь юу гэхээр “Аав, ээжийн дээр гарч хэвтээд, бэлэг эрхтэнээ ээжийнх рүү хийнэ” гэж байгаа юм. /Инээв/
-Хэдээс хэдэн насныханд зориулсан ном юм бол?
-Цэцэрлэгийн бага насныханд зориулсан. Дараагийн хуудсуудад бүүр ч дэлгэрэнгүй тайлбартайгаар эр эмийн ажлыг бичээд төгсгөлд нь “Энэ хоёр ингэсэн учраас би гарсан” гээд л хүүхдийн ном. Би яг энэ асуудлаар, тэр номын тухай Боловсролын яаманд хэлж байсан юм. “Ийм юм хийгээд сууж байгаадаа та нар ичээч ээ” гэж. Тэгэхэд Германд, яг үүнтэй адил “Хүүхэд хаанаас гардаг вэ” гэсэн ном байна л даа. Уг ном яаж эхэлж байна гэхээр, нэг жаал хүү бөмбөг өшиглөж гүйж байгаад бөмбөгөө жалга руу унагачихаж л дээ. Хүү бөмбөгөө авахаар орох гэтэл урдаас нь нэг жирэмсэн эмэгтэй гараад ирж гэнэ. Тэгтэл хүү уурлан “Чи миний бөмбөгийг залгичихсан байна” гэж л дээ. Харин хүүхэн маш эелдэг, энгийнээр тайлбарлаж байна гэнэ. “Миний гэдсэнд бөмбөг биш маамуу байгаа. Гэхдээ энэ маамуу одоохондоо миний гэдсэнд том болохоо хүлээж байгаа” гэх мэтээр хүүхэд хэрхэн бий болдог тухай тайлбарлаж өгнө. Төгсгөлд нь “Удахгүй гараад чам шиг ингээд бөмбөгөөр тоглоод гүйнэ” гэхчлэн хүүхдийн сэтгэхүйд таарсан байдлаар тайлбарлаж өгсөнөөр номын гол агуулга гарч ирдэг. Гадаад тэр дундаа германчууд хүүхдийн хүмүүжилд ийм хөнгөхөн ханддаг л даа. Ялангуяа, хүүхэд ухаан орж юмсыг танин мэдэж эхлэх тэр цаг буюу 5-10 насны хооронд мэдсэн сурсан зүйлээ насан туршдаа мартдаггүй. Тэр нь хүүхдийн насан туршийн амьдралын хар ухаан, боловсрол, мэдлэгийнх нь үндэс суурь болдог учраас тэдэнтэй болгоомжтой, хөнгөн харилцах нь чухал. Бид хүүхдэдээ өргөс авахыг нь бус хатгуулахыг нь зааж өгөх ёстой юм л даа. Сэтгэлзүйч хэлж байна. “Бид гүйж байгаа хүүхдээ уналаа, ойчлоо гэж орилж хашгирч харааж загнасаар байгаад л унагачихдаг. Харин хамаагүй гүйхээр бус болгоомжгүй гүйвэл унадаг гэдгийг ерөөсөө ойлгуулж чаддаггүй” гэж. Энэ үнэн. Бид хүүхдийн хүмүүжилд ингэж л хандах хэрэгтэй.
-Кино урлагийг уран сайхны, баримтат, хүүхэлдэйн гэж гурав ангилдаг. Урлагийн энэ гайхамшигт төрөлд хүүхэлдэйн киног багтааж байгаа нь гарцаагүй зүйл гэж ойлгодог. Харин Монголын утга зохиолд хүүхдийн зохиол ямар байр суурь эзэлж байна?
-Сүүлийн үед хүүхдийн зохиол ийм, тийм байна гээд нэлээн л ярьж байна. Ер нь, хүүхэлдэйн кино гэдэг нь хүүхдийн зохиол юм. Хэдийгээр аль алиныг нь манайхан оролдож байгаа ч төдийлөн сайн болж чадахгүй л байна. Мөн л хуулбарлаж, хулгайлж байна. Сэтгэхгүй байна. Өөрсдийн гэсэн өнгө аяс, арга барилтай кино ер гарахгүй байна. Хийж байгаа юм нь дандаа л бэлэн дүрүүдийг аваад байх юм. Том Жэрри хоёрын хулгана муур гэх мэт хулгана, муур, нохой, туулай..,
-Ишиг?
-Аан тийм, нөгөө л нэг эрх цагаан ишиг, хурга, гөлөг мөн баавгайн бамбарууш гээд л.., хэдхэн амьтны дүртэй. Өөр юм байхгүй. Санаа нь ихэвчлэн хуулчихсан. Худалч хүнд техник технологи, компьютер график өндөр хөгжсөн өнөө үеийн хүүхэлдэйнүүдээс дээхнэ үеийн Эрх цагаан ишиг, Өвгөн арслан хоёр гэх мэт кинонууд хамаагүй илүү байсан юм. Одоогийн хүүхэлдэйнүүд хэтэрхий явцуу, өгүүлэмжгүй, өрнөлгүй, сургамжгүй. Гэхдээ манай 25 хүртэлх насны энэ салбарын залуус шинийг сэдэж сэтгэж, арай өөр шатанд аваачих хандлага анзаарагдаж байна. Гайхалтай зурдаг залуус ч олон байна. Гагцхүү сайн зохиол, сайн дүр алга. Ядаж л “Бөгжний эзэн” киноны Смигал шиг дүр гаргаад ирэх хүн байхгүй л байна шүү дээ.
-Магадгүй, тэр дүрийг амилуулж Маша Миша хоёроос ч илүү дурлаж үзэх кино зохиол бичих бидний сэтгэлгээ хэтэрхий хумигдмал, баригдмал болчихсон юм шиг?
-Үнэн үнэн, чиний ингэж хэлж байгаа чинь зөв. Бид сэтгэлгээгээ задалж чадахгүй өдий хүрлээ. Угтаа цаг нь болчихсон мэт санагдавч үгүй байгаа биз. Бид чиний хэлснээр хэт баригдмал болчихож. Дэндүү ядуу сэтгээд байна.
-Тархины тураал гэж үү?
-Яг тийм. Японы судлаач л ингээд хэлчихсэн болохоор хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг. Үнэндээ ,тураал нь бүр өлсгөлөн болчихсон шүү дээ.
-Өлсгөлөнг яаж гэтэлбэл зохих бол?
-Ном унш. Би байтугай надаас өмнөх өч төчнөөн суут хүмүүс хэлж байсан. Ном сайн унших хэрэгтэй гэж. Одоогийн хүүхдүүдийн дунд ном уншиж, номтой нөхөрлөдөг нэг давхарга үүсээд байна. Нийт хүн амтай харьцуулахад цөөн юм шиг санагддаг. Би ч гэсэн ном муу уншдаг байлаа. Хаа нэг Оросын сонгодог зохиолуудыг уншихаас шальдаггүй. Нэг удаа Дөнгөтийн Цоодол гуай надаас Антон Чеховын юу ч билээ нэг богино өгүүллэгийг уншсан уу гэж асууж байна. Би ч уншаагүй болохоор үгүй л гэлээ. Тэгсэн төд удалгүй дахиад л нөгөө номыг уншсан уу гээд асууна. Би ч үгүй ээ л гэлээ. Хоёр, гурав асуухад нь уншаагүй гэж хэлээд гайхан суутал “Хөөрхий тэр зохиолд гардаг бүсгүй, шарласан навчин дээр тогтсон шүүдрийн дуслыг уначих вий гэж дор нь алгаа тосоод зогсдог. Гандсан даашинзтай, өөрөө уйлчихсанаа ч анзаарахгүй навчин дээр байгаа шүүдэр хайрлаад л байдаг” гэж хэлмэгц нь л би нөгөө номыг нь уншмаар санагдаж байхгүй юу. Угтаа би ном унших сэдлийг олж авсан хэрэг. Түүнээс биш “чи амьгүй албатыг уншсан уу” гэвэл “үгүй” гэж хэлчихээд л яваад байна биз дээ. Миний охин орой болгон үлгэр яриулдаг юм. Би ч дуу хураагчаа асааж дэргэдээ тавиад дуртай нь аргагүй ярина даа. Дараа нь охин маань “Алаг бөмбөг”-ийг сонсоё гэвэл би урьд ярьснаасаа өөрөөр ярьж болохгүй биз дээ. Өөрчлөөд ярьчихвал хүүхдийн итгэл үнэмшил байхгүй болчихно. Анхны дурлаж сонссон сэдлийг нь үгүй хийхгүйн тулд дуу хураагчинд хурааж байгаа нь тэр. Хожим нь өөрөө сонсоод сууж байхад шинэ зохиолын санаа ч орж ирдэг.
-Ном гаргах нь маш их буян үйлдсэнтэй дүйнэ гэдэг. Тэр тусмаа хүүхдийн ном гэдэг бүр ч илүү болов уу. Буян үйлдэхэд бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?
-Бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Дээр хэлсэнчлэн, хүүхдийн ном өртөг өндөртэй бүтдэг л дээ. Одоогоор надад хоёр зохиол байна. Даанч хөрөнгө мөнгөний асуудал хүндхэн. Манай хэвлэх үйлдвэрийн эздүүд ч хэт их ашиг хөөцөлдөөд байх шиг санагддаг. Саяхан ээжийн маань бие муудаад багагүй мөнгө хэрэг боллоо л доо. Тэр үед таван цуврал номоо хэвлэлийн компаниудад эзэмших эрхийг нь худалдчихъя гэтэл 500 мянгаас илүү үнээр авахгүй гэх мэтээр хандсан. Уг нь муу сайн ч гэсэн оюуны өмч шүү дээ. Тухайн жилдээ оны шилдэг авч байсан таван цуврал байсан юм л даа. Гадаадын янз бүрийн ном орчуулж гаргах хэрнээ хэдхэн зохиолчоо дэмжин ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.
-Сүүлийн асуулт. Хүүхдийн зохиолч хүний хувьд хүүхдийг та юу гэж ойлгодог вэ?
-Хүүхэд бол хамгийн ариун гэгээн, бурханлиг бодьгал юм. Бидэнд бараагаа ч харуулаагүй тэр шавран, алт мөнгөн бурхдаас ч илүү их аз жаргалыг бэлэглэдэг бурхад юм.
2013-08-20 12:00:00
Өчигдрийг бүү март, учир нь тэр маргаашийн багш гэсэн мэргэн үг бий. Магадгүй өчигдөр гэдэг нь ахмад үеийн туулсан зам, бүтээсэн үйлс, үлдээсэн өв байж болох. Хорвоогийн 94 хаврын цэцэг дэлгэрч, намрын ногоо хагдрахыг харж буй буурай бол “өчигдрийн”-хний нэг нь. Түүнийг УБТЗ-ынхан Монголын төмөр замын амьд түүх хэмээн хүндэтгэдэг. Тэмээн жин, үхэр тэрэгнээс өөр унаа хөсөг мэддэггүй нүүдэлчин монголчуудын техникийн “нүд”- ийг нээхэд төмөр зам чухал үүрэг гүйцэтгэсэн. Техник сонирхдог хүн бүр төмөр зам бараадаж байсан цаг.1938 онд ашиглалтад орсон Улаанбаатар Налайхын нарийн төмөр замын сумыг анх түлхсэнээс хойш амьдралаа ган замтай холбосон хүн бол Сэр-Одын Нацагдорж гуай юм.
Монголын төмөр замын олон үйл явдлын анхны эзэн, түүхийн амьд гэрчийн хувьд дурсан хуучлах юм ихтэй нэгэн. Түүнтэй УБТЗ-ын 64 жилийн ойн баяраар “Хонхор” өртөөнөө тааралдаж, ярилцлага авахаар тохиролцсон юм. С.Нацагдорж гуайтай уулзаад олон юм асууж, настай хүнийг зовоохгүй юмсан гэж бодож байтал үг яриа цэгц, ухаан саруул нэгэн байв. Тэрбээр “Миний туулсан 90-ээд жилийн аз жаргал, зовлон гуниг, амжилт бүтээл нүдний минь өмнө бичээстэй байна. Нэрэлхэлгүй асуугаарай, би хариулна” хэмээв. Тэрбээр 1920 онд Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн бөгөөд өдгөө “Хонхор” өртөөнд Малчны хороололд 70 гаруй жил ханилсан гэргий Я.Маахүүгийн хамт хэдэн үхрээ хариулан, энх тунх амьдарч байна. Ахмад төмөр замчин түүнийг нарийн төмөр замын буурийг сахиж, өргөн төмөр замаар хөврөх галт тэрэгний нүргээнийг сонсож суугаа гэж хэлж болно.
Монголд нарийн төмөр зам тавихад анхны цөөн монгол ажилчны нэг, уурын тэрэгний анхын машинч (түүнд машинчийн ¹03 тоот үнэмлэх одоо ч бий. Эхний хоёр нь орос хүн байсан гэдэг), Улсын ударник цол (одоогийнхоор бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар)-оор шагнуулсан цөөн төмөр замчны нэг, 1951 оны БНМАУ-ын Ардын их хурлын анхны сонгуулиар Төмөр замын 20 дугаар тойргоос сонгогдсон төрийн түшээ, Дэлхийн II дайны он жилүүдэд Эрхүүгийн төмөр замд машинчаар ажиллаж байсан монгол, Монголын төмөр замын “Түүхийн музей”-г анх байгуулж, сурталчилсан түүхч гээд тоочвол түүний намтар арвин.
-Монголын ган замчид танайхыг ах дүү, ач зээ нарын арван Доржийнх гэхээр андахгүй гэлцдэг.
-Тийм ээ, манайхан удам дамжсан төмөр замчид. Бид эхээс 11-үүлээ, найман хүү, гурван охинтой. Айлын том нь ухаантай, нуруутай байвал бусдыгаа аваад явчихдаг юм билээ. Хамгийн том ах С.Самбуудорж, 1919 оны хоньтой. Нарийн төмөр замд хөдөлг өөний диспетчер хийж байгаад цэрэгт явж ирээд дэвшсэн хүн. Шинээр байгуулсан юм уу, ажил нь тааруу газар очоод ах маань тэр газрыг өөд нь татаж, хөл дээр нь босгоод ирэх үед түүнийг өөр газар руу томилдог байв. Тухайн үедээ чадварлаг удирдагч хүн байсан хэрэг. Нарийн төмөр замын Намын хорооны анхны дарга шүү дээ. Төмөр замаас Намын төв хороонд очоод “Сэхээтний төөрөгдөл” хэмээх хэлмэгдүүлэлт ахыг минь тойроогүй. Хожим нь цагаатгасан. Миний дүү С.Намхайдорж нарийн төмөр замд токарчинаар ажиллаж байгаад Төмрийн заводын орлогч дарга болсон. С.Пунцагдорж бол вагоны засварчин, машинч, Монголын мото спортын анхны тамирчин хүн л дээ. Миний дүү С.Батдорж, С.Жанцандорж, С.Нанзаддорж, А.Сэрдорж нар мөн л Монголын төм өр замд ажиллаж байсан чадвартай улс. Миний хүү Дамбадорж, Ойдовдорж гээд манайхны арван Дорж төмөр замын үе үеийн түүхийг бүтээлцээд тэтгэвэртээ гарах шив дээ.
-Таныг төмөр замд сумчин, кондуктор, туслах машинч цаашлаад удирдах тушаалын бүхий л алба хашиж байсан гэж сонссон. Ган замтай амьдралаа хэрхэн холбов?
-1937 онд улсын хэмжээнд арван машинт станц байгуулсны нэг нь манай суманд бий болсон.Оросууд “Та нар малынхаа тэжээлийг өөрсдийн хүчээр бэлтгэдэг болооч ээ, бид тусалъя” хэмээн уриалахад нь манай сумынхан очоог үй юм билээ. Бид мэтийн ганц хоёр хүн л дайчлагдаж, тракторчин болсон. Орос мэргэжилтн үүдтэй хамт өвс хадах, тармах, трактор засах зэрэг ажлыг хоёр жил хийсэн. Түүний ачаар трактор, орос хэл хоёрыг гадарлахтай болж, хожмын амьдралд нэмэр болсон доо. Ялангуяа машин техникийн нэрийг оросоор тогтоочихсон байсан. Ааваараа бичиг үсэг заалгасан. Аав маань дөрвөн хамжлагат, тайж хүн байлаа. Ардын төрийн анхны жилүүдэд энэ хэргэм зэрэг нь саад болж, тайжийн хүүхд үүдийн сурч боловсрох, цэрэгт явах эрх хязгаарлагдмал байв. Хэрэндээ л манайх гэдэг айл боломжийн амьдралтай байсан ч тайж гэдэг нэрнээсээ болж хөөгдөж туугдан явсаар хотод ирсэн. Аав ч “За хүү минь хот бараадаж ажилд ор, төмөр зам бол бүр сайн” гэж захьсан юм. Ахыг сургуулиа төгсөх сургаар жинчин дагаж Улаанбаатарт ирээд төмөр замын удирдлага хаана байдгийг эрж сурсаар очсон. Нэг их хамгаалалттай газар байлаа. Монгол хүний бараа харагдахгүй, орос хүмүүс орж гараад л байсан. Азаар нэг монгол хүнтэй тааралдаж, учир явдлаа хэлсний дараа даргатайгаа уулзууллаа. Денисов гэдэг хүн намайг сумчны дагалдан болгосон. Тэр үед орос цэргийн батальон гол ажлыг нугалсан юмдаг. Анхны жилүүдэд монгол хүн хуруу дарам цөөн, ажилд орсон хавар Москвад курс төгссөн залуусыг ирэхэд бид Туул голын эрэг дээр арав гаруй гэр барьж тэднийг орууллаа. Тэдний дотор миний ах С.Самбуудорж байсан. Тухайн үед Улаанбаатар Налайхын нарийн төмөр замыг дөнгөж тавьж, буудлын барилгыг ч барьж дуусаагүй байв. Тэнд орос хүмүүсээс гадна депо, зам засах ажилд япон хоригдлууд ажиллаж байсан санагдана. Тэд төв цахилгаан станцын баруун өмнө байсан Богдын цагаан сүмд хоригдож, өглөө, орой туугдан явдаг байлаа. Нарийн төмөр зам ашиглалтад ороход сумыг нь би түлхэж, галт тэргийг хөдөлгөөнд оруулснаараа одоо ч бахархдаг. Тэр цагаас хойш амьдралаа ган замтай холбож, өдий зэрэгтэй явна.
-Дайны он жилүүдэд Эрхүүгийн төмөр замд машинчаар ажиллаж байсан гэсэн. Тэр он цагаа эргээд дурсвал?
-Дайны жилд бидний хэдэн хүнийг Оросын төмөр замд дадлага хийлгэнэ гээд авч явлаа. Очсон чинь юун дадлага хийх вэ, шууд л ажиллуулж эхэлсэн. Урьд нь Монголд барьж үзээгүй уурын том тэргээр “Черемехова”, “Байка” өртөөний хооронд аялал хийсэн. Дайны үе болохоор идэж, уух юм ховор, жижиг талх 100, шил шар айраг 40 рублийн үнэтэй. Тэр үед бид найман жижиг талхны дайтай цалин авдаг. Юунд ч хүрэлцдэггүй, хоол, талх цөм нормтой. Ажлын шаардлагаас ч тэр үү, гаднын хүн гэдгээр нь ч юм уу талхны арай илүү нормтой байсан санагдана. Арвангурвуулаа 1944 оны зургадугаар сард яваад, долоон сар ажиллаад ирсэн. Дайны дараа “Бөмбөгөр ногоон” театрт болсон баярын хурлаар биднийг дайны ар талд гарамгай гавьяа байгуулсан хэмээн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.
-Төмөр замын түүхийн музейг байгуулж, анхны эрхлэгчээр нь ажиллаж байсан гэл үү?
-Тийм ээ, дээд сургуульд байхад биднийг тодорхой нэг сэдвээр судалгаа хий гэдэгсэн. Мэддэгээр нь төмөр замын түүхийн баримт цуглуулж, овоо юм бичсэн. 1965 онд нарийн төмөр замын анхны уурын тэргийг хаягдал төмөрт ачих гэж байхад нь комбинатаас авчирч депогийн гадна талбайд байрлуулсан. Одоо түүхийн чухал үзмэр болжээ. 159 серийн дугаартай, 469 дүгээр суудлын галт тэргийг би жолоодож байсан. Тухайн үед Хөдлөх бүрэлдэхүүний аж ахуй, одоогийнхоор Улаанбаатар зүтгүүрийн депогийн Намын хорооны даргаар ажиллаж байх үедээ муухайгаар хэлбэл, албан тушаалаа ашиглаж байж тэр зүтгүүрийг авчирч, тордож, депогийн гаднах талбайд байрлуусан. Тухайн үедээ хэл ам дагуулж байсан ч одоо бол түүхийн хувирашгүй баримт болоод байна. Дараа нь 1968 онд Зүтгүүрийн депод “Хөдөлмөрч уламжлалын танхим” байгуулаад түүндээ түшиглэн төм өр замын түүхийн музей байгуулсан. Манай төмөр зам түүхээ цэгцтэй бичээгүй газар. Харин сүүлийн хэдэн жил байгууллагууд ойгоо тэмдэглэж ном болгодог болж. Гэхдээ албан баримтат тулгуурлахгүй, хэн нэгэн хөгшний аман яриагаар багцаалан бичдэг бололтой. Нэгэнт ном болгон нийтэлсэн бол тэр нь түүхийн чухал баримт болох учиртай. Баримтыг бүдгэрүүлж, түүхийг түүхийрүүлж боломгүй санагдана. Тухайлбал, саяхан Маршал Х.Чойбалсаны вагон музейг нээсэн. Оросоос ирэхдээ өөрөө сууж явсан нь үнэн боловч яг өөрт нь зориулж хийсэн, түүний вагон биш. Тухайн үед түүнд зориулан хаш чулуун ширээтэй, алт, мөнгө, зэсээр бүрсэн вагон хийж өгсөн ч тэр нь их хувьчлалын үеэр алга болсон юмдаг. Одоо хаа нэгтээ айлын чингэлэг болсон биз. Тэр вагоныг мэддэг байсан хүмүүс бурхан болж дээ.
-Танайх өнөр өтгөн айл байжээ. Та өөрөө найман хүүхэдтэй хүн. Ач, зээ нар ч тоймгүй олон болоо биз?
-Би найман хүүхэдтэй. Хамгийн том охин маань 74-тэй, хүний их эмч, отгон охин 56-тай, саяхан гавьяаныхаа амралтыг авсан. Ач, зээ нар тоймгүй олон, дөрөв дэх үеэ үзэж сууна, өвөө нь. Нэр усыг нь бол ялгаж мэднэ ээ, сүүлд гарсан бяцхануудынхаа зүсийг нь мэдэх ч нэрийг нь хольж солиод байх болжээ.
-Отгон охин тань таныг “Аав зүгээр суудаггүй, үнээгээ хүртэл саачихдаг” гэж ярьсан. Таны урт насалж яваагийн нууц уйгаг үй хөдөлм өртэй холбоотой юм болов уу?
-Миний үнээ саах гэж юу байх вэ, гэхдээ цайны сүүгээ бол шувтарчихна аа. Би гурван удаа үхээд боссон хүн. Уушгины хатгаа туссанаа мэдэхгүй хүчтэй эм ууж явсаар хүндрүүлээд нэг талын уушги нэлэнхүйдээ идээлж байсан. Эмч нар уушгиа авхуулахаас өөр аргагүй гэхэд үгүй гэж зүтгэсээр байгаад ардын эмчилгээгээр анагаасан хүн. Дараа нь хоёр удаа зүрхний шигдээс болсон. Нас дээр гарсныг ч хэлэх үү сүүлийнх нь хүнд тусаж, хэвтэрт нэлээд хугацааг үдсэн. Зүрхэнд юу сайн гэсэн түүнийг хэрэглэсэн. Долоогоныг хар цай шиг хандлаад өдөр бүр нэг аягыг ууж, гүүний цэвэр саамыг мөн уудаг байлаа. Одоо ч ууж л байна. Хонхорт амьдардаг болсноос хойш алхах бол миний гол дасгал болсон. Урд уулын орой руу өдөр бүр мацна. Хормойгоос нь нэг чулуу аваад заавал орой дээр нь гаргаж тавина гэж өөртөө хатуу зорилго тавьсаар нэг мэдэхэд миний зөөж тавьсан чулуу овоо болсон. Түүний ачаар нэлээд шүтлэгтэй болж, цай, идээнийхээ дээжийг тэр овоондоо л өргөнө шүү дээ. Сэтгэл тайван, ажил ихтэй байвал өвдөх, хөгшрөхөөс холхон явж болно. Хөгшин бид хоёр хэдэн мал, хашаа хорооны ажил гээд зав муутай.
С.Нацагдорж гуай бол амьдралд хайртай нэгэн. Хэдэнтээ үхээд сэхсэн түүнд амьдрал амьд байх ёстой гэдэг үүрэг ч гэмээр даалгавар өгсөн мэт. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй. Аав нь тайж гаралтай, манж, монгол, энэтхэг хэл бичиг мэддэг, цагтаа боловсролтой төрийн хар хүн байсан аж. Хэдэн хүүхдээ хот хүрээ явуулж эрдэм номтой хүн болгохыг чухалчилдаг нэгэн байжээ. Тайж нэрнээсээ болж хавчигдан гадуурхагдаж явахдаа садан төрлийн бус хүнд гурван азарга адуу бас бус хөрөнгөө үлдээж, эхнэрийн хамт байдгаа барж, нэрээ хүртэл өөрчилж зугтан дайж байжээ. Тэр хүнд хэцүү цаг үеийг туулсан С.Нацагдорж гуай ажилчин болж, Монголын төмөр замын түүхийг бүтээхэд чухал хувь нэмэр оруулсан.Тиймдээ ч төмөр замтай холбоотой баяр ёслолын үеэр сардаа дор хаяж хоёр, жилдээ 12-оос олон удаа уригдана.
“Намайг Маршал Х.Чойбалсан, түүний гэргий Гүндэгмаа 1951 оны долдугаар сарын 11-нд Их тэнгэрийн аманд ёслолын цайллаганд урьсан гэхэд хүмүүс итгэдэггүй юм” гээд Х.Чойбалсангийн илгээсэн урилгыг надад үзүүлэв. Түүний амьдралын намтар болоод туулж өнгөрүүлсэн зам, төрөөс шагнагдсан одон медаль, зураг хөргөө бүгдийг архивлан хадгалсан байсныг харахад нягт нямбай хүн болох нь илт. Энэхүү материалуудаараа ном гаргах бодолтой байгаагаа хэлэхдээ их л баярлаж байсан. Монголын ард түмнийг харанхуй бүдүүлэг гэж хэлэгсдэд тэрбээр уурсаж, манай аав хоёроос гурван хэлтэй, бичгийн хүн байсан, яахаараа монголчууд харанхуй бүдүүлэг, мэдлэггүй гэж ярьдаг юм хэмээн хэлснээрээ буруутаж байсан удаатай. Тиймдээ ч төрийн дээд одон медалиас хол яваа нэгэн.
О.Бат -Ундрах
Монголын хип хоп хамтлаг дуучдын анхдагчдын нэг Хоёр хүү хамтлагийн Гаванатай ярилцлаа. Тэрбээр “Evolusion” хэмээх өөрчлөлтөөр дүүрэн шинэхэн цомгоо сонсогчдынхоо гар дээр тавихаар хоног тоолон хүлээж буй гэнэ.
-Шинэ цомгоо хэзээ худалдаанд гаргах вэ?
-Хувьсал, өөрчлөлт буюу “Evolution” нэртэй анхны бие даасан цомгоо хэвлэлтэд өгсөн байгаа. 15 дуутай цомог ирэх сарын эхээр худалдаанд гарна. “Эзэнгүй хот” нэртэй цомог гаргахаар ажиллаж, үүнийгээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байсан. Тэр цомогтой андуурч болохгүй. Хоёр жил гаруй хийсэн дуунуудаасаа шигшиж оруулсан. Үг, аяа өөрөө хийсэн.
“Ice top” хамтлагтай хамтарсан “Хотоо цэвэрхэн байлгая”, Женнитэй дуулсан “Жигүүртэн” гээд олны мэдэх гурав, цоо шинэ 12 дуу бий. Мөн дуучин Эгшиглэнтэй хамтарч “I love you” хэмээх дуу зохиосон.
-“Эзэнгүй хот” цомгоо яагаад гаргахаа больсон юм бэ?
“Хийсэн уран бүтээл олон, “Эзэнгүй хот”- ын бүх дуу бэлэн болсон байсан ч бүгдийг нь цуцаллаа.
Дэлхий даяар хөгжмийн дуугаралт, урсгал бүгд өөрчлөгдөж хувьсаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхээр хуучин дуунуудаа цомогтоо оруулахаа больж, “Evolution”-ийг гаргах болсон юм.
-Тэгэхээр нэлээд өөрчлөлт, хувьсалтай цомог гарах шинжтэй. Онцлогоос нь дурдаач
-Хүмүүс сонсоод дүгнэх биз ээ. Намайг тодорхойлсон, бас цаг үетэйгээ холбогдсон дуунууд бий. Үглэлт ч нэг их тархаагүй өвөрмөц гэж бодож байна.
-Авьяастай ч менежмент муутайгаасаа болж амжилтад хүрдэггүй уран бүтээлч олон бий. Та цомгоо олонд хэрхэн хүргэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Монголд байхгүй орон зайг олж харсан болохоор цомгоо ч өөрчилж, шинэ уран бүтээл хийсэн. Нэрнээсээ эхлээд л хүмүүст содон. Олны сэтгэлд хүргэх нь миний гол ажил. Дараа нь хэр хэмжээний уран бүтээл хийж вэ гэдгээ дүгнээд тэр хэмжээнд нь тааруулж тоглолт хийх бодолтой байгаа. Өнгө аясын хувьд ч гэсэн бусдаас арай өөр учир миний менежмент байх болов уу.
-Энэ хугацаанд ер нь хэд орчим дуу зохиов?
-Гурван цомог гаргах дайны дуу миний урын санд байна. Хоёр цомгоо хүчээр цуцаллаа. Гэхдээ цахимаар цацна.
-Танай хамтлаг байгуулагдаад 15 жил болж байна. “Дижитал”, “Татар” зэрэг хуучны хамтлаг хэсэг завсарласны дараа ойн баяр хэмээн тайзнаа эргэн гарч байна. Танай хамтлаг нэгдэх үү?
-Ганц хоёр дуу хийснээ байгуулагдсан гэж тооцвол 15 жил болж байна. Харин тоглолт хийснээсээ хойш тооцвол “Хоёр хүү” хамтлаг байгуулагдаад 13 жил боллоо. ХR бид хоёр нэгнээсээ орон зайн хувьд зайтай байгаа учир нэгдэх үгүйг хэлж мэдэхгүй. Тоглолт хийхээр болбол эхлээд сайн уран бүтээл гаргах хэрэгтэй. Хуучны дуугаа дуулаад байвал утгагүй шүү дээ.
-ХR хаана юу хийж явна вэ?
-Үр хүүхэд, хань ижлийн хамт Өмнөговь аймагт амьдарч, хувийн бизнес эрхэлж байгаа. Хааяахан утсаар ярьж, интернэтээр холбогддог ч уулзаж амжихгүй юм. -“Хоёр хүү” хамтлаг яагаад тарсан юм бэ? -Бид хоёр урын сандаа 100 гаруй дуутай. 2006 оноос уран бүтээлээ хамтдаа хийхээ больсон. Хүн бүр хувийн амьдралтай. Хань ижилтэй болж амьдрал зохиодог. Бид ч тэр л замаар явж, шинэ дуу төрөхөө больж завсардсан. Гэхдээ тэр үеэс хойш миний хувьд дуугаа орхилгүй ганцаараа уран бүтээлээ хийж байгаа. “Evolusion”-ы дараа үргэлжлүүлэн дараагийнхаа цомгийн ажилд орох бодолтой байна.
-Уран бүтээлчид дуулахын хажуугаар ажил хийдэг. Та уран бүтээлээс гадна юу хийдэг вэ?
-Хөгжмийн найруулга, ая хийхээр суралцаж байна. Өөрөө дууныхаа аяыг зохиодог болсон. Хоёр жилийн өмнөөс оролдож эхэлсэн юм. Хүнээс дутахгүй хийх гэж үзээд л байна. Хүмүүс намайг шүүмжлээсэй гэж хүсдэг. Шүүмжлүүлж байж, алдаагаа засна.
-Та хип хоп дуулдаггүй байсан бол юу хийх байсан бэ?
-Ямар ч байсан урлагтай холбоотой хүн байх байлаа. Магадгүй барималч, зураач болох байсан. Хүүхэд байхдаа хүн дэргэдээ суулгаж байгаад нүүрийг нь баримлын шавраар дуурайлган дүрсэлж, тэмээ, үхэр, машин гээд янз бүрийн дүрс хийгээд хөргөгчинд хадгалдаг байсан. Хичээлээ хийж байна гэж хаалгаа хаагаад дэвтрийн ар талд зураг зурна.
-Хип хоптой нөхөрлөж буйг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
-Өөр ажил төрөл хий гэж байсан удаа бий. Хүн нэг л амьдрахаас хойш өөрийнхөөрөө, харамсахаарг үй амьдрах хэрэгтэй. Дуртай зүйлээ маш сайн хийж, амьдралаа, сэтгэлээ зориулж чадвал амжилтад хүрнэ. Гагнуурчны мэргэжил чадварлаг эзэмшээд сайхан амьдарч байгаа хүн байна шүү дээ. Юу хийх гэж төрсөн бэ, тэрийгээ ойлгож, өөрийгөө олж чадсан бол үнэн сэтгэлээсээ биеэ дайчлах хэрэгтэй.
-Таныг бөө болсон гэж сонссон. Уран бүтээлд чинь нөлөөлдөг болов уу?
-Урьд нь анзаардаггүй байснаа сайн олж харж, шинэ мэдрэмж авдаг болсон. Урлагийн онгодтой болсон гэх үү дээ.
-Анх үглэж эхэлсэн Гавана одоогийн Гавана хоёр мэдээж үзэл бодлын хувьд өөрчлөгдсөн биз ээ. Хэр өөр болсон бэ?
-Хүн өөрөө байгалийн амьтан учир аливаад зохицож амьдардаг. Энэ жамаар л нэлээд өөрчлөгдсөн байх. Уран бүтээлээрээ л хүмүүст харагдаж бусад үед нуугмдал байхыг хүсдэг болсон. Сурч мэдэх, өөрийгөө дайчлах ёстой зүйл олон бий. Өөр зүйлд цаг зав гардаггүй.
-Цаг хугацааг ухраах боломж олдвол аль үед очмоор байна вэ?
-Би өнгөрсөн рүү биш, ирээдүй рүүгээ тэмүүлдэг хүн. Тийм болохоор ирээдүй рүүгээ очиж хүсэж буйдаа хүрсэн эсэхээ хармаар байна. Ирээдүйд урлагтайгаа холбоотой л ажил хийж явах байх. Харин дөч гараад хөдөө гарч, хэдэн мал хариулж амьдрах байх.
-Хоёулаа цаг хугацааг ухраагаад “Хоёр хүү” хамтлаг анх байгуулагдаж байсан үед очъё.
-XR маань -Дайн ба энх” хамтлагт дуулдаг байсан. Намайг аравдугаар анги төгсөх жил тэдэнтэй ах минь танилцуулсан. Энэ цагаас хойш тэдэнтэй нөхөрлөж, хөгжмийн талаар судалж, урлагаас шинэ мэдрэмж авч хип хопод дурласан. Надаас ах ч яг л найз шиг байсан. Тэгээд 1998 онд XR-тэй хамтлаг байгуулаад “Дайн ба энх”-ийн Энхтайван агсантай хамт “Хэт даврагсад “дуугаа хийж FM 107.5-аар цацахад хит парадад түрүүлж, гараагаа эхэлж байлаа.
-Тэр үед Монголд хип хоп дөнгөж нэвтэрч байсан. Анх үглэх хэв маяг, үг бичих стилээ хэнээс суралцаж, үлгэрлэж байсан бэ?
Тухайн үед Эминэмийн “Slim shady” дууны аян дээр үглэлтийг нь дуурайн “Баригдана даа” дуугаа хийсэн. Хип хоп хөгжөөгүй байсан учир шинэлэг дуу болсон.
-Анхны юм бүхэн мартагдашгүй дурсамж үлдээдэг. Анхны дуугаа бичүүлсэн түүхээс хуваалцахгүй юу?
-1998 оны зун Tupac-т зориулсан шоу болно гээд тайзан дээр нэг дуу дуулахаар бичүүлсэн. Анхны дуу бичүүлэхэд их сонин мэдрэмж төрж, өөрийгөө олж байлаа. Дуу бичүүлэх шиг сайхан мэдрэмж, жаргалтай мөч байхгүй гэж боддог. Дуугаа бичүүлж аз жаргалыг мэдэрч, уран бүтээл нь түмэнд хүрснээр улам хөглөгдөж олон сайхан дуу бүтээдэг юм болов уу.
-Энэ үед охид хойноос тань их гүйдэг байв уу?
-Үерхдэг охин гэхээсээ нийлдэг найз олонтой болж, танилын хүрээ тэлсэн. Гэхдээ одоо тэр нь цөөрөөд олддоггүй. Хаана, юу хийж явдаг юм бол. Энд тэнд таньдаг хүн таараад мэнд ус мэдэхээр ирэхэд нь заримыг нь сайн танихгүй гомдоох үе бий. Бие даасан уран бүтээлч болсноос хойш найз нөхөдтэйгөө уулзах цаг зав хомсдож, дуундаа анхаарал хандуулах болсон.
-Ажиглаад байхад хип хоп сонсдог хүн цөөрөөд байх шиг.
-“Ice top”, “Lumino”, “Digital” гээд бидний үеийнхэн дандаа залуугаараа байхгүй шүү дээ. Үе тэнгийнхэн учир зэрэг шахуу хань ижилтэй болж, гэр бүлээ нэгдүгээрт тавих болсон. Бидний орон зай эзгүйрээд байх шиг.
-Rockit bay гарч ирсэнээс хойш бусад уран бүтээлч нь дуугаа түр завсарлачихлаа. Тэр хүний тухай ямар бодолтой явдаг бол?
-Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлж, өнгө аясаа тодорхойлж шинэлэг содон гарч ирсэн. GEE ч гэсэн өөрийн үзэл бодол, өөр өнцөгтэй. Реп дуучид өөрсдийн өнгө аяс, үзэл бодлоороо бусдаас ялгарч, өөрийгөө илэрхийлж чаддаг байх ёстой. “Дайн ба энх”, “Хоёр хүү”, “Ice top”, “Люмино” хоорондоо ялгаатай байсан.
Б.ДӨЛГӨӨН
Бусадтай зөв харилцана гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал чадвар, төлөвшлийн илэрхийлэл нь байдаг билээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө зөв илэрхийлж чадсан хүн л авьяас чадвар, дадлага туршлага, боломжоо амьдралд хэрэгжүүлж, өсч дэвждэг нь нууц биш.
Бүр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нийгэмд ажил олгогчид ажил хайгчаас мэдлэг чадвараас илүү “Та бусадтай харилцах чадвартай юу” гэдгийг нь нэн тэргүүнд асууж, чухалчилдаг болж. Харамсалтай нь залуусийн маань тодорхой хувь нь дээрх чадварыг эзэмшиж, өөрийн болгоогүйгээсээ болоод шууд ба шууд бусаар хохирох тохиолдол их гардаг ч засч, залруулахын төлөө дорвитой алхам хийж чаддаггүй. Хүссэн ч хэрхэн, яаж гэдгээ мэдэхгүй байх нь бий.
Энэ талаар болон залуусын манлайлал, тэдний нийгэм дэх оролцоо ямар түвшинд байгаа тухай Монголын Лектор төвийн захирал С.Баатарсүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Манай улсын хувьд боловсролын чанар нь нийгмийн бүтээлч хэсгийнхэнд гологдоод байдаг. Та энэ асуудлыг юутай холбоотой гэж хардаг вэ?
-Боловсролын систем гэхээсээ илүүтэй хувь хүний тэвчээр, сахилга бат байхгүй байгаатай холбоотой. Жишээ нь англи хэл сурна гэж шийдээд эхний өдөр нь номын дэлгүүрт очиж ном худалдаж аваад уншиж эхэлдэг. Тэгээд ганц, хоёр цаг болов уу үгүй юу залхаад номоо хаагаад орхичихно. Ингэж гэнэт ухаан орсон хэрнээ маргаашнаас нь мартаад номоо цааш хийчихдэг. Энэ бол сахилга батгүй бас өөртөө хариуцлага тохохгүй байгаагийн шинж биз дээ..
Мэдээж сахилга баттай байхын зайлшгүй ямар нэгэн зүйлийг золиослох хэрэгтэй болно. Залуучууд шоу, цэнгээнд биш суралцахдаа зориулж нойроо жаахан хасахад юу нь болохгүй байхав.
-Тэгвэл залуус маань сахилга баттай байхад хэрхэн суралцах ёстой юм бэ. Ер нь нийгэм дэх залуусын оролцоо, манлайлал ямар түвшинд байна вэ?
-Залуусын манлайллын хувьд 1970-аад оныхон тодорхой хувийг эзэлдэг байсан бол өдгөө 1990-ээд оны залуус бизнесийн төдийгүй бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Харин 1980-1990 хүртлэх оны залуус маань тасраад үлдэх болоод байна. Гэхдээ тэдэнд суралцах боломж, цаг хугацаа байна Суралцахын тулд заавал сургуульд орох албагүй. Мэргэжлийн болон мэргэжлийн бус ур чадварууд олгодог олон сургалтын төвүүдэд хандаж болно. Ингэхийн тулд аль газар ямар чиглэлээр сурах ёстой вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө эхлээд олох хэрэгтэй болж байгаа юм. Миний авьяас чадвар юу вэ, би хэн бэ гэх мэтээр. Өөрийгөө танин мэдсэн хүн цаг сайн хэмнэдэг, бусадтай ажил хэрэг, бүр гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөлийн харилцаанд орохдоо ч илүү бүтээлч, хүнлэг байж чаддаг. Харин өөрийгөө танин мэдээгүй хүн түр зуурын сонирхол, өнгөц өнгөнд хууртаж хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цаг хугацааг хоосон алдаж буйгаа мэддэггүй шүү дээ.
Ер нь ухаан муутай хүн гэж байдаггүй, ухамсар муутай хүн л гэж байдаг. Учир нь хүмүүст адилхан л оюун ухаан заяадаг. Гагцхүү түүнийгээ хөгжүүлсэн үү, үгүй юу гэдэгт асуудал бий.
Тэгэхээр залуус маань бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэн нэгнийг дуурайж биш өөрийн гэсэн зүйлийг бүтээх хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээтэй байж, өөрийгөө өндөр хэмжээнд хөгжүүлдэг нэгэн байх ёстой л доо.
-Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг дээр тодорхой ярьж болох уу. Хүн манлайлагч болохын тулд ямар зарчмуудыг мөрдлөг болгох ёстой юм бол?
- Өөрөөр хэлбэл, зорилготой, алсын хараатай хүн. Үүнийгээ зорилтуудад хуваагаад хэрэгжүүлж чадаж байгаа хүнийг манлайлагч гэж хэлнэ. Дарга бол хий гэж тушаадаг бол манлайлагч хийцгээе гэж уриалдаг.
- Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйлрүү тэмүүлж амжилтад хүрэхийг мөрөөдөж байдаг. Анзаараад байхад өөрийгөө илэрхийлэх, ярих чадварыг ашиглаж амжилтад хүрсэн хүний түүх олон байдаг?
-Тийм шүү. Алдаагүй, цэгцтэй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр амжилтыг дагуулж байдаг. Тэр ч утгаараа манлайлагч хүний нэг том давуу тал бол өөрийгөө илэрхийлэх чадвар. Илэрхийлэхдээ урт, удаан яриагаар өөрийгөө илэрхийлэх үү, эсвэл цөөн үгээр оновчтой тодорхой илэрхийлэх үү гэдэг чинь бас нэг асуудал. Тэгэхээр бусдад өөрийгөө зөв цэгцтэй илэрхийлэхийн тулд яалт ч үгүй ярианы урлагт суралцах ёстой. Технологи хөгжихийн хэрээр аль болох цөөн үгэнд багтааж өөрийгөө илэрхийлж сурах зайлшгүй шаардлагатай болж эхэлж байна. Хэт нуршуу байхаасаа илүү оновчтой товч, тодорхой байснаар хүлээн зөвшөөрөгдөх байдал бий болж эхэлж байна.
-Монголчуудыг буруу ярьж, зөв ойлгодог гэцгээдэг. Ер нь ингэж буруу ярьдаг болоход юу нөлөөлдөг юм бэ?
-Би хувьдаа эцэг эхтэй холбоотой байна уу л гэж хардаг. Багад нь хүүхдийг юм ярих гэхээр “дуугүй бай, том хүний ярианд оролцлоо” гэдэг. Өсвөр насан дээрээ ирээд мөнгө санхүүгийн асуудал ярихаар “битгий чи мөнгө яриад бай” гээд хорьчихдог. Энэ мэтээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх нь байнга эцэг эхээс хараат байсаар бие даах чадварт суралцаж чадалгүй өсөж байна. Бүх юмыг аав ээжээсээ асуудаг.
-Тийм шүү. Ийм байдал хаа сайгүй байдаг. Тэгээд одоо яах вэ. Нэгэнт ийм байдлаар өсч хүмүүжсэн хүүхэд яаж өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах ёстой юм бэ?
-Хүн ямар нэгэн зүйлийг зарж амьдардаг шүү дээ. Ихэнх нь хэн нэгэнд нь хөдөлмөр, цаг хугацаагаа зарж амьдардаг. Ер нь хувийн ур чадвар байхад мэргэжлийн ур чадварыг ажлын байран дээр бий болгож болдог. Тэгэхээр өөрийгөө л эхлээд нээ, илрүүл, би хэн бэ л гэдгээ л тодорхойл. Дараа нь би ямар ажил хийх вэ, яавал би хөгжих үү гэдгийг гаргаад ирж болно. Манай залуусын хувьд нийтлэг ажиглагддаг дутагдал нь тэмдэглэл хөтлөхдөө асар муу. Уг нь өдрийн тэмдэглэлтэй сайн ажиллаж сурах. Тэмдэглэлийн давуу тал нь байнга хүнд мартсаныг сануулж байдаг давуу талтай. Ялангуяа өнөөгийн нийгэмд чухал зүйл л дээ. Учир нь мэдээлэл ихсэх, стресстэй байх тусам мартах нь их болдог. Дээрээс нь залуучууд маань интернэтийн орчинд хэтэрхий их цагийг өнгөрүүлж байна. Үүнийгээ багасгах хэрэгтэй.
-Ингэхэд та өөрөө жиргээч байх аа. Твиттерийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм. Хүнийг бичгээр өөрийгөө илэрхийлэхэд сургадаг. Тэмдэгтийн тоо заасан байдаг нь хүнийг товч, ойлгомжтой, цэгцтэй бичүүлж сургадаг гэж ойлгодог. Твиттерт мэдэмхийрэгчид гэхээсээ илүү арай өөрөөр сэтгэдэг нийгмийн хэсэг байгаа гэж боддог.
-Үгийн хүч зэвсгээс хүчтэй гэдэг. Ер нь илтгэх чадвартай болохын тулд яах ёстой вэ?
-Илтгэх ур чадварт суралцахын тулд онолын үндэстэй сургалт явуулж байгаа байгууллагуудад хандаж болно. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нэлээд хэдэн байгууллага бий. Шат, дамжлагтай 2-3 сургалтад сурсаны дараа өөрийгөө ямар ч байсан тодорхой хэмжээнд илэрхийлж сурна. Мөн илтгэх ур чадварт суралцсан хүмүүсээс зөвөлгөө авах хэрэгтэй. Үүний дараа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болно. Зөв зүйлд цагаа зарцуулж өөрт хэрэгтэй номнуудыг сонгон өдөр бүр уншиж, түүнээс суралцдаг байх түүнчлэн бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалц. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас илүү тэдний яриаг анхааралтай сонсож сурах хэрэгтэй.
Манайд хандаж байгаа байгууллагууд мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувийн ур чадвартай , эерэг хандлагатай хүн олоод өгөөч, бид нар чадавхижуулаад авья гэж байна. Эндээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа юм.
-Монголын Лектор төв ес дэх жилдээ залууст хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Энэ хугацаанд хийгдсэн томоохон ажлууд, түүний үр дүнгийн талаар товчхон ярихгүй юу?
- Монголын Лектор төв хувь хүний хөгжил, бизнесийн байгууллагын хөгжилд зориулсан сургалтууд гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлье, оюун санааны үнэлэмжийг бий болгоё, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье, нийгмийн хариуцлага, мэдлэгийн үнэ цэнийг дээшлүүлье гэсэн зорилготойгоор нэлээдгүй ажлыг хийж байна. Хамгийн сүүлд “Залуу манлайлал” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны олимп”-ийг амжилттай зохион байгууллаа. Оюун ухаанаараа өрсөлдөөд түрүүлсэн залууд нь автомашин өгсөн. Энэ бол монгол хүний оюуны үнэ цэнийн үнэлэмжийг дээшлүүлсэн нэг алхам болсон.
Энэ үнэлэмжийг өсгөх үүднээс маш олон залуучуудыг дэргэдээ авч судалгааны ажилд чиглүүлж бэлдэж, заавар зөвөлгөө өгөх гэх мэт ажлуудыг хийж байна. Дараагийн том ажил нь бид бизнесийн байгууллагын ажилчдад дэлхийн боловсролыг дэргэдээсээ авах боломжийг бий болгохыг хичээж ажиллаж байна. Мөн компаниудын захирлууд, менежерүүд, борлуулалт, маркетенгийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Үүнийхээ хүрээнд жил бүр “Монголын маркатенгийн менежерүүдийн нэгдсэн сургалт зөвөлгөөн”, “ Хүний нөөцийн менежерүүдийн нэгдсэн сургалт зөвлөгөөн”-ийг санаачлан амжилттай зохион байгуулж байгаа. Мөн энэ жил анх удаа “Манлайлагчдийн үндэсний форум”-ыг зохион байгуулах зорилго тавиад ажиллаж байна.
Монголын Лектор төвийн бас нэг зорилго нь дан сургалт явуулахаас гадна ном сурах бичигт анхаарал хандуулдаг. Ажил хэргийн гурвалжин, Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд, Зөв ярих ухаан зэрэг залууст маш их зүйлийг өгч чадах номнуудыг эрхлэн гаргасан байгаа.
Д.Чингүүн
http://review.time.mn/content/33339.shtml
Энэ удаагийн дугаарын зочноор драмын театрын сайхан бүсгүй, жүжигчин Т.Хуланг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай болон бүсгүй хүний дотоод ертөнц, гоо сайхны талаар ярилцсан юм.
-Зуны улирал ард хоцорчээ. Ярилцлагаа зуны амралтын чинь сонин сайхнаас эхэлье гэж бодлоо?
-Энэ жил хур бороо ихтэй, сайхан зун болж өнгөрлөө. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ, ихэнх цагийг зусланд өнгөрөөсөн. Цэвэр агаарт хүүтэйгээ тоглож, Хэнтий аймаг руу аялалаар явсан. Аварга тосон нуурын эрэг дээр хэд хонолоо.
-Нуур хавиар аялагчид их байв уу?
-Манай гэр бүл зун болгон Аварга тосон руу явдаг уламжлалтай. Зуны улиралд манай орныг зорьж ирэх жуулчид их байдаг шүү дээ. Зөвхөн гадаадынхан гэлтгүй манайхан өөрсдөө ч эх орныхоо байгалийн сайхнаар аялах сонирхолтой болсон үе. Тиймээс нуурын эрэг хавиар олон хүн байна лээ. Гэр бүлээрээ, хамт олноороо амарч, зугаалж яваа хүмүүстэй олон таарсан.
-Энэ зуныг сайхан амарч өнгөрөөсөн юм чинь эрч хүчээр дүүрэн байгаа юм байна даа. Шинэ уран бүтээлд орсон уу?
-Манай театрын уран бүтээлчид жуулчдад зориулж “Монгол хуримлах ёс” театрчилсан тоглолтыг өнөөдрөөс эхлэн тоглож байна. Монголчууд хуримын дэг ёсыг эртнээс дээдэлж ирсэн. Бид л мэддэггүй болохоос хуримын ёс цаанаа нарийн утга санаатай байдаг юм билээ. Харин одоо мартагдаад, Монгол уламжлалаараа хуримладаг хос гэж байхгүй болсон. Бид энэ ёсыг дахин сэргээж, залуустаа сурталчлах зорилготой энэхүү жүжгийг тавьж байна.
-Таны хувьд ямар дүр бүтээж байна. Дүрээрээ үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?
-Би хүргэний талын бэргэн эгчийн дүр дээр ажилласан. Жүжигт эхлээд бэр гуйх ёсны тухай гардаг. Эцэг эх нь охиноо хадамд гаргаж, инж тасалж өгдөг. Хоёр талын эцэг эхчүүд ерөөлөө хэлж, шинэ гэрт гал голомтоо асааж, найрлаж буй үйл явдал гардаг юм. Монголчуудын хуримлах ёсонд бэргэний үүрэг их байсан юм билээ. Шинэ бэрд зааж, зөвлөх, туслах зэрэг олон үүрэгтэй байж. Муугаар бодоход хос хоёр салахад бэргэнтэй ярилцаж, зөвлөлдсний эцэст шийдвэрт хүрдэг байсан түүхтэй. Харин одоо бол бэргэн гэхээр хуримын ёслол дээр зүгээр л гарын үсэг зурах үүрэгтэй болж. Охид, бүсгүйчүүддээ манай жүжгийг үзээрэй гэж уриалмаар байна. Эр нөхөр, эцэг эхээ хүндлэх, галаа бадраах зэрэг олон зүйлийг сурна шүү.
-“Норовын намтар” жүжигт тоглож байгаа гэж сонссон?
-Манай театр нэг жилийн хугацаанд олон сэдвээр жүжиг тавихыг зорьдог. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Норовын намтар” хүүхдэд зориулсан жүжгээ толилуулахад бэлэн болоод байна. Миний хувьд Норовын хамгийн сайн найз Жимсээгийн дүрд тоглосон. XXI зууны хүүхдүүд цахим ертөнц, зурагт хуудснаас мэдээлэл авдаг болж. Харин Жимсээгийн хувьд номтой нөхөрлөж, номоор дэлхий ертөнцийг төсөөлдөг охин. Үүнд л миний ажилласан дүрийн онцлог оршиж байна.
-Таны хувьд олон дүр дээр ажиллаад ачаалал ихтэй байгаа юм байна даа?
-Уран бүтээлч хүний хамгийн жаргалтай үе тайзан дээр байх шүү дээ. Би тэр аз жаргалыг мэдэрч байна. Одооноос уран бүтээлдээ эрчимтэй орох нь. Өнгөрсөн жил манай уран бүтээлдчид “Гамтет” жүжгийг амжилттай тавьсан. Жүжигчин А.Ганчимэг байхгүй тул Офильягийн дүрд би тоглохоор болсон. Мөн жүжигчин Д.Ганцэцэгийн оронд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжигт ажиллаж байна.
-Театрын сайхан бүсгүйчүүдийн нэгтэй уулзсаных таны гоо сайхны нууцаас асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа тодорхой анхаарах ёстой гэж боддог. Монгол бүсгүйчүүд өглөө нөхрөөсөө эрт босч нүүрээ янзлаад, цайгаа чанадаг байсан гэдэг. Миний хувьд нууцлаад байх зүйл байхгүй. Аль болох арьсаа амрааж, цэвэрлэхийг хичээдэг. Харин хааяа гоо сайханд ороод мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, тайзны будалт хийлгэдэг.
-Эмэгтэй хүнд хоёр гоо сайхан байдаг гэдэг?
-Бүсгүй хүн гоё сайхан харагдахаас гадна дотроосоо гэрэлтсэн байх ёстой. Би сэтгэлийн гоо сайхныг эрхэмлэдэг. Сэтгэлийн гоо сайхныг илрэл нь хиргүй, цагаан сэтгэл шүү дээ. Эмэгтэй хүн сэтгэлдээ буртаггүй, үргэлж гэрэл гэгээрүү тэмүүлж явбал үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Аливаа зүйлийг сайнаар бодож, сайн хань, сайн ээж байх хэрэгтэй.
-Таны хувьд хэр сайн хань, сайн ээж вэ?
-Сайн хань, сайн ээж байх нь эмэгтэйчүүд бидний үүрэг. Үүргээ биелүүлэхийн төлөө хичээж явна.
-Таны хувьд брэнд гэдгийг чанар гэж ойлгодог уу, эвсэл нэр төрийн баталгаа юу?
-Би брэнд гэдэг үгэнд дургүй. Тиймэрхүү зүйлээр хөөцөлдөхийг хүсдэггүй. Надад үнэхээр зохисон, чанартай байвал хангалттай. Түүнээс үнэтэй хувцас өмслөө гээд сайхан харагдахгүй ш дээ. Үнэтэй хувцас миний эрүүл мэндийг хамгаалахгүй, нэр төрийн баталгаа бүр ч биш.
-Амьдралдаа ямар зан чанарыг баримталдаг вэ?
-Би хэлье гэснээ шууд хэлчихдэг зантай. Худлаа дүр эсгэх дургүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” Ч.ГАНТУЛГА
2013-06-25 өдөр 00:51
-Нэг хэсэг та “Сити такси” компанийн захирал хувьдаа 1000 гаруй такситай баян гэгдэж явсан. Одоо яагаад “Сити такси” компанийг удирдахаа больсон юм бэ?
-Би нийтийн тээврийн салбарт ажилласан, автобус баазтай ч байлаа, такси баазтай ч байлаа, нэг үе 1000 такситай ч байлаа. “Сити такси”-гаа Доржготов гэдэг хүнд өгчихсөн. 2004 оны намар “Автобус 2” компанийг авч солонгосчуудтой хамтарч 160-170 автобус оруулж ирсэн, үндсэндээ хуучин 7 шугамтай автобустай байсан, гуравхан шугаманд хүрэхтэй үгүйтэй, 20 гаруй актанд ороход бэлэн болчихсон автобустай байсан. Автобусны 7 шугамыг бүрэн хэмжээнд ажиллуулаад, үйл ажиллагааг нь жигдрүүлээд, сүүлдээ солонгос нөхөддөө зарчихсан. Авто тээрийн газрын дэд даргаар жил гаруй ажилласан. Тэрнээс хойш хувийн бизнесээ хийж байна. Ер нь хүнээс далд байх гээд нуугдаад яваагүй. Улс төр хийх гэж нэлээн явсан. Ер нь чимээгүй явсан нь дээр юм шиг байна. 2008 оны УИХ-ын сонгууль хүртэл улс төр хөөсөн. 2008 онд Өмнөговь намаас гурван хүн нэр дэвшинэ гэсэн. Өмнөговьд урьд нь 4-5 удаагийн судалгаа, санал асуулга, 2-3 ч удаагийн хэлэлцүүлгийн явцад би дандаа л нэгт орчихсон явдаг, өмнө нь 2004 онд ч нэг нэр дэвшсэн байсан, надаас өөр хэн байх вэ гэж бодож явсан. Гэтэл яг 2008 оны сонгуулийн урьд шөнө намын Удирдах зөвлөл дээр дуудаад “Та гурвын хоёр нь нэр дэвших юм байна. Санал хураагаад, шийдчихье” гэсэн. Би ч 22 жил цэргийн дарга хийсэн болохоор цэргийн дарга характертай. Тэр үед нарийн бичгийн дарга байсан Ё.Отгонбаярт “Гарах юм бол наад хоёроо дэвшүүлэхгүй юу. Би сүүлийн 7-8 жил идэвхтэй яваад гайгүй болгосон юм. Наад суудал маньд нэг их сонин биш. Би тэр саарал байшинд орох дуртай ч биш. Саарал ордонд ороогүй 48 жил амьд явсан юм. Арай ч үхэхгүй байх” гээд гээд л өгчихсөн. Өөр би юу гэхэв дээ. Тэрнээс хойш бизнесээ хийж байна. Төмөр замын тээвэр зууч байна, нэг жижигхэн англи хэлний дамжаа байна, жуулчны бааз байна. Налайхад нэг жижиг амралтын газар байна. Сая Өмнөговийн Гашуун сухайтад гаалийн баталгаат агуулахтай компани худалдаад авчихлаа.Одоо хөдлөхгүй бол хоосон хононо ш дээ, нийгэм нь тийм юм чинь.
-Таныг улс төр гэж яваад хамаг байдгаа цацчихсан, одоо хэцүүхэн байгаа, ямар нэг бизнес эрхэлдэггүй гэж ойлгодог?
-Бизнестэй, бизнесгүйг улирах цаг харуулна ш дээ. Сая ямар ч байсан 40 га газартай гаалийн баталгаат агуулах Хятадын компаниас авчихлаа. Тавантолгойн нүүрсийг дуустал манайхыг хангалттай тэжээнээ. Миний үед байх газраа байгаад, байхгүй газраа шалавхан холдоод өгчихсөн нь зөв гэж боддог. Тийм учраас сүүлийн үед даруухан шиг явж байна.
-Ирэх сонгуулийн талаар ямар нэг бодол байна уу?
-Ингэнэ тэгнэ гэж эцсийн шийдвэр гаргасан юм алга. Нам ч яаж хандах нь вэ. Хамгийн гол нь орон нутгийн иргэд намайг хэр хүлээж авах нь вэ, нэр дэвшихэд суудлаа алдчихгүй хадгалж чадах уу, үгүй юу гээд олон л юмыг харна. Гэхдээ ямар ч байсан нэр дэвших болов уу гээд бэлтгэлээ хангаад явж байна. Одоо жил гаруй хугацаа дутуу байхад нэр дэвшинэ гэж хэлж чадахгүй. 2008 онд нэр дэвших өдрөө больчихож байсан хүн чинь одоо шууд хэлж чадахгүй байна. Одоо нас 50 гарчихлаа.Залуучууд шиг би тэгнэ шүү гээд цээжээ дэлдээд явдаг нас өнгөрсөн. Тийм учраас нас намбандаа захирагдана, суурь хүмүүжилдээ баригдана, тухайн үеийн цагийн байдалд тохируулж шийдвэрээ гаргана даа.
-Та “Анод” банкны Даваатай сайн найз, “Анод” банкны Тамгын дарга байсан хүн. Одоо Даваатай хэр холбоотой байдаг юм?
-Даваа бид хоёр 18 настайгаасаа хойш 34 дэх жилдээ найзалж явна. Бид хоёр сайн харьцаатай хэвээрээ. “Анод”-од би хувь оруулсан биш, би тэнд 10 сар л ажилласан. Анх байгуулагдахад нь Тамгын газрынх нь дарга болж, 6 ширээтэй банкнаас 2-3 давхар байшинд багтахгүй болтол өргөжүүлж хамт ажиллаж байсан. Давааг мэдэх хүний хувьд идэж уугаад, ард түмний хөрөнгөөр тоглоод банкаа ийм болголоо гэж боддоггүй. Хүнд алдаа байсан байж болно, хамт ажиллаж байсан хүмүүсийн ч алдаа байсан байж болно. Энд тэндээс харж байхад төрийн оролцоо ч байсан байж болно, янз янзын л ашиг сонирхол нэгдсэн байх. Бусдаар хахаж цацталаа идчихээд ийм байдалд орчихсон гэж боддоггүй. Олон овоотын уурхай гэж “Анод” банкны 40 сая битгий хэл юмны барьцаанд хүрчихээр том уурхай тэдний гарт байсан. Баталгаатай байсан, төрөөс хийсэн янз янзын ажлын мөнгө нь орж ирээгүй байсан гээд яригддаг байсан. Би найзтайгаа уулзаад чамаас болсон уу, юунаас болчихов гэж асууж, хошуу нэмж байх зохимжгүй. Ядарч зүдэрсэн үед нь тав гурван төгрөгөөр дэмжих зэрэг туслалцаа бидний дунд байдаг. Ер нь хойшдоо ч найзална, нэг нь нь нөгөөгөө эцсийн замд нь үдэхээс өөрөөр салахгүй биз. Даваа маань ИХН-ын дарга. Улс төрийн хувьд бид өөр үзэл бодолтой. Гэхдээ улс төр ч ярьдаггүй. Хүүхэд байсан, цэргийн сургуулийн сонсогч байсан үеэ дурсана. 2-3 ч ангид цуг ажиллаж байсан, 2-3 ч газар бид хоёр нэг гэрт амьдарч байсан үй зайгүй найзууд. Надаас хоёр ах, цагаан сараар очиж золгоно. Сайн явахад нөхөр олон байдаг, одоо найзууд нь жаахан цөөрчихсөн юм шиг харагддаг. Гэхдээ би байнга гэрт нь байх биш, намайг байхгүйд ирдгийг үгүйсгэх аргагүй. Хүний хувьд өөлөх юмгүй сайн хүн.
-Танд “Сити такси”-г “Анод”-ын Даваа бэлэглэсэн гэж яригддаг.
-Бэлэглэсэн юм биш л дээ. Олон улсын банкны төлбөр тооцооны арга л даа. Аккердитив нээдэг. “Женко” Баттулгын дүү Баттуулын нэр дээр байсан. Солонгосуудын талтайгаа хамт бас л аккердитивээр оруулж ирсэн байсан. Тэгээд би тйишээ ороод дахиад зах зээл байна гээд машинаа нэмэгдүүлээд бас л “Анод” банкны аккердитивээр авсан. Дараа нь Автобус 2-ыг тендерээр авчихсан. Олны ярьдаг шиг бидний хооронд тийм юм байхгүй л дээ. Миний үед 1200 такситэй, 4 баазтай Улаанбаатарт ямар ч байсан хөл залгуулчихдаг, амь насанд халтай, баталгаагүй болчихсон, насжилт нь ахичихсан Экселд суудаггүй, боломжийн шинэхэн таксигаар үйлчлүүлдэг болгосон. Тэр үед гадныхан “Үнэхээр монголчууд гар утас, такси хоёрынхоо асуудлыг шийдчихсэн юм байна” гэдэг байсан. Би сайндаа тийм болгосон гэж боддоггүй, энэ миний юмыг байхгүй болгочихсон гэж ч санадаггүй. Цаг цагаараа л байдаг. Би 1978 онд цэргийн сургууль төгссөнөөс хойш насаараа дарга хийлээ, олон хүнтэй уулзаж явлаа, ямар ч асуудалд хувийн эрх ашгийн төлөө хандаж, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж өөчилж, гоочилж яваагүй. Тэрний хүчинд хаа газар миний ажил дандаа л амжилттай явдаг байсан. Цэргийн дарга байхдаа тухайн анги ангидаа л толгойд нь явдаг байсан. Дараа нь “Сити такси”-г хэнд ч танигдахаар босгож ирж байсан. Үнэхээр дампуураад төр нь дийлэхээ байсан Автобус 2-ыг авч, би 7 шугамтай болгон босгож байсан. Одоо нас ахиж байна, 50 гарчихлаа.Чадах юмаа хийнэ, чадахгүй юмыг юу гэхэв, юм болгон руу самардахгүй. Дөчөөд насандаа анх “Сити такси” руу орж байхдаа ямар ч ажилд ааг амтагдаад болмоор санагддаг байсан. Тэр үед 1000 хүнтэй өдөр болгон хэрүүл хийнэ, 1000 хүний ар гэрийг авч явна, 1000 гомдсон зорчигч утасдана, 1000, бүр тэрнээс олон хүн талархаж утасдана. Одоо бол ажил хөнгөрсөн. Надад аль ч компани нь өгөөжтэй байсан.
-Та хаана амьдарч байна?
-Улаанбаатартаа, Сансарт авгай хүүхэдтэйгээ амьдарч байна. Би байр, унаа, өмссөн хувцсаараа гангаръя гэж боддоггүй юм. Хүүхэд байхдаа л Өмнөговь аймагт тэмээний мах, хоёрдугаар гурил идэж өссөн. Анхнаасаа л олны дунд явсан, нэг их том дарга яваагүй болохоор тийм болохоор ард түмнийхээ дунд байх дуртай. Заавал Богд уулын аманд очих гээд байр сууцаа томруулах гээд байх сонирхол байдаггүй. Заавал тансаг амьдрах албагүй. Мань шиг 50 настай хүн хэмжээгээ тааруулаад явна. Хүүхдийг багаас нь тансаг маягийн амьдралаар амьдруулах нь хойшдоо тэр амьдралаараа яваа ч уу, үгүй ч үү аюултай. Тийм учраас даруухан амьдрах нь сайхан. Ямар ч байсан гэртээ яваад ороход тав тухтай сайхан, хаана ч очсон хүргээд өгөх унаатай, тэр хэмжээнд нь л зохицуулж амьдарч явдаг.
-Цоо шинэ Ланд круйзер 200 уначихаж, ямархуу үнээр авав?
-Сонгуулийнхаа бэлтгэлийг хийж шинэ машин авсан. Үнэ яахав, зах зээлийнх нь үнээр авсан.Энэ жил Өмнөговь руу нэлээн явах ажилтай. Би тэнд компани авчихлаа. Юмыг юу юугүй орхимооргүй байна, өнөөдөртөө юу юугүй өвөө болчихоогүй байна, хэн ч харсан намайг хөөрхий энэ зайлуул таягтай явж байна гэж харахааргүй байгаа болохоор Өмнөговийнхон дунд намайг дэмждэг хүмүүс нэлээн бий. Хэдэн хувь нь намайг дэмжиж байна, тэднийхээ байдлыг харна. Магтах хүн ч зөндөө бий, муулах хүн цөөн ч гэсэн би л байх. Ирээч ээ гэсэн хүн ч байгаа, энийг явуулахгүй гэсэн юмсан гэсэн хүн ч байгаа. Нийтийн хандлагыг жаахан харнаа. Тийм учраас энэ жил нутгаараа жаахан явна, хүн амьтантай уулзана.
-Та 2008 онд нэр дэвших, сонгогдох боломжтой байсан ч нэр дэвшиж чадаагүй. Таны тойргийг булаасан Оюунбаатарт гомддог уу?
-Яахав бүхэл бүтэн том нам, Монголыг 80-90 жил аваад явчихсан нам өөрөө мэдэж шийдвэрээ гаргасан. Би гомдоод байх юм байхгүй ээ. Ямар ч юманд хүнд гомдож болохгүй. Ялангуяа улс төр хийхэд хэцүү ш дээ. Нутгаараа явж байхад хүн болгон л “Чи сайн шүү, чи шүү, чи шүү л” гэдэг. Сүхбаатарт сайн хүн болгон Сүхбаатар дээр ирдэг. Сүхбаатарт дургүй нь цаашаа хараад яваад өгдөг байхгүй юу. Оюунбаатарт сайн ханддаг хүн болгон нь очоод “Та шүү” гэж байгаа. Оюунбаатар бид хоёр ч гэсэн найз. Нэг удаа нэр дэвшиж чадаагүй л биз, ямар миний компанийг авчихсан биш, миний гэрт байсан юмыг хулгайлчихсан биш, үүнд юм бодож болохгүй л дээ. Улс төр тогтолцоогоороо л явж байна. Сүүлийн есөн жил Оюунбаатар бид хоёр найзалж байна даа. Тэрэнд би юм боддоггүй, би УИХ-ын гишүүн болох дуртай байхад, Оюунбаатар яагаад дургүй байх ёстой юм. Бадамсүрэн яагаад дургүй байх ёстой юм, тийм биз дээ. Тухайн үед аль аль нь нэр дэвшихийг бодоод Оюунбаатар намаасаа гараад ирээ л биз. Би сонгуулийнх нь сурталчилгаанд очиж ажилласан. Сүүлийн долоо хоногт нь Оюунбаатар, Бадамсүрэн хоёрын төлөө ажилласан.
-Одоо намынхантайгаа хэр харьцаатай байдаг вэ?
-Намаараа орноо. Юу боллоо гэж орохгүй байхав.Уулзах хүнтэйгээ уулзана, тэртээ тэргүй журмын нөхөд, нэг л юмны төлөө явдаг, үзэл бодол нэгтэй хүмүүс. Би намд нэг санал тавьсан. Би 22 жил цэргийн алба хаачихсан юм, тэрнийгээ гүйцээчих санаатай. Би одоо 50 нас хүрлээ, гүйж харайгаад, биеийн тамирын шалгалт өгөөд жагсаал хийгээд байна гэж юу байхав, насаараа дарга хийсэн юм, хүний хойно өмнө гараад загнуулаад гүймээргүй байна. Тэгж байгаад шийдвэр гаргана, шаардлагатай бол намгүй ч шийдвэр гаргаж болно ш дээ. Би эхээс гарсан болохоос намаас төрөөгүй ш дээ. Намын төлөө зөндөө явсан, гэхдээ гомдоод болино энэ тэр гэхгүй ээ. Надад сүүлийн боломж, түүнээс цааш 60 гарчихаад улс төр хөөгөөд явахгүй. Би аливаа юмнаас өөрийгөө хурдан татаад авчихдаг юм, зууралдаад байх сонирхол байхгүй. Баараггүй 2008 онд нэр дэвшинэ гэж байгаад урд өдөр нь дуудагдаад, больсон, Ё.Отгонбаяр даргад хэдэн үг хэлээд л хаясан.
-Өмнөговиос төрсөн бизнесмэн болгон уул уурхай руу орж байна. Та тийшээгээ орж хүчээ үзье гэсэн бодол байдаггүй юм уу?
-Ороогүй. 2005 оноос Тавантолгойг ашиглахад хамтаръя гэсэн хүмүүс байсан. Нэгдүгээрт би өөрөө уурхайгаа мэдэхгүй, хоёрдугаарт миний бодлоор Өмнөговийн уул уурхай нэлээн бохир явж байгаа. Тавантолгойн нүүрсийг гаргах явц, худалдан авалт, наймаа энэ тэр нь, тэр ТУЗ-ын шийдвэр, бүр аймгийн Иргэдийн хурлаас Тавантолгойд гаргаж байгаа шийдвэр ч зөв явахгүй байна гэж боддог. Зөв явахгүй зам руу би явж болохгүй. Тийм учраас тийшээ орж яваагүй. Ер нь Монголын бизнесмэнд орохгүй салбар гэж байхгүй. Зөв л юм руу орохгүй бол, Монгол хүн бүх юманд оролцох ёстой гэж хутгалдаж явах ёсгүй. Зах зээл багатай, бизнесийн орчин жижиг, тийм учраас ганцхан төрлийн бизнесээр дагнаад оройд нь гарчихна гэдэг хэцүү. Ашигтай л юм байвал юу ч гэсэн хүртэх ёстой. Гэхдээ надад ашигтай юм байна гээд буруу юм руу орж болохгүй. Тийм болохоор Өмнөговийн уул уурхай руу ороогүй. Харин саяхан тэнд нэг гаалийн баталгаат агуулах авсан.
-Та жилдээ хэр их орлого олдог вэ?
-Монголд нэг нь нэг юм хийнгүүт энэ ашигтай юм байна гээд бүгд тийшээ ордог, тэгээд бүгдээрээ унадаг. Намайг таксины компанитай байхад Монголд такси компани гэж байхгүй. “JM” манай хоёр л байсан юм. “Сити такси” ашигтай байна гээд сүүлдээ 70 гаруй такси компанитай болсон. Тэгээд бүгдээрээ доошоо унадаг байхгүй юу. Тийм учраас бизнес аль болох өөрийнхөө хэмжээндээ, нуух юмнуудаа нууж байхгүй бол бүх юмаа дэлгэхээр тэр бизнес Монголд цаашаа явахгүй байгаа юм. Миний орлого миний хэрэгцээг хангалттай хангадаг, бас нутгийнхны хэдэн хүсэлтийг биелүүлэхэд хангалттай хүрээд байдаг. Тэрнээс биш, овойж оцойтлоо баяжсан, “MSC” шиг болсон гэхэд хаашаа юм. Бурхан багш надад ямар ч гэсэн идэх хоолтой байхаар л буян хайрлаж гэж боддог. Би цуглуулахыг боддоггүй, боломж байвал энд тэнд юмаар дутаж байгаа хүнд туслахыг л боддог. Өмнөговийнхонд нэлээн тусалсан, тэрийг ч манайхан мэддэг, түүндээ би сэтгэл хангалуун байдаг. Намынхаа төлөө намтайгаа үлдэнэ гээд төрийнхөө ажлыг өгчихсөн. Би уг нь агентлагийн дэд дарга байсан. Тэр үед сонин дээр бичигдсэн. Бодвол үнэн биз. 40 гаруй мянган хүн төрийнхөө ажлыг дагаад намаасаа гарсан, Монголд намаа дагаад үлдсэн 17 мангар хүн байдаг юм гэсэн. Тэрний нэг нь би. Үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Одоо манай нам 2 болчихоод байна. Аль аль нь үзэл бодлоо нэгтгэж явсан манай намын нөхөд. Улс төр гэж сонин юм даа гэж боддог юм. Манай намын нөхөд, АН-аа хаяад орсон хүн Цогоос өөр гайгүй байлгүй. Би бас ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуайг зөнөсөн юм болов уу гэж хааяа боддог. Саяхан тэр “Титэм үг”-ээрээ өс хонзон авах тухай айхтар зуунги сонин юм бичсэн байна лээ. Уг нь дэмий л юм даа.
-Та 2004 онд Өмнөговьд нэр дэвшээд Ц.Баярсайхан гишүүнд ялагдсан байхаа…
-Ц.Баярсайхан аймагтаа хэлтсийн дарга хийж байсан, Засаг даргын орлогч байсан, урьд нь УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга болсон, УИХ-д нэг өрсөлдөөд уначихсан байсан, түрүүнд нь унагасан юм, одоо саналаа өгчих юмсан гэж байсан хүнтэй өрсөлдөөд тэр олон мянган хүний санал аваад 100-гаад хүний саналаар ялагдсандаа баярладаг. Ямар Д.Бат-Эрдэнэд уначихсан биш. Манай Бадамсүрэн гишүүн өрсөлдөөд миний авсан саналаас арай бага санал 2008 онд авсан байна лээ. Түүнээс хойш би нутгаасаа салаагүй, хүн амьтантай уулзаж учраад яваад байгаа, хүнд ихэрхээгүй, чадах ядахаараа дэмжээд явдаг болохоор нутгийн олон ойлгодог юм шиг байна лээ. Би зөв яваад үхчих юмсан гэж боддог. Зарим үед энэ 76-г хүн болгон муулаад байхаар гараагүй нь ч оносон юм байна даа гэж боддог. Тэнд орчихвол Сүхбаатар нь сайн юм байна, бусад 75 нь муу юм байна гэж ярихгүй ш дээ. Эд нар бүтэхгүй л гэж ярина биз. Хүнд заавал муу хэлэгдэн хэлэгдэн тэнд сууж байх хэрэг юу байна гэж боддог юм. Зарим нутгийн хүн “та орох ёстой, юм хийх ёстой” гэхээр нээрээн ч тийм юм уу гэж янз янзаар л бодох юм даа.
-Оюутолгойн ойролцоо дахиад том орд олдсон гэсэн. Энэ талаар юу гэж бодож байна?
-Дахиад л Оюутолгойтой ойрхон том уурхай гарлаа л гэнэ. Би нутгийнхаа ирээдүйн төлөө санаа зовдог юм. Өнөөдөр яахав гадныхан ирээд ухаад л, дуудлага худалдаагаар аваад л, монгол хүн ялгаа юу байхав, бусад нутгийнхан очиж ажиллаад л хэдэн төгрөг аваад л байна. 100 жилийн дараа, 200 жилийн дараа бүх газар доорхи баялгийг нь авчихсан, газар доорхи усыг нь юүлчихсэн, газрынх нь хөрс эргэчихсэн ийм нутагт хэн үлдэх болоо гэж боддог. Гадных нь ч дотных нь ч бай, хүний нутгийн улс яваад л өгнө. Манайхан л яах бол гэж санаа зовдог. Миний нас жаахан хөгшдөөд байна. Одоо 30-40 настай арай залуухан байсан бол “Манай нутагт их юм хийгээрэй, байгаль орчноо сайн нөхөн сэргээгээрэй” гээд тэнд очоод олон юм яриад суугаад баймаар байна. Одоо 50 хүрчихээд би тавтиргүйтээд яахав дээ. Манай нутгийн ирээдүй эвгүй байна. 200-300 жилийн дараа манай Өмнөговь нутаг ямар байх бол гэж би маш их санаа зовдог. Баахан ухуулчихсан, уух усгүй, улаан шороо эргэсэн, өвс ургамалгүй, тийм газар болчихвол хэцүү ш дээ, тэнд амьдрах хүмүүст… Би тэр үед амьд байхгүй. Гэхдээ амьд байхгүй нь аз гэж бодохгүй, ирээдүй хойч үеийнхээ төлөө санаа зовох юм. Тэрний төлөө Өмнөговийнхон дуугарах ёстой. Дуугарах хүн байгүй юм. Оюутолгой, Тавантолгойг ашиглах сайхан ч саар юм их гарах байх.
-Ард түмний амьдрал дэндүү хүнд байна. 21 мянган төгрөг шиг хэрэггүй юм алга, тэрний оронд улс оронд юм хийсэнгүй гээд шүүмжлээд байна. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн маш олон байна. Өнөөдөр банкуудын оочерыг хар, хэрэггүй байсан бол хүмүүс авахгүй ш дээ. Би 21 мянган төгрөгийг дэмждэг. 21 мянган төгроөг өгөнгүүт архичдын тоо их болж байна, эрүүлжүүлэхэд хүн нэмэгдэж байна л гэнэ. Гэхдээ хэдэн хүни 21 мянган төгрөг аваад тэднээс хэдэн хүн эрүүлжүүлэхэд ороод байгаа юм гэвэл би сайн мэдэхгүй. Миний сонссоноор 200 шахам хүн эрүүлжүүлэхэд хонодог гэсэн, сайндаа л 300 хүрээ биз. Тэгэхэд өчнөөн олон мянган хүн өдөрт 21 мянган төгрөгөө авч байгаа ш дээ.100 хүнээс нэг нь архи ууж байгаа биз, цаана нь өчнөөн мянган хүн амьдралдаа хэрэглэж байгаа. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн зөндөө шүү. Болдог бол 2 тэрбумыг ч гэсэн өгөөсэй гэж боддог. Утаанд хичнээн тэрбум төгрөг зарцуулав, юу ч өөрчлөгдөөгүй, та бид хоёр хортой утаагаар амьсгалаад явж байгаа биз дээ. Тэгэхэд 21 мянган төгрөг бидний гэр бүлийнхэнд ирж л байгаа. Юмыг олон талаас нь бодох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Бид “Ховор яриа” булангаараа Францын экзистенциалист философич, зохиолч, феминист Симон де Бовуарын “Paris review” сэтгүүлийн 1965 оны дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг толилуулж байна. “Дайвар хүйстэн” номоороо шуугиан тарьж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хэд хэдэн чухал зохиол бичсэн түүнийг нэрт философич, зохиолч Жан Пол Сартрын гэргий байсан гэдгийг та бид мэдэх билээ. “Paris review” сэтгүүлийн сурвалжлагч Мадлен Гобэйлийн бидэнд үлдээсэн нэгэн чухал, ховор яриаг хүлээн авна уу.
Симон де Бовуартай уулзахаар гэрт нь очиход тэр надад Жан Женет, Жан Пол Сартр нарыг танилцуулав. Аль алинтай нь би урьд уулзаж, ярилцлага авч байсан учраас ёсыг бодож мэнд мэдээд, тэдэнтэй биш өөртэй нь ярилцлага хийх хүсэлтэй байгаа гэдгээ дуулгахад Бовуар гайхан харснаа “Яагаад миний тухай ярих хэрэгтэй гэж. Би гурван ч дурсамж ном бичихдээ амьдралынхаа түүхийг хангалттай гаргасан гэж чи бодохгүй байна уу” гэж асуув.
“Тийм ээ” гэж би хүлээн зөвшөөрөөд, “Бид таныг удаан саатуулахгүй” хэмээн ам өчиг өгснөөр Сартрын гэрээс таван минут алхах зайд орших “Шольцера” студи руу явлаа. Нарны гэрэл нэлэнхүй туссан энэ өрөөнд Бовуарын гэрэлтсэн цэнхэр нүдтэй, залуухан үеийнх нь хэд хэдэн зураг байв. Багахан номын сангаас дутахааргүй тавиураа сонжиж байснаа тэр над руу нөхөрсөг гэгч нь инээснээ, “Бид хэтэрхий удаан саатах нь, яриагаа эхлэх үү” гээд ширээнд намайг урилаа.
-Та сүүлийн долоон жилийг дурсамж номоо бичихэд зарцуулахдаа зохиол бичих болсон сэдэл болоод шашинд итгэх итгэлээ алдсан тухай олонтаа дурдсан. Бурханд итгэхээ байсан нь таныг зохиол бичихэд их гүн нөлөөлсөн юм шиг санагдлаа. Энэ үнэн үү?
-Миний бичих сонирхол бүр багынх. Би найман настайгаасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн ч хүүхэд бүр ийм замыг туулдаг учраас энэ нь онцгой зүйл огтхон ч биш. Харин зохиол бичих тухай бодитоор хүсэж, оролдож эхлэх үед би үнэхээр бурханд итгэх итгэлгүй болчихсон байсан нь үнэн. Жорж Элиотын “Голын хөвөөний тээрэм”-ийг уншсан нь бас их нөлөөлсөн. Уншигчдыг өөртөө татаж, дагуулах чадвар нь намайг бишрүүлж байлаа.
-Таны бүтээлүүдэд Английн уран зохиолын нөлөө тусгал бий гэж та боддог уу?
-Багадаа их уншсан. Хүүхдийн зохиолын төрөл Францаас илүү Англид сайн хөгжиж, алдартай олон зохиол хэвлэгдсэн байдаг. “Алиса гайхамшгийн оронд”, “Питер Пэн”- ийг дурлан уншдаг байлаа.
-Зохиолчдод коллеж болон их сургуулийн боловсрол хэрэгтэй гэж та боддог уу. Таныг Сорбоннагийн их сургуулийн шилдэг оюутан байснаас гадна сайн багш болох ирээдүйтэй байсан гэж хүмүүс одоо ч ярьдаг.
-Их сургуулиас би философийн тун өнгөцхөн мэдлэг авсан гэж боддог ч тэнд өнгөрүүлсэн он жилүүд миний гүн ухаанд дурлах сонирхлыг их өдөөсөн. Тэндээс би олигтой юм авахгүй нь гэдгээ мэдсэнээс хойш номын санд илүү цагаар сууж, өөрийг өө боловсруулах гэж их хичээсэн. “Дайвар хүйстэн” номоо бичихэд олон бэрхшээлтэй тулгарч байсан ч, их сургуульд заасан бүхэн огтхон ч нэмэргүй, харин өөрөө олж уншсан, эрэл хайгуул хийсэн минь их туршлага болсон. Дараа нь сургуулиас надад багшлах хүсэлт тавьж, түүний дагуу би багшлах гэж богинохон хугацааг зарцуулсан.
-Та өөрийгөө сайн багш байсан гэж боддог уу?
-Үгүй байх. Учир нь би бүх оюутантай биш, гялалзсан хэдтэй нь илүү тулж ажилладаг байсан. Сайн багш оюутан бүртэй тулж ажиллаж, бүгдийнх нь сонирхлыг татсан хичээл заах ёстой. Харин чи философийн багш бол дээрх арга бараг л нэмэргүй. Учир нь ангид дөрөв юм уу таван оюутан л хэлсэн бүхнийг чинь хүлээж авдаг. Бусад нь юу ч байсан үл тоодог. Тийм учраас би ч гэсэн тэднийг үл тоохоос өөр аргагүй.
-Та арав гаруй жил бичсэний эцэст, анхны номоо 35 насандаа хэвлүүлсэн. Энэ зуур зориг, итгэл чинь мохож байв уу?
-Үгүй. Учир нь тухайн үед залуу зохиолчийн философийн номыг хэн ч ойшоодоггүй байлаа. Тийм болохоор би хүлээхээр шийдсэн юм. Жишээ нь, Ж.П.Сартр “Огиудас”, “Хана” зохиолоо эрт бичиж дуусгасан ч 35 насандаа хэвлүүлсэн. Философийн бус ажлуудаас “Тэр үлдэхээр ирлээ”-г хэвлэлийн газраас буцаах үед нь урам хугарсан. Хэсэг зуур гонсойж явсны эцэст “Зохиолоо хэвлүүлэх тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй юм байна” гэж бодсон.
-Хүмүүс таныг хувийн сахилга бат сайтай, нэг ч хуудас бичихгүйгээр нэг ч өдрийг өнгөр өөдөггүй гэдэг. Та өдрийн аль үед бичиж эхэлдэг вэ?
-Зохиолоо үргэлжлүүлэхсэн гэж би маш их яардаг ч тухайн өдрийг юм бичиж эхлүүлэх дургүй. Өглөө сэрмэгц хамгийн түрүүнд халуун цай ууж, тайван суух дуртай. Тэгээд 13.00 цаг хүртэл бичнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, хувийн ажлаа амжуулсны дараа 17.00-21.00 цаг хүртэл дахиад бичиж суудаг. Яг өдрийн цагаар юм бичиж суух надад залхуутай санагддаг.
-Тэгээд хэдийд нь Ж.П.Сартрт цаг гаргадаг байсан юм бэ. Та түүний тухай нэг ч үг дуугарсангүй.
-Би түүний ажлын өрөөнд зохиолоо бичиж суудаг ч энэ үеэр барагтай л бол үг сольдоггүй. Өдөр, оройн хоолны үеэр л тухтай сууж, юм ярьдаг байсан даа.
-Зохиолч нөхөд тань бас ийм зуршилтай юу?
-Үгүй ээ, миний л хувийн дэг. Жишээ нь, миний найз Жан Жене нэг зохиол эхлүүлсэн бол бүтэн зургаан сарын турш өдөрт 12 цаг суудаг. Энэ зуур хүнтэй уулзах, гадагшаа гарахыг тас хорьдог. Би хэзээ ч тэгж чадахгүй.
-Нельсон Алгрен таны гар бичмэлийг хүн уншаад ойлгохооргүй таталгасан зураасаар дүүрэн гэж хэлж байсан. Тэр өөрийгөө таны гар бичмэлийг уншиж чадах тун цөөн хүний нэг гэсэн нь үнэн үү?
-Энэ тухай бодож байсангүй. Гэхдээ миний бичгийн хэв тийм ч муухай биш байх аа. Бодсоноо хурдан гаргах гэж яарахдаа татлаган бичдэг байж болох юм. Сүүлийн номоо дуусгаад би эхээ дахин хуулж бичсэн. Дараа нь харахад маш сайн гаргацтай байсан.
-Дурсамж номынхоо дэд бүлэгт та “Огиудас”-аа бичиж байх үеийн Сартрын зургийг зурснаа хавсаргасан. Та хоёрын хайр дурлалын ид үе байсан санагдана. Тэр хэсэгт “Бид хэрэв үхвэл там, диваажингийн алинаас ч Сартрыг олохгүй” гэж бичсэн байсан нь ямар учиртай вэ?
-Ж.П.Сартр “Үг” номондоо үхлийн тухай бодлоо бичсэн байдаг даа. Тэр үхлээс айдаггүйн дээр өөрийгөө үхэшг үй мөнхийн амьтай гэж бичсэн. Учир нь түүний бие шороонд булагдлаа ч зохиолууд нь үлдэнэ. Тэр зохиолууд нь он удаан жил амьдруулж, үхэшгүй байлгана гэж. Би энэ тухай л бичсэн.
-Та зохиолынхоо баатруудын нэрийг яаж сонгодог вэ?
-Зохиолын баатрын нэрэнд онцгой ач холбогдол өгдөггүй. “Тэр үлдэхээр ирлээ”-гийн Хавиэрийг зохиол бичиж эхэлсэн өдөр тааралдсан хүний нэрээр нэрлэсэн. Нэр өгөх үедээ утасны дэвтрээ харах, эсвэл хуучин оюутнуудынхаа нэрийг бодож байгаад сонгодог.
-Таны зохиолын эмэгтэй дүрүүд ихэвчлэн төсөөллөөсөө болж төөрөгдөлд орсон, эсвэл солиоролсон байдаг. Энэ тухай яриач?
-Өнөөгийн эмэгтэйчүүд яг л ийм байна. Эмэгтэйчүүдийн хүслийг харгалзан үзэхгүйгээр нийгэм тэднээс маш их зүйлийг албадан шаарддаг. Тийм болохоор тэд өөрсдөө ч мэдэхг үйгээр солиорч эхэлж байна. Эмэгтэйчүүдийн тухай хамгийн сайхнаар дүрсэлсэн зохиол гэхэд ихдээ л тэднийг гэр орны үүрэг, ажлын балансыг барьсан байдалтайгаар гаргадаг. Харин миний эмэгтэй уншигчид үүнээс илүүг надаас хүсдэг. Энэ нь цаагуураа надаас биш, энэ нийгмээс юу хүсэж буйнх нь илрэл.
-Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэж та үздэг, зохиолдоо ч үүнийг тусгадаг. Гэхдээ үлгэр болчихоор эрх чөлөөтэй, тусгаар тогтносон эмэгтэйн дүрийг та ердөө ч гаргаагүй. Яагаад тэр вэ?
-Тэд одоо ямар байгааг л гаргахыг хүсдэг. Учир нь үнэнийг нууж хаахгүй илчилж байж нийгэм биднийг ойлгодог болно.
-“The Mandarins” зохиолоо гаргаснаас хойш та уран зохиолын ном бичихээ больж, дурсамж номоо гаргаж эхэлсэн. Та ахиж зохиол бичихгүй юу?
-Эрс шийдсэн юм алга. Энэ хоёр төрөл надад хоёул таалагддаг. Бүр багадаа, дөнгөж зохиол бичиж эхлэх үедээ дурсамж бичиж, өөрийн үзэж туулсан бүхнийг гаргаж, уншигчтайгаа чин сэтгэлээсээ “ярилцах” юмсан гэж хүсдэг байснаа сая гаргалаа. Би бага насныхаа тухай бичихийг маш их хүсдэг ч одоо хэвл үүлээд буй гурван номондоо энэ тухай дэлгэрэнгүй өгүүлээгүй. “Хүлцэнг үй охины дурдатгал” дурсамжаа бичсэний дараа би ханаагүй. Нэг л дутуу оргиод байлаа. Дараа нь “Амьдралын эхний шат”-аа бичиж, 21 настай байснаас одоог хүртэлх дурсамжаа бичсэний дараа арай дээрдсэн.
-Францын контемпорари зохиолчдоос хэн таны анхаарлыг татаж байна вэ?
-Нэг их олон хүн биш. Маш олон зохиолчид над руу гар бичмэлээ явуулдаг ч ядруухан нь их юм. Яг одоо бол надад Виолетта Ледюк таалагдаж байгаа. 1946 онд хэвлүүлсэн “Collection Espoir” (А.Камю редакторласан)-ыг нь шүүмжлэгчид тэнгэрт тултал магтаж байна. Ж.П.Сартр, Ж.Жене хоёр түүнийг их таашаадаг. Сүүлд гаргасан “Les Temps Modernes”- ийг нь Ж.П.Сартр өөрийн хүсэлтээр редакторласан.
Ж.Тэгшжаргал
Найруулагч хүн гэхээр л ууртай, ширүүн харцтай, чанга дуутай, этгээд сэтгэлгээтэй хүмүүс төсөөлөгддөг. Гэхдээ тэр нь өөрсдийгөө бүтээх гэсэн нэгэн оролдлого ч байж мэднэ. Өнөөдөр уншигчидтайгаа “уулзуулах” энэ найруулагчийг Соёлтын Баярсайхан гэдэг. Өнгөрсөн жил “Гоолингоо” дуулалт жүжиг тавьж хотынхны танил болсон хүн. Түүнээс өмнө бол хөдөө орон нутагт л авьяасаа хөгжүүлээд яваад байж. Хамгийн сүүлд түүний хоёр ч зохиол “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-д айрагдсан. Өгүүллэгийн нэг ном, жүжгийн 17 зохиол биччихсэн залуу зохиогч. Хэний ч танихгүй нэгнийг “од” болгон хөөргөх гэсэндээ биш зүгээр л хүн чанартай, өөрийгөө дийлж, өндийж босох чадалтай, авьяастай хүний яриаг л хүргэхийг зорилоо.
Хоёр чихэндээ ээмэг зүүчихсэн энэ залуу 10 хүрэхгүй жилийн өмнө гэрээсээ хөөгдөж орцонд хоног төөрүүлдэг байсан архичин. Хүнээс 200 төгрөг гуйж авчихаад тоормосны шингэн харж шүлсээ асгаруулан залгидаг байсан донтон. Гэвч хоёр хүүхдийг нь эхнэртэй нь, эх, эцгийнх нь итгэлийг булаасан архийг тэр зэвүүцэж явсаар хаяж чадсан. Нэгэн цагт алдрын оргил ойрхон санагдаж явсан ч дараа нь архинд орж навс унаад эргэж сэхсэнийг нь сонсоод түүгээр бахархсан. Одоо тэр завгүй. Дундговь, Сүхбаатар аймгийн театрт жүжгээ тоглуулчихаад одоо хоёрын зэрэг кино хийхээр “харайлгаж” явна. Өөртөө хайртай хүнд амьдрал хайраа харамгүй зориулдаг нь энэ буюу.
“Дээд хэмжээ” жүжигт нэгэн сэтгүүлчийн амьдралын түүхийг өгүүлдэг. Ямар ч эрх мэдэлтний өмнө сөхөрдөггүй, мөнгөөр үзгээ худалддаггүй сэтгүүлч залуу ялын дээд хэмжээ авсан 17 настай хүүтэй ярилцахын тулд шоронд орж буйгаар зохиолын гол үйл явдал эхэлдэг. Мэдээж сэтгүүлчийн эрэл хайгуул, үнэнийг мэдэх гэсэн чин эрмэлзлэл нь түүнийг торны цаана оруулсан ч энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь түүнийг орхиж, эхнэрийг нь авч сууснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Түүнийг авчирсан шоронгийн дарга өөд болсон учраас цагдаа болон хуягууд түүнийг ялтан л гэж бодно. Ямар ч өршөөлгүйгээр цаазын тавцанд гарах болжээ. Гэхдээ жүжиг хэрхэн төгсөхийг энд нууцлая.
-Өнгөрсөн зун та “Дээд хэмжээ” жүжгээ Дундговь аймгийн театрт тавьсан. Бас энэ жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Үнэний босго” жүжгийг Сүхбаатар аймгийн театрынхан амжилттай тоглолоо. Одоо энэ зохиолоор кино хийх гэж байгаа гэв үү?
-Дундговь аймагт гурван удаа тоглох бодолтой байсан ч үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр удаа тоглосон. Сайхан байсан. Сүхбаатар аймгийн театрынхан “Үнэний босго”-оо Дорнод, Хөвсгөл, Архангай, Орхон, Төв аймагт тоглосон юм билээ. “Дээд хэмжээ”, “Маргааш бид буцна” хоёр зохиолоо кино болгохоор ажиллаж байна.
-Та найруулагч хүн. Яагаад зохиол бичих болов. Өөрөө жүжигчдийг кино найрууллаа гэж шүүмжилдэг хэрнээ зохиол бичээд байх нь оновчтой юу?
-Орчин үеийн Монголын кино урлаг хэтэрхий арилжааны шинжтэй болоод соён гэгээрүүлж, сурган хүмүүжүүлэх үүргээ умартчихаж. Өнгөрсөн зууны монгол кинонууд энэ үүргээ сайн биелүүлэхийн зэрэгцээ суртал ухуулгын шинжтэй байсан л даа. Тийм учраас л би “Маргааш бид буцна” зохиолоо бичсэн. Мянганы зам тавьж байгаа компанийн захирал эх орноо гэсэн сэтгэлээр уул нурааж зам тавихаас татгалздаг. Үүнийхээ төлөө яамны удирдлагуудтайгаа тэрсэлдэж, асар өндөр эрсдэл хүлээгээд эцэст нь дампуурна. Реалист зохиол л доо. Ирэх жил Автозамын салбар үүсэж, хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаа болохоор Монголын автозамчдын холбоо дэмжсэн. Найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллахаар ярьж байна. “Бодлын хулгайч”, “Ларьдма”-гаар чадвараа харуулсан найруулагч шүү дээ.
Харин “Дээд хэмжээ” зохиолоор “Скай пирамид” студийнхэн кино хийнэ. Би талбайн найруулагчаар ажиллана. Энэ студийн захирал, залуу найруулагч Батбаатар намайг зөвлөх найруулагчаар ажиллаач гэсэн л дээ. Гэхдээ би үгүй гэсэн. Шинэ залуу уран бүтээлчид зөвлөх хэмжээнд ажиллаж чадах ч киноны зөвлөх найруулагчийг урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдин, Баатар эсвэл манай аав шиг хүн хийдэг юм. Хөрөнгө, мөнгөнийхөө 60 хувийг босгосон. Үлдсэнийг нь хайж байна. Мөн зураг авах гэж яарахгүй. Мэргэжлийн уран бүтээл болгохын тулд дууны найруулагч, гэрлийн найруулагч, зураач нарын ажил чухал үүрэгтэй. Зураглаач дураараа зураг авах ёсгүй. Найруулагчийн санааг зураач буулгаж, зураачийн харсан өнцг өөс зураглаач зургаа авна. Мөн дүрүүдээ задалж, ярилцахын тулд ширээний уншлага хийнэ. Драмын найруулагч нар жүжигчидтэй ажиллах чадвараар киноныхноос илүү. Тиймээс энэ давуу талаа ашиглаж зураг авалтын талбайд бага зовохын тулд хичээнэ. Тайван цагт хөлс их гарвал дайны талбарт цус бага урсана гэдэг дээ.
Зарим зохиолч, найруулагч нар зураг авалтын талбай дээр зохиолоо бичээд хийдэг гэж дам дуулсан. Тэгж болохгүй л дээ. Эсвэл хэдэн кинонд тоглосон жүжигчин найруулагч гэх нөхрийг загнаад эхлэх жишээтэй. Ёс зүйгүй болж байгаа юм. Хэрэв түүнийгээ муу найруулагч гэж боддог юм бол яах гэж мөнгөнд нь шунаж тоглох саналыг нь зөвшөөрсөн юм бэ? гэж тэр жүжигчдээс асуумаар байна.
Мэдээж жүжигчдийн дундаас сайн найруулагч төрдөг. Энэ нь жүжигчид их уншдагтай холбоотой. Тэд найруулагчтай хамт аливаа зүйлийн мөн чанарыг хайдаг. Гэхдээ найруулагч мэргэжлийг сурч эзэмшдэггүй, төрдөг юм. Гүйцэд жүжиглэж сураагүй байж найруулагч болдогг үй л байхгүй юу. Биеийн тамирын сургуульд ч аварга, арслан, зааны анги гэж байдагг үй биз дээ. Заримдаа гайхамшигтай багшлах авьяастай хэрнээ найруулагч хийгээд олигтой бүтээл гаргаж чаддаггүй найруулагч байдаг. Эсвэл найруулах авьяастай хэдий ч багшлаад явах ч хүн байна.
-Тэгэхээр та ч бас бичих авьяастай болохоор л зохиол оролдоод байгаа юм аа даа?
-Монголын теарт эмэгтэй жүжигчдэд зориулсан дүр цөөхөн байдаг. Тиймээс би анх охиддоо зориулаад Улаанбаатарын өмнө биеэ үнэлдэг долоон хүүхний нэг шөнийн амьдралыг өгүүлсэн “Тэнгэрийн бүсгүйчүүд” гэж жүжгийн зохиол бичсэн. Манай эрчүүд барьцаад байхаар нь “Дээд хэмжээ”-г бичсэн. Ингээд хэд хэдэн зохиол биччихээд Баатар найруулагчид үзүүллээ. “Та намайг хүнд яриад явах биш. Хүнд үзүүлэхээс ичиж байна. Алдаа мадгийг нь хэлээд өгөөч” гээд өглөө. Тэгсэн хэд хоногийн дараа Баатар ах миний “Ээ тосоор гоож”-ийг уншчихаад шогшроод суугаад байна. “Ээ дээ, мөн тэнэг хүн ээ” гэж хэлэх нь гэж бодоод “Баатар ах аа” гээд дуудтал “байж бай” гээд шогшроод байна. Тэгж байснаа “За Баяраа чамд жүжгийн зохиол бичих гайхамшигтай авьяас байна шүү. Чамайг ийм авьяастай гэж бодоогүй. Энэ бол XXI зууны “Найрын ширээний ууц” байна. Ахдаа өгчих би тавья” гэсэн. Би драмын урлагийн зовлон, жаргалыг мэддэг учраас бичээд байсан юм билээ. Жүжгийн туйлын зорилго, гогцоо үйлдэл, эсрэг нэвтрэн гарах шугам гэдгийг би мэднэ.
-Та нэгэн ярилцлагадаа дуулалт жүжиг дахиж хийхгүй гэж ярьсан байна. “Гоолингоо”- г хийгээд буугаад өгчихсөн үү?
-Үнэндээ би “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг “Монгол туургатан”-д тоглоход хоёрдугаар найруулагчаар ажилласан учраас санаанд багтсан юм. Багшаар, ааваар хэлүүлэлгүй нэг удаа хийе гэж бодсон. Гэхдээ энэ миний төрөл биш юм байна гэж тухайн үед бодож байсан ч одоо харин мюзикл хийнэ гэж бодоод байгаа шүү. “Улаанбаатар” чуулгад даруухан тоглоод дууссан ч би энэ уран бүтээлдээ хайртай. “Баг” зохиолоор мюзикл хийх хүсэлтэй. Учир нь хүн амьдралынхаа турш, үй олон төрлийн баг зүүдэг аж. Хүүхэдтэйгээ харилцахдаа, ажлаа хийхдээ, найзуудтайгаа уулзахдаа өөр өөр баг зүүдэг. Баггүй өөрийнхөөрөө амьдарна гэх юм бол гудамжаар дүүрэн шалдан хүмүүс гүйлдэж дураараа аашлаад эхэлнэ. Тэгэхээр энэ баг нь асар их ухаан, соёл, ухамсар болдог юм байна.
Тэрбээр уран бүтээлийн хамтрагчиддаа чин сэтгэлээсээ дурладаг найруулагч. “Гоолингоо” жүжгийнх нь хөгжмийг бичсэн соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийг тэр шүтдэг. Түүн шиг авьяастай хөгжмийн зохиолч Монголд байхгүй гэж боддог. Бас гол дүрийн жүжигчнээ солибол ивээн тэтгэж, тайз өгье гэсэн нэгэн том даргын саналаас татгалзаж Г.Отгонцэцэгийг тоглуулсандаа харамсдаггүй. “Хэтэрхий гэнэн, бас дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай” хэмээн түүнийг тодорхойлсон. Энэ дашрамд хэлэхэд, тэрбээр хуучнаар ЗХУ-ын Москва хотын кино урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжлээр сурч байсан юм билээ. Хүн зодож, танхайраад сургуулиас хөөгдөөд ирсэн аж.
-Та ер нь яагаад найруулагч болсон юм бэ?
-Аав найруулагч болохоор л…
-О.Соёлт гуайг олон хүн танина. Уран бүтээлийг нь ч үнэлдэг. Тэглээ гээд аав найруулагч учраас би найруулагч болсон гэдэг худлаа хариулт байх аа.
-Миний багш Ч.Ганхуяг найруулагчийн аав нь жүжигчин хүн, миний аавын шавь нь. Тиймээс багш намайг бага байхаас л мэднэ. Тэгээд намайг найруулагч болоорой гэсэн юм. Түүнээс гадна би хэдэн хүнтэй нийлээд юм хийхээрээ өөрийн мэдэлгүй л заагаад, удирдаад байдаг зантай. Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга явлаа. Тэгсэн хэрнээ сахилгагүй.
Боксын дугуйланд явна. Царай муутай хэрнээ хөөрхөн охидтой найзална. Ингээд хойшоо сургуульд явсан ч хөөгдөөд ирсэн. Гэхдээ би тэр хоёр жил зүгээр байгаагүй амьдралын хичээл сурсаар л байсан. Хоёр жилийн турш төмс чанаж нэг, шарж нэг идэж гол зогоосон. Ирээд телевизэд ажиллаа. Их ч ганцаардсан. Ажил хийх амархан байгаа ч цус ойртолт явагдчихсан телевизийн салбарт ганцаардаж, сүүлдээ архинд орсон. Хүмүүс хөөргөж ч уулгана. Арван жил эг маггүй уугаад траншейнд очсон. Орцонд хоёр жил толгой хоргодсон. Аав, ээж минь архинаас гаргах гээд дийлээгүй учраас зөнд нь орхисон. Эхнэр хүүхэд маань хаяад явлаа. Ийм үед хүн бүх хүнд өсөрхөж, өөрийгөө ч зөвтгөөд, бусдыг үзэн яддаг юм билээ.
-Тэгээд яаж архинаас гарсан юм бэ?
-Би архинд өширхөж явсаар, архийг хага шидээд л гарсан. Ул нь цоорсон гуталтай, зах нь бөөстсөн пальтотой орцонд хонож, хүнээс 200 төгрөг гуйж тоормосны шингэн авчихаад шүлсээ гоожуулсан архичин явлаа. Уухаа болиод таван жил болж байна.
-Аав, ээж чинь их баярласан байх даа. Харин таныг тэгж явахад нөгөө их дайлж, цайлж явсан нөхөд үгүй болоо биз.
-Тэр битгий хэл ээж, аав минь гэртээ оруулахгүй, хаалгаа гинжилчихээд завсраар нь 1000 төгрөг шидэж өгч байгаа юм. Мэдээж намайг архинаас гарсны дараа аав, ээж хоёр минь тосоод авсан. Эхний хоёр жил “Энэ яах бол доо” гээд л хараад байсан. Харин одоо бол бүрэн итгэдэг.
-Эхнэр хүүхдээ эргүүлж авсан уу?
-Үгүй ээ, өөр хүнтэй суучихсан. Одоо үлдсэн амьдралдаа архи уухгүй.
-Урлагийнхан ихэвчлэн бор дарсаар тархиа цэнэглэж, уран бүтээл хийх гээд байдаг уу?
-Үгүй. Би лав согтуудаа хийсэн ажлуудаа хараад ичдэг. Эрүүл ухаанаар хийх нь илүү л байна шүү дээ. Цагийн сайханд би “Хурд”, “Никитон” хамтлагийн менежер хийж, “Салхи”-ийг гарган ирж, Улаанбаатарын хотын клубүүдэд том хэмжээний шоу хүртэл хийж явлаа. Энэ бүх нэр хүнд архинаас болоод үгүй болсон. Эцэст нь архи миний амийг авахыг хүссэн. Аавын хаалга ч татуулсан. Харин би “Одоо боллоо, үгүй шүү” гээд өндийсөн.
С.Баярсайхан бол Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга байсан, найруулагч Ч.Ганхуягийн шавь. Архинаас холдсоныхоо дараа багшийнхаа дуудлагаар хамтран ажиллаж өдий зэрэгтэй уран бүтээлч болжээ. “Монгол туургатан” театрт найруулагчаар ажиллаж байгаад, саяхан бие даасан гэнэ. Харин түүний аав, соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлт “Эзэнгүй айл”, “Чойном хаана явна”, “Аянгын гялбаа” зэрэг олон ангит кино хийж, Архангай аймгийн театрын тайзнаа үндэсний болон дэлхийн сонгодог 40 гаруй жүжиг найруулсан нэгэн. МҮОНТ, UBS телевизэд ажиллаж байгаад өдгөө ТВ9-д уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Тэрбээр “Хүн архинаас гарах чин хүсэлтэй болсон цагтаа л түүнийг дийлдэг. Би архийг ялсан болохоор өөрийгөө баатар гэж боддог. Би тоормосны шингэн ууж байхдаа ч бурхнаар хичээл заалгаж байсан юм байна” хэмээн ярилцлагаа төгсгөсөн юм.
Ж.СОЛОНГО
Тархины, Зүрхний гэж. Тархины эрдэм гэдэг бол сурсан эрдмээ зөвхөн мэдлэг төдийд л ашиглаж байгааг хэлнэ. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч муу хүн зөндөө л байдаг. Энэ бол тархины эрдэмтэй хүн юм. Зүрхны эрдэм гэдэг бол сурсан эрдмээ өөртөө шингээж хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ. Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг. Энэ бол зүрхий эрдэмтэй хүн юм. Тархины эрдмийг шашин үнэлдэггүй шинжлэх ухаан л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг, би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд зөндөө л байдаг. Ийм эрдэмтэнг дөрвөн ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэл дөрвөн ямх байдаг байна. Сонссон мэдсэнээ л зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тухайд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг. Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог байна. Тархиа ч зүрхээ ч дүүргэхсэн. Таны тархи зузаан болов уу? Зүрх зузаан болов уу?
*** *** *** ***
БАЯЖИХ АРГА
Танд мөнгө чухал биш болоход л та хамгийн баян болно. Мөнгө чухал байгаа цагт та тэрбумтан байсан ч банкны захирал болсон ч та ядуу хэвээрээ л байх болно. Урьдын хүсэл нь биелчихээд байхад ханаж цадахгүй дахиад л илүүг хүсээд байгаа бол та хэзээ ч баян болох боломжгүй. Баян гэдэг бол мөнгөний тоо хэмжээгээр, гэр орны том жижгээр хэмждэг зүйл биш юм. Та баян болохыг хүсч байгаа бол нүдэнд харагдаж байгаа өнгө мөнгөнд биш ханаж цадахгүй байгаа хүсэлтэйгээ тэмц. Хүслээ ханаж цаддаг болгохгүйгээр, байгаа зүйлсээсээ хангалууныг олж мэдрэхгүйгээр та хэзээ ч баян болох боломжгүй. Жил бүр гарч буй шинэ загварын эд зүйлс, та өөрөөсөө илүү баян гэж бодсон хүн таны нүдэнд харагдсаар л байх болно. Та түүнээс дутуу юм шиг түүнийг гүйцэхийг хүссээр л байх болно. Шунал үгүй болсноор л та баян болох боломжтой.
*** *** *** ***
ТУС БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХОР БОЛОХГҮЙ Л ЮМСАН
Таны хийж буй үйлдлээс,таны гаргаж буй шийдвэрээс, таны аашилж буй зан авираас болж ойр дотны тань хүмүүс, эргэн тойрны тань хүмүүс хир их зовж байгаа бол гэж та анзаарч байгаарай. Бусдыг зовоож байна гэж санаа зовохгүй, энэ дэлхий дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг загнаж, тэд л чиний төлөө байж чи тэдний төлөө байх ёсгүй юм шиг тархи гэж яс зүрх гэж мөс болчихсон хүмүүс байдаг. Ингэж л чөтгөрийн нөхөр бүү болоорой. Эргээд уулзахгүй харь гариг дээр амьдрах юм шиг. Бусдыг зовоосныхоо горыг амсахгүй юм шиг амиа л хоохойлогч нар харин ч өрөвдөлтэй. Бусдын төлөө санаа тавих чинь багасаж л байгаа бол та эвдэрч байгаа нь шинж шүү.Таныг өөрийг чинь хүн зовооход танд ямар байдаг билээ дээ. Та тэднийг зовоож байгаа чинь тэдэнд яг л тийм хэцүү байгаа шүү дээ. Өчүүхэн жаргалын төлөө хайртай хүмүүсийнхээ халуун сэтгэл рүү ус цацсанаар та юу хожих юм. Болж өгвөл бусдын зовлонгийн шалтгаан болохгүй юмсан. Тус болдоггүй юмаа гэхэд хор болохгүй л юмсан.
*** *** *** ***
ЗҮРХНИЙ ЗУУЧ
Та аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ, дотны хэн нэгэнтэйгээ нэг л сайн ойлголцох эвээ олохгүй юу бодож санаж явдагаа, хоорондын харьцааныхаа тухай ч юм уу зүрхнийхээ үгийг хэлэх гэхээр сураагүй болохоор нүүр халуун нэг л эвгүй байдаг уу? Нүдийг нь харж байгаад хэлэх гэхээр хэл ам чинь эвлэхгүй бодож санаснаа бүрэн илэрхийлж чадахгүй байдаг уу? Үүнээсээ болоод юу санаж бодож явдагаа хэлж чадахгүй хойш тавиад л явж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол хамгийн зөв арга бол цаас үзэг аваад зүрхнийхээ үгийг бүрэн дүүрэн цаасан дээр хичээн буулгаад өөрөө юмуу өөр хэн нэгнээр дамжуулан та ганцаараа байхдаа үүнийг уншаарай гэж хэлээд тэр хүндээ өгөөд нэг үзээрэй. Чиний хэлэх гэсэн үгийг чинь бүрэн ойлгох боломжийг захидал олгох болно шүү. Үүний дараа та хоёрын харьцаа илүү дотно болсон байж ч магадгүй шүү. Та ичилгүй залхууралгүй хэрэгжүүлж үзээрэй. Зүрхний хамгийн сайн зуучийн нэг бол захидал юм шүү.
Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам
Бусад нийтлэлүүд: http://society.time.mn/content/32827.shtml
http://society.time.mn/content/33284.shtml
http://society.time.mn/content/33438.shtml
Дархан аварга Ж.Мөнхбаттай уулзаж хуучилснаа уншигч олондоо хүргэе.
-Аварга таны амьдралд мартагдашгүй баярт учрал олонтаа тохиосон.Тэр бүхнээс манай уншигчдад сонирхуулна уу?
-Хүний амьдралд мартахын аргагүй үйл явдал, баярт учралууд олон тохиодог. Хүүхэд ахуйгаасаа бөхөд бие сэтгэлээ зориулсны минь ач биз. Энэ бүхэнд бөхийн хамт олны минь тус дэм, бөхөө хайрлан хүндэлдэг ард түмний маань хайр хүндэтгэл шингэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Бүх ард түмний анхдугаар спартакиадад түрүүлчихээд өөрийгөө улсад түрүүлчих зиндааны бөх болж гэдгээ мэдэрсэн. Гэвч хоёр жил барагтайхан наадаад 1963 онтой золголоо.
Малчид нэгдэлчдийн баярт зориулсан сар шинийн баярын барилдааныг анх удаа радиогоор орон даяар нэвтрүүлж лут зохион байгууллаа. Тэр барилдаанаар дунд шөвөгт Х.Баянмөнхтэй аймгийн начин цолтой байхад нь, их шөвөгт Ө.Эрдэнэ-Очир заантай тунаж, үзүүр түрүү булаалдах барилдаанд Ч.Бээжин арсланг орхиж түрүүлж дүүрэн чихэр бүхий том шаазан аяга, хадаг, 150 төгрөг байнд авлаа. Дөнгөж барилдаан дууссаны дараахан хөгшнөө дагуулсан, харааны шилтэй, их өндөр монхор шар хүн намайг дууддаг юм.
Засуулч Ш.Лүгдэв гуай бид хоёр очлоо. Хөгшин нь гэзгээ суртай давхарлаж сүлжиж унжуулсан харагдана. Тэр өндөр өвгөн “Миний нөгөө Шагайхүү (Миний аав Д.Жигжидийг хэлж байна)-гийн бөх болно гэдэг хүү чинь энэ шүү дээ” гэж хөгшиндөө хэлж байна. Би тэр хүнийг огт танихгүй юм. Гэтэл хөгшин нь миний хиртэй хөлсийг гараараа шувтарч долоогоод “Яг чиний идэр залуугийнх шиг мөн ч сайхан байна даа” гээд намайг илдэг юм. Тэр хоёр ч явлаа. Би дотроо “Миний хиртэй хөлсийг долоодог ямар хачин юм бэ” гэх шүү юм бодоод Ш.Лүгдэв гуайгаас “Хэн гэдэг бөх вэ, залуудаа барилдаж явсан хүн бололтой” гэж асуухад “Ардын хувьсгалын 8, 9 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүг булаалдаж явсан С.Шагж, Б.Банзар гэдэг хоёр арслангийн нэг. Архангай Өлзийтийн “босоо” хэмээх Баясахын Банзар нь шүү дээ” гэлээ. Ингэж би Б.Банзар арсланг анх харж, ямар том хүн бэ гэж бодож явж билээ. Б.Банзар арслантай хожим сайхан танилцаж хуучилж явдаг болсон.
-Тавин жилийн тэртээх 1963 оны усан туулай жил танд ач ивээлээ харамгүй хайрласан. Малчид нэгдэлчдийн баярт зориулсан сар шинийн баярын анхны барилдааныг манлайлж, ардын төрийнхөө баяр наадмаар ч, аймгийнхаа их ойгоор ч бас түрүүлсэн. Богд уулын ар, өвөрт хоёуланд нь түрүүлнэ хэмээн аархаж явж түрүүлсэн байдаг?
-Цагаан сарын барилдаанд түрүүлчихээд тэр зуны наадмыг хоног тоолон хүлээлээ дээ. Улсад түрүүлэхсэн гэсэн гэгээлэг бодолтой минь зэрэгцээд Л.Сосорбарам бодогдоод болдоггүй шүү. 1962 оны намар болсон үндэсний бөхийн Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах барилдаануудаар хоёуланд нь Л.Сосорбарам гуайд заларч түрүүлж чадаагүй болохоор эмээх ганц бөх маань тэр байдаг. Хүсэн хүлээсэн наадам ч боллоо. Зургаагийн даваанаас эхлээд туналаа. Тэр үеийн сайчууд болох Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир хоёроо зургаа, долоогийн даваанд дарж аваад “Өст хүн Өлийн даваанд дээр гэдэг шиг” наймд нөгөө Л.Сосорбарамтайгаа туналаа даа. Түүнтэй барилдахаар өрж байхад хоёр өвдөг, гуя чичирч байна шүү. Үнэхээр айна гэдэг хэцүү юм билээ. Хөдлөөд байвал арай дээр ч юм шиг болохоор гуяа алгадаад тойроод байсан.
Наадмаас өмнө Л.Сосорбарамтай хэрхэн барилдах тухай ахмад бөхчүүдээс их асууж зөвлөж явсан. Хөвсгөлийн “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан “Л.Сосорбарамын дайрахад хөл нь цөмөрч орж ирдэг юм билээ. Тэгэхэд нь өсгий рүү дээр нь цохь” гэж зөвлөснөөр гол даваагаа авч үзүүр, түрүү булаалдах барилдаанд У.Мижиддорж гуайн занг сайн мэдэх болохоор амархан орхиж, ардын төрийнхөө баяр наадмыг анх манлайлж улсын арслан цол хүртлээ. Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн баяр наадмаар улсын залуу арслан гэж цоллуулан барилдаж бас түрүүллээ. Ингэж “Богд уулын ард ч, өвөрт ч түрүүлнэ” гэж аархаж явж хоёуланд нь түрүүлсэн дээ.
-Нас ахихаар төрж өссөн нутаг ус, аав ээж, хүүхэд ахуй насаа эргэн дурсдаг нь насны намартай золгож буй хүн бүрт тохиох “зовлон” юм даа. Аварга таны нутаг ус хэдий энүүхэн хаяанд ч гэсэн “ботгондоо яарсан ингэ шиг” нутаг гүйдэг л байлгүй. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Би билгийн тооллын ХVI жарны цагаагчин төмөр могой жилийн хаврын хуучдаар Түшээт Хан аймгийн Далай гүний хошуу, одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын долдугаар баг, эдүгээгийн Сайхан багийн нутаг “Хадан хошуу” гэдэг газар хүмүүний биеийг олж эцэг Доржийн Чанцал эх Дэмбэрэлийн Хажид хоёрын арав дахь хүүхэд болон төрсөн. Бид эцэг эхээс арван нэгүүлээ, долоон хүү, дөрвөн охин, миний дүү охин учир би хөвгүүдийн отгон нь юм. Ээж минь намайг хүндрэлтэй төрүүлээд бие нь тэнхэрч чаддаггүй, дээр нь олон хүүхэдтэйг хэлэх үү, амьдрал хүндхэн л байж дээ. Яг энэ үеэр манайд дүүгээ амаржсан гэдгийг дуулаад ч юм уу миний нагац ах Дэмбэрэлийн Жигжид иржээ. Тэрбээр манайхны амьдрал ахуйг хараад “Та нар энэ нялзрай амьтныг хүн болгож чадахгүй улс шиг байна. Би тэжээчихье” гээд намайг өвөртлөөд давхичихсан гэдэг. Ер нь хүүхэдгүй ч айл байсан юм билээ. Би ингэж Д.Жигжид аавынд үрчлэгдэж, “үхрийн эврэн угжны хүү” болж Мөнхбат нэрийг авчээ. Хүүхэд ахуй нас минь Эрдэнэсант, БаянУул, Лүн сумын нутагт өнгөрч хэзээ ч үл мартагдах олон сайхан дурсамж тэндхийн уул ус, хад чулуу, тал хөндийд нь шингэж үлдсэн дээ. Аав ээж, ах эгч нартайгаа элэг бүтэн байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна.
-Та ийм бөхийн удамтай, тэдний бяр тэнхээнээс танд удамшиж ирснээс ийм алдартай бөх болгосон биз. Түүний дээр “Түмний минь түшиг” номондоо “Амьдралыг уран яруу найрагтай зүйрлэвэл тэр найрагт оруулсан миний хувь нэмэр бол агуу их бөхийн спортод дур сэтгэлээ өгч, түүндээ тэмүүлсэн цуцалтгүй хөдөлмөрийн үр шим байлаа. Аргалын гал сүүмэлзэх цэнхэр дөлийг ажиглан, олон зууны тэртээх хүчит бөхчүүдийн тухай домог сонсож, түүнээ үүр цайтал бодож нойроо хугасалсан шөнө аль олныг хэлж барах билээ” гэж тэмдэглэснээс үзэхэд бөх болохсон гэсэн зөн билэг таны хүүхэд ахуйн балчир оюун ухаанд чинь бүрэлдэж тогтсон шиг байгаа юм?
-Тийм ээ, тэдний минь бяр хүчнээс жаахан ч гэсэн юм надад удамшиж ирсэн байх. Дээр нь бөх болох замд хөтөлсөн олон сайхан хүмүүс миний амьдралд таарсан. Сургуульд орох зун Ч.Хаянхярваа ах хот орж Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмыг үзэж ирээд “Аварга Б.Түвдэндорж, Ц.ЧимэдОчир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан нарын барилдахыг харлаа. Мөн ч том бөхчүүд юм, сайхан ч барилддаг улс юм” гэж ярихаар нь би “Тэдний гуя тэмээний гуянаас бүдүүн юм уу? гэж асуусансан. Ах маань “Бараг л том болов уу” гэснээс хойш “Бөх гэдэг зүйрлэшгүй их тэнхээтэй, аварга том биетэй улс байдаг юм байна” гэсэн үлгэр домог шиг юм бодогдож явдаг болсон. Ингээд бодохоор бөх болохсон гэсэн зөн билэг балчир оюун ухаанд минь тээгдэж явсан шиг байгаа юм. Би 1951 онд сургуульд орлоо. Бидний үед үзэх харах юм ч хомс, тоглох тоглоом ч байхгүй. Харин том, бага ангийнхан гэж ялгахгүй өглөөнөөс үдшийн бүрий болтол бараг өдөржин сургуулийнхаа түлээний хашааны үртсэн дээр хөдсөн дээлээ урж, ээтэн гутлаа эргэтэл ноцолдож гарна даа. Би ч дандаа ойчно. Надаас хэд ах, хожим аймгийн заан болсон Х.Довдон “Ж.Мөнхбатын толгой эрэг мөргөсөн юм шиг дандаа шороотой явдагсан” гэж ярьж байж билээ. Бие бялдар жижиг, бяр тэнхээ дульхан ч барилдах их хорхойтой байсны шинж байх.
Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэр “Чамайг аварга аа, аварга аа л гэх юм. Аваргаас чинь илүү том цол “Халзан бухандай” юм шүү дээ” гэж байж билээ. Нээрээ л том цол доо. Бас манай нутгийн бөх цэргийн заан Ч.Тангад гуай миний бөх болох хүслийг минь хөгжөөж өгсөн хүн. Надтай тааралдах бүртээ намайг хүүхэд гэж гололгүй “Дээр үеийн бөхчүүдийн, тэдний барилдааны ур чадварын тухай болон ер нь бөх хүний бие хаа, уян хатан чанар, зориг тэвчээр, хүч тамирын тухай их ярина. Би Ч.Тангад гуайтай хээр тааралдвал яриаг нь сонсож дагасаар хариулж явсан хонь, тууж явсан адуу малаа мартаад эргээд давхисан, хэдэн дов толгодыг давж хайхад хүрсэн хонгорхон өдрүүд тоймгүйсэн билээ. Ч.Тангад гуай намайг бөх болох хүүхэд гэж бодсон уу, эсвэл бөхийн тухай яриаг сонсох дуртай хүүхэд гэж ойлгодог байсан уу би мэдэхгүй л дээ. Намайг дөрөвдүгээр анги төгссөн зун манай сум наадмаар хүүхдүүдийг барилдуулж үзүүр түрүү бөхийг шалгарууллаа. Урьд нь хүүхдүүдийг барилдуулдаггүй байсан. Би тэр наадмаар С.Дашням, Б.Виктор нарын сайн ч барилдчихдаг, биеэр ч том, бяр чадлаар ч илүү хүүхдүүдийг хаяж анх удаа олны өмнө түрүүллээ. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бөх болохсон гэсэн хүсэл мөрөөдлийг минь улам ч оргилуулж өгсөн дөө.
-Та улсын цолтой бөхчүүдээс Хөвсгөл Цагаан-Үүр, Уйлган голын алдарт аваргуудын нутгийн Г.Бат-Эрдэнэ начинтай анх “гар зөрүүлж” үзсэн. Хорин хэдхэн настай, улсын начин цолтой, идэрхэн эр долдугаар ангийн хүүхэдтэй ноцолдож, ноцолдож өвдөг шороодуулж баралгүй явчихсан гэдэг. Таныг анхнаасаа л хоосонгүйг хэлээд байгаа хэрэг?
-Намайг багад сумын төвд хааяа нэгхэн болдог барилдаанд хүүхдүүд биднийг томчуулын аманд гаргана. Хүүхдүүд барилдахаасаа зугтдаг бол би уначихаад дахин дахин аманд гарах гэж зүтгэдэг байсан. Сайн бөх болох гэсэндээ ч бас биш. Хүүхдүүдийг давсан бөхчүүд нэг үнсчихээд том царанд овоолсон боорцог, бяслаганаас атгаж авчирч өгдөг, түүнээс нь ахиухан хүртэх гэж л дахин дахин аманд гардаг байсан хэрэг. Долдугаар анги төгсөх хавар Майн нэгний баяраар бөхийн барилдаан болж, бидний хэдэн барилдах сонирхолтой хүүхдүүд томчуулын аманд гарлаа. Хөвсгөл Цагаан-Үүрийн улсын начин Г.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Сэрээнэн, аймгийн заан Д.Дагва, П.Даржаа, Сэрээнэндорж, “гүйдэг хөх” хэмээх Л.Жамсранжав гээд нутаг усны нэртэй бөхчүүд бүгд барилдлаа. Би Г.БатЭрдэнэ начны аманд очиж хоёр цаг гаруй ноцолдоод хэн нь ч хаяж чадсангүй. Тэгээд Г.Бат-Эрдэнэ гуай “Хүүхэд хаяж чадаагүй дээ ичсэн ч юм уу” барилдаан дуусгалгүй яваад өгч билээ. Тэр барилдаанд аймгийн заан Д.Дагва түрүүлж би үзүүрлэсэн юм. Томчуулын барилдаанд үзүүрлэсэн минь надад их урам өгч, ер нь барилдаж ч болмоор, томчуулыг ч хаяж болох юм байна гэсэн бодол төрүүлсэн.
-Тэр жилээ та долдугаар анги төгсөж хотод ирж эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэд, авъяаслаг зохиолчид, улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн “өсөн бойжсон” Санхүү эдийн засгийн техникумд элсэж суралцсан. Ийм нэр хүндтэй сургуульд суралцах болсон нь тэр бүр хүний амьдралд тохиох хувь зохиол ч биш, хотод суралцахаар ирсэн нь таны алдартай бөх болох үүд хаалгыг нээж өгсөн ч байх. Барилдахын хорхой ассан “амьтан” заал танхимын барилдаан “хэсэж” томчуулын аманд гарч барилдаж эхэлсэн байлгүй?
-Хөдөөнөөс хотод суралцахаар орж ирсний дараахан Сүхбаатарын талбайн баруун талын тэр үеийн “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд болсон барилдаанд барилдахаар очлоо. Гэтэл эргэлдсэн алаг нүдтэй нэг сайхан бөх насыг минь асуугаад “Миний хүүгийн нас арай бага байна, улсын ийм том цолтой бөхчүүдтэй барилдах хараахан болоогүй” гээд бүртгэж авсангүй. Тэр сайхан бөх Б.Түвдэндорж аварга байсан юм. Гэтэл миний аз болж бөхийн тоо сондгойроод намайг арга буюу барилдууллаа. Булганы “тавхай” хэмээх Г.Баасансүрэн, хожим улсын заан цол хүртсэн Улаанбаатар хотын аварга Д.Гүрбадам гэгч хоёр бөхийг хаяж гурвын даваанд тэр жилийн баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан Ж.Чойжилсүрэн гуайн аманд очиж хавсрах мэхэнд нь сүрхий чанга ойчлоо. Хожим бодоход би ер нь тэгж чанга унаж үзээгүй санагддаг юм. Ингэж бөх сонирхогч олонтойгоо танил болж эхэлсэн дээ. Тэр намраа оюутан сурагчд ы н намрын ажлаар Сэлэнгэ аймгйин Орхонтуул сумын мал аж ахуйн машинт станцад хадлан дээр ажиллаад дараа нь болсон ургацын баярын барилдаанд түрүүллээ.
Намрын ажлаас ирээд хичээл эхлэхэд биеийн тамирын багш Ц.Гомбо гэж буянтай хүний халамжинд багтаж системтэй бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн дээ. Өнөөдөр Ц.Гомбо багшийнхаа тэр хичээл зүтгэлийг эргээд бодоход бас л ачийг хариулж бүрэн чадаагүй юм шиг санагддаг. Би тэр үед Спортын төв ордон, “Хөдөлмөр”, “Хоршоолол” нийгэмлэгийн заал танхимд болдог барилдаануудад тогтмол барилдаж Д.Дамдин, Ц.Бадамсэрээжид, Ж.Чойжилсүрэн, Л.Сосорбарам, Ч.Бээжин, Ө.Эрдэнэ-Очир, А.Нагнайдорж, Ж.Жигмиддорж нарын улсын цолтонгуудын аманд гарч, С.Цэрэн, Ц.Санжаа, Г.Баттогтох, Д.Жамц, Г.Дэмүүл, Т.Зундуй нарын улсын цолонд хараахан хүрээгүй өөрийн үе тэнгийн хүчтэнгүүдтэй оноолтоор таарч тэднийхээ барилдааны ур чадвараас суралцаж эхэлсэн. Үүний хүчинд 1959 оны хавар техникумуудын аварга болж, 1960 оны зун Эрдэнэсант сумынхаа наадамд түрүүллээ. Ингэж барилдааны минь амжилт бага ч болов ахисаар, түүндээ ч урамшиж зоригжиж, барилдааныхаа ур чадварыг дээшлүүлэх талаар улам хичээх болсон доо.
-“Ж.Мөнхбат зуны амралтаар сумынхаа наадамд түрүүлж ирснээс хойш суга өсч, хэл ам нь ч гүйцэгдэхээ больж эхэлсэн” гэж улсын заан Ч.Адъяа гуай хуучилсан байдаг. Та тэр намраа “Их Монгол” хэмээх даншгийн Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанд энэ зуны наадам (Ардын хувьсгалын 39 жилийн ой)-аар Д.Дамдин аваргын хамт их шөвөгт шалгарч, үзүүр түрүүг булаалдаж улсын заан цол хүртсэн Ц.Гомбодорж, Ц.Дамдиндорж, Ц.Санжаа нарын гурван залуу зааныг орхиж үзүүрлэсэн байдаг. Энэ үеэс л таныг хүндлэл хайр бүчиж авч улсын томчуул ч амлахаасаа “цэрвэж” эхэлсэн байлгүй?
-Сумынхаа наадамд түрүүлэхэд нутаг усны минь өвгөд хөгшид, ард олон эгээл улсад түрүүлчихсэн юм шиг надад хүндэтгэл үзүүлж, урам хайрлаж байхад нь хүний авдаг тэр улсын цол гэдгийг авч эднийгээ нэг баярлуулахсан гэж бодогдож байсан шүү. Тэр намраа Спортын төв ордонд болсон “Их Монгол” хэмээх Х.ШаравжамцГалсанравжаа даншигийн аваргын нэрэмжит барилдаанаар гурав, дөрвийн даваанд тэр үед өмсөх мэхээрээ алдаршиж явсан Хөвсгөлийн Ц.Дамдиндорж заан Өвөрхангайн “том” Ц.Санжаа заан хоёрт амлуулж, тавын даваанд Архангайн “аранзан” Ц.Гомбодорж заантай тунаж орхиж үзүүр түрүү булаалдах барилдаанд Ж.Чойжилсүрэн заанд нөгөө хавсрах мэхэнд нь унаж үзүүрлэж билээ. Урьд өмнө нь улсын цолтонгуудаас ганц нэгийг орхиж явснаас биш ингэж дараалан өвдөг шороодуулж явсангүй. Хожим бодох нь тэр зуны наадмын их шөвөгт Д.Дамдин аваргын хамт шалгарч, улсын заан цол хүртэцгээсэн гурван залуу хүчтэн байсан юм. Бас үзүүр түрүүг булаалдсан анхны минь ч барилдаан байсан. Энэ үеэс л улсын цолтонгууд намайг тэр бүр амлаад байхаа болиж эхэлсэн дээ.
-Тантай хууч хөөрсөн хэн ч Монгол Улсын заан гэдэг эрхэм цолыг хүртсэн МБАТ-ий анхдугаар спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдааны тань тухай хуучлахгүй байхын аргагүй. Та Д.Дамдин аваргыг ардын төрийнхөө баяр наадмыг таван жил дараалан манлайлж, тахим өгнө гэдгийг бараг мартаж явсан үед нь орхиж Соёл нийгэмлэгийн аваргаар түрүүлж МБАТ-ий спартакиадад оролцохоор шалгарсан байдаг. Энэ алдарт бөхийг орхиж түрүүлсэн нь танд сэтгэлийн их дэм тэнхээ хайрласан даа?
-Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярыг угтаж манай улсын үйлдвэр, аж ахуй, соёл боловсролын байгууллага, Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйнууд ажилчин албан хаагчид, оюутан сурагчдынхаа дунд спортын бүх төрлүүдээр уралдаан тэмцээн зохиож спортын бүх нийтийн их баяр болгож тэмдэглэсэн. Д.Дамдин аварга бид хоёр тэр үед биеийн тамир спортын Соёл нийгэмлэгт харьяалагддаг байсан. Би “Соёл” нийгэмлэгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанаар Д.Дамдин аваргыгаа орхиж түрүүлж бүх ард түмний спартакиадад оролцохоор боллоо. Одоо эргэн санахад нэг хүн спартакиадын нэг төрөлд л оролцоно гэсэн дүрэм журамтай байсан болохоор Д.Дамдин аварга хүндийг өргөлтийнхөө төрлөөр спартакиадад оролцож спортын мастер болох бодолтой байж надад ойчсон юм билээ. Улсад зодоглож үзээгүй явсан хүн чинь тэр том бөхийг унагаж түрүүлсэн дээ их баярласан.
Бүх ард түмний спартакиадад оролцохоор шалгараад Ж.Чойжилсүрэн, Л.Сосорбарам, Ц.Гомбодорж, У.Мижиддорж, Ч.Адъяа, Ш.Ванчин, А.Нагнайдорж, Д.Жамц нарын улсын цолтонгуудын хамт Тэрэлжийн амралтанд гарч бэлтгэл хийлээ. Би энэ бэлтгэл сургуулилтаар бяр хүч суух, мэхээ улам даамгай хийдэг болох, зарим бөхчүүдийн дархан мэхэнд хариу мэх хийж сурахад бүх анхааралаа чиглүүлсэн. МБАТ-ий анх дугаар спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаан болж аймаг, хотын биеийн тамир спортын анхан шатны байгууллага, нийгэмлэг бүрээс шалгарсан нэг, нэг бөхчүүд дээр нь өнгөрсөн оны улсын аварга Ө.ЭрдэнэОчир начин урилгаар оролцож бүгд 28 бөх шатарчилж барилдсанаас би Улсын багшийн дээд сургуулийн Л.Дашдаваа Дундговийн Х.Цэнд-Аюуш хоёрт өвдөг шороодож 25 даваагаар спартакиадын аварга болж улсын заан цол хүртсэн дээ.
-Бөх болохсон гэж хүсэж мөрөөдөж яваа хүнд ардын төрийнхөө баяр наадамд анх зодоглоно гэдэг үнэхээр бахархалтай, бөх болох их замын эхлэл, их хүндэтгэл дээ. Ч.Адъяа заан “Цаад Ж.Мөнхбат чинь улсын баяр наадамд зодоглож үзээгүй байхдаа л спартакиад, наадам хоёроор, хоёулангаар нь түрүүлнэ гээд яриад явах” гэж дурсаж ярьсан байдаг юм?
-Бөх болохсон гэж хүсэж мөрөөдөж яваа хүн ардын төрийнхөө их баяр наадамд анх зодоглоно гэдэг үнэхээр бахархалтай, бөх болох их замын эхлэл, их хүндэтгэл юм. Улсын баяр наадамд огт зодоглож үзээгүй явсан “амьтан” энэ жилийн баяр наадмын өмнөхөн болсон бүх ард түмний анхдугаар спартакиадаар түрүүлж улсын заан цол хүртсэн болохоор Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар анх зодоглохдоо улсын заан гэж цоллуулан барилдлаа. Ямар залуу бөх гэлтэй биш дээ. Урьдын юм ул болно гэдэг шиг бидний үеийнхнийг санаатай санамсаргүй мартах болж дээ. Анх зодоглоход түүхт их ойн жил тохиосоныг ч хэлэх үү, улсын заан цолтой зодоглосныг ч хэлэх үү тэр бүр бөхөд олдоод байхгүй хувь тохиол биш байх. Үнэндээ ийм зүйл байж боломооргүй мэт санагдаж мэднэ. Улсын заан байтугай начин цолонд хүрэх гэж цөөнгүй жилийнхээ хөдөлмөрийг зориулдагдаа. Зарим нэг нь улсын цолыг мөрөөдсөөр наадмын талбай дээр өтлөх нь ч бий. Тавын давааны ам авч эхэллээ. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин, даян аварга Ц.Чимэд-Очир Ш.Батсуурь, улсын аварга Ж.Цэвээнравдан нарын аварга цолтой бөхчүүд нэр сонсож ам авч байснаа дөрвийн давааны “дэрэн бор” С.Самданжигмид арслан Ж.Найдандорж заан хоёрын барилдаан дуусаагүй учир харзнаж түр сааттал Намын хянан шалгах хорооны дарга Ж.Жамьян гуай ирээд “Үхэх дөхсөн энэ хоёрыг хүлээгээд юундаа ам авахгүй байгаа юм бэ. Амаа авцгаа” гэж мундагдав. Ам авахаа түр азнаж байсан Ж.Чойжилсүрэн арслан, Б.Бадам, У.Мижиддорж, Ч.Бээжин нарын заанууд ам авч эхэллээ.
Миний өмнө Ө.Эрдэнэ-Очир заан ам авах байв. Гэтэл Ө.Эрдэнэ-Очир талбайд барилдаж буй С.Самданжигмид арслан Ж.Найдандорж заан хоёрыг заагаад “Миний аавтай адилхан энэ хоёр хөгшний хэн давсан нь намайг авна” гэхээр нь “Тэгвэл би ам авъя” гэлээ. Тэгтэл Ө.Эрдэнэ-Очир маань намайг авах нь тэр. Ө.Эрдэнэ-Очирынхоо давуулж гуяддагийг сайн мэддэг тул арай ч гуядуулчилгүй унагалаа. Улсын том цолтнууд зургаагийн давааны ам авч эхэллээ. Энэ жилийн наадмаар улсын арслан цолтой бөх тав давж чадсангүй. Д.Дамдин Ш.Батсуурь хоёр аваргын дараа У.Мижиддорж, Ч.Бээжин, Л.Сосорбарам нарын залуу заанууд барилдах бөхчүүдээ амлаж авлаа. Миний өмнө Булганы “тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж заан ам авахаар нэр сонслоо. Талбайд тавын давааны бөхчүүд Булганы Б.Бадам Ш.Шаравжамц хоёр хэн хэнийгээ хаялцаж чадалгүй хүч үзэж байсан. Б.Жамъяндорж гуай Т.Зундуй, С.Цэрэн, Ч.Дугарсүрэн бид дөрвийн нэрийг бараг арваад удаа дуудууллаа. Тэгтэл Б.Бадам зааныг унатахлаар Б.Жамъяндорж заан инээд гуяа алдаад “Шарамжамцыг” гэж хоёр дахин хэлчихээд явж өгсөн. Би Б.Жамъяндорж гуайн дараа спартакиадаар хамт заан цол хүртсэн Т.Зундуй, Дорнодын ахмад начин Ч.Дугарсүрэн, залуу начин С.Цэрэн гурваас ам авах боллоо.
Гурван бөхийн нэр сонсож ам авна гэдэг хэцүү. Ч.Дугарсүрэн гуай надад “Ах нь арван жилийн өмнө 30 настайдаа улсын начин цол хүртсэн хүн. Чамаас хорь ах, чи миний хүүхэдтэй ялгаа юу байх вэ, ахыгаа битгий аваарай” гэдэг юм байна. Би нилээд бодлоо. Ч.Дугарсүрэн гуайг авахгүй гэхээр Т.Зундуй С.Цэрэн хоёрынхоо хэн нэгийг авах болдог. Бид гурав зааланд үйлээ үзтэлээ тунадаг улс. Гурван бөхөөс ам авснаас аваагүй нь дээр гэдэг үнэн. “Хэн нь ч яахав нэгийг нь тавчих” гэсэн чинь Н.Жамъян аварга араас дуудаад “Хүү минь тэгж болдоггүй юм, заавал нэр цохдог журамтай, нэгийг нь нэрлэ” гэлээ. Ч.Дугарсүрэн гуай зааланд барилддаггүй юм чинь гэж бодоод “Ч.Дугарсүрэнг авъя” гэлээ. Ч.Дугарсүрэн гуай сүртэй нь аргагүй “Аа тийм бий” гээд түрийгээ алгадаад бослоо. Би спартакиадаар Ч.Дугарсүрэн гуайг унагасан байсан. Бид хоёр барилдахаар гарлаа. Ч.Дугарсүрэн гуай надаас зугатаад нилээд удлаа. Тэгээд над руу дайрахад нь дотуур хутгадаг талаараа шуудагдаж аваад “Ингээд зугтаж бай” гээд хутгах гэсэн чинь үлдсэн хөл руу минь дайрчихаад явчихсан. Ингээд би ойчив оо. Ч.Дугарсүрэн гуай ирж тахимаа авчихаад тарвага даллаж байгаа хүн аятай дэвээд арилж өглөө. Спартакиад, наадам хоёроор хоёулангаар нь түрүүлнэ гээд туугаад явсан хүн спартакиадаар нь түрүүлсэн ч наадмаар нь Ч.Дугарсүрэн гуайд ингэж заларч барилдаанаа дуусгасан.
-Хорьхон настайдаа МБАТ-ий спартакиадын аварга болж улсын заан цол хүртэж, ардын төрийнхөө баяр наадмаар түрүүлэхсэн гэсэн гэгээн бодол өвөрлөж явсан үедээ хоёр ч жилийн баяр наадмаар доогуур даваанд бүдэрсэн нь таныг улам хэрсүүжүүлж, ухаажуулсан өвдөг шороодолтууд болсон биз?
-Улсын залуу заан хэмээн цоллуулан барилдсан их ойн жилийн баяр наадмаар Дорнодын Ч.Дугарсүрэн начингийн “Ахыгаа битгий аваарай” гэсэн гуйлтыг үл хэрэгсэн амлаж бүдэрч, дараа жилийнх нь баяр наадмаар унагасан бөхөө “сэгсэрч” босгон тахимаа авч байгаа Өмнөговийн Б.Манлайжавыг хараад “Яасан их тэнхээтэй хүн бэ, би түүнээс илүү бяртай даа. Илүү бяртайгаа наадамчин олондоо үзүүлэх юм” гэж залуу насны аа, этгээд бодолдоо хөтлөгдөж явж амлаад бас буруудсан. Тэгэхдээ яах аргагүй энэ өвдөг шороодолтууд намайг улам хэрсүүжүүлж, ухаажуулж, хөлийн хийг арилгахад тусалсан өвдөг шороодолтууд болсон доо.
-Таны анх зодоглодог Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмын их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Уйлган голын Д.Дамдин Ч.Бээжин Булган аймгийн Сайхан сум, Угалзын голын Б.Жамъяндорж С.Цэрэн нэг аймаг сумаар овоглосон, нэг нутаг усны дөрвөн хүчтэн шалгарч үлдсэн нь баяр наадмын дэвжээнд тэр бүр тохиогоод байхгүй ховор сонин тохиолдол болсон шүү?
-Д.Дамдин аварга тэр жилийн наадмын баярын жагсаалаар циркийн манежинд үзүүлдэг хүч тамирын үзүүлбэрээ үзүүлж яваад хөл дээрээ унагаж хүнд гэмтэл авч эмнэлэг гэж яваад наадмын эхний өдөр барилдаагүй юм. Наадмын хоёр дахь өдөр хөл доголон барилдсан. Мөн ч тэсвэртэй хүн шүү. Д.Дамдин аваргад “Би ямар ч байсан үзүүр түрүүнд хүрнэ “ гэхэд “Миний дүү сайн барилдаарай” гэсэн. Бяр ч гэж жигтэйхэн түрүүлэх л юм бодоод явдаг. Гэтэл зургаагийн даваанд Дорнодын “жороо хар” Ч.Дугарсүрэн гуайд заларчихдаг байгаа. Энэ түүхт ойн жилийн баяр наадмын их шөвөгт Хөвсгөл Цагаан-Үүрийн Д.Дамдин Ч.Бээжин, Булган Сайханы Б.Жамъяндорж С.Цэрэн нарын нэг аймаг, сумаар овоглосон, нэг нутаг усны дөрвөн хүчтэн үлдлээ. Би Д.Дамдин аваргад “Та Ч.Бээжингээ амархан унагадаг юм чинь Ч.Бээжин гуайг ав. Б.Жамъяндорж С.Цэрэн хоёр мэх муутай улс ноцолдсоор байгаад хамаг юмаа дуусна. Аль давсныг нь та дор нь унагана. Таны хөл муу байгаа шүү” гэлээ. Тэгтэл Ш.Ванчин начин тэргүүтэй Хөвсгөлийн бөхчүүд Д.Дамдин аваргад дөхөж ирээд “Хөвсгөлийн хоёр үзүүр түрүү булаалдах ёстой“ гэж баахан ятгасан юм билээ. Д.Дамдин аварга Б.Жамъяндорж гуайг амлаж их тарчилж байж давав. Гэмтэлтэй хөлөө ч их хөндлөө. Нөгөө үзүүр түрүүнд үлдэх Ч.Бээжин нь С.Цэрэнд ганц суйлуулаад дуусав. С.Цэрэн Д.Дамдин аваргыг орхиж их ойн жилийн баяр наадамд түрүүлээд шууд улсын аварга цол хүртсэн дээ.
Үргэлжлэл бий
Үргэлжлэл
Дархан аварга Ж.Мөнхбаттай уулзаж хуучилснаа уншигч олондоо хүргэе.
-Гэтэл Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар их шөвөгт шалгарсан, үзүүр түрүүг булаалдсан Хөвсгөл Цагаан-Үүрийн Д.Дамдин, Ч.Бээжин Булган Сайханы С.Цэрэн, Б.Жамъяндорж нэг аймаг сумаар овоглосон дөрвөн хүчтэн маань дараа жилийнх нь баяр наадмаар тав, зургаагийн даваанд цувраад “нурчихаж” билээ. Түрүүлэх бодол тээж явсан та дөрвийн даваанд Өмнөговийн Б.Манлайжавт бүдэрч, дээгүүр барилдах магадлалтай бөхчүүд доогуур даваанд тахимаа өгснөөс олон бөхийн даваа нь хөнгөрч ирсэн дээ?
-“Нэг сайн бөх доогуур унахад л нэлээн олон бөхийн даваа хөнгөрдөг юм. 1940 оны наадмаар Б.Түвдэндорж аварга доор унаснаар Дорнодын “гулзгай” У.Дамчаагийн үзүүрлэх, миний түрүүлэх замыг засаж өгсөн дөө” гэж Ховдын “уран мэхт” Ш.Ванчинхүү арслан хуучилсан байдаг юм. Ардын хувьсгалын 41 жилийн ойн баяр наадмаар Архангайн Ч.Адъяа Хөвсгөл Цагаан- Үүрийн Д.Дамдин Ч.Бээжин хоёрыг, Говь-Алтайн У.Пүрэв Булган Сайханы С.Цэрэн Б.Жамъяндорж хоёрыг цувруулан “нурааж” өөрсдөө улсын заан болох замаа засаж, нөхдийнхөө дээгүүр барилдах боломжийг бүрдүүлж, давааг нь хөнгөлж өгсөн улс.
Бөхөд наадмын од, тэр өдрийн аз гэж байдаг. Тэр од, аз гийж Булганы С.Цэрэн улсын начин, Увсын С.Мөнхбат харцага цолтойдоо Ардын хувьсгалын түүхт 40, 90 жилийн ойн баяр наадмаар түрүүлээд шууд улсын аварга, Архангайн Д.Жамц 41 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, Дорноговийн Д.Азжаргал Сэлэнгийн Г.Эрхэмбаяр хоёр 85, 90 жилийн ойн баяр наадмаар үзүүрлэж начингаас шууд доод цолуудаа “бөөндөж” шууд улсын арслан болцгоосон. Увсын П.Бүрэнтөгс ч аймаг овогоо улсынх болголоо. Ардын хувьсгалын 41 жилийн ойн баяр наадмаар дээгүүр барилдах олон бөхчүүд доогуур даваанд бүдэрснээс их шөвөгт Ж.Чойжилсүрэн арслангийн хамт Ч.Адъяа, У,Пүрэв, Д.Жамц гурван начин шалгарч үлдсэн. Энэ бол их ховор тохиолдол. Хэрэв би Өмнөговийн Б.Манлайжавд тахимаа өгөөгүйсэн бол өлхөн түрүүлэх байлаа. Би энэ дөрвийн хэнийг ч хаядаг болсон үе.
-Тунаа бол бөхийн нэг том шалгуур. Зарим бөх тунах гэдгийн зовлонг яс махандаа тултал мэдэрч, ёстой үйлээ үзэж байж улсын цолд хүрсэн байдаг. Зарим нь үйлээ үзээд ч улсын цолд хүрч чадалгүй зодог шуудгаа баадагнан хадгалсан улс ч бий. Аварга та ч бас тунахын зовлонг “амссан” биз?
-Энэ том шалгуурыг давж байж улсын цол хүртсэн бөхчүүд амжилтаа баталсан, алдар цолоо ахиулсан байдаг. Нэг байтугай, хэд хэдэн тунаанаас гарсан бөхийг үнэхээр сайн бөх гэхээс яахав. Тунаан дундаас гарч улсын цолонд хүрсэн, аварга, арслан, заан цол хүртсэн Б.Бат-Эрдэнэ аварга, М.Мөнгөн арслан, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Ч.Бямбадорж заан гээд олон хүчтэнийг нэрлэж болно. Би тэднийг бодвол арай бага тунасан байх. Хувь төөргөөрөө улсын баяр наадамдаа зодоглож үзээгүй явахдаа улсын цолтой, заан болчихсон болохоор улсын начин цол хүртэх, улсын цолд хүрэхсэн гэж мөрөөдөхийн зовлонг үзсэнгүй. Харин Богд хан уулынхаа ар хормойд, хатан Туулынхаа хойдох зүлэг ногоон дэнж дээр “Монгол Улсын аварга” хэмээн цоллуулахсан гэж мөн ч их бодож явсан юм шүү. Ардын төрийнхөө баяр наадамд анх зодоглохдоо л улсын заан гэж цоллуулан барилдсанаа бодохоор их хувьтай ч хүн шиг, МБАТ-ий анхдугаар спартакиадаар түрүүлэхэд улсын арслан цол олгох болов уу гэсэн тэгээгүй, ардын төрийнхөө баяр наадмаар хоёр дахиа түрүүлэхэд улсын аварга цол олгох байх гэж горьдсон бас олгоогүйг бодохоор хувьгүй ч хүн шиг. Гэхдээ би халхын хорин аваргын дунд хавчуулагдаж төрсөн хувьтай хүн.
-Та тэгвэл амлуулахын “зовлон”-г хир үзсэн билээ?
Амлуулахын зовлонг бас үзээгүй. Би аварга, арслангуудын урдуур хөндөлсөж “Сачий чинь хүрвэл намайг амлаач” гэж өвчигнөнө. Намайг амалсан бөх ихэнхдээ ойчдог болохоор бараг амлахгүй дээ. Ардын төрийнхөө баяр наадмаар анх улсын заан цолтой зодоглохдоо тавын даваанд Ө.Эрдэнэ-Очиртоо амлуулсан. Анх амлуулж үзсэн минь тэр. Гурав дахиа түрүүлдэг жилийн баяр наадмаар долоо, наймын даваанд С.Цэрэн Д.Дамдин хоёр аваргатаа амлуулж барилдаж явсан. Сүүлд нэг баяр наадмаар их шөвөгт Д.Дамдин аварга маань дахин нэг амласан байх. Ер нь дахин амлуулж үзээгүй шүү.
-Мөөеэ аварга хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлж, хийх мэхээ хэнээр ч заалгалгүй хийж аархаж явсныг монгол түмэн мэднэ. Нэр алдар, бяр тэнхээ бүгд эн зэрэгцэн ид аархаж ам, аа хоёроороо амьд домог болж явсан үеэ эргэн дурсах ч бас сайхан даа?
-Улсын цол авсны дараа нэг үе дээлээ хөөргөчихөөд ханхалзаж явдаг байлаа. Дургүйцсэн ганц нэг бөх “Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч” гэнэ. Би хариуд нь “Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормойгоор орж байгаагаас цээж энхтайвны гүүр давж, бөгс нь урд талд нь үлдчихээд байгаа юм. Та нар унахаа мэд, унана гэж юу байдаг юм бэ, унаж үзэхсэн” гэж аархаж явлаа. Ид хүчтэй явахад хүн бүр айдаг, тэр дундаа хүч бяр нь жагсаж яваа залуу бөхчүүд аваргын нүдэнд өртчих вий гэхдээ урдуур ч гардаггүй байлаа. Хааяа нүүр тулсан зарим нэг нь “Аварга аа та намайг битгий аваарай” гэж гуйна. Барилдаж байгаа бөхөө хааш нь харуулж унагах тухай бодож, босоо төрсөн юм шиг санаж явсан даа. Өргөж хаях, гуд татах чинь юу ч биш шүү дээ. Шороо манартал хаяхсан, гоё мэх хийж хаях юмсан гэж л хорхойсоно. Залуу байхад засуулчид эг маг хийж тээртэй санагдаад “Малгай тэгшхэн шиг бариад туг руу дөхөж бай” гэнэ. Бөх хүнд эхлээд зориг, дараа нь ухаан байх ёстой. Зориггүй бол ухаан байгаад яахав. Аатайхан барилддаг бөх өөрийгөө ч, өрсөлдөгчөө нь зовоодоггүй, үзэгч олонд ч бахдалтай байдаг. Аатай барилдаан гэж эр бяр, хүч зориг нь эрчилсэн, дархан даацтай мэхээ бүрэн эзэмшсэн, ямар ч хариу мэхэнд оролгүй гүйцээж хийж чаддаг барилдааны ур ухааныг сайтар эзэмшсэн бөхийн итгэл төгс барилдааныг хэлдэг. Харин нас ахиад ирэхээр явдалтай. Цол горьдож яваа залуус “Та намайг аваач” гэж гуйх нь халаг.
-Та алдарт Ш.Намхай аваргын аль тэртээ хорьдугаар зууны эхээр Сэцэнханы С.Чүлтэм аваргад хэлсэн “Хаях би яараагүй байхад, унах чи юундаа яардаг юм” хэмээх домогт үгийн энэ цаг үеийн эзэн болсон хүн. Энэ тухай Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди гуай хүү М.Даваажаргалын тань төрийн дээд шагнал гардуулах ёслолын үеэр “Ж.Мөнхбат аваргыг үнэхээр тэгж хэлсэн, үгүйг би мэдэхгүй л дээ. Гэхдээ “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” хэмээн хэлсэн гэж сонссон. Ухаантай, бяртай хүний үг л дээ” гэж дурсан ярьсан байдаг?
-Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлээд наадам хэд хоног хойшилж, Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж дуусгасан. Бид дөрвийн давааны ам авчихаад хэзээ барилдахыг хүлээж байлаа. Би Сүхбаатар аймгийн харъяат аймгийн арслан С.Бат-Өлзийг амлаж аваад дагуулаад явчихлаа. Өөрт нь “Чамайг авсан” гэж хэлээгүй л дээ. Тэгтэл дуудаж байна, очлоо. Надаас болоод дөрвийн даваа эхлэхгүй их хүлээлгэсэн юм байх. Бөх, дарга цэрэггүй ууртай байгаа бололтой. Манай Даньдгай (Д.Дамдин аварга) ч хүртэл уурлаж байна. Өмнөөс хэдэн шазруун үг хэлчихлээ. Хожим Ш.Намхай аваргын тэртээ зуунд С.Чүлтэм аваргад “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэж хэлсэн үг тархчихсан байсан даа. Үерийн жилийн баяр наадмын үзүүр, түрүүг Д.Дамдин аварга бид хоёр булаалдаж би дөрөв дэх удаагаа түрүүлж “Монгол Улсын дархан аварга” болсон юм.
-Улсын арслан, заан цолыг дүйцүүлэн олгох гэж нэг хэсэг үзээд больсон. Хэрэв олгосон бол тун олон бөх би тийм цол авна гэж өргөн мэдүүлэх байсан гэж боддог. Жишээ нь Булганы “Задгай шар” хэмээх Н.Лхагвадорж, “Жижиг” хэмээх Б.Санжаа, Өмнөговийн Б.Манлайжав нарын олон бөх “Би улсын начин цолны эрэмбэтэй улс” гээд мэдүүлж болно доо?
-Би Мехикогийн олимпийн дэвжээнд долоо барилдаж тав ялж, хоёр тэнцэж ганц ялагдалгүйгээр мөнгөн медаль авч байсан. Монгол Улсын ардын багш, спортын гавъяат тамирчин Д.Сэрээтэр 1971 оны дэлхийн аваргаар зургаа барилдаж зургаа ялахдаа бүр аваргын алт, мөнгөн медаль хүртсэн, дөрөв, тавдугаар байрт орсон бөхчүүдийг ялсан мөртлөө зургадугаар байрт орж байсан юм. Тэгэхээр Д.Сэрээтэр бид хоёр өнөөдөр Олон Улсын Олимпийн Хороо, дэлхийн бөхийн холбоонд “Бид хоёр олимп, дэлхийн аварга болсон бөхчүүдээс даваа илүү явсан, Тэднийг ялсан бид хоёрт алтан медаль өг” гэвэл өгөх үү, Мэдээж өгөхгүй. Тэр дүйцүүлэх цол чинь яг л үүнтэй адилхан.
-Монголчууд хүү төрвөл бөх болоорой л гэж ерөөхөөс сайд болоорой гэж ерөөдөггүй. Бас л хайр хүндэтгэлийн тухай ярих гээд байна?
-Монгол газар нутгийг минь бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэдэн мянганы тэртээгээс хүчит эрчүүд нь барилдаж, шандаст хурдан хүлгээ уралдуулж, эрээн алаг нумныхаа хөвчийг татаж цэц мэргэнээ сорьдог өвөрмөц онцлогтой найр наадам, монгол ёс заншил өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн. Ийм сайхан уламжлалтай болохоор хүү төрвөл бөх болох болов уу гэсэн битүүхэн найдлага аав, ээжүүдийн сэтгэлд эргэлдэж өдөр хоногоор өсөж торнихыг хүлээнэ. Надад нэг ийм юм тохиолдлоо. Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор түрүүлсний дараа Морин тойруулагад болсон нэгэн барилдаанд зодоглолоо. Хромон гутлаа тайлж монгол гутлаа өмсч барилдчихаад иртэл гутал дотор байсан оймсны өрөөсөн нь алга болчихож. Гурван төгрөгийн оймс шүү дээ. Уг нь хромыг аваад явчихмаар юм. Сайн бөхийн оймсыг авахаар хүү төрнө гэдэг юм гэсэн. Тэгж л авсан байх. Бас олон сайхан аавын хүүхдүүтэй барилдаад түрүүлсэн, олон шандаст хурдан хүлгийн манлайд ирсэн морины хөлсөнд хүрэх гэж хошуурдаг нь хайр хүндэтгэлийн ч, тэр жилдээ хийморьтой явна гэсэн билэгдлийн ч юм шүү дээ. Манай монголчууд эрийн гурван наадмаа шүтэн биширч бахархаж явдаг ард түмэн. Эрийн гурван наадам гэж байхгүй бол Монголын ард түмний тусгаар тогтнол алдагдана гэж боддог. “Би Монгол Улсын төрийг долоон жил барьсан. Тэр төр барьсан он жилүүдэд Б.Бат-Эрдэнэ аваргыг ардын төрийнхөө баяр наадмаар долоо удаа түрүүлэхэд нь долоо үнссэн. Бас долоон удаагийн сар шинийн баяраар түрүүлэхэд нь долоо үнссэн. Нийтдээ их аваргынхаа халуун хөлсөнд 14 удаа хүрэх завшаан тохиосон. Тэр сайхан завшааны буянаар төр барих он жилүүдэд хамрын ханиад ч хүрч үзээгүй” гэж Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай хэлсэн байдаг. Энэ бол бөхчүүдээ хайрлаж хүндэлдгийн нэг илэрхийлэл.
-Х.Баянмөнх аварга та хоёрын ид өрсөлдөж, “хаанчилж” явсан он жилүүдэд тоотойхон хэдэн арслан төрсөн. Тэгэхдээ та хоёрыг чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн наадамд оролцож, баяр наадамдаа барилдалгүй өнжсөн, хасагдсан он жилүүдэд төрсөн байдаг. Хэрэв ийм завсар гараагүйсэн бол танд долоо, найм түрүүлчих боломж байсан байх шүү?
-Тийм ээ. Х.Баянмөнх бид хоёрыг ид өрсөлдөж явахад тоотойхон хэдэн арслан төрсөн. Бид хоёрыг хасагддаг жилийн 1969 оны наадмаар Г.Дэмүүл түрүүлж арслан цол хүртэж, хойтон жил нь Эдмонтоны дэлхийн аваргад явсан хойгуур Ч.Бээжин гуай түрүүлж аварга болж байлаа. 1976 оны Монреалийн олимптой давхцсан наадмаар Д.Хадбаатар түрүүлж улсын арслан болсон. Дээрх гурван наадмын нэгэнд ч гэлээ намайг түрүүлсэн байхад хэн ч гайхахгүй. 1976 оны олимпийн жилийн наадмын хувьд надад бүр ч илүү боломж байсан. Тэр жил Х.Баянмөнх аваргын мөр гэмтэлтэй байсан болохоор бид хоёр баяр наадамдаа барилдсансан бол сонин барилдаан болж мэдэх байсан. Хасагддаг жил ч гэсэн бид хоёр тэнцүүхэн л байсан. Ингээд бодохоор бас чиг долоо түрүүлчихсэн байж болмоор санагддаг юм.
-У.Мижиддорж арслан “Би үеийнхнээсээ нууж Ж.Мөнхбаттай бэлтгэл хийж явж өөрийнхөө “дайсан”-ыг бэлтгэчихсэн хүн гэж хуучилж байсан. Та ч гэсэн бөхийн их өргөөнд анх хөл тавьж томчуулд нухлуулж ганцаардахын зовлонг амсаж явахдаа Х.Баянмөнх, П.Дагвасүрэн хоёроо дагуулж аманд гаргаж ханьсаж явж У.Мижиддорж гуай шиг өөрийнхөө “дайсан”-ыг бэлгэчихсэн хүн дээ?
-Би анх гарч ирж байхдаа томчуудын дунд ганцаарддаг байсан. Жаахан шартай, амтай байсныг хэлэх үү, тэд намайг “өртөөчилж” амлаж барилддаг ч үе байлаа. Тиймээс заал танхимын барилдаанд Х.Баянмөнх П.Дагвасүрэн хоёроо дагуулж очиж барилдахаар ганцхан над руу дайрдаг нөгөөдүүл чинь гурвын гурван хүнтэй барилдах болохоор өөр болно. Энэ хоёр маань намайг дагаж заал танхим хэсэж барилдаж томчуулд нухлуулж явж хожмын алдарт бөх болох гараагаа эхэлсэн гэж болно.
-Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Г.Дэмүүл “тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж гээд ер нь бөхчүүдийн бяр тэнхээний тухай домог болсон яриа их. Г.Дэмүүл арслан “Би “Хоёр Мөнх”-өөс бяраар илүү гарна уу гэхээс нэг их дутахгүй” гэдэг. Ямар бяргүй улс улсын өндөр алдар цолонд хүрэх вэ дээ?
-Ер нь жигдхэн сайхан бяртай бөхчүүд байсан даа. Тэр нь их бяртай гэж онцлоод байх юм бараг байхгүй. Ёстой ямар бяргүй улс байтлаа улсын өндөр алдар цолонд хүрэх билээ. Арга мэхний хувьд Ч.Бээжин Ц.Бадамсэрээжид гуай хоёр элдэвтэй барилддаг бөхчүүд байлаа. Бидний үеийнхнээс Ө.Эрдэнэ-Очир арслан, дараа үеийнхнээс Д.Хадбаатар аварга хоёр л илүү бяртай байсан юм болов уу. Д.Хадбаатарын хүзүүн дээр 240 кг-ийн туйван тавихад гурван удаа босчихдог юм. Би болохоор өвдөгнөөсөө дээш ч гаргаж чаддаггүй. Ө.Эрдэнэ-Очир арсланг цочоовол ч эвгүй шүү. Хөлдөө суулгаж баригддаг морь шиг л цаадахтай чинь эвээр барилдана шүү дээ. Манай Г.Дэмүүл арслан би “Хоёр Мөнх”-өөс илүү бяртай гэдэг юм. Үнэн ч байж мэднэ. Бөх барилдана гэдэг бяр тэнхээнээс гадна бас ухаан хэрэгтэй. Дан ганц бяраар амжилтанд хүрэхгүй, бяр ухаан хоёр хосолж байж амжилтанд хүрдэг юм. Хаврын улиралд хүн малгүй сульддаг шүү дээ. Тэгэхээр хавар бяртай байна гэдэг нь угийн тэнхээтэй хүний шинж. Гэхдээ монгол хүн хурдан мориныхоо идэш хоол, бие галибарыг нь тааруулж уралдуулж чаддаг болохоор бөх хүн үүнээс ч илүү уяа сойлгоо тохируулж, хэзээ хэрхэн барилдахаа мэднэ шүү дээ. “Босоо” хэмээх Архангай Өлзийтийн Б.Банзар арслан Завханы “урт гарт” М.Лхагваа арслан хоёртой хуучилж байхад түрүү үеийн бөхчүүд бяр тэнхээний хувьд ч, бие бялдрын хувьд ч бидэнтэй эгнэх улс биш байсан бололтой. “Би 1929 оны наадмаар түрүүлж Завханы С.Шагж үзүүрлэж, 1930 оны наадмаар С.Шагж түрүүлж би үзүүрлэсэн юм. Бид хоёр чинь хоёр ч удаагийн наадмын үзүүр түрүүг авчихсан лут улс байхгүй юу. Гэтэл биднийг бяр тэнхээтэй, бие томтой улсад тооцдоггүй байлаа шүү дээ. “Буянтоо” хэмээх Х.Буянтогтох, ”Их Монгол” Х.Шаравжамц, “босоо” Г.Самдан, “буур” Н.Жамъян, “сайхан” Д.Далантай, “босоо” С.Шагдар, “халзан” Ш.Төмөрбаатар, “мээтэн” О.Аюур,”их хүн” С.Лүндаа, “боохой” Д.Данзан нарын аварга, арслангуудын дэргэд бид бараг ишиг шиг жижигхэн “амьтад” байлаа даа” хэмээн Банзар арслан хуучилж байсан.
-Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь гээд аваргуудыг мөн ч сүртэй, дуу чимээтэй халдаг гэж ярьдаг. Одоо ч тэгж хүчтэй халдаг бөх байхгүй болоо юу даа?
-Энэ хоёр аваргын халалцах чимээг сонсож, хөлөөр боссон тоосыг харахад мөн ч сүртэй шүү. Шинэ өмссөн зодог нь доорхноо өм цөм үсэрчихсэн байдагсан гэж ид үеийнх нь барилдааныг мэдэх ахмад бөхчүүд хуучилдаг. Ш.Батсуурь аварга ч бас лут хална. Бидний үеийнхнээс Л.Сосорбарам арслан тун сайхан халдаг бөх. Далбааны сэнжигнээс атгаад авахаар хурууны өндөгнүүд халуу дүүгээд явчихна. Тийм болсон хуруугаар дахиад далбаанаас барьж авна гэдэг бэрхтэй. Тэгээд л барьцгүй сандарч эхэлнэ дээ. Сооёо самбо барилдахдаа нэг сайхан халахад л учраа бөх нь цагаан хүрэмнийхээ барьцыг алдаад тэмтчээд ирэхлээр нь ганц суйлаад тавьчихдаг байсан.
-Таны үед бөхийн барилдааны бай шагнал тийм ч их байгаагүй. Баяр наадамд түрүүлэхэд хэдий хирийн юм авч байсан юм бэ дээ. Харин “соц” хэмээгддэг орнуудын нам, төрийн тэргүүн нарын айлчлалд зориулсан барилдааны шагнал баяр наадмынхаас өндөр байсан уу?
-Баяр наадмаар түрүүлэхэд Ж.Самбуу гуай дээлийн торго, 500 төгрөг өгч байсан байх, тоолж ч үздэггүй байсан. Хар хэрээний хошуу нь ч хуурай, савар нь ч хуурай гэдэг шиг бидний бай шагнал ч тийм байж дээ. Бай шагналын их багыг мэддэггүй, тоодог ч үгүй байсан. Бид Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө барилддаг байлаа. Эдүгээ болж байгаа тэмдэглэлт ой, үйл явдлуудад зориулсан барилдааны бай шагналыг хараад би Д.Дамдин аваргад тоглоом болгож “Та бид хоёр наадамдаа түрүүлээд хар хэрээ тоншиж байгаа юм шиг мөн хөөрхөн шагнал авдаг байжээ” гэхэд Даньдгай маань “Ха ха” гэж хөхрөн миний үгэнд хариу болгодогсон. Бидний үед барилдана гэдэг зүгээр хувь хүний л байлаа. БНАГУ-ын төрийн зөвлөлийн дарга Х.Зандерманы айлчлалд зориулсан хүндэтгэлийн бөхийн барилдаанд би түрүүллээ. Эрхэм зочин надад одооныхоор бол дипломат цүнхэн дээр цаг тавиад өглөө. Тэр цүнх их хүнд юм. Ю.Цэдэнбал дарга “Ж.Мөнхбат аа, наадахаа хагалчихав аа” гэж сануулж хэлж байна. Бай шагналаа авчихаад хувцас солих өрөөнд ороод С.Цэрэн аваргад нөгөө цүнхээ бариуллаа. С.Цэрэн аварга “Яасан хүнд юм бэ, задлах уу” гэж байна. Би “Хэзээ хувцсаа өмсөөгүй байж шагналаа задалдаг юм. Гэртээ харьж байж” гэлээ. Гэртээ ирээд С.Цэрэн аварга, бид хоёр нөгөө цүнхээ задалтал 700 граммын найман том шил архийг дөрөв, дөрвөөр нь зөрүүлээд хийчихэж. Нэрийг нь мэдэхээр нь нэг том вискийг онгойлгоод мөнгөн аяганд хийгээд хоёулаа уучихлаа. Одоо бодох нь манай баяр наадмын бай шагналаас илүү ч юм өгч байсан байна шүү.
Биднийг олон улсын уралдаан тэмцээнд оролцож явахад хөрөнгөтөн орны (тэр үеийн хэллэгээр Б.А) тамирчид тэмцээнд амжилт гаргасныхаа хариуд очоод их мөнгө авах тухай ярих. Тэр нарийн ширийн учрыг бид ойлгодоггүй байж. Одоо бодохнээ их спорт, түүний үр дагавар, амжилтын үнэ цэнийг илүү ойлгож үнэлдэг байжээ дээ. Харин одоо манайд их спортыг үнэлдэг болсон шүү.
-Монгол бөхийн өргөөнд багтан ядан чихцэлдэж байгаа залуу бөхчүүдээс жилд ганц тохиодог наадмаараа улсын цол хүртэх нэг нь хүртэж, начны даваанд бүдэрэх нэг нь бүдэрч ирэх жилийн наадмыг хоног тоолон хүлээх болдог. Гэтэл начны даваанд өвдөг шороодсон бөхчүүдийн зарим нэг нь сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй орилж чарлах, зарим нь хүндлэн дээдэлж явдаг өмсгөлөөрөө зүлэг ногоон дэвжээгээ ороолгох зэрэг зохисгүй аяг араншин гаргасан гэж сонсогддог. Бөхчүүдэд ёс жудаг, хийморь лундаа гэж “айхтар” юм байдаг даа. Ёс жудагаа гээж, хийморио гундаахгүйг хичээж, эрхэмлэж явах учиртай гэдэгсэн. Үүнээс үүдэн аварга та залуу бөхчүүдэд сургамж болох ёс жаягийн талаар ярихгүй юу?
-Барилдааны ур чадвар нь өдөр, сараар илт сайжирч, үзэгч олныг шуугиулж яваа бөхчүүд олон байна. Их ой тохиосон Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын цол хүртэх байх гэж итгэл хүлээж явсан олон залуу бөх начны даваанд өвдөг шороодлоо. Сургамжтай өвдөг шороодолт. Баяр наадмын дэвжээ хатуу, начны даваа өндөр гэдгийг харуулж байгаа хэрэг. Барилдаан бүртээ дүгнэлт хийж уйгагүй хөдөлмөрлөж, биеэ хир зөв авч явах, бөхийн дэг жаяг, бөхчүүдээ, ахмад бөхчүүдээ хайрлан хүндэтгэх нинжин сайхан сэтгэл гээд олон зүйлээс шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Бөх бүхэн өөрийн давуу чанараа өрсөлдөгч бөхийнхөө сул талтай нягт холбож дээр нь бөх хүний аа, өөртөө итгэх итгэлийг нэмчихбэл амжилтад хүрдэг. “Бөх хүн байгалиас заяасан эрдэнийн чулуу гэдэг. Эрдэнийн чулууг засч янзалж өнгөлж байж хөөрөг, соруул хийдэг” гэсэн хэн нэгэн ухаантаны хэлсэн үгийг санаж явахад илүүдэхгүй байх. Барилдахаар бэлтгэж зодог шуудгаа өмсөхийн өмнө шууд дээлээ тайлдаггүй. Бүсэлж явсан зодог шуудгаа аваад далбаагаа хүзүүн дээрээ тохож хоёр ханцуйг өвөрлүүгээ унжуулаад гутал хувцсаа тайлж шуудгаа өмсөж, дараа нь гутлаа өмсөж боолтоо боож зэхнэ. Ингэсний дараа бүсээ тайлж, дээлийнхээ зүүн ханцуйны үзүүрийг бүсээрээ зангидана. Энэ нь миний амжилт битгий гоожоосой, өвөрт минь тогтож байг гэсэн бэлгэдлийн утгатай.
Бөхчүүд маань засуулч дээрээ гүйж ирээд барилдахаар гарах гэж байхдаа үргэлжид урагш тэмүүлж, гагцхүү засуулдаа баригдан тогтож ядаж буй мэт дэвж дэлж байдаг нь үзсэн харсан хэний ч болов зүрх сэтгэлийг догдлуулж, тухайн жилийн наадам, барилдааны өнгө аясыг чимж, сонирхолтой болгож өгдөг билээ.
Барилдааны нэг сүр жавхлан нь гараа, дэвээ, шаваа. Энэ бол утга учиргүй зүйл биш гэдгийг манайхан цөм мэддэг, эрдэмтэн мэргэд ч шинжлэх ухааны талаас нь баталсан байдаг. Бөх бүрийн сэтгэлийн тэмүүлэл янз бүр байдаг шиг бас нутаг нутгийн гараа, дэвээ, шаваа нь өвөрмөц сонин байсныг албадан өөрчилж, бараг бүх бөхийг нэг ижил гараа, дэвээ, шаваатай болгосон ч гэж хэлж болно. Намайг анх гарч ирж байхад хөгшин хүн шиг муухай дэвж шавлаа, төрийн их тугийн өмнө залбирлаа гэж сүрхий буруутгаж байсан.
Баяр наадмаар ч, бусад барилдаанаар ч гэсэн ам авахдаа бусадтай зөвлөхөд гэмгүй. Өөрийн бодсоноос зөрвөл бас бодох л хэрэгтэй. Ам авах гэдэг богинохон хугацаандахь хариуцлагатай шийдэл. Зөвхөн тэр барилдаанд давна гэж бодохоосоо илүү монгол бөхийн ёс жаяг, монгол хүний жудаг, монгол наадмын ёс журмыг дээдлэн хүндлэх ёстой гэж ахмадууд маань бидэнд сургадаг байсан. Наадмын өмнөх бэлтгэлд ямар бөхчүүдтэй хамт гарахаа ч хүртэл эртнээс бодууштай зүйл. Их олуулаа гарах дарвиж шуугиад тийм ч сайнгүй байдаг. Нас ахиад ирэхээр хөл нь санаагаа гүйцэхгүй болчихдог юм. Мэхийг хурдтай хийж өрсөлдөгч бөхөө хаях урамтай сайхан байдаг. Би улсын заан цол хүртэхдээ 73 кг жинтэй хэнд ч ноёлуулмааргүй санагддаг байсан. Барилдахад хурд их хэрэгтэй. Архи, бөх хоёр нэг доор байж яавч таарахгүй. Архи заавал ч үгүй муу үр уршиг чирч явдаг. Архи бол бурханыг хорлох гэж гаргасан идээ юм гэнэ лээ. Муу муухай үйл зүйлийг тойрч түүнээс цээрлэж сурах хэрэгтэй. Ахмад бөхчүүдийнхээ нийтэч, тусч чанарыг өвлөж ядарч зүдэрсэн, өвдөж зовсон хэн нэгнийхээ төлөө санаа тавьдаг байх их чухал. Бөхчүүд бид ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, тэднийхээ тус дэм, хүчээр өдий зэрэгтэй яваа. Олны буян оломгүй далай гэдэг. Алдрын оргилд хүрэх хэцүү ч, түүнийг дааж явах нь бүр ч хэцүү гэдэг. Монгол бөхийнөө ёс жудагаа гээж, хийморио гундаахгүйг хичээж эрхэмлэж явахыг захиж зөвлөх байна.
-Та улсын заан болохдоо 73 кг жинтэй хэнд ч ноёлуулмааргүй санагдаж байсан гэлээ. Одоогийн 100 хол давсан бөхчүүдтэй харьцуулбал ч. Та нар ч угсраа олон мэхтэй, уяж үзэгч олноо чилээнэ гэж байхгүй, булчин шөрмөс болсон жавхаалаг сайхан “амьтад” байсан даа. Одоо цагийн зарим бөхчүүдийн галбир төрх муудаж нэг том “гэдэс гүзээ” болж дээ?
-Одоогийн залуу бөхчүүд уураг тэжээл бүхий идэш хоол хэрэглэдэг, төв суурин газрын амьдралтай ч холбоотой байх. Айхтар том гүзээтэй тарган улс л харагдах болж. Үүнээс үүдэн бөхийн ерөнхий галибар төрх ч өөрчлөгдөж байгаа юм шиг санагдах болсон. Архангайн Б.Банзар арслан Завханы “урт гарт” М.Лхагва арслан хоёртой хуучилж байхад түрүү үеийн бөхчүүд бие бялдрын хувьд ч, бяр тэнхээний хувьд ч бидэнтэй эгнэх улс биш байсан бололтой. Булчин шөрмөс, биеийн галибар төрх “нүд унамаар” уран зохицсон, илүү дутуу гэдэс гүзээгүй биеэрхүү өндөр сайхан улс байсан гэдэг. Манай Д.Дамдин аварга жингээ 85 кг хүрчихээр хурд муудна гээд жингээ барьдаг хүн байсан. Чөлөөт бөхийн “нэмэх” 97 кг-ийн жинд барилдах бөх олдохгүй, Ө.Эрдэнэ-Очир арслангийнхаа жин нэмэх гэж зүдэрдэг байлаа.
“Чөлөөт бөх” хэмээх их айлын тулгын чулууг тулалцаж дэлхийгээс анхны медалийг, олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчрах хувь тохиож, ардын төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд 39 жил зодоглож, завсаргүй таван жил дараалан бүгд зургаан жил түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, арван нэгэн удаа шөвгөрсөн билэг танхай алдарт хүчтэний бөхийн ертөнцөөр цай уух зуурхан аяллаа. Дараа дахин уулзаж барилдааны намтар түүхийн өргөн дэлгэр сэдвээр хуучлахын ерөөл тавин яриагаа өндөрлөв.
Б.АВИРМЭД
http://www.mongolnews.mn/i/45168
“Madness” гэх үгийг Хөрвүүлбэл “солиорол” гэсэн утгатай үг. Солиорол нэрээр нэрлэсэн амьд тоглодог цөөн хамтлагийн нэг 15 жилийн өмнө бут авч байсан. Хотын гудамжаар алхахдаа энэ л хамтлагийн уянгалаг хэрнээ этгээд “Хотын гудамж” дууг аялах залуус цөөнгүй байсан цаг саяхан мэт. Он цагийн эрхээр өөр, өөрийн амьдралаа хөөсөн ч гитараа балбасаар ирсэн тэд эргэн нэгдэж “МАD Production” студи байгуулан ажиллаж эхэлжээ. Ингээд тус хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайханыг Батаарын зочноор урилаа.
-Танай хамтлаг эргэн гарч ирлээ. Сүүлийн үеийн уран бүтээлийн ургац арвин л биз дээ?
-Эхлээд манай хамтлаг тараагүй, хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан гэдгийг хэлье. Бид дорвитой уран бүтээл хийлгүй олон жилийг үджээ. Гэхдээ өнгөрсөн хугацаандхувийн амьдралдаа анхаарал хандуулсан ч хөгжмөөс бүрмөсөн хөндийрөөгүй. Үе, үе ганц, хоёр дуу хийгээд эргээд таг чиг болж байсан гэм бий. Харин хаана ч явсан танай хамтлаг уран бүтээлдээ хэзээнээс эргэж орох вэ гэсэн сонсогчдын асуулт, хүлээлт дагасаар ирсэн. Тиймээс манай хамтлаг дахин сэргэж байгаа нь сонсогчдын маань хүлээлтээс үүдэлтэй юм шүү. Бид гурав дахь цомгоо гаргаад зарим дуундаа клип хийж эхлээд байна. Саяхан мэндэлсэн “Colors of US” цомогт манай хамтлагийн гитарчин Цацаа аяыг нь зохиож, би үгийг нь бичсэн “Зун цаг” дуу орсон. Түүнээс гадна миний бичсэн шүлэг, басс гитарчин Гэрлээгийн зохиосон аяар бүтсэн 4-5 дуу байгаа. Хүмүүсийн сонсох дуртай хуучны гурван ковер дууг албан ёсны зөвшөөрлийн дагуу оруулсан.Цомгийн баяраа энэ сарын 22-нд хийсэн. Тав зургаан дуугаа дүрсжүүлэн сонсогчдодоо хүргэлээ. Мөн дараагийн цомгийн ажлаа эхлүүлчихсэн байгаа.
-Цаашид уран бүтээлээ тогтвортой туурвина гэж ойлгож болох уу?
Болно. Бид хамтлагаа анх байгуулахад зарим нь дөнгөж амьдралд хөл тавьж байгаа шинэхэн аав, нөгөө хэсэг нь оюутны ширээнээс салаагүй байсан. Одоо тэр цагийг бодвол бүгдээрээ гэр бүлтэй, тогтсон амьдралтай, уран бүтээлээ туурвих боломжтой болсон.
-Саяхан цомгийн баярын тоглолтоо хийсэн. Сэтгэгдэл ямар байна?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Хамтлагийнхаа 15 жилийнойг угтаж хоёр цомог, хоёр тоглолт төлөвлөсөн. Саяхан нэг цомгоо гаргаж, багахан хэмжээний тоглолт хийсэн. Ирэх аравдугаар сарын сүүлээр юм уу арваннэгдүгээр сарын эхээр том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн. Тэр үеэр дахин нэг цомгоо гаргана. Цомгийн ажлаа эхлүүлчихсэн байгаа.
-Шинэ цомог ямар онцлогтой вэ, ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бэ?
- “Madness” хамтлагийн шинэ дуу хоолой, өнгө төрхийг энэ цомгоос харж болно. 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан нэг сайхан бүтээлийг сэргээж дуулсан. Урлагт хайртай, урлагийг ойлгодог, мэдэрдэг олон уран бүтээлч манай цомогт хамтарч ажилласан. “Монгол” дууны шүлгийг “Харанга”-ын Х.Лхагваа ах зохиосон. Мөн реппер Geе-тэй хамтарч дуу хийсэн. Цомогт орсон дуунуудын дөрөв нь клиптэй болсон. Энэ цомог аялгуутай дуунуудаас бүрдсэн гэж хэлж болно. Залуудаа сонсч байсан гурван ковер дууг оруулсан. Цуурай хамтлагийн дуучин талийгаач Ц.Энхтүвшингийн “Чамдаа зориулья”, “Хонх” хамтлагийн Цогтсайханы дуулсан “Нутгийн уул”, “Бороотой шөнө” гэх дууг оруулсан. Мөн Харангийн Лхагваагийн үг, миний ая, “Монгол” гэж шинэ дуу ч орсон. Бид дараагийн хийх уран бүтээлүүдээ дан хард рок чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө аялгуутай уран бүтээлээс түр завсарлаж байгаа гэх үү дээ.
-Та нарыг урд хөршид дуулж байсан гэж сонссон?
Бид Хятадын нэг студитэй гэрээ байгуулан тэнд дуулж, хажуугаар ньажиллаж байсан л даа. Бид тэнд таван одтой хоёр зочид буудалд Монголын хөгжимчин, дуучдыг зуучилж тоглуулдаг байсан. Нэг ёсондоо өөрсдөө дуулахын сацуу зуучлагчийн ажил давхар хийдэг байсан юм.
-Арваад жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдсөн. Залуусын сонсдог хөгжим ч өөрчлөгдсөн. Танай хамтлагийг хэрхэн хүлээж авах бол?
-Тэр ч тийм. Гэхдээ манай хамтлагийнхан туршлагажсан, уран бүтээлээ яаж хийх, яаж хүнд хүргэхээ мэддэг болсон. Дөнгөж гарч ирж байгаа хамтлаг биш болохоор гайгүй байх. Одоо хийх тоглолтоороо амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ гэж бодож байна. “Madness” хамтлагийн уран бүтээл одооноос тасралтгүйгээр үргэлжлэх болно.
-Сүүлийн үед амьд хөгжмийн хамтлаг манайд нэлээд олон болсон. “Madness” яаж онцгойрох вэ?
“Нисванис” тоглоход яг л “Нисванис” сонсогддог шиг манай хамтлагийн дуунуудаас “Madness” сонсогдож, “Madness” үнэртэнэ. Биднийг анх рок тоглож эхлэхэд мэргэжлийн түвшинд дуугарах төхөөрөмж, хөгжмийн олдоц, заал танхимын дуугаралт хэцүү байсан. Дуугаа түгээлээ гэхэд хэдхэн FM радио. Харин одоо чаддаг л юм бол бүх зүйл чөлөөтэй, уран бүтээл хийх боломж нээлттэй болсон байна. Бид энэ үеийг л хүлээж байсан. Амьд хөгжмийн хамтлаг олон байгаад баярладаг. Олон чадалтай хамтлагууд байна, саар нь ч байгаа.
-Залуу хамтлагууддаа юу гэж зөвлөмөөр байна?
Сүүлийн үеийн залуу уран бүтээлчдийг хараад байхад бүгдээрээ “A Sound”, ”Lemons” шиг тоглох гээд нэгнийгээ дуурайгаад байгаа юм шиг ажиглагдах болсон. Тэдэнд зөвлөхөд үнэхээр “амьд” хөгжим сонирхдог бол түүнийгээ сайн судал. Тэднээс өөр урсгал чиглэл байгаа. Тэр орон зайг мэдэрч, сонсогчдод үгүйлэгдээд байгаа зүйлийг нь нөхөж чадвал амжилтад хүрнэ гэж хэлэх байна.
-Амьд хөгжмийн хамтлагууд энд тэнд тоглодог шүү дээ. Танайхан тоглож байна уу?
- Манай хамтлагийн хувьд хэд хэдэн газар тоглодог. III, IV хорооллын “Мишээл” ресторан, “Их Монгол”, Platinium зэрэг газартай гэрээ байгуулж тоглодог. Харин тэр газрууд эргээд бидний уран бүтээлийг дэмждэг.
- Зөвхөн уран бүтээлээрээ хоолоо олж иднэ гэдэг амаргүй зүйл шүү дээ?
Тийм шүү.Урлаг, уран бүтээлээр мөнгө олох нь олно. Гэхдээ амьдралаа авч явах хэмжээний мөнгө олж чадахгүй шүү дээ. Хэсэг хугацаанд завсарласан нь арын ажлаа амжуулж, уран бүтээлээ туурвих хэмжээний мөнгөтэй болох ажил хийсэн хэрэг. Хамтлагийн гишүүд тус бүртээ янз бүрийн л ажил хийдэг. Гэхдээ яг юу хийдгээ хэлээд дэмий байх аа.
-Хамтлаг байгуулж байсан үеэ дурсаач?
-Хөгжмийн хоббитой, 20 гаруй насны залуус нэгдэж байлаа. Өвлийн хүйтэнд унааны мөнгөгүй гитарнуудаа үүрч алхаад л. Одоо тэр үе нандин дурсамж болон үлдэж. Ямар ч ивээн тэтгэгч байсангүй. Хүмүүсийн хэлдгээр ёстой л бор зүрхээрээ, дурандаа явж байж дээ. Урлаг биднийг хэзээ ч салгахааргүй холбосон гэж боддог. Хөгжим тоглохдоо баясч, үзэгчдийн алга ташилтанд урамшаад гүйдэг байсан. Урлагийн хүнд үүнээс үнэтэй юм байдаггүй юм билээ.
-Танай хамтлаг яг ямар чиглэлээр дуулахыг илүүд үздэг вэ, янз бүрийн л дуу дуулдаг юм шиг санагдсан?
-Нэг урсгал хөөдөггүй, анхнаасаа л хүссэнээрээ уран бүтээлээ хийхийг эрмэлзсээр ирсэн. Бидний амилуулсан олон сайхан хайрын, бас уянгын дуу бий. Хүнд дуунууд ч цөөнгүй. Тэр бүхнээс одоо ч хүмүүс аялдаг юм билээ. Үүнд баярлаж, омогшиж явдаг л юм.
- “Зочин” дуугаа реппер Gee-тэй хамтарч дуулсан гэл үү?
-Энэ дууны үгийг Ганг, аяыг нь би зохиосон. Тухайн үед хүмүүс үхлийн тухай Монголын анхны дуу гэж шуугиж байсан гэдэг. Ер нь энд тэнд тоглоход “Зочин” дуугаа дуулаач гэсэн санал тавьдаг байлаа. Энэ дуугаа саяхан реппер Gee-тэй хамтарч шинээр бичүүлсэн.
-Эрчүүдийн нөхөрлөл ямар байдаг вэ?
-Эрчүүдийн нөхөрлөл үнэнч байдаг. Өнөөдрийн “Madness” оршин тогтнож байгаа нь нөхөрлөлөөс эхтэй. Энэ олон жилийн хугацаанд бидний дунд уран бүтээлийн асуудлаас өөр том маргаан гарч байгаагүй. Нэг өрөөнд цугларч бэлтгэлээ хийчихээд салдаг нөхдүүд бид биш. Амьдралын жаргал, зовлон ээлжилсэн цаг минут бүрт бид хамт байсан гэр бүлийн сайхан найзууд.
-Танайх хамтлагийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн гэл үү?
Яг “Madness” хамтлагаас манай басс гитарчин Б.Гэрэлтнаран бид хоёр л үлдсэн. Одоо Б.Цацрал, О.Содгариг хоёроо хамтлагтаа авсан. Энэ хоёр “Нисванис” хамтлагт тоглодог байсан. “Нисванис”, “Madness” хамтлагийнхан маш сайхан найзууд. Рок попын ертөнцөд зэрэг гарч ирсэн нэг үеийн андууд. Дунд сургуульд байхаасаа л ойролцоо сургуулийн найзууд, хамтлаг байгуулаад гарсан ч нэг дор бэлтгэлээ хийдэг уран бүтээлийн андууд байсан. Миний хувьд “Нисванис” хамтлагт рок альтернатив чиглэлээр тоглодог байсан бол одоо “Madness” хамтлагт рок поп чиглэлээр тоглоно. Өөр чиглэлээр тоглож өөрийгөө задалъя гэсэндээ ийм сонголт хийсэн гэсэн. Гэхдээ “Нисванис”-аар овоглохоо больсон ч хамтлагийн найзуудтайгаа андын харилцаагаа таслахгүй шүү дээ.
-Рок поп ертөнцөд мэндэлж байгаа хамтлагууд маш богино наслах болж. Хэдэн дуу гаргаад, олонд танигдчихаад л таг болчих юм?
Уран бүтээлчдэд бэлтгэлийн байр, уран бүтээл туурвих хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд маш олон хүндрэл тулгардаг. Энэ бүх асуудлаа шийдэж, санхүүгийн хувьд ч бие даасан болохын тулд уран бүтээлийн завсарлага авдаг болов уу. Энэ манай хамтлагт ч тохиож байсан. Шинэ залуу уран бүтээлчдэд бүгдэд нь тохиодог зүйл.
-Гадны улсуудад тоглож байсан уу?
Тоглож байсан. Бидэнд Солонгос, АНУ-аас ирж тоглолт хийж өгнө үү гэсэн санал ирсэн. Наадмын дараа АНУ руу, аравдугаар сард Солонгос руу явахаар төлөвлөж байгаа даа.
-Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсье.
Б.Бурмаа
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Нармандахтай ярилцлаа.
-Таны уран бүтээлийн амьдрал хавар ирэхтэй зэрэгцэн сэргэж байна уу даа гэж санагдлаа. Драмын театрын жүжгүүдээс гадна хоёр ч уран бүтээлд тоглох гэж байна. Тэгэхээр эхлээд “Гэнэтийн билэг” жүжгийн дүрээс тань яриагаа эхлэх үү?
-Энэ жүжиг бол “Найзууд театр”-ын бүтээл юм. Залуу жүжигчин Ууганбаяр, түүний эхнэр найруулагч Уянга нар надад уг жүжгийн дүрийг санал болгосон. Он гарсны дараа санал тавьснаас хойш богино хугацаанд жүжиг бүтлээ. Залуучууд яахав эрч хүчтэй, шаргуу ажилласан. “Нарийн ногооны салат” нэртэй хошин жүжгийн зохиолыг Ж.Оргил гэж залуу гадаадын зохиолоос сэдэвлэн бичсэн юм билээ. Сүүлд нь уран бүтээлийн багийнхан ярилцаж байгаад “Гэнэтийн бэлэг” нэртэй болгосон. Орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий сонирхолтой жүжиг болно байх. Энэ жүжигт би дөч эргэм насны эхийн дүрийг бүтээж байгаа. Онцлог нь миний өмнө тоглож байсан ээжийн дүрүүдээс тэс өөр. Би драмын театрт орсноос хойш 60 гаруй жүжигт тоглосон байна. Сүүлийн үед бол ихэнхдээ л ээжийн дүрд тоглож байгаа. Залуу байхад залуухан дурлалт бүсгүйн дүр, эмэгтэйн дүрд тоглодог байсан бол одоо надаас ээжийн дүр салахаа больсон. Заримдаа эмээгийн дүрд ч тоглоно. Олон ээжийн дүрээр тухайн цаг үеийн байдлыг гаргаж байлаа. Тухайлбал, “Оролмаа эх” жүжгийн Должин, “Хайрын виз” жүжгийн Мядаг гэдэг ч юм уу. Харин “Гэнэтийн бэлэг” жүжигт оногдсон ээжийн дүр бол цэвэр драмынх биш дуулж, бүжиглэж, жүжиглэж буйгаараа ялгаатай бөгөөд арай орчин үеийн ээжийн дүр тул сонирхлыг минь татаад байгаа.
-”Гэнэтийн бэлэг” романтик жүжиг гээд байгаа. Үүнийг жүжгийн аль нэг төрөлд хамааруулахад хэцүү дээ?
-Цаг үе шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа өнөө үед хүмүүс харьцангуй чөлөөтэй сэтгэдэг болчихлоо. Романтик гэдэг нь үндсэндээ жүжгийн гол шугам юм. Хайр дурлалын ээдрээтэй нарийн, романтик үзэгдлүүдийг дуу, бүжиг, жүжгийн өгүүлэмжээр бага зэрэг хошигнон егөөдөж өгсөн. Гэхдээ үүнийг цэвэр мюзыкл жүжиг гэж ойлгож болохгүй. Жүжгийн төрлийн тухай ойлголтууд манайд шинэчлэгдэж байна л даа. Өнгөрсөн “Гэгээн муза”-д нэг хүний жүжгийн төрөл шинээр нэмэгдлээ. Гэхдээ энэ нь өмнө байсан зүйл. Тухайлбал, манай Жаамаа “Гамлет” жүжгийн 12 хүний дүрд хувилан ганцаараа уншаад бичүүлчихсэн цомог байж л байна. Сосорбарам ганц хүний театр гээд байгуулчихсан байх жишээтэй. Харин одоо арай өргөн хүрээнийх болж буйгаараа ялгаатай юм. “Шинэ юм гэж мартагдсан хуучин юм”-ыг хэлнэ. Урлагийн ямар нэг төрлийг манай ахмад үеийн уран бүтээлчид үндэслэчихсэн л байдаг байхгүй юу. “Гэнэтийн бэлэг” жүжгийн бид орчин үеийн шинэ дуулалт жүжиг гэж байгаа болов ч ХХ зуунд “Учиртай гурван толгой” гээд дуулалт жүжиг тоглогдож л байсан. Урлагийн төрөл зүйл чиглэл чиглэлээрээ гүнзгийрч хөгжөөд зарим нэг төрөл нь орхигдчихсон байсан байх. Харин одоо өнөөгийн нээлттэй нийгэмд жүжигчин хүн хөрвөх чадвартай байх тусмаа сайн. Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, болбол бүр хошин шог тоглочихдог байх хэрэгтэй болж байна. Цаг үе цаанаасаа ингэж шаардаж байгаа нь ч үнэндээ надад таалагддаг.
-Та амьдрал дээр хэр сайн ээж вэ. Таны хүү “Universe Best Songs” наадамд оролцон шуугиулж байсан. Хүүгээ урлагийн хүн болоход нь та хэр дэмжсэн бэ?
-Хүүхэд гэдэг чинь ээждээ амь амьдрал, баяр баясгалан нь болж байдаг юм шүү дээ. Би ерөнхийдөө дэмжсээн. Жаамаа бид хоёр чинь хүү охин хоёртой шүү дээ. Охин маань одоо гадаадад сурдаг. Би одоо зээтэй болчихсон. Лхагвадоржийн Төгөлдөр гээд бяцхан хөөрхөн амьтан байгаа. Хэдийгээр жүжигчний мэргэжил хатуу үедээ хатуу байж хүүхдүүдтэй минь хамт байх цаг хугацааг хомс олгодог байсан. Харин одоо эмээ боллоо. Хүргэнтэй ч боллоо. Хэдийгээр бяцхан зээ маань миний дэргэд байхгүй ч гэсэн эмээ бол өөрийнхөө хүүхдээс илүү түүн рүү явна гэдэг анхны мэдрэмжийг авсан. Одоо Туркт миний бас нэг гэрэл гэгээ, аз жаргал минь байна. Удахгүй аав, ээж нь сургуулиа төгсөхөөр ирнэ. Харин хүү маань одоо СУИС-ийн эстрадын дуулаачийн хоёрдугаар ангид сурдаг. Анх дуулж эхлэхэд нь би тэгж их дэмжээгүй, бас хориглож чадаагүй. Яагаад гэвэл эгчийг нь дуулна гэж байхад Жаамаа бид хоёр тас хорьсон байхгүй юу. Яагаад гэвэл тэр үед дөнгөж зах зээл эхэлж байсан болохоор урлагийн салбар уналтад орчихсон байсан. Миний охин чинь аавыгаа дуурайсан царай зүстэй, чамгүй авьяастай хүүхэд, хичээл номондоо ч сайн. Тэгээд бид хоёрт хоригдож байгаад гадаад явж сурмаар байна гэх болсон. Тухайн үед нь ч бид хоёр төсвийн ажилтай хүмүүс яаж юун гадаадын сургууль манатай байлаа. Тэгээд хэрэвзээ чадал чинь байдаг юм бол өөрөө яваад сур гэсэн. Охин маань ч ёстой өөрийнхөө эр чадлаар гадаад явж байгаад Туркийн нийслэл Истанбул хотын Олон улсын харилцааны сургуульд улсын зардлаар сурч чадсан. Гэхдээ сүүлд интернэтээр “Ээжээ би урлагийн хүн л болох байсан юм даа” гэдэг байгаа юм. Бүр нэг цусанд нь байгаа юм шиг. Тэр олон жил гадаадад сурчихаад дараа нь тэгж хэлдэг байна шүү. Тэгээд би охиндоо хэрвээ миний охин хүсч л байгаа бол одоо цаг үе сайхан болчихсон юм чинь хүссэнээрээ уран бүтээл хийж болно шүү дээ л гэсэн. Тэгэхээр урлагт хайртай үзэл бодол нь цээжнээс нь салахгүй л байх шиг байгаа юм. Тийм болохоор би хүүгээ хорьж чаддаггүй юм аа. Тэр дууны уралдаанд ороод амжилттай байж Солонгос улсыг ч үзчихээд ирсэн. Хэрхэн ямар уран бүтээлч болохыг нь цаг хугацаа л харуулах биз.
-Та энэ жил “Гэгээн Муза“-д нэр дэвшсэнгүй. Сүүлийн үед драмын театрын найруулагчид танаас тойроод байна уу, эсвэл та өөрөө зугтаад байна уу?
-Уран бүтээлч хүнд чинь тэр болгон гол дүр олдоод байхгүй. Гэхдээ би энэ жилийн Гран при шагнал хүртсэн “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрд тоглосон. Найдандорж найруулагч жүжигчдээ хоёр групп болгон хуваасан. Яг “Гэгээн муза”-д нэр дэвшүүлэх үзлэгийн тоглолтод нөгөө групп маань оролцож нэр дэвшсэн юм. Тухайн үед би манай группыг яагаад нэр дэвшүүлэхгүй байгааг найруулагчаасаа асуусан. Урьдчилсан үзлэгээр Хааны дүрд тоглосон Жаргалсайхан, Баясаа хоёр хамгийн өндөр оноо авсан тул тэдний группынхныг нэр дэвшүүллээ гэж тайлбарласан. Гэхдээ миний хувьд Муза авснаас ялгаагүй юм болсон. Яагаад гэвэл би нэр дэвшсэн бол Шивэгчний дүрээрээ л дэвших байсан. Харин яг тэр дүрд дээр нөгөө группт тоглосон Оюундарь маань “Гэгээн Муза”-гийн эзэн болсонд баяртай байгаа. Хувь жүжигчний ур чадвар өөр өөр ч бидний тоглосон дүр нэг байсан.
Би театртаа дүр аваагүй биш, олон жүжигт оролцон тоглож байгаа. Театрын урлаг маань өөрөө телевизийн урлаг шиг олон хүний хүртээл болдоггүй болохоор намайг юу хийж байгаад мэдэхгүй хүмүүс байж магадгүй юм. Би ч өөрөө тэр болгон би тийм, ийм юм хийж байна гээд сонин хэвлэлээр ярьдаггүй.
-Яагаад?
Энэ тал дээр би дутагдалтай байж магадгүй. Үнэнийг хэлэхэд би жүжигчдийнхээ нэг зүйлд их эмзэглэдэг юм. Тоглосон бүтээлийг нь үзэхээр гайхалтай юм биш байтал телевизээр ярихаараа гайхамшигтай урьд хожид байгаагүй гайхамшигтай бүтээл хийчихсэн юм шиг сүржин ярина. Тэр нь хувь жүжигчний ёс зүйтэй харшилж намайг эмзэглүүлдэг. Тэрийг уг нь судлаач шүүмжлэгчид хэлэх ёстой байтал өөрөө өөрийгөө магтаад байгаа нь надад учир дутагдалтай санагддаг. Магадгүй цаг үе нь биднээс тийм байхыг шаарддаг юм болов уу гэж бодох болсон.
Надад дүр олдохгүй байгаа биш олон дүр олдож байна. Гэхдээ театрт хүн хүссэн дүрээ авч чаддаггүй юм. Найруулагч өөрөө харсан, тохирно гэж бодсон дүрээ л өгдөг.
Тухайлбал, би “Гэгээн муза” наадам 10 жил зохиогдоход зургаад нь дэвшиж байжээ. Зургаан дүр дээр бусад жүжигчдээс шилэгдэж байсан гэсэн үг биз дээ. Харамсалтай нь би нэг ч удаа “Гэгээн Муза” авч байгаагүй. Гэхдээ би үүнд гутардаггүй. Яагаад гэвэл бидний зорилго шагнал авах биш юм. Шилдгүүдийн эгнээнд нэр дэвшиж байна гэдэг л нэр төрийн хэрэг. Ноднин жилийн “Гэгээн Муза”-д би хоёр ардын жүжигчин, гурван гавьяатын дунд ганц соёлын тэргүүнд нэр дэвшиж байсан юм байна. Тэгэхээр уран бүтээлчийнхээ хувьд хэн нэгнээс дутаад юм уу, авьяасгүйдээ ингээд байгаа юм биш ээ гэдгийг хэлмээр байна.
-Ардын жүжигчин Жамсранжав агсан та хоёрын хайр сэтгэлийн тухай хүмүүс янз янзаар л ярьдаг. Түүнд та эмзэглэдэг үү?
-Яг үнэнээ л хэлье. Энэ тухай ярихад надад жаахан эвгүй байдаг юм аа. Хүмүүс ч янз янзаар л ярьж, янз янзаар бодож явдаг байх. Гэхдээ яахав. Би маш сайхан ханьтай байсан. Жаамаатайгаа амьдарч байх хугацаандаа би аз жаргалыг амталсан, мэдэрсэн. Тийм учраас би өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун амьдардаг. Түүний минь үлдээсэн тэр сэтгэл зүрх, хайр бол одоо ч гэсэн надад гэрэлтдэг. Хоёр хүүхдэд маань ч бий. Миний байгаа байдлаас ч харагдаж байдаг болов уу. Тухайн үед хориг саад, хэл ам гээд хэцүү зүйл их байсан л даа. Гэхдээ бид хоёрын хувьд бие биедээ хайртай болчихсон хүмүүс чинь орчноо мэдрэхээ больчихсон байсан. Тиймээс л тэр бүхнийг даван туулж чадсан байх л гэж боддог. Жаамаагийн маань хувьд нэлээн хэцүү байсан байж магадгүй. Гэхдээ юм хэцүү байх тусмаа амттай байдаг. Жаамаатайгаа байсан үеэс минь сайхан дурсамж үлдсэн дээ. Хэдийгээр бид хоёрын амьдрал хэл ам хэрүүл шуугиан дотор өнгөрсөн ч гэсэн тэр чинээгээрээ бие биедээ тэмүүлж хайрлах, дурлах хамтын сайхан амьдарлыг үлдээсэн. Одоо зээгээ үзээд сайхан л байна.
-Гамлетад таны нөхөр тоглож байсан. Харин одоо дараагийн Гамлет гарч ирлээ. Уран бүтээлч хүний нүдээр харахад тэдний хооронд ямар ялгаа байна вэ?
-Цаг үе болгонд өөрийн гэсэн Гамлет байдаг гэж боддог. Жаамаа маань ХХ зууны Гамлет байсан бол С.Болд-Эрдэнэ ХХI зууны Гамлет. 33 жилийн өмнөх болон дараахь “Гамлет” жүжгийг цаг үеэ мэдэрчихсэн сайн найруулагчид найруулсан болохоор тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх юм надад байхгүй. Гагцхүү миний бардам хэлж чадах юм бол Жаамаа маань сонгодог стилийн жүжигт тоглоод сурчихсан, үг үйлдэл бүрээ төгс хийдэг байгалиас заяагдмал сайхан төрчихсөн хүн байсан даа. Үүгээр би Болд-Эрдэнийг муу гэж байгаа юм биш. Болд-Эрдэнэ бол энэ цаг үеийн Гамлет байж чадсан. Хамт амьдарч байсан хүний хувьд ханийгаа магтахад дүр дээр ажиллаж, дүрдээ уусан орно гэдгийг төгс эзэмшсэн хүн байсан. Би түүнийгээ Гамлетад тоглож байхыг үзэгчдийн суудлаас анх харж байсан юм. Хүмүүс ч хэлдэг. Жамсранжав гуайн тэр тоглолт, тэр дүр гэж ярина. Саяхан телевиз үзээд сууж байхад Сосорбарам гавьяат Жаамаагийн маань тухай ярьж байхыг сонсоод баярлаж л суулаа.
-Юу гэж ярьсан юм бол?
-Гамлет жүжиг нээлтээ хийгээд удаагүй байхад тэрээр нэг телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан. “Гамлет” жүжгийг дахин тавьж байгаад баяр хүргэе. Болд-Эрдэнэ сайхан тоглолоо, Наранбаатар маань сайн найрууллаа. Бүх жүжигчид нь жүжгээ амилуулж чадлаа. Энэ жүжгийг үзэхэд үнэхээр гайхамшигтай санагдсан. Хоёр дахь удаагаа үзэхэд Би Жамсранжав гуай агуу жүжигчин байсныг мэдлээ гэсэн. Үнэхээр хувь жүжигчнийх нь уран чадвар заяагдчихсан хүн байлаа даа.
-Та тавдугаар сард тоглогдох “Ромео Жульетта” мюзыклд Хатагтай Капулетын дүрд тоглох юм билээ?
-Тийм ээ. Уг мюзыкл Азид анх удаа тавигдах гэж буйгаараа онцлог. Манайд тавигдаж байсан драмын жүжгийн төрлөөсөө ч том бүтээл болох юм билээ. Яагаад гэвэл тэр чинь зөвхөн драмын жүжиглэлт бус дуу, бүжигтэй, драмтай байдгаараа том бүтээл юм. Манай Баатар найруулагч, мюзыклийн найруулагч Лхагвадорж хоёр ярьж байгаад намайг тэр дүрд тоглуулахаар болсон байна билээ. Би ч их баяртай байгаа. Драмынхан маань ч намайг дэмжсэн. Дуулах дуртайг минь тэд ойлгодог юм шиг байгаа юм. Би 2000 онд 12 дуутай “Унаган хайр” цомог гаргасан ш дээ. Одоо ч гэсэн боломж нь олдвол ахин гаргах болохоор олон дууг би дуулжээ. Хүмүүс намайг “Унаган хайр” дууг л дуулдаг гэж боддог юм шиг билээ.
-Ийм зүйл асууж байгаад уучлаарай. Танд ер нь хань бүлтэй болъё гэсэн бодол байдаг уу?
-Хань бүлтэй болъё гэсэн бодол уу. Яг үнэнийг хэлэхэд би одоохондоо завгүй байна. Энэ тухай юу гэж боддог вэ гэвэл би үнэхээр сайхан хүнтэй амьдарч байсан. Тийм болохоор шалгуур нэлээн өндөртэй юм шиг билээ. Гэхдээ одоохондоо үүнээс гадна амжуулах ажил их байна. Бурхан үнэхээр харж үздэг юм бол нэлээн нас ахисан хойноо нэг хүнтэй цайгаа хувааж уухыг үгүй гэхгүй. Гэхдээ хүнтэй амьдаръя гэсэн бодол ер нь төрөхгүй л байна. Хүүхдүүд байна, зээтэй ч болчихлоо шүү дээ.
Г.ЛХАГВАДОРЖ
http://www.dnn.mn/publish/?vid=36145
Эцсийн тушаал жүжгийн дуу – дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2109
Хайрыг хайрла жүжгийн дуу- дуучин Б.Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2110
Зүрхний уяа- дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2115
Жүжигчин дуу – дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2111
Бэрсүүт жүрж – дуучин Б. Нармандах ; дуучин МУГЖГ. Эрдэнэбат
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2106
Ааваа намайг уучил киноны дуу – дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2103
Төөрч учирсан амраг – дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2113
Оройтсон бороо – дуучин Б. Нармандах
http://on-toli.com/modules/audiod/visit.php?lid=2112
-Ноён Мо, та Мо Ян нэрээр бүтээлээ хэвлүүлдэг. Энэ нь “үл дугарах” гэсэн утгыг агуулсан. Та яагаад олон нийттэй, тэд дундаа сэтгүүлчидтэй уулзахаас татгалзаад байгаа юм бэ?
-Улс төрийн байр сууриа илэрхийлэх нь амаргүй учир. Би зохиолоо маш богино хугацаанд бичдэг, маш их боддог. Нэг үгээр хэлэхэл нэлээд бодолд автдаг хүн. Харин олны өмнө ярьсныхаа дараа өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлж чадсан болов уу гэж өөрөө өөрөөсөө байнга асуудаг. Уг нь бол бүтээлдээ улс төрийнхөө байр сууриа маш тодорхой илэрхийлсэн .
-Саяхан таны “Мэлхий” нэртэй ном герман хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн. Түүнд Хятадын эрх баригчдын хэрэгжүүлсэн ганц хүүхэдтэй байх бодлогын талаар өгүүлсэн байгаа. Тэрбум хүн бүрт хамаарах энэ бодлогын талаар та хувьдаа ямар бодолтой байдаг вэ?
-Эцэг хүний хувьд гэвэл хичнээн хүүхэдтэй байхыг өөрөө шийдэх нь зүйтэй. Харин офицер байсан хүний хувьд гэвэл төрийн албан хаагч бүрт хамаарах журмыг баримтлах ёстой. Хятадын хүн амын бодлогын асуудлыг шийдэхэд амаргүй. Гэхдээ нэг зүйлд би бүрэн итгэлтэй байдаг. Юу гэвэл хүүхэдтэй болохыг хүчээр хорих эрх хэнд ч байхгүй.
- “Мэлхий” романдаа та яг энэ талаар өгүүлсэн. Энэ бүтээлийн эхний хэсэгт өгүүлсэн зүйл нь Хятадад хэрэгжүүлсэн нэг хүүхэдтэй байх бодлогын талаарх таны өөрийн бодол уу эсвэл … ?
-Энэ бол эмэгтэйчүүдийн эмчээр хэдэн арван жил ажиллсан, тун ч ажилсаг хамаатны нэгэн эгчийн маань амьдралын тухай түүх. Тэрбээр амьдралдаа аймшигтай зүйл үзсэн бөгөөд энэ бүхнийг өгүүлэх нь зүйтэй гэсэн бодол маань уг бүтээлийг туурвихада хүргэсэн.
-Таны хамаатны эгч энэ номыг уншаад хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэрбээр романыг маань уншаагүй. Би түүнд уншихгүй байхыг зөвлөсөн бөгөөд “Та унших юм бол надад уурлана” гэсэн. “Мэлхий” роман нь дан ганц эгчийн маань тухай өгүүлсэн юм биш. Би бусад эмч нар болон өөрийнхөө үзэж харсан зүйлийг ч оруулсан.
-Таны бусад бүтээлд ч аймшигт түүхийг өгүүлдэг. Жишээ нь “Сармисны дууль” романд хөдөлмөрөө ашиглуулсан нэгэн хөл хүндтэй эмэгтэй амиа хорлодог. “Мэлхий” роман нь нэлээд хүнд бүтээл бололтой. Та түүнийг туурвихад арван жил зарцуулсан гэсэн. Яагаад тэр бэ?
-Би бүтээлийнхээ эр сурвалжлтай нэлээд их ажилласан. Бичэж дууссаны дараа сэтгэл санааны хувьд надад амаргүй байсан. “Мэлхий” роман бол өөрөө өөрийн шүүмжлэл гэж болно.
-Юу гэсэн үг вэ? Хүмүүсийг хүчээр үр хөндүүлэхэд хүргэж байсанд та буруугүй шүү дээ. Та энэ тухай бүтээлдээ л өгүүлсэн.
-Сүүлийн хэдэн арван жилийн туршид Хятад маш их зүйл үзсэн бөгөөд бараг хүн бүр өөрийгөө золиос хэмээн үздэг. Үнэндээ бол бүгд энэ бүхнийг хийлцэж, хүний амийг золиосолж байсан. Гэхдээ хэн ч ингэж байсан эсэхийг өөрөө өөрөөсөө асуудаггүй. Тийм болохоор өөрөө өөртөө энэ асуултыг тавихыг би “Мэлхий” романаараа дамжуулан уриалсан. Жишээ нь би гэхэд соёлын хувьсгалын үед 11 настай байсан. Улаан хувьсгалын цэрэг байсан төдийгүй багшийгаа олны өмнө шүүмжлэх арга хэмжээнд хүртэл оролцож явсан. Бусдын авьяас чадвар, аз жаргал зэрэгт атаархаж байсан гэсэн үг. Би өөрийн ирээдүйг бодон эхнэрээ үр хөндүүлэхийг шаардсан. Нэг үгээр хэлэхэд би буруутай.
-Та соёлын хувьсгалын үед сургуулиа орхиход хүрсэн. Гэсэн хэдий ч Хятдын Коммунист намд элссэн. Энэ талаарх таны бодол?
-Хятадын Коммунист нам 80 сая гишүүнтэй. Түүний нэг нь би. Би 1979 онд намын гишүүн болж Ардын чөлөөлөх армид алба хаасан. Хожим нь соёлын хувьсгал нь зарим нэгэн удирдагчдийн гаргасан алдаа байсан гэдгийг ойлгосон. Тийм болохоор энэ нь заавал намтай холбоотой юм биш.
-Та бүтээлдээ Коммунист намын гишүүдийг шүүмжилсэн. Романы баатар болох хамаатны эгч чинь ч энэ талаар маш радикаль байр суурьтай байдаг. Харин сая та байр сууриа маш зөөлөн илэрхийллээ. Энэ бүхэн нь хоорондоо зөрчилдөж буй хэрэг биш гэж үү. Энэ талаарх таны бодлыг сонсох гэсэн юм
-Би намын удирдах ажилтнуудыг шүүмжилсэн бол миний улс төрийн байр суурь зөрчилдөж байгаа гэсэн үг биш. Би намын бус, хүн төрлөхтний зохиолч гэдгээ нэг бус удаа хэлсэн. Хээл хахуульд автсан албан хаагчдыг л шүүмжилсэн.
-Хятадын зохиолч Лиао Юиву өнгөрсөн намар Германы Номын худалдааны шагналыг хүртсэн. Тэрбээр таныг төрийн зохиолч, намаас зай барьдаггүй хэмээн шүүмжилсэн.
-Би түүний хэлсэн үгийг уншсан. Түүний энхтайваны шагналыг хүртэхдээ хэлсэн үгийг ч уншсан. Тэрбээр Хятадыг таран бутаргахыг уриалсан. Би ийм байр суурийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Лиао Сычуань мужийнх. Түүний эцэг эх нь төрсөн муж нь Хятадаас салан тусгаарлаасай гэж бодохгүй л байгаа болов уу. Лиао ч сэтгэл зүрхнийхээ гүнд ингэж бодохгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэрбээр энэ шагналыг буруугаар ашигласан. Намайг шүүмжилсэн шүүмжлэл нь ч шударга бус.
-Та чухам ямар шүүмжлэлийг нь хэлээд байна?
-Жишээ нь тэр намайг Бо Силайн…
-Чонгинг мужийн намын дарга асан хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан…
-Шүлэгтээ түүнийг магтан дуулсан хэмээ. Харин ч тэр шүлэг нь эсрэгээрээ түүнийг шүүмжилсэн бүтээл байсан.
-Таныг шүүмжилэгчид шүлгийг тань санаатайгаар мушгин өөрийг тань Бо Силайг өмөөрсөн мэт ярьж байна гэж үү?
-Миний эсрэг байдаг хүмүүсийн дийлэнх нь зохиолчид буюу мөн л шүлэг бичдэг хүмүүс. Миний бичсэн тэр шүлэг нь ёгтолсон шүлэг гэдгийг та сайн мэднэ. Гэтэл намайг Нобелийн шагнал хүртсэнээс хойш миний алдаа гаргахыг хүлээж шүлгийн маань утгыг хүртэл мушгин гуйвуулах болсон.
-Та өнөөдөр Хятадын зохиолчдын эвлэлийн тэргүүн. Ер нь Хятадад Засгийн газраас хол байж амжилтанд хүрэх боломжтой юу?
-Миний албан тушаал бол нэр хүнд, хүндэтгэл. Намайг Нобелийн шагнал хүртэхээс өмнө миний энэ алба хэний ч анхаарлыг татаагүй. Нобелийн шагналтан сөрөг хүчин байх ёстой гэсэн бодолтой хүмүүс бий. Ийм байх ёстой гэж үү? Ийм хүмүүс миний туурвисан бүтээлийг огтхон ч сонирходоггүй. Уг нь Нобелийн утга зохиолын шагнал нь туурвисан бүтээлд олгодог биз дээ.
-Гэхдээ Хятадад хүний хэлсэн үг, бичсэн зүйлийнх төлөө үргэлж мөрдөн мушгиж шоронд суулгасаар байгаа шүү дээ. Ийм зохиолчдыг сулууллахын тулд та өөрийнгөө нэр хүнд, шагналыг ашиглах нь зүйтэй биш үү?
-Ли Хаобог аль болох хурдан эрх чөлөөтэй болоосой хэмээн би хүсдэг. Үүнийгээ ч олны өмнө нэг бус даа хэлсэн. Гэсэн хэдий ч над руу дайрч, хэлсэн зүйлийг маань давтан хэлэхэд хүргэж байгаа.
-Ли 2010 онд Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн. Тэрний талааар дахин дахин хэлэхд мэдээж өөр сэтгэгдэл төрүүлэхэд хүргэнэ л дээ.
-Энэ нь надад соёлын хувьсгалын үеийн үйл явдлыг санагдуулж байна. Хэрвээ хүсэх юм бол чи ярина. Хүсэхгүй бол хэн ч яаж байсан намайг дугаргаж чадахгүй.
-Таныг шүүмжлэгчдийн нэг бол нэрт уран бүтээлч Ай Вэйвэй.
-Тэр миний талаар юу гэсэн бэ?
-Тэр таныг төрин яруу найрагч гэсэн. Түүгээр ч зогсохгүй бодит байдлаас хөндийрсөн, Хятадыг төлөөлөх сэхээтэн биш гэсэн.
-Хятадын ихэнх уран бүтээлчид төр харьяалалтай биш гэж үү. Зарим профессор гэгдэж, зарим нь төрийн сонинд нийтлэл бичдэг. Тэдгээрийн хэн нь ч би Хятадыг төлөөлнө хэмээн хэлж чадахгүй. Би ч ингэж хэлэхгүй. Ай Вэйвэй ингэж чадах юм уу? Миний бодлоор үнэндээ бол хамаг л хар ажлыг хийж хогтой зууралдаж, зам тавьж байгаа хүмүүс л Хятадыг төлөөлнө.
-Та бол намын гишүүн төдийгүй коммунист утоп үзлийг баримтална гэдгээ нэг бус удаа хэлсэн. Гэтэл таны номууд коммунизм аажмаар үйлчлэхээ больж үгүй болж байгаа гэдгийн баталгаа биш гэж үү. Тиймээс энэ утоп үзлээс салах цаг болоогүй гэж үү?
-Марксын “Коммунист манифест” бүтээлд бичсэн зүйл нь үнэхээр гайхамшигтай. Миний бодлоор түүнийг амьдрал хэрэгжүүлнэ гэдэг тун ч амаргүй зүйл. Нөгөө талаас нь авч үзвэл Европ, тэрдундаа хойд Европын амьдралын төвшин өндөр орнуудыг хараад энэ нийгмийг Марксгүйгээр төсөөлж болно гэж үү гэсэн бодол төрдөг. Өөрөөр хэлбэл марксизм н капитализмыг аварсан гэж болно. Үнэндээ түүнийг үзэл бодлыг хэрэгжүүлсэн нь баруун. Харин бид хятадууд, оросууд болон зүүн европчууд нь Марксыг буруу ойлгосон.
-Таныг маш ихээр хүндэтгэдэг хүмүүсийн нэг бол Германы зохиолч Мартин Валсер. Тэрээр таны бүтээлийг “Аймшигтай бөгөөд сайхан зүйлийг маш тодорхой бөгөөд оновчтойгоор өгүүлсэн” хэмээн тодорхойлсон
-Би ч Мартин Валсерийг их хүндэтгэдэг. Хятад хэлнээ орчуулагдсан түүний бүх бүтээлийг би уншсан. Тэрбээр бүтээлдээ дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн германчуудын зан ааш онцлогыг маш тодорхой өгүүлсэн байдаг. Миний бүтээлийг үнэлсэн нь миний хувьд маш том хүндэтгэл. Миний бодлоор тэрээр Нобелийн шагнал хүртэх ёстой Германы зохиолчдын нэг. Гюнтер Грассын бүтээлийг ч би өндрөөр үнэлдэг. Мөн Герта Мюллерийн хятад хэлнээ орчуулагдсан бүтээлүүдийг би уншсан бөгөөд зарим нь үнэхээр гайхалтай.
-Таниас нэг ялгаатай тал нь гэвэл Гюнтер Грасс Засгийн газраа шүүмжилдэг. Үүнийгээ олон нийтийн өмнө нээлттэй хэлдэг бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсдэггүй.
-Тийм. Олон нийтийн өмнө иймэрхүү асуудлаар мэтгэлцдэг бусад зохиолчдыг би биширдэг. Би тэгдэггүй. Би олны өмнө гарч ярихаас эмээдэг.
-Тэгвэл Стокгольм хотноо болсон арга хэмжээнүүд нь таны хувьд ихэд амаргүй байсан байх даа?
-Тийм. Тиймээс ч муу юмнаас хамгаална гэж би олны өмнө гарахдаа байнга гартаа байнга модны хэлтэрхий атгаж байсан.
Зохиолч хүн бол ямар ч нам эвсэл, бизнес, шашны бүлэглэлд хамаарах ёсгүй. Энэ бол 1990 оны Нобелийн шагналт Бразилийн зохиолч Пауло Коэльо Нобелийн шагнал гардан авах Стогкольмын ёслолын танхимд хэлж даян дэлхийд тархсан үг билээ. Тийм ээ, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч нь амьдралыг чөлөөт сэтгэлгээгээр харах учраас бас 1990 онд монгол орон шинэ замыг сонгож байсан үе учраас Монголын зохиолч сэтгүүлч яруу найрагчдын дунд анхааралдаа авах ёстой тийм үг байсан. Энэ үг нь миний зүрх сэтгэлд хүрсэн.
Миний бие Нобелийн шагналт зохиолчдын амьдрал уран бүтээлийг сонирхон судалж нэг биш удаа өгүүлэл бичиж олон түмэндээ хүргэсэн билээ. Ингээд нэрт зохиолч Пауло Коэльогийн ярилцлагын хэсгээс та бүхэнд толилуулж байна.
“Алхимик”, “Тав дахь уул”, “Вероникагийн үхэх шийдвэр”, “Чөтгөр ба засаг ноёны эхнэр Прим”,”Ертөнцийн дайны ном” болон бусад зохиолоороо дэлхий дахинд алдаршсан Нобелийн шагналт Бразилийн зохиолч Пауло Коэльогийн зохиол бүтээл дэлхийн 55 хэл дээр орчуулагдан 37 сая хувиар хэвлэгдэн борлогдсон аж.
Саяхан түүний шинэ ном ОХУ-д орчуулагдаж нэг сая хувиар хэвлэгдсэн байна. Пауло Коэльог Москвад ирэхэд нь түүнтэй Оросын сэтгүүлч уулзан ийн ярилцсан аж. Бразил зохиолч, орос сэтгүүлчийн хоорондох сонирхолтой хөөрөлдөөнийг ахмад зохиолч, орчуулагч Т.Юмсүрэн гуайн хөрвүүлснээр уншигч танаа толилуулж байна.
-Аливаа хүн хувь заяагаа урьдчилан шийдэх явдал байх уу?
-Сонголтын асуудал, эрх чөлөөний асуудал бол хүнийг хорвоо дээр бий болсон тэр агшинд л гарч ирдэг зүйл.
-Хувь заяа, үйлийн үр гэж юу вэ?
-Миний бодож байгаагаар бидэнд тохиолдож байгаа, биднээс өөрсдөөс маань шалтгаалан гарч ирж буй бүх асуудал, асуудлын 90 хувь нь юм. Үлдсэн 10 мөн л нэлээд чухал хэсэг. Би хүний хувь заяаг энэ ширээтэй адилтгая. Энэ ширээнд долоон хавтгай мод байна. Эндээс тэнд хүрэх замыг туулах долоон боломж байна. Эндээс төрөөд тэнд үхнэ.
Эдгээр шугамын нэг нь таны энэ хорвоо дээр амьдрах ёстой хувь тавилан, амсах учиртай үйлийн үр. Чухамхүү энэ л чиний хувь заяа. Ерөөсөө чи ямар нэг юмыг даван туулах ёстой. Зарим үед энэ нь нэлээд их үнэ цэнэ шаарддаг удаатай. Ийм явдал надад олон удаа тохиолдсон. Та өөрийнхөө хувь заяанаас, энэ шулуун шугамнаас анхаарлаа битгий холдуулаарай. Хүн ямар нэгэн буруугаас ч юм уу, ямар нэгэн зүйлээс айснаас болоод шулуун явдаггүй.
Тэгэхдээ гол шугамаа баримтлан явах янз бүрийн боломж бий. Энэ шугам тоо томшгүй олон биш. Та муруй тахир шугамаар явж байж ч мэднэ. Гэхдээ ерөнхий чиглэл нь үргэлж нэг зүгт урагшаа байдаг. Таны зам хазайж муруйсан зүйлгүй, шув шулуун байлаач гэсэн төгсгөл нь үхэл байдгийг та мэднэ. Таны дагаж яваа зам чинь ямар ч мөчид эргэн үндсэн гол шугам руугаа очиж, хаана амьдралын баяр баясгаланг амсана тэр үед өөрийнхөө амьдарч байгааг баталж чадна. Амьдралынхаа замыг сонгон хувь заяагаа тодорхойлох боломж танд үргэлж бэлэн байж байдаг.
Харин үхэх зам чинь бүрмөсөн эхэлсэн тэр үед л таны сонгох боломж чинь төгсөж байгаа хэрэг. Та үхснийхээ дараа бол эрх чөлөөг сонгох боломжийг ашиглаж чадахгүй. Таны сонгох эрх хязгаартай. Та өөрийнхөө сонголтыг зөв хийхийн тул тэр талаар чин хүсэлтэй байх учиртай.
Өөрийн хувь заяа, хүслээ ямар ч үед өөрийн ерөнхий гол шугам руугаа эргэн орж үндсэн сонголтоо хийн, хувь заяаныхаа баримтлалаа үргэлжлүүлнэ. Миний тухайд гэвэл 38 настайдаа ийм сонголт хийсэн. Ингэснээр хүүхэд ахуй цагаасаа мөрөөдсөн мөрөөдөл зохиолч болох хүслээ биелүүлсэн.
-Хайр дурлал, хувь заяа ч юм уу мөрөөдөл байдаг. Эсхүл тэр нь мөрөөдлөө биелүүлэхэд саад тотгор болох уу?
-Хайр дурлал нь хэзээ ч саад тотгор болохгүй. Миний бодлоор бол энэ нь их хүч юм. Олонх тохиолдолд хайр дурлал нь хүнийг гарцаагүй тамирдуулдаг. Эцэг эхчүүд үр хүүхэд нь хайр дурлалтай учирсан үед аз жаргалтай байдаг гэсэн ойлголттой байх нь олонтаа. Эрэгтэй, эмэгтэй алин ч гэсэн ажиллаж амьдрахад хүрэлцэхүйц цалин хөлс авч, гэр бүлээ тэжээж чадах болов уу яах бол гэж айх явдал бишгүй тохиолдоно. Харин та хайр дурлал гэдгийг зөв ойлгйорой. Миний бодлоор бол хайр дурлалын мөн чанар нь эрх чөлөө. Би амьдралдаа олон үе шатыг туулсан.
Асуудлыг ингэж тавих ёстой гэдгийг ойлгосон. Дээрх үе шат бүрд би хэн нэгний амьдралд хор хүргэсэн байж мэднэ. Гэвч би тэр бүрд сэтгэл зүрхнийхээ дуудлагыг дагасан гэж ойлгодог. Эцсийн эцэст шийдмэг байх нь хөдөлгөөнийг урагшлуулдаг гэдэгт итгэдэг агаад тэр маань зөв байсан. Би болгооомжгүйгээсээ болж хамт ажиллаж байсан зарим хүнийг гомдоосон. Харин тэд надад баярладаг. “Алхимик” зохиолд минь гардаг Фатима, Сантъягогийн хайр дурлал нь түүнийг тамирдуулдаггүй, харин ч идэвхжүүлдэг.
-Таны мөрөөдөл таны хүчээ авсны дараа юу болов, хүний хувьд өөрийгөө хэрхэн олж зорилгоо биелүүлсэн бэ?
-Би ямар ч юмыг ерөнхийлөн дүгнэдэггүй. Харин танд хувийнхаа туршлагаас яръя. Миний мөрөөдөл бол зохиолч болох явдал байлаа. Би амьдралынхаа тодорхой нэгэн үед одоогийн яваа энэ зам руугаа орсон. Би урьдаас бодож төлөвлөсөн шугамаа баримтлахаар шийдсэн. Зохиолчийн үйл ажиллагаагаа эхэлснээр зохиолч болсон. Энэ нь цаг үргэлж бичээд байна гэсэн үг. Шинэ дуудлага хүчээ авна. Ингээд л мөрөөдлөө биелүүлэхийн тулд байнга аян замд явах учиртай. Та юу бодож мөрөөдөж байна, тэр л зүйл рүүгээ байнга урагшилж бай.
Би зохиолч хүн учир үргэлж урагш давшиж өөрийгөө харуулж байх ёстой. Таны мөрөөдөл…та өөрөө байшин бариулах тухай мөрөөдөж болно. Тэгэхдээ бид энэ удаа материаллаг зүйлийн тухай биш амьдрал гэдэг юу юм, түүний мөн чанар зэрэг оюун санааны асуудлын тухай ярьж байна.
Мөрөөдөл гэдэг нь гол шугам нь, түүнд таны оршин амьдрахын учир утга агуулагдана. Та энэ л мөрөөдлөөр амьдардаг. Та баримтлан дагаж яваа замынхаа аян дунд мөрөөдлөө биелүүлдэг.
-Та ярьж байгаагаасаа илүү ихийг мэддэг үү. Эсхүл мэдэж байгаагийнхаа хэрээр ярьдаг уу?
-Би зарим зүйлийн тухай ярихын өмнө сайтар тунгаан боддог. Өөр нэгэн тохиолдолд хэдий хэмжээний зүйлийг мэдэж байна тийм л хэмжээнд ярьдаг.
-Хүмүүс ойлгохгүй юм шиг санагдсан зүйлийнхээ тухай бичихгүй байх тохиолдол байдаг уу?
-Ямар ч тохиолдолд тэгж болохгүй. Та хэрвээ ном бичих учиртай бол энэ талын хэрэгцээг ойлгох хэрэгтэй. Ингээд л сонголтоо хэрэгжүүлэх ёстой. Чи хэрвээ эмгэнэлийн тухай ярьж байгаа бол тэр нь миний “Тав дахь уул зохиолд гардаг шиг эмгэнэлээр хязгаарлагдах ёстой. Би хэрвээ элдэв янз байх тухай ярьж байгаа бол зохиолд гарах хүмүүс маань тус бүрдээ өөрийн гэсэн онцлогоороо ялгарч байх учиртай. “Вероникагийн үхэх шийдвэр” зохиолоо би ийм аргаар бичсэн.
Миний зохиол тус бүр, түүнийг бичсэн арга маань өөрийгөө ойлгох гэсэн оролдлого, миний нэгэн хэсэг. Би ном бичих гэж байгаа бол сэдэв дээрээ бүрэн төвлөрдөг нь мэдээжийн хэрэг. Шинэ номоо өөр хүнд үзүүлээгүй, хэвлэлийн газарт өгөөгүй бол эцсийн эцэст түүний анхны уншигч нь би өөрөө байдаг.
-Таны тухайд уншигч чинь чухам хэн бэ?
-Би зохиолынхоо баатруудыг тодорхой, дүрслэн бичдэггүй. Миний зохиолд тэгж тодорхойлон бичсэн хэсэг байхгүй. Би ийм зүйлийг бичихгүй. Зөвхөн бага сага мэдээлэл өгнө. Харин уншигч л түүнийг цааш нь ургуулан бодож гүйцээж ойлгох учиртай. Иймээс би уншигчдаа хамтран зохиогч гэж нэрлэдэг. Та миний
байхын сайхан тал нь юунд байна. Миний бичсэн тэр зохиолын талаар уншигч та бид ав адилхан хэмжээний хариуцлага хүлээнэ гэсэн үг.
-Танд ямар сайн чанарууд байдаг вэ?
-Миний хамгийн сайн чанар гэвэл нилээд зоримог зантай. Үүний зэрэгцээ надад бүр хэвшсэн элдэв янзын дутагдал байгаа нь гарцаагүй. Харин зоримог чанар миний гол хамгаалалт. Өдрийн ажил дуусах үед өөрийгөө толинд хараад “би айж хулчийлгүйгээр хийж чадах бүхнээ хийсэн гэж хэлж чадах уу”, “бодож төлөвлөсөн тэр алхмаа хийсэн үү” гэж асуудаг.
Дараа нь би ямар нэгэн зүйлийг тааруу хийсэн бол өршөөл гуйх юм уу, буруугаа хүлээж чадна. Харин энэ өдөр би юу хүсэж, яах гэж байсан түүгээрээ л байдаг. Би хүн болохоороо амьдрал үхэлд ухамсартайгаар хандах хандлага надад бий. Би үүнийг ухаарч байна. Ингээд би хэзээ нэгэн цагт хорвоог орхино. Ийм учир бүр хором бүрт тэгж амьдрах ёстой. Бурханаас надад хайрласан амьдралд хандах хандлагыг тэр янзаар нь авч явах учиртай. Өдөр дуусах үед би толио аваад “Би энэ өдөр хэрхэн амьдарсныг чи надад хэлж өг” гэж гуйдаг.
-Амьдралд мэдвэл зохих хамгийн чухал нь юу вэ?
-Таны мөрөөдөл. Тэр чинь л чухал.
-Та хүүхэдтэй юу?
-Би хүүхэдгүй.
-Таны зохиосон номуудыг өөрийгөө танихыг хичээсэн оролдлого гэж ойлгож болохуу, өөрийгөө ойлгоход тусалдаг энэ зэвсгээрээ аялал хийж болох уу?
-Энэ бол аялалын маш сайхан хэрэглүүр, маш сайхан зэвсэг. Та өөрийнхөө дассан ердийн орчин, бичдэг ердийн хэв маягаа өөрчлөөд үз. Ийм нөхцөлд та бусад хүмүүсийн өмнө өөрийгөө дасал дадал болсон үүргээсээ чөлөөлөх болно. Та тийм л байдлаар өөрийнхөө сэтгэлгээг өөрчилнө. Онцлон хэлэхэд та огт мэдэхгүй орны хэл зэрэгтэй тааралдана. Би орос хэлийг мэдэхгүй. Энд юу ч ойлгохгүй бүх юм маш амар байна. Би яваад л, үзээд л сэтгэн бодох үйл ажиллагаа минь хялбархан байна. Нутагтаа байхдаа португалиар сэтгэж илэрхийлж, бодож байсан тэр асуудлууд онцгой чухал биш байсныг би одоо үзэж ойлгож байна. Хамгийн гол нь өөрийн дадаж дассан орчин өөрийн ердийн байдлаасаа л гараадах. Тэгэхэд чинь цоо шинэ огт үзэж мэдээгүй зүйл учирч тийм мэдрэмж төрнө. Аялал танд урьд төсөөлж байснаас чинь илүү их чадавхи эзэмшихэд чинь тусална.
-Та өнөөдрийнхөөрөө амьдарч явна уу, эсхүл ямар нэгэн зүйлийг маргааш гэж хойш тавьдаг уу?
-Би бүр зуун хувь өнөөдрөөр амьдарч байна. Тэр хэрвээ надад байгаа боломжийн тухай ярьж байгаа бол хэлье. Энэ мөчид би зөвхөн таныг, таны харцыг харж байна. Энэ бүхэн бол миний боломж. Би түүгээрээ амьдарч байна. Маргааш би номын дэлгүүр очиж номон дээрээ гарын үсэг зурж хүмүүст өгнө гэдгээ мэдэж байна. Харин одоо бол энэ тухай огт бодоогүй. Энд л амьдарч байна. Түрүүн би чиний тавьсан асуултын хариуд надад байгаа хамгийн сайн чанар бол зоримог зан гэж хариулсан. Энэ нь надад байгаа цорын ганц сайн үйлс.
-”София” хэвлэлийн газраас таны номыг орос хэлээр орчуулан гаргасан. Түүний зураг чимэглэл нь ямар санагдав.
-Зураг чимэглэл нь гайхамшигтай. Тун сайхан ажил болсон.
-Та уран бүтээлээ орчуулах орчуулагчаа хэрхэн яаж сонгон авсан бэ?
-Би орос болон япон хэлээр унших байтугай нэрээ ч гаргахгүй. Гэхдээ гэрээ байгуулж байгаа тэр үедээ энэ маань зөвхөн гэрээ төдий зүйл би, ямар нэгэн материаллаг баялаг бий болгож байгаа юм. Энэ гэрээгээр ёс суртахууны үүрэг хүлээж байгааг та ойлгох хэрэгтэй. Тиймээс зохиолын маань эх болон орчуулга хоёрын уран сайхны харьцааг тохируулан орчуулагчийг хэвлэлийн газар маань олсон гэдэгт би итгэж байгаа.
-Таны бие дээр буй шивээсийг хэзээ хийлгэсэн, ямар учиртай юм бэ?
-Энэ бол эрвээхэй. Алхимийнхний /дундад зууны үеийн шид тарнийн шинжлэх ухаан/ бэлгэдэл. Та үүнийгөөрчлөн мэлхий юм уу, өөр нэгэн амьтан болговол адил чанар нь алдагдахгүй. Үүнийг 1980 онд Марсжкод хуучны ёс журмаар нь хийлгэсэн юм.
-Таны зохиосон номд “Та ямар нэгэн юмыг хүссэн үед танд туслахын тулд орчлон ертөнц цөм нэгдэнэ” гэсэн мөр байна. Үүний учрыг тайлбарлаж өгнө үү?
-Үүнийг тайлбарлахад амаргүй учир би тайлбарлахгүй. Ертөнц бол туйлын эмх замбараагүй зүйл. Харин бид хүссэн тохиолдолдоо өөртөө хэрэгцээтэй тэр бүтээгдэхүүнийг бий болгоно. Харин бид ямар нэгэн мөчид гай зовлон авчирсан азгүй амьдралыг өөрсдөө сонгосон. Ертөнцийн ямар ч оюун ухаан таны төлөө сонголт хийж юу нь ямар байна гэдгийг дүгнэж цэгнэхгүй. Тиймээс хүсэлдээ болгоомжтой хандах учиртай.
-Таны номыг уншихад хялбар байдаг. Та зохиолоо бичихдээ их цаг зарцуулдаг байх даа. Ер нь бүтээж туурвихын нууц нь юунд оршдог юм болоо.
-Уран бүтээлийн үйл явц бол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай үргэлжид эмэгтэй хүнийх байдаг. Энэ бол маш зөв хариулт. Миний бодлоор бол таныг зохиолоо бичиж байх үед энэ нь оросоор тийм ч сайн сонсогдохгүй байж болно. Ийм үед та амьдралыг хайрлаж ханд. Ингэж хандсан цагт эцсийн эцэст та ямар нэгэн зохиолоор жирэмсэлнэ. Энэ үед түүнийг эцэг нь хэн бэ гэдгийг мэдэхгүй. Энэ зохиолоо бодож боловсруулж байхдаа өнөөдөр хамар нь, маргааш нүд нь бий болно гэх мэтээр битгий бод. Та зүгээр л амьдарч бай. Тэр чинь таны ухаан санаанд аяндаа боловсорно. Харин миний хувьд ингэж ажиллах ёстой гэсэн төлөвлөгөө гаргаж ажилладаггүй. Би ямар нэгэн үзэл санааг ойлгоод ердийн байдлаараа амьдарч байтал зохиолын санаа бүрэлдэн бий болно.
Ийм дараалсан буюу мөчлөг “жирэмслэлт” хоёр жил орчим хугацаанд үргэлжилдэг. Ингээд л уг үйл явц дуусах үед би хүүхдээ төрөх ойртсоныг ухааран, гарах цагийг нь хүлээдэг. За ингээд хүүхэд төрөх явц нь нилээн хурдан болж өнгөрдөг. Харин би ээж нь түүний хажууд нүд анидаг.
Би ямагт маш хурдан бичдэг. Би хоёр жил тээж явсан үрээ cap засаж янзална. Дараа нь хоёроос гурван удаа дахиж уншиж үзнэ. Харин энэ бүхэн үндсэндээ cap юм уу, cap хорь хоног үргэлжилдэг байх шүү.
http://dumee.miniih.com/index.php/home/post/71
Ер нь испани бол бас л гайхамшигтай уран зохиолын хэл шүү дээ … Испани, Латин Америкийн уран зохиол гэж агуу том, дундаршгүй далай шиг ертөнц байна. Испани хэл дээр маш олон гайхамшигтай ном зохиол, уран бүтээл гарч байдаг. Тэрний зах зухаас чадах ядахаараа хүргэе гэсэн бодол байгаа. Харин ийм том хүний номоос эхэлсэндээ өөртөө бяцхан баяртай байгаа шүү!
http://kopnyamka.blogspot.com.au/2011/06/blog-post_6819.html