Quantcast
Channel: П. Батжаргалын интернет ертөнц
Viewing all 579 articles
Browse latest View live

“Guys” хамтлагийн дуучин, “LVA” энтертайнментийн захирал, жүжигчин Д.Лхагва. МУНДАГ БАГШ НАРЫН АЧААР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВЖ БАЙНА

$
0
0

“Эрээн чамин хувцастай

Энгийн нэгэн охин

Эгцэлж над руу ширтсээр ойртон ирлээ

Урьд өмнө ийм л охин

Үзээгүй миний зүрх

Өөрийн эрхгүй сайханд нь дурлаа юу”хэмээх үгтэй дууг зуслангийн том ах эгч нарыг дуурайн ёс юм шиг цээжлээд, том хүний дуу дууллаа гэж өвөөдөө зэмлүүлж билээ. Хожим “Guys” хамтлагийн “Хөөрхөн охин” дуу байсныг мэдэж, тэдэнтэй эчнээ танилцсан юм. “Манан”, “Бороо”, “Навч”, “70 baby”, “Angelo” гээд хит болсон дууг нь тоочоод байвал барагдахгүй.

Охидын шүтээн, зүрх догдлуулан, сэтгэл гижигдэх уянгалаг дуунуудын эзэд одоо тус тусын уран бүтээлээ хөөж, “Guys” хамтлаг дурсамжийн хэлтэрхий дэх хөг болон үлджээ. Тус хамтлагийн дуучин, “LVA” энтертайнментийн захирал Д.Лхагватай ярилцлаа. Дуучин Минжинсорын “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу”-ны клипэнд мафийнхантай буудалцдаг танхай хэрнээ царайлаг хүүгийн дүрээр сэтгэлд үлдсэн Д.Лхагва аль хэдийнэ том ах болж, хослолоор гангаран, сайн ажиглавал бүдэгхэн үрчлээ нүднийх нь доор суусан авч харц нь яг хэвээрээ…

-Саяхан болж өндөрлөсөн “Academy awards 2013” наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Аль төрөлд шагнал авна гэдэгтээ итгэлтэй байсан бэ?

-Манай кино дуугаараа шагнал авсан. Найман номинацид нэр дэвшүүллээ. Анхнаасаа гайгүй гэж найдсан төрөлдөө л нэр дэвшүүлнэ шүү дээ. Шүүлт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэндээ ч тэр үү, бүгдэд нь өгчихье гэсэн бодлоготой юм шиг санагдсан. Түүхэн кино гэхээрээ сайн бүтээл гэж ойлгодог юм шиг. Мэдэхгүй ээ, олон жил урлагт зүтгэсэн мундаг хүмүүс шүүсэн болохоор өөрөөр харсан байх.

-“Дурлалын гэмт хэрэг” кинонд хайрынхаа төлөө хэрэг хийж буй залуугийн тухай өгүүлдэг. Хайрын төлөө гэмт хэрэг хийх зөв үү?

-Яг чин үнэнч, аугаа хайрын төлөө гэмт хэрэг хийж болно шүү дээ. Тэгэхдээ кино гэдэг уран сайхантай учраас амьдрал дээр тийм зүйл ховор. Хэн нэгэнд хайртай юм бол үнэнч байгаасай, хайраа мэдрүүлээсэй гэсэн санааг л киногоороо хүмүүст хүргэхийг хүссэн. Одоо үед хүмүүсийн амнаас хайраа гэдэг үг амны уншлага шиг гарч, тэгж дуудах нь ёс төдий болж. Гэтэл тэрнийхээ хэмжээнд хүрэхээр хайрлаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй.

-Тэгвэл та хайрынхаа төлөө эрсдэл гаргаж байсан уу?

-Хоёр буга согоогоо булаацалдан мөргөлддөг шиг хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэлдэж байж эхнэрээ өөрийн болгодог байсан гэж ах нар ярьдаг юм. Дурласан охиноо харамлаж, өөр дошны залуутай зодолддог байсан гэсэн. Би эхнэрийнхээ төлөө тодорхой хэмжээнд өрсөлдөж, олон захидалд булуулж байхад нь онцгойрох гэж үздэг байсан.

-Энэ киноны гол дүрийн хоёр бие биедээ муу зүйл хийж байсан ч эцэстээ нийлж төгсдөг. Хэрвээ кино үргэлжилсэн бол хоёр биенээ хуурчихаад цаашдаа аз жаргалтай байж чадах байсан болов уу?

-Харин яах байсан бол? Бие биедээ үнэхээр хайртай байсан юм чинь хамтдаа амьдарна шүү дээ. Тэгэхдээ үүнээс санаа аваад, тийм асуудалтай учирсан хоёр цаашдаа амьдралаа яаж авч явах вэ гээд хоёрдугаар ангийг нь хийвэл сонин л юм байна.

-Одоо ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоохондоо төлөвлөсөн юм байхгүй. “Дурлалын гэмт хэрэг” киногоо хөдөө орон нутгийнханд үзүүлэх, гаднын наадмуудад оролцуулах зэрэг олон ажил өмнө минь байна. Энэ кинонд “Никитон”-ы Баачка ахтай хамтарснаар бид илүү сайн ойлголцсон. Цаашдаа хамтарч ажиллах бодолтой байгаа.

-Та нэг ярилцлагадаа Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” зохиолоор кино хийх мөрөөдөлтэй гэсэн байсан. Барагтай найруулагч кино хийж чадахааргүй энэ зохиолыг яагаад сонгох болсон бэ?

-Яг үнэндээ би тэр ярилцлагыг өгөөгүй юм аа. Ямар цахим хуудас байлаа даа, зуун асуултад хариулсан болгоод миний өмнөөс биччихсэн байсан. Уншиж үзэхэд зарим хариулт нь таараад байсан. Сүүлдээ бүр би өөрөө хариулсан ч юм уу гэж бодоход хүрсэн шүү. Хойд насандаа нохой болохыг хүсдэг, уртын дуу аялах дуртай гээд их сайн зохиож бичсэн байна лээ. Энэ тухай фэйсбүүк хуудастаа тавихад урлагийн найз нөхөд маань “Байдаг л зүйл. Ярилцлага өгөхөөс татгалзвал зохиогоод биччихдэг юм” гэж байсан.

-“Guys” хамтлаг сүүлийн үед яагаад уран бүтээл хийхгүй байна вэ. Эсвэл тарсан юм уу. Танай хамтлаг энэ жил 16 нас хүрч байна. Сонсогчдодоо бэлэг барих уу?

-Хамтлагуудад мөчлөг гэж байдаг юм байна лээ. Эхлээд уран бүтээлээ хүмүүст хүргээд, тэгээд мандаад, дараа нь хүрэх газраа хүрээд больдог. Бид айл гэрийг авч явах насанд хүрсэн учраас гэр бүлээ эхэнд тавина. Мөн мэргэжлээрээ ажиллах шаардлагатай. Үргэлж хамт яваад байж чадахгүй. Нэг нь кино найруулж байхад, нөгөө нь өөр бүтээлд тоглож байх жишээтэй. Бид албан ёсоор тараагүй ч аяндаа өөр өөрсдийн замаа хөөсөн. Одоо нийлээд дуу хуураа хийх нь хаашаа юм. Гэхдээ тоглолт хийнэ гэсэн бодолтой байдаг. Хэзээ энэ яриа ажил хэрэг болохыг хэлж мэдэхгүй байна.

-Жүжигчний ангийн оюутнууд дуулж олонд танигдвал дараа нь мэргэжлээрээ ажиллахад хялбар гэсэндээ хамтлаг байгуулсан юм биш биз?

-Арван жилийн сургуулиа төгсөөд тал талаас СУИС-д ирсэн. Бүгд л дуулж бүжиглэх сонирхолтой. Залуучуудын дэврүүн сэтгэлээр “Guys”-ыг байгуулсан. Манай хэдийн эдэлж хэрэглэж байгаа зүйл, биеэ авч яваа байдал ангийнх ангийнхнаас эрс ялгаатай, нэг алхмын өмнө байсан учир харваас бусдаас онцгой байсан. Тиймээс ч сонирхол нэгдэж найзалсан. Багш нар ч гайхна. Намайг хоёр чихээ цоолсныг хараад дуурийн дуучин Д.Жамьянжав багш “Эрэгтэй хүүхэд байж ээмэг зүүлээ” гэж загнахад Хайдав гуай өмөөрч “Харин ч аятайхан юм биш үү. Одоогийн хүүхдүүдийн стийл өвөрмөц, гоё юм” хэмээн өмөөрч байсан.

-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг. Танай хамтлагийн анхны дуу ямар нэртэй байсан бэ?

-Тэр үед дуу бичлэгийн студи гэж байхгүй учраас FM-ийнхний ажлыг тарсан хойно, шөнө дуугаа бичүүлнэ. Пафф Дайддигийн “I’ll be missing you” дууны аян дээр “Зүгээр л” гэж дуу хийсэн. Дуугаа би чүүлчихээд сонссон чинь бүгд хоолойноосоо ичээд, таа лагдаагүй. Маргааш нь ангийнхандаа сонсгоод, ангийн жижиг тайзан дээр дуулж үзүүлтэл тэдэнд маш их таалагдаж, гадаадын одуудын тоглолт үзэж байгаа юм шиг өмднөөс зулгааж, охид хоолой боож татаж чангаагаад л. Биднийг цаашлуулж, фен болж наргиж байхгүй юу. Тэгэхдээ тэр нь төд удалгүй биеллээ олсон.

-Оюутан байхдаа ид мандаж байсан болохоор сургуульдаа од байсан байх. Нэлээд атаман байсан гэж сонссон.

-Бид эхэндээ нэлээд тэмцлийн дунд сурсан. Манай багш урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн шүү дээ. Жүжигчин Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар манай багшийн шавь. Багш минь тэднээс хойш шавьгүй явж байгаад манай ангийг дааж авсан юм. СУИС-ийн үндсэн багш биш болохоор биднийг ч бусад ангийн хүүхдүүд гадуурхах гэнэ. Өөрсдийн гэсэн ангигүй учраас сургуулийн хонгилд засвар хийж, хана босгоод анги болгосон. Ангидаа үргэлж гитар хангинуулаад л сууж байдаг байлаа. Хүний доор орчихгүй, дээрэлхүүлдэггүй омголон залуус байсан.

-Жүжигчний ангийнхан байж дуулж хуурдлаа гээд багш нар тань уурладаг байв уу?

-Тайзны ярианы багш Р.Уртнасан гэж хүн бий. Одоогийн энэ нийгмийн хөшигний цаана байдаг арын хаалга, бялдуучлал үйлчилдэггүй, жинхэнэ зарчимч хүн дээ. Бид тоглолт гээд хичээл их тасална. Тэр хүн бидэнд муу тавиад зөндөө унагаж байсан. Та нарын урлаг соёл хамаагүй, нэг ажлыг нөгөөгөөр алж болохгүй гэнэ. Бид шөнө ангидаа цуглаж хичээлээ хийгээд дүнгээ авна. Түрүүний чиний хэлдэг шиг атаман байсан гэдэг үнэн. Залуу хүүхдүүд алдаж байсан юм зөндөө. Нэгнийгээ хөөргөөд архи дарс ууж, зодоон цохион хийнэ. Дуу хуур гээд хичээлээ тасалж, кредит хүрэхгүй үе ч бий. Багш нарын зөвлөлийн хурлаар орж хасагдахдаа тулж байхад Г.Жигжидсүрэн багш бидэнд итгэж олон удаа аварч байсан. Гэлээ гээд итгэлийг нь алдаагүй ээ. Хатуу чанга, сахилга баттай мундаг багш нарын шавь байсан тулдаа одоо бид нүүрийг нь улайлгахгүй явж байна.

Ийн бидний яриа амьдралын утга учир, аз жаргалын тухай цааш хөврөв. Нэлээд гуйлгасны эцэст ярилцлага өгсөн тэрбээр анх уулзахад их зантай мэт сэтгэгдэл төрүүлсэн ч төд удалгүй тэр төрх оргүй алга болж ямар ч баггүй, бодсоноо л хэлдэг шулуун шударга, илэн далангүй нэгэн болж хувирсан.

Б.ДӨЛГӨӨН



Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан. Энэтхэгт Монгол лам нар хаалга ч байхгүй шавар байшинд амьдарч байна.

$
0
0
Өнөөдөр 11 цаг 12 минут

Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан Энэтхэгийн “Гомон” дацангийн барилгын  ажилд хандив өгөх зорилгоор уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэнд 270 монгол лам хаалга ч байхгүй нийтийн байранд амьдарч, бурхны ном үзэж, бусдын төлөө буян үйлдэж суухад шинээр барих дацангийнх нь санхүүжилтэд бага ч болов хөрөнгө нэмэрлэх нь өглөг гэж бодож байна хэмээн ярих түүнтэй өөр юуны талаар ярилцсанаа сонирхуулъя.

-Дацангийн ажилд хандив өргөх болсон нь танай ах Д.Гур­ван­сайхан тэнд сууж, бурхны ном үздэгтэй холбоотой болов уу?

-Тийм ээ. Би тэнд очиж үзсэн. Ээжтэйгээ хамт явсан л даа. Манай лам нар дулаан орон болохоор л болдог байх гэхээр байранд суудаг юм билээ. Арав гаруй настай хүүгээс авахуулаад янз бүрийн насны лам бий. Тэднийг тохилог байртай болгох үйлсэд гар бие оролцох нь миний үүрэг гэж бодоод шинэ уран бүтээлийн тоглолтын орлогоо хандивлах гэж байгаа юм.

-Далай лам тэр барилгын ажилд тусалж мөнгө өгсөн гэсэн үү?

-Тэгсэн, 100 мянган доллар өгсөн. Түүний дараа манай Гандантэгчинлэн хийд зэрэг бурхан номын газрууд хөдөлж эхэлж байх шиг байна.

-Танай ахын тухай, Өвөрхангайн Дэлгэрсайханы гурван сайхан хүүгийн тухай яриа нутаг оронд тань нэлээд байдаг юм билээ. Ялангуяа ах Д.Гурвансайханы тань талаар домог мэт хууч байдаг. Бадарчин шиг даяанчилж хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан гэдэг. Энэ талаар дараа нь ярихаар хойш тавиад уран бүтээлийн шинэ тоглолтынх нь тухай асууя…

-Тэг ээ.

-Нэг япон жуулчнаас Монголд яагаад олон удаа ирэх болсныг нь асуухад “Талын чимээ сонсох гэж улирал бүрт ирдэг” гэсэн байсан. Тэр санаанд орж байна. Аниргүйгээс ямар хөгжим гардаг юм бол?

-Голын доторх хуурайг хэн мэдэрнэ вэ, галын доторх жаварт хэн жихүүцнэ вэ. Аниргүйн дундах хөгжмийг хэн сонсох вэ гэж З.Түмэнжаргал гуай бичсэн. Номонд нь ийм шүлэг бий. Ийм таван дөрвөн мөртийг нийлүүлж хөгжим болгоод нэрээр нь тоглолтоо нэрлэсэн юм. Яагаад энэ таван дөрвөн мөртийг авсан бэ. “Өчүүхэн зайд амьдрах хэдэн бор хүнд юм юм хэцүү” гэж яг одоогийн цаг үеийг хэлсэн. З.Түмэнжаргал гуайг анзаарахад уран бүтээлчийн хувьд дууны сайхан шүлгүүд бичээд гоё дуулуулаад л байсан бол, хувь хүний хувьд улсаа, эх орноо яаж мэдэрч байсан юм бэ гэдэг харагддаг. Харамсалтай хувь тавилан. Амьд ахуйд нь бор дарсанд дурласнаар нь дуудаад л байдаг байсан. Гэтэл тэр хүн юу бодож эмзэглэж явдаг байсныг сонирхож тоож байсан хүн байгаа юм уу. Унаад өгөнгүүт нь шууд мартаад өөр хүмүүстэй наалдаж эхлэх. Муухай араншин. Гэхдээ энэ бидний, манай монголчуудын л араншин. Заримдаа монголчууд бүгд зусарч болчихсон юм уу гэх бодол ч төрдөг. Бас энэ Монгол Улс маань хаашаа яваад байгаа юм гэхээр байх юм. Өөрийн гэсэн жолоодлого байхгүй, аль нэг улсын мэдэлд орчихсон ч юм шиг санагддаг. Урлагийн хүн энэ салбар дахиа илүү харна. Түүнээс цаадах нь ч хэцүү л байх юм. Энэ бүхнийг орхиод голын доторх хуурай, галын доторх жавар гэдэг шиг аниргүйгээс ямар чимээ, хөгжим гарахыг үзэгчидтэйгээ хамт мэдрэх гэж энэ тоглолтыг хийх гэж байгаа юм. Дуурийн зургаан сайхан гоцлол дуучин зөвхөн төгөлдөр хууртай миний бичсэн романсуудыг дуулна. Мөн гоцлол хөгжимчид хөгжимдөнө. Тайзан дээр төгөлдөр хуурч, гоцлол дуучин, романс. Өөр юу үгүй тэр аниргүйгээс ямар хөгжим, дуу сонсогдох бол. Үүнд хөтлөгдөж би романсуудаа бичсэн. Бүхнийг мартаад үүнийг сонсоход ямар мэдрэмж төрөх бол.

-Та эхэндээ жаахан бухимдангуй байлаа, юуных вэ?

-Аль болох дуугүй урдахиа хийгээд явъя гэж бодох ч хэлж ярихаас аргагүй үе байх юм. Бусдыг нь больё гэхэд урлагийг л аваад үзэхэд бухимдал их. Зохиолын дуучдыг хар л даа. Ам барьж аймаг, сумаар тойрч амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн халаас руу гар дүрээд л, мөнгийг нь хулгайлж байгаагаас ямар ялгаа байгаа юм. Хүн дуурайж дуулж сурсан хэдэн нөхөр хүн хуурч мөнгө аваад л. Чаддаг юм бол жинхнээрээ дуул л даа. Урлаг гэж үүнийг хэлэх үү. Уран бүтээлийн үнэ цэн хаа байна аа. Тэр их хөдөлмөр ямар үнэтэй, хэн үнэлэх гээд байгаа юм бэ. Урлаг гээд байгаа театр, чуулгуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг хар. Дуурийн театрын нөгөө мундаг дуучид чинь бүгд л сард гурваас дөрвөн дуурийн гол болон туслах дүрд дуулаад 400 гаруй л мянган төгрөгийн цалин авч байна шүү дээ. Тэд чадаж байна, хийж байна. Харин үнэлэхгүй, тоохгүй байна. Хэдэн төгөлдөр хуурчид бүгд баар, ресторанд тоглож байна. Төгөлдөр хуурч гэдэг чинь бааранд тоглоход зориулагдсан мэргэжил юм уу. Тэд чадаж байгаа болохоор мөнгө төлж байгаа хүмүүст нь тоглож өөрийн амьжиргаа, амьдралыг тэтгэж байна. Гадаадад бол сайн дурынхан л бааранд тоглодог. Тэдэнд улсаас цалин сайн өгөхгүй, тоглолт хийх нөхцөл, урмаар хангахгүй, нэр хүндийг нь өндөрт байлгаж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр ховор хүмүүс чинь талхны мөнгөө бодоод хаана ч, хэний ч өмнө хамаагүй тоглож байна. Хөгжмийн урлаг гэдэг бол нарийн шинжлэх ухаан. Манай чуулгын тоглолтыг үзэх хүмүүсийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа л даа. Гадаадын бүтээл,  киноны хөгжим тоглохоор ирж үзээд байдаг, гэтэл ардын дууны уран бүтээл хийхээр 250 хүн цуглахгүй байна.

-Хүмүүсийн гадныхныг шүтдэг, гадаадын юм сайн, гоё гэсэн сэтгэлгээтэй холбоотой юм болов уу?

-Нэг талаар тийм байж болох ч жинхэнэ урлаг, хөгжим нь хаа байна, юуг хэлдэг юм гэдгийг олон түмэнд ойлгуулах ажлыг бодлоготойгоор зохион байгуулахгүй байна. Театр, чуулгуудын хийх ажил гэж магадгүй. Бид бол уран бүтээлээ чанартай, сайн, бүтээлчээр хийх үүрэгтэй л хүмүүс. Ер нь Монголд урлаг зөв голдиролдоо орох, олимп болох хоёрыг энэ яваа насандаа үзэхгүй байх аа.

Гэхдээ гутрахгүй ээ, ер нь байдлыг хэлж байна. Хийе гэснээ хийгээд л явна. Хүн ирж үзнэ үү, байна уу хамаагүй. Гагцхүү уран бүтээлдээ үнэнч байна. Түүнээс биш эмэгтэйчүүдийн баяр болохоор ээжүүдийн тухай дуу зохиогоод л, хүүхдийн баяр болохоор хүүхдийн дуу хийгээд л, хонхны баяр болохоор сүүлчийн хонх гээд байхгүй юмсан гэж боддог. Оюун сэтгэл минь хэзээ юу хийхийг тушаана, тэр үед бичнэ.

-Та одоо романс давамгайлсан тоглолт хийх гэж байгаа юм байна. Эхэндээ бусад хөгжмийн зохиолчдын романсуудыг та удирдан тоглуулах гэж байгаа юм байна гэж ойлгож байлаа. Тэгсэн өөрөө бүгдийг нь зохиосон юм байна шүү дээ. Энэ ямар хугацаанд төрсөн бүтээлүүд вэ?

-Хоёр жилийн өмнөх “Эргэцүүлэл” тоглолтоос хойш төрсөн бүтээлүүд. Би номонд дуртай. Зав л гарвал уншина. Амьдрал, ухаан, санаа бүгд номонд байдаг. Энэ тоглолтоор анхлан хүргэх гэж байгаа романсууд номноос, ухаантай сайхан найрагчдын шүлгүүд дундаас төрсөн. Романс гэдэг үглэл дуу юм.

Навчин дээрх од
Надад уудлагдахгүй ус
Нарны цангаа тайлна
Газарт ч биш, тэнгэрт ч биш уусахын заяаг
Гагцхүү энэ хоёроос
Бусад нь үлгэр аваг
***
Эргий нь дагасан бургасны мөчир
Эцгийн минь сахал шиг цантдаг… гэх мэт гоё мөрүүд сэтгэл татсан.
…Харз ус нь эргээ дагаад анирлаж л байдаг юм
гэж хэлсэн хүн бол Хасвайн Лхасүрэн. Завханы хүн юм билээ. Этгээд шүлэгтэй энэ хүнийг олох гээд чадсангүй.
Дуурийн гоцлооч гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, дуучин Р.Доржхорлоо, Б.Жавхлантөгс, Г.Шижирболд, Ч.Энхтайван, Г.Ариунбаатар гэсэн зургаан сайхан дуучин дуулна. Бас найман сайхан хөгжимчин бий. Миний амьдралдаа хайгаад байсан сайхан хөгжимчид тоглоно.  Өнөө Жийгээ, манай О.Мөнхтогтох, ятгын дөрвөл гээд л. Ятгын дөрвөл өнгө гэдгийг хөгжмөөр илэрхийлнэ. Үүрийн гэгээ орж байх үеийн байгалийн өнгийг ятга хөгжмөөр илэрхийлж тоглоно. Миний дотроо бодож бичсэнийг тэр дөрөв хэрхэн тоглосныг сонсч байж л “Аан, нөгөө өнгө гээд байсан нь энэ юм байна” гэж бодох болов уу. Түүнээс би өөрөө ч тайлбарлаж чадахгүй байна. Нар жаргах үеийн байгалийн өнгө, хүмүүсийн сэтгэл дэх өнгө, тайван амгалан байдлыг хөгжмөөр илэрхийлсэн байдаг л даа. Харин үүрийн гэгээ орох үеийн тэр, юу ч гэмээр юм, өвөрмөц өнгийг хөгжимчин бүсгүйчүүд ятга гэдэг ялдамхан зэмсгээр хэрхэн илэрхийлэх нь сонин. Дуучидтай ХБК-ийн багш Ц.Мягмарцэрэн эгч ажилласан. Энэ тоглолтоор төгөлдөр хуурч, концетмейстер багш гэж ямар онцгой мэргэжилтэй хүмүүс юм бэ гэдгийг бас харуулах гэж байгаа юм.

Г.Ариунбаатарын дуулах “Алсын алсад” гэсэн бүтээл их гоё. Аав, ээж хоёроо талаас хайж байгаа тухай агуулгатай. Атираат мянган уулс чи аавыг минь хаана нуучих ваа, намираат мянган цэцэгс чи ээжийг минь хаана нуучих ваа гэдэг үгтэй. Аав ээж хоёр нь бурхан болчихсон хүмүүсийн сэтгэл ямар байх вэ, түүнийг ойлгуулахыг хичээсэн дуу.

-Монголын хөгжмийн зохиолчдоос романс бичсэн нь цөөхөн…

-Яагаад ч юм, Жанцанноров, Шарав гээд л зогсчихоод байх шиг байдаг юм.

-Хүнд төрөл үү…

-Би шууд л зориглоод орчихлоо. Ямар болсныг үзэгчид хэлнэ.

-Таны романсууд яаж төрөв. Шүлэг сайн байвал аяндаа аялгуу, хөгжим ороод ирдэг гэж ярих нь бий. Таны 12 романс ямар зам туулж байж сонсогчдодоо хүрэх гэж байна вэ?

-Шүлгээ уншиж ойлгоод тэр ахуйд өөрийгөө аваачдаг юм байна.

Үнэний нүдийг худлын жадаар сох хатгачихлаа
Яаж байгаа нь тэр вэ
Үл дальдрах ямар цөвүүн цаг ирэх нь энэ вэ
Үй түмэн хүн дэмий л гасалж
Үгэн буугаа барихаас цааш
Халаглах нь юу вэ

Үл дальдрах ямар цөвүүн цаг нүүрлэх нь энэ вэ гэж З.Түмэнжаргал гуай шүлэглэсэн. Ийм үгтэй дууны араас өөдрөг сайхан үгтэй “Аргусан хуур”-ыг дуулуулна. Аргадсан аястай дуу.

-Хэн хэн гэдэг найрагчийн шүлэгт дуу хийсэн юм?

-Д.Цэдэв, З.Түмэнжаргал, Данзангийн Алтангэрэл, Хасвайн Лхасүрэн, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир гэсэн зургаан найрагчийн бүтээлийг сонгосон. Найрагчдын үнэн дуу хоолой шүлэгт нь байдаг юм байна. Тийм шүлгээс дуу төрдөг юм байна.

-Худлаа гэж хэлэх үү, тааруухан шүлэгнээс дуу төрөхгүй байх даа?

-Эвлэх ч үгүй. Хэлэх гэхнээ хэл хугарчих гээд явдаггүй. Шүлэг, найраг бичих гэдэг боловсролтой хүний хийдэг ажил.

-Байгалиас авьяастай нь нэг янзаар хэлж байхад авьяастайн дээр боловсролтой нь илүү нарийн зүйл хэлдэг санагддаг юм…

-Үнэн. Эцсийн дүнд энэ тоглолтоороо бид зөв юм руу явах ёстой гэдгийг хэлэхийг зорьсон.

-Сайхан тоглолт болох нь ээ. Амжилт хүсье. Одоо танай ахын тухай асуумаар байна. Домог мэт ярианы эзэн болсон түүний талаар ярьж өгөөч. Та ахыгаа их хүндэлдгийг мэдэрч байна. Танаас олон ах уу?

-Надаас жил есэн сарын ах.  Гэсэн ч би одоо хажууд нь байхад биеэ бариад байдаг юм. Нүд хүртэл худлаа болчих гээд байгаа юм шиг санагдаад. Болж өгвөл өөдөөс нь эгц харчихгүйхэн шиг аятайхан ярихсан гэж боддог.

-Хүндлээд үү, эмээгээд үү?

-Хүндэтгээд. Зурагт хамт үзэж байхад элдэв юм гарахаар би өөрийн эрхгүй стресстэнэ. Тэгэхэд ах мэдчихээд “Өө, чи чинь ёстой дэмий юманд бухимдаж суудаг юм байна. Хэзээд үл бүтэх зүйлд уурлах юун. Хэзээд бүтэх зүйлд бухимдах юун” гэж Бурхан багш хэлсэн юм билээ л дээ. Тайван амгалан байхыг ингэж сургаж. Би уг нь гайгүй тайван хүн. Даруухан байхаар хүмүүс сүүлдээ мангар ч юм шиг болгож ойлгох гээд. Сүүлийн үед өөрийгөө эвдэж байгаа. Хэлэх гэснээ хэлж, оролцох юмандаа оролцож байя гэж бодох болсон. Цаг үеэ дагаад сохрын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж байгаа юм. Ямар ч тохиолдолд урлагийг зөв сайхан байлгахын төлөө бүх юмаа зориулна. Ахын хувьд уу. Бид Өвөрхангайн Арвайхээрийн хүүхдүүд. Манайх аймгийн төвийн малчны хороололд амьдардаг байсан айл л даа. Бид хоёр үхэрт цуг явдаг байлаа. Ах багадаа аймхай байсан юм. Нэг удаа үхрээ авчрах боллоо. Аймгийн төвийн хойхно Олон худагийн энгэр гэдэг газар байдаг. Тэнд оршуулгын газартай. Үхэр тэнд байдаг, нар жаргаад бүрэнхий болох гээд байдаг. Тэгтэл ах “Ах нь эндээс чулуу шидье, чи харин гүйж очоод туугаад ир” гэж байна аа. Би ч за гээд гүйлээ. Тэгэхэд ах холуур тойроод бас гүйж харагдана шүү. Намайг шулуун замаар үхрээ туугаад гараад ирэхэд яг таарахаар зам, хугацааг бодсон байж. Багадаа тийм аймхай хүүхэд байсан чинь сүүлдээ жарзанд явсан даа. Жарзанд явах гэж даяанчилж ном уншихыг хэлж байгаа юм. Ганцаараа нэг жодгортой, хаа ч түүнийгээ барьж хоргодоод яваад байдаг. Хавар хүйтэнд гараад намар ирсэн. Үс нь их ургаад яг л Робинзон Крузо шиг хүн орж ирсэн. Би хотод ойр ирэхэд нь тосч очиж байлаа. Эхнэртэйгээ хоёулаа хагас өдөр хайж байж Толгойт орчмоос олсон юмдаг. Ногоон берзинтээр хийсэн жодгор нь цав цагаан болчихсон байсан. Хөдөө даяанчилж явахад нь аав мотоциклтой очдог байж л дээ. Очих бүрт нь өөр тийш явчихсан байдаг байсан гэсэн. Хүмүүс ойр хавьд нь ирснийг мэдээд хоол унд өгдөг байсан гэдэг. Дандаа явган явна. Нутгаасаа эхэлж явсан юм билээ.

-Хэдэн настайдаа тэр вэ?

-23-тайдаа юм уу даа.

-Хэзээ лам болсон юм?

-Аравдугаар ангиа төгсөөд дээд сургуулийн хуваарь авсан хэрнээ аймгийнхаа Ганданд суучихсан юм. Тэнд шавилж суухаасаа өмнө төвд, босоо, дөрвөлжин монгол гээд Монголд байгаа бичгийн төрлүүдийг бүгдийг судалсан байсан. Өөрөө нэлээд эртнээс бэлтгэсэн санагддаг.  Тэнд шарын шашны ухаанд суралцаж байгаад энд ирээд зоч бэлтгэдэг Улааны чиглэлээр дагнаад явчихсан. Түүний өмнө билүү дээ, Гандантэгчинлэн хийдэд шашны сургуульд сурч байгаад Энэтхэг явсан. Тэгж Өвөрхангайгаас гарч аялдаг бол Улааны шашны хийдэд сууж байх үеийн явдал. Булгийн эх, эсвэл оршуулгын газар ном уншиж явах учиртай. Түүний өмнө хоёр ламтай нэг удаа явсан. Тэгтэл нөгөө хоёр нөхөр нь гүйцээгээгүй гэсэн. Тэгэхээр ах Улааны талаас жарз  гүйцээсэн ганц хүн.

-Та хоёр царайгаар төстэй юу?

-Ах надаас арай царайлаг. Би чинь царай муутай хүн шүү дээ. Манай ах дүү нар намайг шингэхэн зуурсан балин шиг гэдэг юм.

-Ингэж хэллээ гэж үү, хэн нь тэгж хэлдэг байна аа?

-Манай хамаатнууд л байхгүй юу. Би ч тэгж дуудлаа гээд тоохгүй. Ээжийн маань аав Эрдэнэзуу хийдийн номч лам байсан. Мундаг хүн. Манай ээж ч ердөө л “Бодь мөрийн зэрэг”. Үнэхээр бодь хүн. Юунд уурладаг юм гэдэг чинь манай ээж байхгүй юу. Жавхаа бид хоёр аав тал руугаа нэлээд ойр. Аав маань мөрдөн байцаагч болоод тэр үү, ширүүн дориун талдаа хүн байлаа. Аав маань залуугаараа дөч гаруй настайдаа бурхан болсон. Зүрх жаахан тааруутай байсан юм. Ах маань аавтай төстэй бие махбодитой болохоор нь бид байнга анхаарч байдаг. Сая эмнэлэгт хэвтүүлэх гэж бөөн юм болоод. Дургүйцээд болдоггүй, хүчээр жаахан сувилуулж авсан.

-Энд ирээд байгаа юм уу?

-Тийм ээ, хандивын арга хэмжээ энэ тэр гээд ажилтай яваа. Би ахыгаа тоглолтдоо урьсан, ирж үзэх байх.

-Ахыгаа сахил хүртсэн лам болсныг юу гэж үздэг вэ?

-Үнэнийг хэлэхэд заримдаа жаахан харамсдаг. Гэхдээ ах маань сонголтдоо сэтгэл хангалуун байдаг болохоор миний харамсах юу ч биш.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Ахтай нь ярилцлага хийж болно биз дээ, танилцуулж өгөх үү?

-За даа, юу л бол. Тийм юманд их дургүй, та нар өөрсдөө хандсан нь дээр байх.

Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

 


Уран зураач З.Уянга: Бид энэ орчлонд жуулчлах гэж ирсэн зочин

$
0
0

 “Эгчийгээ битгий магтаж бичээрэй. Зургаа зураад явж байх минь л надад жаргал” хэмээн “Blue moon” галерейн захирал зураач З.Уянга хэлсэн. Зураач аавын охин тэрбээр Эрдэнэбат хэмээх зураачтай ханилан, Есүнгэ, Тэмүгэ нэртэй хоёр зураачийн ээж болж, бүх л амьдралаа урлагт зориулж яваа нэгэн. Зураач бүсгүй өчигдөр Вэн Цань Жань хэмээх уран бүтээлчтэй хамтран Хятадын соёлын төвд үзэсгэлэнгээ нээжээ. Түүнтэй ярилцлаа.

-“Blue moon” галерей зураачдыг их дэмждэг юм билээ. Яагаад галерей нээхээр шийдсэн бэ?

-Зураачид нэг үзэсгэлэн гаргахад 10 гаруй сая төгрөг зарлагаддаг. Ачаан дээр нь ачаа нэмж мөнгө авах хэцүү. Гэхдээ бүх зураачийн үзэсгэлэнг үнэгүй гаргахгүй л дээ. Тодорхой шалгуур тавьдаг. Манай зураачдын амьдрал их хүнд. Хувийн менежергүй болохоор ар гэрээ авч явахын хажуугаар зургаа зурна. Гэтэл уран бүтээлчид зөвхөн зургаа зураад, мөнгөнд санаа зовохгүй амьдрах ёстой. Менежер гэж тусдаа хүн менежментийг нь хийх хэрэгтэй. Гэхдээ би гадаад, дотоодын олон менежертэй байж үзсэн. Хүний шунал хэцүү учраас шударга байж чаддаггүй юм билээ. Зураач нар гэрээ байгуулах гэх мэт бичиг цаасны асуудалд маруухан учраас хүнд ашиглуулчих гээд байдаг талтай. Тиймээс зовлон нэгтэй, уран бүтээлч хүн л тэднийг ойлгож чин сэтгэлээсээ тусалж чадна гэж бодсон. Үзэсгэлэнгийн танхимтай болох нь миний, манай гэр бүлийн мөрөөдөл байсан. “Blue moon” группийнхэн санал тавьсан юм.

-Та И.Е.Репиний нэрэмжит урлагийн академийг төгссөн гэсэн үү. Оюутан насныхаа тухай дурсахгүй юу?

-Санкт-Петербургийн тэнгэр дандаа бүрхэг, агаар нь чийгтэй. Цэлмэг нартай газраас очсон надад дасахад хэцүү байсан. Эхэндээ их нойр хүрдэг байлаа. Саарал хот учраас зураг хүртэл тийм болчихдог. Монголчууд ичимхий болохоор социализмын үед натурт сууж хувцсаа тайлах хүн ч олддоггүй байлаа. Тиймээс нүцгэн натур зурж үзээгүй. Тэнд очоод нэгд үгээр курстээ натур зурах болов оо. Харандаа, цаасаа бэлдээд сууж байтал багш минут харлаа, бэлдээрэй гэсэн. Тэгээд зурах гээд л харсан чинь нүцгэн хүн зогсож байдаг байгаа. Их ичсэн шүү.

-Танай аав зураач, ээж тань балетчин байх аа?

-Манай аав театрын зураач. Хар Зоригоо гэхээр хүмүүс андахгүй. Ээж минь гавьяат жүжигчин Ю.Цэрмаа гэж хүн бий. Миний бага нас тэр чигээрээ балет, уран зурагтай холбоотой. Намайг зураач болоход аав минь хамгийн том нөлөө үзүүлсэн. Уран бүтээлч хүн өөртөө итгэлгүй байвал уран бүтээл хийж чадахгүй шүү дээ. Аав хар багаас л авьяастай гэдгийг минь ойлгуулж “Миний охин мундаг, чадна” гэж урам өгнө. Бас шүүмжилнэ. Ер нь хамгийн дотно хүн л шударгаар шүүмжилдэг. Бусад хүн болохоор гомдоохгүй гэсэндээ ч тэр үү, шүүмжлэхийг хүссэн ч хэлэхгүй. Гэтэл хүн шүүмжгүйгээр хөгжихг үй. Миний зургийн хамгийн эхний үзэгч аав. Зургийг минь харж зогсоход нүүрнийх нь хувирлаар таалагдсан уу, үгүй юу гэдгийг хэлэхээс нь өмнө унших гэж оролддог байлаа.

-Таны уран бүтээлийн ихэнхийг балетийн зураг эзлэх юм. Бүжигчин болъё гэж бодож байсан уу?

-Арван нэгэн үзэсгэлэн гаргаснаас тав, зургаа нь балетийнх байх шүү. Уран бүтээл надаас ургаж л гардаг хойно өсс өн орчин, үзэж харснаа тусгана. Би ер нь балетийн тухай зурахаа болихгүй байх аа. Хүмүүс тайзан дээрх балетийг л хардаг. Харин би тайзны ард буцалж буй амьдралд өсс өн. Тэнд эрч хүчээр дүүрэн, хүмүүс нь бүгд залуу. Хөгжим, хөдөлгөөн хоёрын зохицол тааж гүйцэмгүй гайхамшигтай. Багадаа балетчин болно гэж боддог байсан. Тэр үеийн моод байсан ч юм уу, охидын мөрөөдөл байлаа. Гэхдээ ээж минь хүнд хүчрийг нь мэддэг учраас хориглосон л доо. Хэрвээ балетчин болсон бол аль хэзээний тэтгэвэртээ гарчихсан байхгүй юу.

-Урлагийн аль ч төрөлд шүүмж дутаад байх шиг. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ бол мөхөл. Шүүмж заавал байх ёстой. Манай зураачид дэндүү дураараа, шүүмжийг хүлээж авахгүй тохиолдол их.

-Орчин үеийн урлаг хэлбэр шүтсэн юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Яаж ч зурахыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэр нь хог биш урлаг байх хэрэгтэй. Ямар ч муу зураачийн бүтээлд заавал нэг гайхамшигтай юм байдаг. Нэг бүтээл хийх гэж яаж зовж, хөдөлмөрлөдгийг мэдэх учраас бүгдийг нь л хүндэлдэг. Гэхдээ урлагт түвшин гэж бий. Тэрийг урлаг судлаачид, өндөр түвшинд боловсорсон зураачид ялгана. Харин үзэгчид өөрт нь ойр, сэтгэлийн гүнд байсныг нь дүрсэлсэнд дуртай байдаг.

-Энэ л миний хамгийн сайн бүтээл гэж нүүр бардам хэлж чадах бүтээл бий юү?

-Одоо боллоо, үүнээс илүүг хийж чадахгүй гэж хэлэх арай эрт байна. Надад ядаж хорин жил амьдрах нас байна шүү дээ. Энэ хугацаанд юу ч хийж магадгүй. Хүн ер нь дөчин насандаа өөрийгөө олдог. Амьдрал, үзэл бодол, бүх зүйл нь тэгшрээд хийх бүтээх хүсэл ихэснэ. Алдартай хүмүүсийн намтрыг харахад 70, 80 нас хүрсэн ч гайхалтай бүтээлүүдээ туурвисаар л байсан юм билээ. Монгол хүн л өөрийг өө эрт хөгширсөнд тооцдог.

-Тэгвэл та өөрийгөө олоогүй үедээ зурсан зургуудаа одоо хараад юу гэж дүгнэдэг вэ?

-1993 онд гаргасан анхны үзэсгэлэн одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Уран бүтээлч болж чадсан уу, үгүй юу гэдгээ мэргэжил нэгтэй олон хүний өмнө тайлагнаж байгаа хэрэг. 100 гаруй бүтээлтэй, дан төмөр барын үзэсгэлэн байсан. Уран зураг шиг гоё сайхан өнгөгүй, хар цагаан, бас Монголын анхны бие даасан график зургийн үзэсгэлэн байсан болохоор хүмүүс ойлгож хүлээж авах болов уу гэдгээс их айсан. Гэтэл санаснаас ч олон хүний сэтгэлд хүрч, энгийн үзэгчид хүртэл сайхнаар хүлээж авсан. Тэр үзэсгэлэнгээрээ Урчуудын эвлэлийн хорооны шагнал авсан. Тэр үнэлэлт, урам зориг өнөөг хүртэл намайг тэтгэж явна.

-Архи уухаар, эсвэл гэв гэнэт л онгод ордог гэж зураачид ярьдаг. Таны онгод хэзээ ордог бол?

-Би байнгын бэлтгэлтэй байдаг. Зургаа зурахын тулд нүдэндээ байнга төсөөлөн оюун ухаандаа бүрэлдүүлнэ. Түүнийгээ цаасан дээр сараачиж, байнга эскиз зурна. Тэгж байгаад л яг боллоо гэсэн үедээ зурж эхэлнэ шүү дээ. Уран бүтээл яг хүүхэд шиг цаанаасаа төрөх өдөртэй. Хувь заяагаараа хэзээ төрөх ёстой, тэр өдрөө л төрнө. Миний бүх дотоод ертөнц шингэсэн болохоор хүүхэд л гэсэн үг.

-Тэгээд хүүхдээ хүнд “үрчлүүлэх” хэцүү биш үү?

-Эхлээд нэлээд хэцүү байсан шүү. Үзэсгэлэнгийн үеэр хэдхэн зураг зарчихаад бусдыг нь өгдөггүй байсан. Бид хүмүүст аз жаргал бэлэглэх гэж зурдгаа сүүлд нь ойлгосон. Зураач тэр олон зургаа гэртээ, эсвэд урландаа тоосонд даруулаад л хадгална. Харин хүмүүс бол гэртээ өлгөөд түүнээсээ таашаал авна шүү дээ.

-Бүтээлээ дууссаны дараа ямар мэдрэмж төрдөг бол?

-Ямар гоё вэ, би үүнийг хийчихэв үү гэж бодно. Өөрийн санаанд хүртэл хийх хэцүү. Зарим бүтээл гурав, дөрөв дахин зурж байж санаанд хүрдэг. 100 хувь биш ч боломжийн болсон гэж дүгнэсэн зурган дээрээ л гарын үсгээ зурдаг. Залуу байхад таалагдаагүй зурагнуудаа урчихдаг байлаа. Одоо чадахгүй юм билээ. Тэгэхдээ нэг бүтээл гэхээсээ үзэсгэлэн гаргачихаад харж суух хамгийн их жаргалтай. Нэг үзэсгэлэн гаргахын тулд нэлээд хэдэн жил зарцуулна. Бүх зургаа урландаа дэлгээд суух боломжгүй учраас харчихаад л, давхарлаад хураана. Заримдаа урьд нь юу зурснаа ч мартана. Тиймээс үзэсгэлэнгээ гаргахаар дэглэж байх агшинд өөртөө дүгнэлт хийнэ. Шүүмжлэлтэй хандана. Тэр коллекц дахиад нэг дор хэзээ ч цуглахгүй. Тухайн үзэсгэлэнгээс хоёр гурван зураг өөрт үлдвэл л их юм. Үеийн юм үеэрээ үлддэг болохоор тэр мөч давтагдашгүй.

-Та түрүүнд хүн дөч хүрээд өөрийгөө олдог гэсэн. Тэгвэл таныхаар амьдралын утга учир чухам юунд байдаг вэ?

-Бид энэ орчлонд жуулчлах гэж ирсэн зочин. Богинохон хугацаанд энэ биед оршиж байгаа учраас Уянгаад нэг их санаа зовдоггүй. Өнөөдөр би ямар байх надад огт сонин биш. Харин сүнсэн биеэ зөв байлгахад анхаардаг. Хойд насанд итгэдэг.

 Б.ДӨЛГӨӨН


Хөгжмийн зохиолч Б.Шарав: Би угаасаа л хөгжим бичихээр төрсөн хүн

$
0
0

9 цаг 51 минутын өмнө
Б.Шарав: Би угаасаа л хөгжим бичихээр төрсөн хүн

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа.

ХӨГЖИМ ТОГЛОЖ СУУГАА ХҮН Л ГОЁ ХАРАГДДАГ БАЙЛАА

-Таныг Хэнтий аймгийнх гэдгийг мэднэ. Ойрхон болохоор нутагтаа олон очно биз?
-Би Хэнтий аймгийн зүүн бүсийн замд байдаг Жаргалтхаан суманд төрж, хүүхэд насаа үдсэн хүн дээ. Ер нь нутаг амьтай. 16, 17 нас хүртлээ байсан болохоор нутагтаа очихгүй удаж чаддаггүй юм. Жилд хэдэн ч удаа яваад ирдэг байлаа. Учир нь нутагт эжий минь биднийг хараад сууж байна. Ихэнх хамаатан саднууд тэнд амьдардаг болохоор сайхан.

Нутаг руугаа явна гэдэг гэртээ очиж, хайртай хүмүүстэйгээ уулзах л гэсэн үг юм. Харамсалтай нь өнгөрсөн зун анх удаа ээжгүй нутагтаа очсон. Ээж маань 93 насыг зооглоод бурхан болсон. Ээжийгээ алдаад удаагүй байсан болохоор сэтгэл хөндүүр явлаа.

-Харамсалтай. Гэхдээ төрсөн нутагтаа очно гэдэг ээжтэйгээ уулзсан мэт сайхан байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь Цэнхэрийн голоор нутагтай хүн шүү дээ. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын дуулдаг дуу чинь миний нутгийн тухай юм.

-Таны ая байх аа?

-Тийм ээ. Төрсөн нутагтаа, Цэнхэрийн голдоо зориулж Ц.Зоригтсайхан бид хоёр энэ дууг хийсэн юм. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ч сайхан дуулж зон олны хүртээл болгож чадсан.

-Таныг багадаа хөгжмийн том зохиолч болно гээд нутгаа орхиод гарсан гэж ярьдаг юм билээ. Хөдөөний жаал яаж яваад хөгжимтэй нөхөрлөсөн юм бэ?
-Хөгжим гэдэг агуу зүйл намайг хөтөлж, 16 настайдаа хотод орж ирсэн. Чухам яагаад хөгжимд татагдах болсноо сайн мэдэхгүй. Үнэхээр л хөгжим тогломоор санагддаг байсан. Эхлээд гармошик тоглож байснаа сүүлдээ баяан сурсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож, шилдэг хөгжимчин болсноосоо хойш өөрийгөө хөгжимчин болох ёстой, мэргэжлийн сургуульд нь сурах ёстой юм байна гэж бодсон. Аймгийн арван жилийн сургуульд сурч байхдаа хөгжмийн сургуулийн талаар сонирхож, Багшийн сургуульд хөгжмийн анги байдгийг мэдэж авсан. Тэгээд л есдүгээр ангиа хаяад хөгжмийн хүн болох зорилго өвөртлөн хотод ирсэн дээ.

-Тэр үед манай урлагийн салбарт ямар уран бүтээлч од болж байв?
-Бидний үед телевиз гэж байсангүй. Манай нутагт Сайнзаяа гэдэг сайн хөгжимчин байлаа. “Энэ хүн шиг л болох юмсан” гэж бодоод л биширч, шүтнэ шүү дээ. Орой болохоор нийтийн бүжиг болно. Нийтийн бүжигт хүүхдүүд ойртохгүй, холоос л харна. Тэгэхэд надад тэр олон дундаас хөгжим тоглож суугаа хүн л гоё харагддаг байлаа.

-Танай гэр бүлд урлагийн хүмүүс бий юү?

-Байхгүй. Гэхдээ урлагт дуртай, дуулдаг, хуурддаг хүмүүс бий. Миний өвөг эцэг, эцэг маань ч морин хуурыг сайхан тоглодог хүмүүс байсан.

З.ТҮМЭНЖАРГАЛТАЙГАА 40 ЖИЛ ХАМТАРЧ, ОЛОН САЙН ДУУ ХИЙСЭН

-Анхны бүтээлдээ хүн бүхэн хайртай. Таны хувьд ямар дурсамж сөхөх бол?
-Би Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөөд, яруу найрагч З.Түмэнжаргал агсан бид хоёр Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орсон юм. Тэр үед л анхны уран бүтээл төрсөн дөө. Хүний хувь заяа гэж сонин шүү. Бид анхны уран бүтээл болох “Сургууль минь баяртай” дуугаа хийснээс хойш 40 жил хамтарч, олон сайн дуу хийсэн. Ер нь миний ажил амьдрал, уран бүтээл нэгдүгээр сургуулиас эхэлсэн гэж хэлж болно.

-Дуу хөгжмийн багш маань яаж ОХУ руу сургуульд явж, мэргэжлийн хөгжимчин болов?
-С.Гончигсумлаа багш хөгжмийн зохиолч хэмээх энэ гайхамшигт мэргэжлийг эзэмшихэд их нөлөө үзүүлсэн. Миний анхны бүтээлүүдэд зөвлөгөө өгч, өрнийн сонгодог хөгжмийн онол түүх, зохиомж, арга барил, чиглэлийг ойлгох өргөн мэдлэгээр сэлбэсэн. Тиймээс 1975-1983 оны хооронд ЗХУ-ын (хуучнаар) Свердловск хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан юм. Төгсч ирээд Монголын бүх л урлагийн байгууллагатай хамтарч ажилласан даа.

-“Сургууль минь баяртай”-аас хойш өнөөдрийг хүртэл хийсэн уран бүтээлээ тоолж үзсэн үү?

-Яг нарийн тоолж байгаагүй. Тэгээд ч хүний нас, амьдрал үнэхээр богино шүү дээ. Багцаагаар миний урын санд нийт 600-аад уран бүтээл бий байх. Түүнээс 300 гаруй нь дууны ая юм. Гэхдээ уран бүтээлийг тоогоор бус чанар, хүнд хүрсэн, нийгэмдээ хэрэг болсноор нь ярих хэрэгтэй. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуай XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” гэдэг ганц л дуу зохиосон. Энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр тоо чухал биш байгаа биз.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би ихэнх цагаа дан хөгжмийн уран бүтээлд зориулдаг хүн. Тэр тусмаа томоохон хэмжээний уран бүтээл дээр ажиллаж байна. Уржнан зун Оюутолгойд уран бүтээлийн ажлаар зочилж очоод тэндэхийн бүтээн байгуулалтыг харж урам сэргэн, “Монгол орон бадартугай” симфони удиртгал бичсэн. Мөн төгөлдөр хуурт зориулж “Зул” уран сэтгэмжийн бүтээл хийлээ. Энэ бүтээлийг хорвоогийн мөнх бусыг үзсэн найзууддаа зориулсан юм. Тэднийхээ хойноос мөнхийн гал өргөж байгаа минь энэ. Энэ бүтээлээ төгөлдөр хуурч Б.Чинбатаар тоглуулна.

Мөн “Амьнаас үнэтэй Монгол” нэртэй поп опера жанрын дуу захиалгаар хийлээ. Ардын жүжигчин, дуучин А.Долгор шавь Солонготойгоо хамтарч дуулах юм. Нийтийн, хүүхдийн, концертын, айри, романс гээд дууны олон төрөл бий. Би бүх төрлөөр нь ажиллажээ. Дууны урлагийн хамгийн том төрөл болох “Чингис хаан” дуурийг бичсэн дээ.

ХӨГЖИМ ГЭДЭГ СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨН ЯРЬДАГ

-Урлаг ч үе үеэрээ хөгжиж байдаг шүү дээ. Одоо бол жүжиг, киноны дуу илүү моодонд ороод байх шиг?
-Би одоогоор 30 гаруй киноны хөгжим бичсэн байна. Ноднин зун Өвөр Монголд нэг киноны хөгжим дээр ажилласан. Барга ардын “Үхэрт хүйтэн” гэж дуу бий. Энэ дууны домгоор Өвөр Монголын киноны уран бүтээлчид кино хийхээр ажиллаж байгаа юм. Би зохиолыг нь уншчихаад, хөгжим бичихээр шийдсэн.

-Хөгжим гэдэг агуу зүйл. Урлагийн аль ч салбарыг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин зохиогчийнх нь хувьд та хөгжмийг тодорхойлооч?
-Хүмүүс янз бүрээр тодорхойлсон байдаг. Сэтгэлдээ буцалж байгаа зүйлийг яруу найрагчид үгээр гаргадаг. Харин хөгжмийн зохиолчид аялгуугаар илэрхийлдэг. Жишээ нь, “Сэтгэлийн эгшиг”-ийг уйтгартай, сэтгэлийн дарамттай хөгжим гэдгийг сонссон хэн ч хэлнэ. Тиймээс би хөгжмийг сэтгэлийн хэл гэнэ. Энэ хэлээр хүн төрөлхтөн бүгдээрээ ярьдаг. Хөгжимд орчуулга хэрэггүй. Монголын түүхийн тухай симфони бичлээ гэхэд аль ч улсын хүн шууд ойлгоно. Иймээс л хөгжим бол агуу зүйл. Нэгэн том хөгжим судлаач хэлэхдээ “Харь гаригаас хүн төрөлтөн ирвэл хүн төрөлхтний түүх, тэмцлийг өгүүлдэг Л.В.Бетховены есдүгээр симфонийг сонсгочихно” гэсэн байдаг. Энэ үнэн шүү.

-Та хөгжмийн зохиолоо хэзээ бичдэг вэ. Онгод хөглөдөг цагийг чинь л сонирхож байгаа юм?
-Би ихэвчлэн өглөө бүтээлээ бичдэг. Үдээс өмнө хөгжмийнхөө ард сууж, ажиллах дуртай. Яагаад гэвэл өглөө илүү мэдрэмжтэй, сэргэг байдаг юм.

-Яруу найрагчид хөдөөгүүр явж байхдаа шүлэг, яруу найргийнхаа санааг олдог гэдэг. Таны хувьд тухайн үеийн сэтгэгдлээ яаж хадгалж, бүтээл болгодог вэ?

-Миний зохиосон хөгжмүүд ихэвчлэн төгөлдөр хуураас төрсөн. Санааг хөдөө явж байгаад олж болно. Бүтээл болгоход ширээнийхээ ард сууж, задлан шинжилж, дүгнэж, боловсруулдаг. Үүнийг л мэргэжлийн хөгжим гэдэг.

 -Монголд мэргэжлийн хөгжимчид олон байна уу. Хөгжмийн урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монголчууд урлагийн авьяастай ард түмэн. Тэр гайхамшигт уртын дууг зохиосон ард түмнийг хөгжмийн өндөр соёлтой гэхгүй бол өөр юу гэх билээ. Сүүлийн үед ч хөгжмийн авьяастай хүмүүс гарч ирж байна. Харин одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжлийн төвшинд урлагаа хөгжүүлж, таниулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

-Долоон настайгаасаа эхлээд тоглож наадах цагаа умартан хөгжим сурсан мэргэжлийн урлагийнхны үнэлгээ манайд маш доогуур байдаг. Үүнийг өөрчлөх, өсгөх боломж бий юү?

-Манайд анхнаасаа хөгжмийн үнэлгээ бага байсан. Бусад улс орны уран бүтээлчидтэй харьцуулах юм бол ичмээр л дээ. Хойд хөршид гэхэд нийтэд түгсэн нэг л бүтээл хийчихвэл овоо үнэлэгдчихнэ. Дан хөгжмийн бүтээл хийсэн над шиг хүн бол ОХУ болон БНХАУ-д бол “гараад өгнө” шүү дээ. Аягүй бол хауст амьдраад, онгоцоор нисээд, улс орнуудаар аялаад явж байх байлгүй. Манайх энэ тал дээрээ хол хоцрогдсон.
Гэхдээ Монголдоо би муу амьдраагүй ээ. Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Хамгийн гол нь Монголд уран бүтээл хийх бүрэн бололцоотой. Их өв соёл байна. Ард түмнийхээ өвийг хүмүүст хөгжмөөрөө дамжуулж байгаа нь азтай. Би угаасаа л хөгжим бичихээр төрсөн хүн шиг байгаа юм. Уран бүтээлч болсныхоо хэргийг гаргаж байна гэж боддог.

ТОМООХОН БҮТЭЭЛИЙГ ГАДААДАД ТОГЛУУЛНА ГЭДЭГ ХЭН ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ

-Урлагийн салбарт хийж бүтээсэн юмтай хүний хувьд залуу уран бүтээлчдэд шүүмжлэлтэй хандана биз?
-Би харин ч эсрэгээрээ залуучуудаа магтмаар байна. Манай залуучууд сүүлийн үед нийтийн дууны урлаг руу хошуурах болсон. Тэр хэрээрээ нийтийн дуу сайн хөгжиж байна. Гэхдээ уран сайханчаас илүүтэй мэргэжлийн, өндөр төвшинд ажиллах хэрэгтэй байна. Уржнан Өлзийбаяр гэдэг залуу хөгжмийн зохиолчийн бүтээл Итали улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн. Энэ мэтчилэн олон улсын тавцанд Монгол Улсын нэрээ гаргах ёстой. Дэлхийн мэргэжлийн урлагт өөрсдийн уран бүтээлээ таниулах хэрэгтэй байна. Олимпод оролцож байгаа тамирчидтай адил хөгжмийн зохиолчид олон улсын наадамд оролцож, хүчээ үзэх хэрэгтэй.

-Хөгжмийн зохиолчид Монгол ахуй, Монголын уламжлалт соёлыг тусгасан уран бүтээл туурвих ёстой байх?
-Заавал хийх ёстой. Ер нь бол албагүй гэж хэлэх байх. Миний хувьд шавь нартаа “Та нарын бүтээлээс монгол хүн, монгол амьдрал, байгаль харагдах ёстой” гэж хэлдэг. Ингэхийн тулд л бид монгол хүн болж төрсөн шүү дээ. Ямар ч бүтээл хийж болно. Түүндээ гагцхүү монгол уламжлалаа нэвт шингээх нь зүйтэй. Герман, Америкийн хөгжмөөс тухайн орны онцлог үнэртдэг. Тиймээс монгол хөгжмөөс монгол соёл л үнэртэх ёстой.

-Та өөрийн залгамж халаагаа бэлдэж байна уу. Таны шавь болъё гэж хүмүүс ирдэг үү?

-Би хөгжим бүжиг, нэгдүгээр сургуульд зургаан жил багшилсан. Хөгжмийн зохиолчийнхоо хувьд цөөхөн шавьтай. Мэргэжил маань ч олон шавьтай байх боломжгүй юм даа. Миний шавь нараас С.Соронзонболд Төрийн шагнал авсан. Отгон шавь маань Оки. Рок поп хөгжмийн ертөнцөд аранжировшик хийдэг. Шавь нар маань амжилттай ажиллаж Монголын хөгжмийн ирээдүйг тодорхойлох байх.

Хадаг бариад шавь орохоор ирж байсан тохиолдлууд бий. Хэдий би өөрөө багшлах сонирхол ихтэй ч миний мэргэжил боломж олгодоггүй юм. Энэ мэргэжилд багшилна гэдэг өөр зүйл. Шавьдаа хөгжим бичих арга барилыг нь хэлж өгөхөөс биш яг одоо ийм хөгжим бич, үүнийг зохио гэж болдоггүй. Тиймээс шавь бэлтгэх гэдэг дээр бусад мэргэжлээс өөр ойлголттой.

-Мэргэжлийг тань өвөлсөн хүүхэд танайд бий юү?
-Би гурван хүүхэдтэй. Дунд хүүхэд маань мэргэжлийг маань өвлөсөн. Москвад хөгжмийн академи төгсөөд ирсэн. Одоо СУИС-д багшилж байна. Анхны симфонио өнгөрсөн “Алтан намар”-ын үеэр тоглуулсан. Цаашид хөгжмийн бүтээл дээр ажиллах байх.

-Таны бүтээлүүдээс хамгийн их дуншиж, цаг зав зарцуулж төрсөн ямар бүтээл байдаг вэ?
-Миний бүтээлүүд нойргүй хоносон шөнүүд, баяр хөөр, уйтгар шаналан холилдож бүтсэн болохоор бүгдэд нь хайртай. Ер нь томоохон бүтээлүүд дээр хөдөлмөр их зарцуулна. “Чингис хаан” дуурийг бичихдээ 2-3 жилийн нөр их хөдөлмөр зарсан. Өөрөө ч өргөн цар хүрээтэй том бүтээл. Хөдөлмөрийн үр шим гарах байх гэж найдаж байна.

Нэлээн хэдэн шинэ бүтээл гараас гаргалаа. Дээр нь хуучин бүтээлүүдээ эмхэлж цэгцэлж, засч янзаллаа.  “Үлэмжийн ертөнц” гэдэг дан хөгжмийн томоохон тоглолт хийж DVD гаргалаа. Найрал дуучдад зориулсан “Замба тивийн наран” гэдэг том бүтээл маань Парис хотод байрладаг Дэлхийн шилдэг хөгжмийн фондод хадгалагдаж байгаа. Энэ бүтээлээ хэвлэн гаргасан.

-2006 оны Нобелийн шагнал гардуулах ёслол дээр таны “Хэрлэнгийн домог” эгшиглэсэн. Хэдэн зууны урлагийн их соёлтой хөгшин Европт өөрийн бүтээлээ сонсох ямар байв?

-Хамгийн гол нь Нобелийн шагнал гэдэг маань юу билээ, тэнд Монголын хөгжмийн зохиолчийн бүтээл гээд зарлуулах нь ямар их нэр төрийн хэрэг билээ. Энэ бүтээл маань анх 2000 онд АНУ-д тоглогдсон юм.
2003 онд Буриев гэдэг Узбекстан гаралтай удирдаач Чикагогийн филармонийг удирдаж байхдаа “Үлэмжийн ертөнц” гэдэг жижиг хэлбэрийн симфонийг минь тоглуулсан. Хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлийг гадаадад тоглуулна гэдэг хэн хүний хийдэг ажил биш.

Х.Монголхатан


Аргал түүж зараад олсон мөнгөөрөө хүүхэд өнжүүлэх газар байгуулжээ

$
0
0

“Эгч нь гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийж зараад олсон мөн­гөө­рөө Хүүхэд өнжүүлэх газ­рынхаа байшинг барь­­сан юм аа. Өлзийт хороол­лын хүмүүс на­майг энэ байшинг өөрийн­хөө га­раар бос­госон гэдгийг мэднэ. Мон­гол хүний сай­хан сэтгэл дундраагүй хэвээрээ бай­гаа шүү. Бидэнд тус бол­дог хүн олон бий. Саалийн хоёр үнээтэй хөгшин хүртэл хотод бай­даг хүүхдүүд рүүгээ сүү өгч явуулахгүй юм байж бидэнд аваад ирдэг юм.

Сайн санаат хүмүүсийн дэмжлэг тус­лал­цаагаар олон сайхан хүүхэд их амьдрал дунд хөл алдахгүй явж байна. Тэднээрээ би  их бахархдаг.” хэмээн ярих эмэгтэйг Булгаа­гийн Уранчимэг гэдэг. “Ивээл энэрэл” ТББ-ын тэргүүн, “Гэ­рэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай. 30 гаруй насны шавилхан бие­тэй энэ эмэгтэй Ховд аймгийн Мөст сумын уугуул, нөхөр хоёр хүүхдийн хамт Яарма­гийн автобусны хоёрдугаар буудлын хойд талын гэр хо­роо­лолд амьдардаг.

Түүнийг уншигч та бүхэнд ийн танилцуулж байгаа нь учиртай. Тэрбээр 110 гаруй хүүхдийн ээж. Түүний 50 га­руй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлт­гэгдсэн юм билээ. Одоо өөр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу бусдаас дутахааргүй ажиллаж амьдарч явна. Анх 2004 онд Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг цуглуул­жээ. Тэдгээр 24 хүүхдэд ха­маатан садан байсан ч амьд­ралд нь тус нэмэр болж ан­хаарахгүй байгааг Б.Уран­чимэг эмэгтэй олж харсан бай­гаа юм. Бүтэн өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэр­сэн болохоор тэдэнд тус­лахаар сэтгэл шулуудсан байна. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө  “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийг барь­сан түүнтэй уулзахаар нийс­лэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороол­лыг зорьсон юм.

Хаврын урь орсон энэ өдрүүдэд уулын цас хайлан гуу жалга дүүрэн ус болжээ.  Туул голын цөн түрж, мэлмэр­сэн хөх ус намуухан урсах нь  нэн таатай санагдах ажээ. Хотын баруун урагш давхи­саар Өлзийт хороололд очиход холын буйд суманд очсон мэт. Морь хөтөлсөн хүн, адуугаа тууж яваа залуус, үхрээ туусан хүн, цагаан худ­гийн урд усанд дугаарлан зогссон хүүхдүүд харагдах аж. Өл­зийт хорооллын иргэ­дээс  “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх тө­вийг сураглаад, төвөггүйхэн олоод очлоо.

Нэлээд том хашаа байх аж. Улаан тоосгоор өнгөлсөн нэг давхар байшингийн цонх нь  том, цэлгэр юм. Мөн хүү­хэд тоглох талбай болон но­гооны хоёр ч том хүлэмж байх ажээ. Хаалгыг нь цохилоо. 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гарч ирсэн нь бидний уулзах гэж буй Б.Уранчимэг байлаа. Түүнтэй мэнд мэдэл­цээд  хүүхэд өнжих газар руу нь яваад орлоо. Хананд нь хүүхдүүдэд зориулсан сур­гамжтай үгс наажээ. Нямбай гарын дүйтэй хүн хийсэн болов уу гэмээр гар аргаар хийсэн модон ширээ сандал эгнээтэй байлаа. Нам дарал­тын зуухнаас эхлээд хэрэн­дээ л тохилог орчин бий бол­гожээ.

Тус газрын тэргүүн “Та нарыг ирнэ гэдгийг мэдсэн бол хүүхдүүдээ цуглуулахгүй юу. Бүгдээрээ л өглөө ирчи­хээд хичээлдээ явцгаачихсан. Өглөөний ангийнхан арай л тарах болоогүй байгаа юм байна даа” хэмээн ярьсаар цай өгөв. Түүнтэй ийн хөө­рөлдлөө.

24 ХҮҮХЭД МААНЬ БҮГД ТУС ТУСЫНХАА АЖЛЫГ САЙН ХИЙЖ БАЙГАА

-Таныг аргал түүж за­раад олсон мөнгөөрөө гур­ван жилийн дотор энэ төвийн барилгыг барьсан гэж сонсоод шууд наашаа гарлаа. Таныг амьдралын түвшин доогуур амьдрал­тай болоод өнчин хүүхдүү­дэд тусалдаг гэж сонслоо, энэ талаар яриагаа эхэлье?

-Та нар хэнээс сонссон юм бэ. Миний аргал түүж байшин барьсан гэдгийг мэ­дэх хүн ховор шүү дээ. Хүнд энэ талаараа ярихгүй яваад байгаа юмсан. Би бусдаас ямар нэгэн тэтгэлэг тэтгэмж, төсөл авч хүүхдүүдийг тэ­жээдэг асрамжийн газрын тэргүүн биш. Зүгээр л өөрийн­хөө хүсэл мөрөөдөл бор зүр­хээрээ өдий хүрч байна даа. Бусдын хүүхдүүдэд тусалж амьдралыг нь сайн сайхан болохыг харах сайхан шүү. Анх 2000 онд аав, ээж маань бурхны орон руу явцгаасан. Би дөнгөж аравдугаар анги төгссөн амьтан есөн өнчин дүүтэйгээ үлдэж байлаа. Хам­гийн бага маань гурван настай. Өнчин дүү нартаа би аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болсон. Хамаатан садан бай­сан ч зовлон туулаад ирэхээр тусалдаггүй юм билээ. Бид гэртээ идэх хоолгүй сууж бай­хад хамаатнууд маань тарган үхрийн мах тогоо дүүрэн чанаад идээд сууж байдаг байлаа. Энэ намайг хурцалж өгсөн. Дүү нараа аваад нут­гийнхаа ахын машинд суу­гаад хот руу ирж байлаа. Гурван дүүгээ асрамжийн газар өгөхөөс өөр сонголт үнэндээ байгаагүй. Тэгээд асрамжийн газруудыг суд­лаад яваад байсан чинь тань­даг хүн маань олон улсын “Сос” хүүхдийн асрах газрыг зааж өгсөн. Очоод үзсэн таалагд­сан, гурван дүүгээ тэнд өгчи­хөөд өөрөө ажил хийж эхэлсэн дээ. “Наран­туул” захаас эхлээд эсгий таавчиг зарж болох бүх газ­раар явж 2500 төгрөгөөр зардаг байлаа. Миний ганц чадах зүйл тэр байсан юм. Тэгсэн манай нутгийн бүтэн өнчин хүүхэд хотод оюутан болж ирээд манайд суухаар болсон юм. Тэр хүүхэд бид хоёрын амьдрал адилхан байсан. Үүнээс л анх дунд сургуулиа төгссөн бүтэн өн­чин хүүхдийг хүн бүр хаядаг юм байна даа гэдгийг ухаар­сан. Бага насны хүүх­дүүдийг нь хүн болгон л хайрлаж хам­гаалдаг юм билээ. Харин яг амьдралаа шийдэх гээд тү­шиг тулгуур хэрэгтэй байгаа хүүхдийг “Чи том болсон өөрөө амьдралаа бод” гээд хаячихдаг байхгүй юу. Ингээд Ховд аймагтаа очлоо. Дунд сургуулиа төгсөх гэж байгаа өнчин хүүхдүүдийг хайгаад байсан 24 хүүхэд олдсон. Тэдэнтэйгээ хамт айлын зуны амбаар хөлслөөд амьдарч байгаа юм. Идэж уухаас эх­лээд хэрэгцээ нь дийлдэхгүй. Оюутнуудад байсхийгээд л мөнгө хэрэг болно. Сургуу­лийн төлбөрийг нь олж ча­дахгүй байж сургуулиа хаяж болохгүй шүү гээд л зүтгээд байж. Тэгсэн нэг өдөр одоо сайд болчихоод байгаа Ц.Оюунгэрэлтэй уулзтал гадаадын тэтгэлэг олдож, 24 хүүхдийнхээ сургалтын төл­бөрийг хийлгүүлсэн. Дараа жил нь гадаадын тэтгэлгээс гадна нутгийнхаа томоохон компанийн эзэдтэй уулзаад төлбөрийг хийлгүүлээд хоёр жилийг өнгөрөөж байлаа. Дараа жилээс нь улсаас төл­бөрийг нь даадаг болж бид айх зүйлгүй бүгд сургуулиа төгссөн. Одоо нөгөө хүүхдүүд маань тус тусынхаа газарт ажлаа хийгээд нүүр бардам явж байна. Манай хүүхдүү­дээс “Оюутолгой” ла­борато­риос эхлээд улсын  томоохон эмнэлгийн нэртэй эмч болсон хүн ч байна.

-Аргал түүж зарсан тухай­гаа ярьсангүй?

-Оюутан хүүхдүүд сургуу­лиа төгслөө. Би ч гэр бүлийн­хээ хүнтэй амьдралаа холбо­сон юм. Айлд дүү нартайгаа ирчихээд өөр хүний хүүхдүүд дагуулаад очилтой биш. Нө­гөө хүүхдүүддээ айлын хямд­хан байшин түрээс­элж өгч, сургуулиа төгсөөд ажил хийж байгаа хүүхдүү­дийнхээ гэрт заримыг нь байлгах маягаар хэсэг арга­цаасан. Гэсэн ч өөрийн гэсэн газар, байшин­тай болчихвол санаа зовох зүйлгүй болох байх даа гэсэн бодол тол­гойноос огт са­лаагүй. Гэр бүлийн хүнийхээ машиныг ломбардаж, зээл авчихаад Өлзийтөд хашаа худалдаж авсан. Тэгээд амьд­ралын боломж тааруу айлын хүүх­дүүд болон тусалж дэм­жиж ирсэн хүүхдүүдийнхээ хамт энэ хавийн аргалыг түүж ха­шаандаа хатаагаад Яар­магт аваачиж зардаг болсон. 1500 төгрөгийн үнэтэй модны хажууд 1200 төгрөгийн үнэтэй 25 килограмм гурилын уут дүүрэн аргал байхад аргал нь илүү борлогдоно. Аргал ху­дал­даж олсон мөнгөөрөө тоосго цөөн тоогоор нь худал­даж аваад л байлаа. Өлзийт хорооллын урд дээгүүр да­ваад л дүүрэн үхрийн аргал байдаг байсан. Аргалыг хэн ч тоож түүхгүй байсан юм. Үүнийг л ашигласан гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ амралтын өдрүүдэд өглөө эрт гараад орой Зил-130 машины тэвш дүүрэн аргал түүчихдэг бай­лаа. За­рим үед ганцаараа явах үе ч гарна.  Ингээд л хүнд зараад олсон мөнгөөрөө байшингаа барина. Эхний ээлжинд бай­шингийнхаа суу­рийг цутга­сан юм. Дараа нь бага багаар тоосго өрж эхэл­сэн. Хүмүүс намайг ингэж дэмий юм хий­хээ боль гэж ирээд загнана. Харин тэр үед миний хүсч, мөрөө­дөж бай­сан зүй­лийг гэр бүлийн маань хүн мэдээд их тус болсон. Микро­гоор шуга­манд явсан орлого нь ч бай­шинд маань орсон. Ингэж л өдөр өн­жүүлэх төвөө гурван жилийн дотор барьсан юм даа. Энэ хугацаанд шантрах, няцах, саад бэрхшээл олон гарч байсан. Өвлийн хүйтэнд цемент зуурч байгаад гараа хайраад л.    Энэ бүгдийг нь туулаад гарсан даа.

ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ИХ МӨНГӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ЯРИАД ЦААСАН ДОТОР ЗАДГАЙ МӨНГӨ ХИЙЖ ЗУЗААН БОЛГОЧИХООД  ӨГСӨН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙСАН

-Хүүхдүүдийн төлөө гэг­дэх олон төсөл хэрэгждэг. Аль нэг байгууллагаас нь тусламж хүсэж үзээгүй гэж үү?

-Одоо манайд 50 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Ихэнх нь Өлзийт хороололд бий. Тэдгээр хүүхдүүд  өдөр өнжүүлэх төв дээрээ хонох гээд байдаг юм.  Даанч ма­найх асрамжийн газар биш. Асрамжийн газар байгуулах гэхээр их мөнгө орно. Ядуу биднээр мөнгө олдог, нэр хүнд олох гэсэн хүмүүстэй олон таарч байна даа. Гадаа­дын зочид төлөөлөгч нарын өмнө “Төсөл бүтчихсэн. Та нартаа баяр хүргэе” гэхэд хүүх­дүүд бид нар баярлаад сүйд болж байгаа юм. Дараа нь төсөл чинь бүтээгүй гээд цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд яваад өгөх хүмүүс ч байна. Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бидэнд тусалсан дүр эсгэж яриад цаашид бүх боломжоороо тусална гэж амлаад явна. Олон хүний өмнө их мөнгө өгч байгаа юм яриад цаасан дотор задгай мөнгө хийж зузаан болго­чихоод  өгсөн тохиолдол ч гарч байсан. Хүмүүсээс тус­лаач гэж гуйхаар “Намайг яаж рекламдах юм бэ” гэж шууд асуух хүн олон шүү. Ийм болохоор хэн нэгэнд хандах нь хүүхдүүдэд халтай, сэтгэ­лийг нь хиртүүлчих гээд бай­даг болохоор чимээгүйхэн урдахаа хийсэн нь дээр гэж боддог. Тэгээд ч би ашгийн төлөө бус өөртэйгээ адилхан зовлонтой хүүхдүүдийн зов­лонг нимгэлэхийг хүсэж, өнөөдрийг хүртэл өөртэйгээ, амьдралтай тэмцэж яваа. Би нэг сонин зүйл ярих уу.

-Тэг л дээ?

-Хойд ээжтэйгээ амьдар­даг нэг хүү байгаа. Хоёр биенийгээ үзэхээ байчихсан. Хойд ээжийгээ аймаар үзэн ядна. Тэгэхээр нь тэр хүүд тэгж болохгүй гэдгийг сайн ойл­гуулсан. Тэгээд нэг өдөр ээж­дээ тусал гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хүү ээжийнхээ оймсыг угаагаад зуухныхаа ард талын сандал дээр тавь­чихсан байсан гэсэн. Дараа нь манай төвөөс хичээлдээ сайн сурсан гээд 20 мянган төгрөгийн урамшуулал өгсөн юм. Нөгөө хүүд шаг­налынхаа мөнгөөр ээждээ дуртай юмыг нь авч өг гэж хэллээ. Тэгсэн хүү ээжээ­сээ “Та юунд дуртай вэ. Би танд гоё юм авч өгье” гэж асуутал ээж нь “Чи наад мөн­гөө хаанаас хулгайлсан бэ” гээд зөндөө загнасан байгаа юм. Бид “Танай хүү онц сур­сан болохоор шагнуулсан юм. Шагналаараа танд бэлэг авч өгөх гэсэн байна шүү” гэж хэлж ойлгуултал тэр эмэгтэй үнэхээр их баярлаж байсан. Тэгээд хүүтэйгээ хамт дэлгүүр ороод хүүдээ болон өөртөө дуртай зүйлсээ авсан тухай­гаа сүүлд ярьж байсан. Тэр хоёр одоо маш сайхан харил­цаатай болсон. Тэр хүү хи­чээлдээ ч их сайжирсан. Үүнээс гадна  манайд ээж нь бурхан болчихсон, аав нь бор дарсанд хэт орчихсон гурван хүүхэд байна. Тэдний ирээ­дүй их хэцүү байна. Хаанаас мөнгө олж, тэдэнд хувцас, хоол хүнс авч өгөх вэ гэж бодоод л сууж байна. Гэхдээ урин цаг ирж байгаа юм бай­на. Учир нь олдох байх аа.

-Таны халамж, нөмөрт өссөн хүүхдүүд одоо хол­боо­той байдаг уу?

-Манай төвөөр явсан хүүх­дүүд бүгд л холбоотой бай­даг. Гэхдээ үнэхээр л харж хандах хүнгүй байна гэдэг хэцүүг том болсон ч мэдэрч байгаа хүүхдүүд зөндөө бай­на. Одоо их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдээс арав нь төлбөрөө олсон байгаа. Гэхдээ үүний цаана төл­бөргүй дөрвөн оюутан байна. Нэг нь сургуулиас хөөгдөх дээрээ тулчихсан гэнэ. Одоо очиж сургуулийн захиргаатай нь уулзах санаатай байна.

-Хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж байгааг гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авдаг вэ. Хүний өмнөөс ингэтлээ гүйлээ гээд дургүйцэх үе гардаг байх даа?

-Гэр бүлийн хүнийг маань А.Анхбаяр гэдэг. Миний аж­лыг сайн ойлгодог. Харин гэр бүлээс гадна бусдын хүүх­дийн төлөө ингэтлээ зүтгэж байгааг минь мэдэхгүй байж муу муухайгаар хэлэх хүн олон байна. Тэр болгонд өөрийн эрхгүй гомдох юм. Хүүхдүүдээр далимдуулж мөн­гө идсэн. Хүүхдүүд ашиг­лаж байна гээд л гүтгэнэ. Үнэн хэрэгтээ ирэх хагас сайн өдөр хүүхдүүдээ цугла­хаас өмнө 30 мянган төгрөг яаж олох вэ гэж бодоод сууж байна. Амралтын өдөр өнжих газраа ирэхэд нь  сайхан хоол хийгээд сууж байвал тэд баярладаг юм. Гэртээ идэх хоолгүй амьтад төв рүүгээ яараад, гүйлдээд л ороод ирнэ шүү дээ. Гэхдээ би хүүхдүүдэд хоол биш бо­ловсрол чухал гэдгийг ойл­гуулах гэж их хичээдэг.

Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Биднийг яриа өрнүүлж байхад  Бат­сайхан гэх хүү орж ирээд бие нь өвдөөд байгаагаа Б.Уран­чимэгт хэлсэн юм. Б.Уран­чимэг тэр хүүг харж хандах хүн байхгүй хэмээн бидэнд учирлаад өрхийн эмнэлэг рүү авч одсон.

 

Э.ХҮРЭЛБААТАР

Өдрийн сонин.


Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших: Урлаг бол өлсөхөөрөө иддэг талх биш

$
0
0
Өнөөдөр 7 цаг 59 минут

Гитарчин Өөжгий NEWS.mn-ы өнөөдрийн зочдын нэгээр уригдлаа. Гитаргүйгээр өөрийгөө төсөөлдөггүй, өрөөлд ч төсөөлөгддөггүй энэ эрхэм хөгжмийн орон зайдаа эрхгүй ялгардаг, содон НОТ. Өөжгий ойрын өдрүүдэд дуучин Ж.Алтанцэцэгийн уран бүтээлийн тоглолтын ажилтай байгаа юм байна. Тиймээс завгүй болгосон ажлынх нь талаар бидний яриа эхэлж байна.

-Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн тоглолтын багт 1000 орчим хүн оролцож байгаа гэж сонслоо. Энэ бол нүсэр баг шүү?

-Монголд болдог дээд зэрэглэлийн тоглолтуудын жишигт хүрсэн, зарим талаараа түүнээс давсан сайн тоглолт байх болов уу гэж бодож байна. Хөгжмийн найруулгыг “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү хийж байгаа. “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглоно. Мөн симфони оркестр, “Морин хуурын чуулга”, ХБК-ийн цохивор хөгжмийн чуулга, Хүүхдийн ордоны найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчид гээд 1000 гаруй хүн оролцоно. Хамгийн гол онцлог нь Монголд анх удаа 3D холограмм ашиглаж байгаа. Энэ текнологоор өмнө нь Монголд тоглолт хийж байгаагүй. Ерөнхийдөө дэлхийн хөгжмийн урсгалд орж ирээд удаагүй байгаа сүүлийн үеийн шинэ дэвшил гэж хэлж болно. Тийм болохоор гаднаас хөгжмийн мэргэжилтнүүд ирж ажиллана. Миний бодлоор энэ тоглолт Монголын рок, попын хүрээнд нэлээд шуугиан тарьсан тоглолт болох байх шүү.

-Та хоёр өмнө нь хамтарч дуу хийгээгүй байсан гэж сонслоо?

-Харин тийм ээ. Одоо л анхныхаа дууг хийх гэж байна. Байна ч юу байхав, саяхан хийлээ л дээ. “Чамайгаа үнсье” гэж дууныхаа бичлэгийг хэд хоногийн өмнө дуусгасан. Гэхдээ Алтаа бид хоёр ерээд оны эхэнд нэг дуу хийж байсан юм аа. Харамсалтай нь, ерөөсөө бичлэгийг нь хийлгэж амжаагүй. Тэрийг уг нь анхных гэх байхдаа. Гэхдээ тэр үеийн дуугаа сэргээж дуулах санаа байгаа.   Тоглолтын дараа бас дараагийн ажлууд хүлээж байна. Ер нь гоё уран бүтээлийн санаа нилээд байгаа.

-Цомгийн ажил уу?

-Тийм. Алтаа удахгүй шинэ цомгийн ажилдаа орно. Би продесороор ажиллахаар болсон.

-Зарим уран бүтээлчид нилээн хэд байтугай нэг сайн клип хийж амжихааргүй хугацаанд цомог гаргаад, тоглолт хийчих нь бий. Үүнийг хөдөлмөрч байна гэж ойлгох уу, эсвэл хэтэрхий арилжааны шинжтэй байна гэж хармаар юм уу. Магадгүй уран бүтээл хийж л байвал цаг хугацаа тийм хамааралтай биш байж болох л юм?

-Би хувьдаа чанаргүй олон дуу үйлдвэрлэж, байнга олон тоглолт хийх дэмий л гэж боддог. Үйлдвэрлэх гэж байгаа бол үйлдвэрийн системээр л ажиллана ш дээ. Дуу зохионо, дуулна гэдэг үйлдвэрийн ажил биш ээ. Хүнд яг нэг дуу зохиомоор, дуулмаар өдөр байдаг. Хүсэл төрдөг. Хөглөгддөг.  Хүмүүс ч анзаардаг байлгүй дээ. Том дуучдыг харж байхад хорь, гучин жилийн хугацаанд 20 сайн дуу төрүүлсэн хүн ховор шүү. Манайхны хэлдгээр тасархай хит дуу… Хүн бүхний өгсөн дууг дуулаад байх шаардлагагүй. Хэрвээ анзаардаг бол Алтаагийн дуунууд нэг сонсоод шууд хүнд хүрдэг энгийн дуу шиг биш ш дээ. Их хүнд, хоолойны цараа шаардсан, дагаж дуулахад хэцүү дуунуудтай ч мэргэжлийн гэдэг талаасаа бидэнд маш их таалагддаг.

-Та хоёрын хамтран гаргах цомгийн өнгө аяс аль тийшээ байна. Хүнд үү, хөнгөн үү?

-Аль алийг нь хослуулна. Шууд нийтэд хүрдэг дуу ч байна. Бас одоогийн залуучуудын сонирхдог шинэ урсгалын дуу ч гарна. Бидний үеийнхэн  таашаагаад сонсчих хэмжээний дуу ч хийнэ.

-Та сүүлд “Номин талст”-ын шинэ цомгийн продюсераар ажилласан. Цомог юу болж байгаа вэ?


-Ирэх долоо хоногоос хэвлэлтэд явах болов уу. Энд тэндгүй бужигнаад өдийд цомгоо гаргачихаар хүлээж авах хүн ховор байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгууль гээд. Тэгэхээр бас айхтар яаруулахгүй л байна.

-Сонгууль гэснээс, та нээрэн шударга хүн шүү. Сурталчилгаа эхэлсэн өдөр “Бид нарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуулах эрх чөлөө, гадаад паспорт, жийнс, олон ургальч үзэл, ардчилсан нийгмийг авчирсан хүнээ сонгож байна” гэж ирээд л facebook-тээ биччихсэн байсан. Урлаг, спортынхоныг тэр мэтээр үзэл бодлоо илэрхийлэхэд хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг л дайрдаг биз дээ?

-Уучлаарай, фейсбүүк бол Social network. Тэнд хүн өөрийн үзэл бодол, сонирхол, байр сууриа илэрхийлж болох эрх нь байдаг. Би ямар ч үед бусдын сонирхол, сонголтыг хүндэтгэдэг. Бас өөрийнхийгөө ч өмгөөлж, хамгаална. Сонгууль гэснээс, залуучуудыг сонгуульдаа идэвхитэй оролцож, өөрсдийнхөө ирээдүй рүү жаахан ч гэсэн зам засч өгөөрэй гээд хэлчихмээр санагдаж байна. Дандаа аав ээж, өвөө эмээ нар сонгууль өгдөг байж болохгүй биз дээ.

-Та бас тэр сошиал ертөнцөд хөгжмийн хүрээнийхэндээ ч хатуу үг хэлж байгаа харагддаг. Жишээ нь, “Амьдаар дуулахгүй байна аа” гэх шүүмжлэлтэй олон таарч байсан. Тэр байтугай хөгжимчид худлаа тоглоод байна гээ биз дээ?

-Ам барих асуудлын тухайд 2000 оны үед “Antaris” гэж компанийн компьютерийн программ гарч ирсэнтэй их холбоотой. Тэр программ өнгө алдсан дуучдын хоолойны өнгийг засаж өгдөг. Өнөөхийг нь Монголын бараг бүх студиуд хэрэглэж эхэлсэн ш дээ. 2000 оноос өмнө бол уучлаарай, та студид дуу бичүүлж байгаа дуучин хүн юм бол ямар ч өнгөний алдаагүй, өө сэвгүй дуулж байж сая тэр бичлэг бэлэн болдог байлаа.

Одоо бол хүссэн хүн бүрт дуу дуулах боломж байна. Угаасаа маш олон дуучин төрж байгаа нь нүдэн дээр ил байна. Миний сайн санаж байгаагаар 1994 оны “Пентатоник” наадмын үеэр рок, попынхон нэг “ПАЗ” автобусанд багтаж байсан юм. Оросын “ПАЗ” автобус чинь 45 хүний л суудалтай биз дээ. Тийм автобусанд багтаж байсан рок поп, хип хопынхон өнөөдөр хоёр, гурван мянгуулаа болсон байна шүү дээ. Үүнд “Antaris” гэдэг нөхрийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Тэрүүгээр хоолойгоо зассан дуучин тоглолтон дээр амьдаар дуулж чадахгүй юм чинь амаа хөдөлгөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ ээ дээ. Ганц рок поп ч биш хаа сайгүй л өнөөдөр ямар ч алдаагүй дуулдаг болчихсон байгаа биз дээ. Зарим нь хоорондоо ялгагдахгүй. Бичлэгийг нь сонсохоор нэг ч өнгөний алдаагүй мөртлөө амьдаараа дуулахаар хагас тон дээр, доор дуулдаг хүмүүс байгаа ш дээ. 2000 оноос хойш тодорсон дуучдаас жинхэнэ чанартай сайн нь гарын арван хуруунд багтах уу, үгүй юу л гэж би хэлнэ. Дуучид олон байх сайн талтай ч цэвэр амьдаар дуулдаг хэддээ маш их халгаатай байдаг. Бод л доо, урлагтай 30 жил зууралдаж байгаа би хүртэл дуулвал дуулчихмаар ч юм уу гэж бодож болно шүү дээ.  Гэтэл миний толгойд хэзээ ч дуулах тухай тийм том бодол орж ирдэггүй. Тэр чинь маш том амьдрал байхгүй юу. Байгуулагдаад долоо, найман жил болчихоод нэг ч удаа амьдаар дуулж үзээгүй хамтлаг байна ч гэнэ үү… Сонин сонин юм сонсогдох л юм. Заримыг нь мэдэх ч юм алга.

-Урлагийнхан өөрсдөө л энэ ам барьдаг аргатайгаа тэмцэх ёстой биз дээ. Ер нь яах ч ёстой юм. Дуулж байгаа хүн бүрийн микрофоныг шалгаж үзэлтэй биш?

-Шог зураач С.Цогтбаяр ах хэлсэн байна лээ ш дээ. “Понаграмдсан тоглолтыг канондсон мөнгөөр үзье” гэж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарал хандуулна гэж байсан. За тэгээд, зах зээлийн хууль үйлчилнэ шүү дээ. Хэн чадалтай нь тунаж үлддэг. Урлаг бол хүн өлсөхгүйн тулд иддэг талх биш гэдгийг манайхан ойлгочих хэрэгтэй. Дууг хүн өөрийн сонголтоороо сонсдог болохоос албадуулж сонирхдоггүй. Нийгэмд хүртэл их цэвэрлэгээ явагдаж, авлигын хэргүүд илрээд байхад урлагт удахгүй том цэвэрлэгээ болох байлгүй дээ.

-Рок попын гал тогооноос төрсөн хамгийн сүүлийн үеийн супер бүтээл гэвэл та хэнийхийг хэлэх вэ?

-Мэдээж сайхан дуунууд, сайн бүтээлүүд төрж байгаа. Бүгд тэгж ам барьж, дуу үйлдвэрлэхгүй шүү дээ /инээв/. Манай “Никитон”-ы “Үүлэн үст” гоё байгаа биз дээ. Баачка тэр дуугаа хэдэн жил нухсан гэж бодож байна. Бараг дөрөв, таван жил “Үүлэн үст”-ийнхээ аян дээр ажилласан. Ер нь бол би хувьдаа хэт их стиль хөөх буруу гэж боддог. Монгол дуу, хуур, шүлэг, хөгжим цаанаа л нэг тансаг даа. Тэр тансагийг л тал талаас нь харуулах хэрэгтэй.

Г.ДАША

http://www.news.mn

 


Ардын дуучин С.Цогтсайхан: Сайхан байхын тулд баримталдаг миний зарчим унтаж амрах

$
0
0

 

 

Нийтэлсэн: 2013-05-30 13:17:38

 

 

Дуучин Б.Батмэндтэй хамтран дуулсан “Санасан шүү чамайгаа” дуугаараа олны танил болсон ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайханг Монголын ард түмэн сайн дуучин, сайхан ч бүсгүй гэлцдэг.

 

 

 

Тэрбээр дуу хуурт татагдан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд цөөнгүй жилийг үдэж буй. Энэ ч үүднээс ард түмэндээ өөрийн бие даасан тоглолтоо сонирхуулах болсон гэж үзэн энэ сарын 31-нд “Хатан салхины аялгуу” нэртэй тоглолтоо өргөн барихаар төлөвлөсөн байна билээ.

 

 

 

Уг нь тэр СУИС-ийг уртын дууч мэргэжлээр дүүргэсэн ч уртын, ардын басхүү зохиолын дуугаа ч ард түмэнд хүргэж хөрвөх чадвартай дуучин гэдгээ баталж яваа хүн. Уянгалаг сайхан хоолойгоороо бусдаас ялгагддаг дуучин бүсгүйтэй уулзаж яриа өрнүүллээ.

 

 

 

-Та тоглолтоо “Хатан салхины аялгуу” хэмээн нэрийджээ. Ямар утга агуулгыг бодолцон ийн нэрлэв гэдгээс яриагаа эхэлье?

 

 

-Энэ бол миний хоёр том бүтээлийн нэр. Тодруулбал эхнийх нь энэ удаагийн тоглолтын нэр “Хатан салхины аялгуу”. Хоёрт, энэ тоглолттойгоо зэрэг яг ийм нэртэй цомог гаргасан. Тоглолт үзсэн бүх хүнд энэ цомог маань бэлэг болон очно.

 

 

 

Харин нэрний тухайд их олон нэрнээс шүүгдэж байж өгөгдсөн. Эмэгтэй хүн газар дэлхийтэйгээ ойрхон байдаг гэдэг үүнээс салхи гэдэг үгийг оруулсан юм. Хатан гэдэг бол тодорхой. Эмэгтэй хүн энэ яваа насандаа хатан хаан шиг амьдрах хэрэгтэй.

 

 

 

Түүнчлэн би дуучин хүн учраас аялгуу гэдэг үг миний хувьд маш утга төгөлдөр үг. Миний амьдралд ийм л чухал үүрэг бүхий гурван үг энэ тоглолтын нэрийг бүтээж байгаа юм. Энүүхэндээ гэхэд талын тааламжтай салхийг мэдэрч өссний хувьд салхи гэдэг үгийг их олзуурхаад байгаа шүү.

 

 

 

-Мэдээж энэ тоглолт аялгуу урласан сайхан тоглолт болох нь тодорхой…?

 

 

-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ тоглолтондоо уртын болон ардын мөн харилцаа дуунуудаасаа дуулна. Бас эхийн тухай сайхан дуунууд эгшиглүүлнэ. Тоглолтонд маань түрлэг өргөхөөр Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан С.Наран, Б.Батмэнд, Д.Амаржаргал зэрэг олон дуучин ирнэ.

 

 

Түүнчлэн монгол бүсгүйн намба төрх, уян налархай байдлыг харуулсан уран нугаралт, бүжиг, хөөмий гээд л олон сонирхолтой хөтөлбөр багтсан байгаа.

 

 

 

-Дуучин Цогтсайхан олон сайхан нийтийн дууг үзэгч фенүүддээ хүргэсэн. Нийтийн болон олон түмэнд хүрсэн дуэт дуунуудаасаа дуулах болов уу гэж хүлээж суугаа хумүүс байгаа байх. Мөн түүнчлэн ямар нэгэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах уу?

 

 

-Мэдээж дуучин Батмэндтэй хамтран дуулсан дуунуудаасаа дуулна. Түүнээс гадна “Ээжийн үнэр” гэж их сайхан дуу бий. Энэ дуугаа дуулна. Яг үнэнийг хэлэхэд цоо шинэ дууг концертон дээр хүмүүс хүлээж авахдаа жаахан муу байдаг л даа.

 

 

 

Гэхдээ би энэ удаад “Сургаалийн үг” гэсэн эхийн сургаалийн талаар өгүүлсэн их сайхан дуугаа үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байгаа. Эхийн тухай өгүүлсэн дуунууд ихэвчлэн би ээждээ хайртай, ээжийгээ санаж байна гэх зэрэг үгтэй бол энэ дуу маань арай өөр.

 

 

 

Үр хүүхдээ ирээдүйд сайн сайхан явахын тулд ингэх, тэгэх хэрэгтэй гэсэн сургаалийн үг бүхий дуу. Нэг ёсондоо би тайзан дээр ээжийн дүрд хувирч үзэгч хүүхдүүддээ сургааль айлдана гэсэн үг.

 

 

 

-Өөрөө амьдрал дээр хэр их сургааль хайрладаг ээж вэ?

 

 

-Мэдээж сургаалийн үг хэлэлгүй яахав. Гэхдээ байнга үглээд байдаггүй. Тэгээд ч манай хүүхдүүд миний царайг хараад л юу гэх гэж байгааг минь ойлгочихдог. Ер нь би дуу цөөтэй хүн л дээ.

 

 

 

-Дуучин Батмэндтэй хамтран дуулсан олон сайхан дуунд чинь монголчууд дуртай байдаг. Харин сүүлийн үед хамтарч дуулахгүй байх шиг?

 

 

-Тиймээ. Бид хоёр олон сайхан дуугаараа монголчууддаа хүндлэгдсэн. Бас хүмүүст төдийлөн сайн хүрээгүй дуэтүүд ч байгаа. Таны хэлсэнчлэн сүүлийн үед бид хоёр хамтарч юм хийсэнгүй.

 

 

 

Гэхдээ бидний уран бүтээлийг нийтийн дуугаар хязгаарлаж болохгүй. Бидний хамтарч дуулсан олон сайхан харилцаа ардын дуу бий. Бид хоёр хоёулаа уртын дуучин хүмүүс шүү дээ. Тиймээс уртын сайхан дуунуудаа дуулаад л явж байна.

 

 

 

-Ингэхэд дуучин Цогтсайхан ардын дуу, уртын дуу, нийтийн дуу гурвын алинд нь илүүтэй татагддаг вэ?

 

 

-Би уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг төгссөн болохоор уртын дуундаа  илүү татагддаг. Үзэгчид сонсогчид бол ихэвчлэн дуэтүүдийг минь сонсох дуртай юм шиг санагддаг. Хурим найранд бол ихэвчлэн дуэт дуугаар л уригдана шүү. Гэхдээ дуучин хүн хөрвөх чадвартай байх хэрэгтэй гэдэг үүднээс аль алийг нь дуулдаг.

 

 

 

 -Өөрөө урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Угаасаа ч урлагийнхан олны нүдэнд байнга торж байдаг болохоор гоё сайхан байхаас аргагүй байдаг шиг байгаа юм. Та гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

 

 

-Эмэгтэй хүн гоо сайхан болон эрүүл мэнддээ цаг гаргаж байх хэрэгтэй. Тэр тусмаа урлагийн бид хүмүүсийн нүдэн дээр ил байдаг болохоор гоо сайхандаа анхаарахаас аргагүй.

 

 

 

Гоо сайхан байхын тулд баримталдаг миний зарчим бол унтаж амрах. Угаасаа мэргэжил минь ч ингэж шаарддаг юм. Түүнчлэн аль болох ядрахгүй байхыг хичээдэг. Бас чанартай хүнс хэрэглэхийг бодно. Ер нь бүх тал дээр л анхаардаг даа.

 

 

 

-Тэгвэл өөрөө хэр сайн ээж вэ?

 

 

-Хэр сайн ээж болохыг минь миний хань болон хүүхдүүд л хэлэх байх даа. Гэхдээ бид цаг наргүй ажилладаг улс. Үдэш орой ирнэ. Гадаад дотоодод томлолтоор явна. Ер нь явж суух ажил их шүү дээ, урлагийнханд.

 

 

 

Хүмүүс сайхан амарч байхад бид тэдний амралтанд нь зориулан ажлаа хийж байдаг. Яг энэ үүднээс сайн ээж байхад бага зэрэг хүндрэл тулгардаг. Тэр бүгдийг, ард тал маань зохицуулж байдаг. Мэдээж үр хүүхдүүдтэйгээ хамт байхдаа аль болох сайн ээж байх гэж хичээдэг.

 

 

 

-Ихэнх ээжүүдэд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх ажилд оноогддог. Харин таны хувьд?

 

 

-Сургуулийн хүүхэд маань одоохондоо бага байна л даа. Үнэнийг хэлэхэд хүүхэддээ хичээлийг нь хийлгэх зав гаргаж чадахгүй л байна. Багш нарт нь даатгачихдаг. Зарим ээжүүд хааяа ганц хичээлийг нь хийлгэхээр хашгичиж зандраад л бөөн юм болдог. Харин би тийм биш. Мэдээж тэр хүүхэд ойлгоогүй болоод л хийж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас аль болох тайлбарлаж ойлгуулахыг боддог.

 

 

 

-Таныг Дундговь аймгийн хүн гэдгийг мэднэ. Хэр хөдөө амьтай вэ? Нутгаа хэр эргэж байна. Нутгийн уул ус харж байдаг гэдэгт итгэдэг үү?

 

 

-Тиймээ. Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн. Ээж маань нутагтаа байгаа болохоор хэд хоног амрахаар болбол гараад л давхичихдаг. Их гэр маань тэнд болохоор ер нь л гүйдэл ихтэй шүү.

 

 

 

-Дундговийг дуу хуурын өлгий нутаг гэж ярьдаг. Энэ нутгаас төрөн гарсан алдартай дуучид олон. Энэ нутагт төрж өссөний хувьд үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?

 

 

-Их олон юмтай холбоотой гэж боддог шүү дээ. Газар нутаг, ахуй амьдрал, ёс жаяг, найр наадам гээд л. Манай нутагт гүү барих ёслол, унага тамгалах ёс буюу тамган найр гээд л их олон найр наадам болдог. Энэ наадмууд ямар ч насныханд хязгааргүй. Наадамд ирсэн хүмүүс их бага гэлтгүй бүгд дуулж хуурдана.

 

 

 

Энэ бүхэн л хүүхдийг багаас нь дуулж хуурдахад сургадаг юм болов уу гэж боддог. Түүнээс гадна тэр сайхан уудам тал нутагт төрсөн хүн уртын дуу аялахгүй, дуулахгүй байхын аргагүй. Ер нь дуулж хуурдах нь ямар нэгэн хэмжээгээр нутаг устай уялдаатай гэдэгт би итгэдэг.

 

 

 

-Тэгэхээр удмаараа сайхан дуулж хуурддаг хүмүүс байх нь. Харин тань шиг урлагийн хүн байв уу, танай удамд?

 

 

-Аав ээжийн талын аль алинд нь найр хуриманд залагддаг дууч хүмүүс бол байсан. Гэхдээ урлагаар явсан хүн байхгүй.

 

 

 

Э.Анударь

 

 

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Х Түц” продакшны жүжигчин Аглуу буюу МУГЖ Л.Баттулга. тай ярилцлаа. Аглуу ямар жүжигчин бэ гэдгийг “Х Түц“ мэднэ

$
0
0
Өчигдөр 8 цаг 59 минут
-Ард түмэн ч гэсэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа-

 

Х Түц” продакшны жүжигчин Аглуу буюу МУГЖ Л.Баттулгатай ярилцлаа.

-Хамгийн сүүлд тайзнаа тавьсан “Сэрүүн хасын нууц” жүжгээс яриагаа эхэлье. “Х Түц” продакшны тавьсан хоёр дахь сонгодог жүжиг. Нэлээд олон өдөр тоглосон болохоор үзэгчид хэр байв, магтаал шүүмжийн алийг нь их сонсов?

-“Х Түц” продакшн болж гарснаас хойш драмын жүжгийн хувьд тав дахь нь. Хоёр нь Америкийн кохиолч Айн Рэндийн жүжиг, нэг нь Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг”, үлдсэн хоёр нь дорно дахины сонгодог бүтээл болох Цао Юугийн “Аянгын бороо”, Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжиг. “Аянгын бороо”-ноос хойш гурван жилийн дараа энэ жүжгийг тавилаа л даа. Ямар ч байсан “Аянгын бороо”-ноос дордуулахгүйн тулд маш их эрэл хайгуул хийсэн. Явсан нохой яс зууна гэдэгчлэн сайн бүтээлийн үзүүрээс атгаж авсан, сайн тавихын төлөө их хичээсэн, бас нэлээдгүй хөрөнгө мөнгө зарж хийсэн. Хамгийн гол нь үзэгчдэд сайн бүтээгдэхүүн очих ёстой. Сайхан бүтээл болж чадлаа, ард нь гарлаа. Нийтдээ 26 хоног завсаргүй тоглолоо. Ардчилсан орнуудын уулзалтаас болж дунд нь зургаа хоног завсарлаагүй бол 32 хоног тоглох байлаа. Уран бүтээлчид маань их сайхан тоглолоо. Үзэгчдээс ч маш их магтаал, бас шүмжлэл сонссон. Гэхдээ 90 хувийн магтаал, 10 хувийн шүүмжлэл байсан.

-Магтаал бол ойлгомжтой. Харин шүүмжлэл нь юу байсан бэ? 

-Яагаад “Х Түц” заавал дорно дахины, тэр дундаа Хятадын зохиолыг тавьдаг юм гэдэг ч юм уу. Бид бол заавал дорнын зохиолоор жүжиг тавина гээгүй л дээ. Хамгийн гол нь сайн бүтээл хийх, бүтээлдээ жүжигчид маань дурлаж тоглох, үзэгчид түүнээс нь уйдахгүй байх гэсэн эрэл хайгуулаас энэ жүжгийг тавилаа. Нээрээ ч эргээд харсан чинь хоёулаа л дорнын зохиол байсан. Хувь уран бүтээлчийнхээ байр сууринаас хэлэхэд дорнын зохиол үнэхээр гайхалтай бичигддэг юм билээ. Чюн Яо бол эмэгтэй зохиолч, одоо 75 настай, Тайваньд амьдарч байгаа. Эмэгтэй хүн угаасаа амьдралыг илүү нарийн мэдэрдэг юм байна лаа. Олон жилийн өмнө бичигдсэн зохиол, энэ зохиолоор кино ч хийж байсан.

-“Шүэке бүсгүй”, ерээд онд манайд гарч байсан санагдаж байна…

-Тийм ээ. Дорнын аж амьдрал, ахуй байдал ерөнхийдөө манайхтай их төстэй шүү дээ.

-Жүжигчдийн дүрдээ орох, үзэгчдийн хүлээж авах байдал ч гэсэн өрнийн жүжгүүдээс арай л өөр, илүү ойр санагдсан л даа?

-Өрнийн жүжгүүд бол шал өөр л дөө. Трико өмсөөд, парик зүүгээд л тоглоно шүү дээ. Дүрүүдийнх нь нэр ч гэсэн бидний ахуйгаас хол шүү дээ. Дорнынх бол илүү ойр. Хятадууд ч гэсэн бидэнтэй адил Манжийн дарлалд байсан улс. Жүжиг маань Манж гүрний сүүл, шинэ Дундад улс үүсч байх үеийн он цагийн зааг дээр бичигдсэн. Ер нь дорнын зохиол гэдэг их дотогшоогоо бичигддэг юм байна. Ахуй амьдрал, гэр бүл, хайр сэтгэл, удам угсаагаа хайрлах тэр байдал нь бидэнтэй их төстэй. Монгол хүн бол “үхтэл үр харам” шүү дээ. Энэ зохиол дээр ч гэсэн яг тийм. Тэр эх хүн үхэн үхтлээ ач охиныгоо “Ээжтэй нь л уулзуулчихвал боллоо” гэж амьдралынхаа эцсийн хором хүртэл зүтгэдэг. Тэр мэтчилэн сэтгэлгээний юмаар үнэхээр “нүдчихэж” байгаа юм л даа. Уран бүтээлчдээс илүү их ажиллагаа шаардсан жүжиг. Уран бүтээлч хүн тийм бүтээлд илүү их дуртай. Илүү их ажиллагаа, эрэл хайгуул шаардсан, өөрийг нь эвдсэн бүтээл уран бүтээлчийг илүү их задалж өгдөг. Аглуугаас юу гарах ёстой юм, цаана нь ямар нөөц бололцоо байна, түүнийг нь ил гаргаж өгдөг.

-Азидаа манайхаас өөр оронд тавигдсан уу? Орчуулгыг нь хэн хийсэн бэ?

-Хятад хэлний орчуулагч, багш Болдбаатар гэдэг хүний орчуулгаар манайд хэвлэгдэж байсан. Яг драмын жүжиг хэлбэрээр бол Азид тавигдаагүй юм билээ. Харин кино нь бол алдартай. Киноны төгсгөлд Шүэкег үхүүлэхгүй гэж Хятадад бослого хүртэл гарч, тэр дагуу нь киноны төгсгөлийн өөрчилсөн түүх хүртэл байдаг юм билээ. Жүжгийн найруулагчаар УГЗ Найдандорж найруулагч ажилласан.

-“Х Түц”-ийн хошин шогийн хөтөлбөр хамгийн ихдээ хэдэн удаа тоглогддог вэ?

-Жилдээ 1-2 хөтөлбөр хийж байгаа. Нэг тоглохдоо 25-30 удаа тоглоно, сайн тоглолт бол шүү дээ. Тааруухан юм хийвэл хүн үзэхгүй шүү дээ.

-Нэг үе “Хүмүүс хошин шогоос өөр юм үзэхээ болилоо, харанхуй байна” гэж драмынхан ялангуяа их халагладаг байсан. Гэтэл өнөөдөр драмын жүжиг бүтэн 26 хоног үзэгчтэй байна гэдэг чамлахааргүй амжилт. Эсвэл “Х-Түц”-ийнх учраас тэр үү?

-Ер нь бол тийм, шударгаар хэлэхэд. Өнөөдөр үзэгчид маш баян сонголттой болсон. Интернетийн ертөнц хөгжөөд мэдээллийг хаанаас л бол хаанаас авч байна. Автобусанд явахдаа л гар утаснаасаа мэдээлэл авч байна шүү дээ. Тиймээс хошин урлагийн продакшнүүд асар эгзэгтэй үед ажиллаж байгаа, гэхдээ маш сайн ажиллаж байгаа. Үзэгчдээ алдахгүй байна гэдэг бол сайн ажилласны үр дүн. Хүмүүс жүжиг үзэж байна, балет үзэж байна, дуурь, хошин шоу үзэж байна. Хүн юу хүсдэг юм, аз жаргалыг л хүсдэг. Орой болгон “funny” байхыг хүсч байна. Тэр утгаараа ч хошин урлагийнхан дандаа гэрэл гэгээтэй зүйлийг хийдэг. Тэр утгаараа хошин урлагийнхан ямар ч урлагаас илүү үзэгчтэй байдаг. Хэрэв бид сайн драмын бүтээл хийвэл бас л дүүрэн үзнэ. Хэр сайн бүтээл хийж байгаагаасаа л шалттгаалж байгаа. Түүнээс биш драм үзэхээ болиод хошин шог үзээд байгаа юм биш. Драмын театрынхан ч гэсэн сайн л уран бүтээл хий л дээ. Маркетингаа сайн хий. Тэгвэл ялгаагүй л үзнэ. Харин сайн маркетинг хийчихээд муу бүтээл хийвэл нэг үзээд л хаяна. Сайн бүтээл хийчихээд муу маркетинг хийвэл хүн үзэхгүй. Хайран мөнгө урсаад л өнгөрнө. Тийм учраас маркетинг, уран бүтээл хоёроо яг зэрэг авч явах ёстой.

-“Аянгын бороо” бол тухайн үедээ тэсрэлт болсон жүжиг. Сая “Сэрүүн хасын нууц”-ад тоглоход Аглуу хэр өссөн байна, өөрчлөлт гарсан уу, мэдрэгдсэн үү?

-Ер нь бол урд зүгийн дүр гэдгээрээ хоорондоо төстэй байсан. Гэхдээ нэг нь цэвэр хятад хүн, нөгөө нь манж үндэстэн. Өмнө нь 60 гарсан ядуу гуйлгачин, ажилчин өвгөний дүр бүтээсэн бол энэ удаа ван язгууртан хүний дүрийг бүтээсэн. Ялангуяа найман жилийн өмнөх ван, найман жилийн дараах вангийн дүрийг бүтээнэ гэдэг надад хэцүү байсан. Тэгээд чадан ядан бүтээлээ.

-Т.Бархүү их том дүр авчээ гэж бодсон,,,

-Том, жижигтээ биш. Хамгийн гол нь жүжигчин хүн хийх л ёстой байхгүй юу. Дүрийн хувьд бол Т.Бархүүгийнх том дүр, зөрчилтэй ч дүр. Тэгээд ч сайн бүтээж чадсан. “Х Түц” сайн ажилласан.

-Дараачийн уран бүтээл юу вэ? Шинэ кино хийх гэж байгаа гэж бас сонссон….

-Одоохондоо нарийн хэлмээргүй байна. Нэг бүтээл дээр ажиллана, ямар гэдэг нь яваандаа мэдэгдэнэ байх. Гаднынхантай хамтарч ажиллах, туршлага солилцох санаа байна. Одоо бол 100 хувь шийд нь гараагүй, хэлцлийн шатандаа яваа. Шийд нь гарвал “пад” гээд л дэлгэгдэх байх даа. Шат ахих хэрэгтэй байна шүү дээ.

-Нарансолонго хамтлагаасаа гарсан юм уу?

-Манайхаас нэлээд олон залуу уран бүтээлчид гарсан. Түвшинтөр, Тэмүүжин, Нарансолонго, жилийн өмнө Батаа маань гарсан. Бүгд уйлаад гарсан. “Аглуу ахдаа, Х ТҮцдээ баярлалаа, үнэхээр сайхан байсан шүү” гээд уйлаад гарсан.



-Яагаад?

-Үгүй яах вэ, санаа нийлээд хамтраад юм хийе гээд л гарсан. Энэ чинь ардчилсан нийгэм, хувь хүний эрх шүү дээ. Хүн чөлөөтэй ажиллах, өөрийнхөө толгойгоор амьдрах эрхтэй.

-Өнгөрсөн жилийн сонгуулиас өмнө урлагийнхан сонгууль болохоор л намуудыг, нэр дэвшигчдийг дагаад гардаг байсан. Одоо хуулинд өөрчлөлт ороод урлагийн тоглолтыг хориглочихсон болохоор ямархуу байна?

-Надад бол таалагдаж байгаа, нэг талаасаа. Би 1997 онд сургууль төгссөн. 2000 оны сонгуулиас эхлээд  би Ардчилсан нам, ардчилсан үзлийг дэмжсэн. Түүнээс хойш дөрвөн сонгуульд оролцлоо. Нэр дэвшиж биш, нэр дэвшигчийг дэмжиж. Тиймээс харин ч би энэ хуулийг их сайшаалтай хүлээж авч байгаа. Яагаад гэвэл урьд нь бид уулзалтан дээр очихоороо дуулаад, эсвэл нэг номер үзүүлчихээд л хөшигний ард хүмүүсийн яриа сонсоод суудаг байсан. Одо өөрсдөө тэр ярианд нь оролцож эхэлж байна. Хувь хүнийхээ оролцоогоор дэмжиж байна. Нэг хэсэг хүмүүс “Аа, та нар орлогогүй болчихсон уу” гэж л байна. Тэгж ярьвал тэр чинь бидний албан ёсны орлого биш шүү дээ. Нэр дэвшигч л өөрсдийгөө дөвийлгөх гэж урлагийхныг мөнгөөр цохиж авч явж байснаас биш.

Сонгогчид ч гэсэн “Урлагийнхан мөнгө төлсөнд нь л үйлчилдэг, өөрсдийн үзэл бодолгүй хүмүүс” гэж хүлээж авдаг байсан байх?

-Тийм шүү дээ. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиас эхлээд би жинхэнэ өөрийнхөө оролцоогоор, нэр дэвшигчийг дэмжих үнэмлэх аваад явж байгаа. Энэ нь ч зөв, би улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Хэрвээ тэнд миний дуу хоолой хэрэгтэй бол. Түүнээс биш гавьяатаа авчихлаа, орох орон, унах машинтай болчихлоо, би болж байвал бусад нь яах вэ гэж боддоггүй. Надад тийм совесть байхгүй. Нэг хүнд ч гэсэн нэг зүйлийг ч гэсэн ойлгуулахыг л боддог. Миний найз ирээд “Аглуу, чи тэр номерийнхоо CD-г өгөөч. Ах маань архи уугаад байна, үзүүлэх гэсэн юм” гэхэд би нэг юм бодно оо доо. Тэр уран бүтээлийг хийхийн тулд би асар их судалгаа хийдэг, асар их эмзэглэл тээдэг. Тийм учраас би ч гэсэн энэ нийгмийн оюун санааны нэг хэсэг нь. Үүнийгээ л урлагаас нь салгаад өөрийн биеэр хүмүүст хүргэж байгаа байхгүй юу.

-Өмнө нь зөвхөн урлагийн од, жүжигчний хувиар сонгуульд оролцдог байсан бол өнөөдөр бие хүн, нийгмийн зүтгэлтний хувиар оролцож байна гэсэн үг үү?

-Яг тийм. Яагаад болохгүй гэж. Би өнөөдөр 38 настай. “За нэг 50 хүрч байгаад хүмүүст үг хэлнэ дээ” гэж болохгүй шүү дээ. Би чинь өөрөө хүүхдүүддээ аав нь. Миний хүү гудамжинд шүлсээ хаяж болохгүй, аав нь машиныхаа номерийг сольж болохгүй, хуулиа биелүүлэх ёстой гэж хэлдэг биз дээ. Өнөөдөр 28-29-тэй УИХ-ын гишүүд байна. 31-32-той залуучууд сайд хийж байна. Сайд биш юмаа гэхэд УИХ-ын гишүүний нас надад байна шүү дээ. Тийм учраас хойшоо суух эрх надад байхгүй. Зүгээр л тоглолтоо хийчихээд, эсвэл нэг рекламанд тоглочихоод мөрөөрөө явж байя гэж би боддоггүй. Энд нэг согтуу хүн машинд дайруулах гээд гуйвж явахад татаад авах тэнхэл надад бий. Тэнд хүн өлсөөд сууж байхад би гуанзанд идэж байсан хоолоо хаяад гарч чаддаггүй. Цэвэрхэн савлаж боогоод аваачаад өгчихдөг. Яагаад гэвэл би тэр хоолыг мөнгөөрөө худалдаж авсан.

-Сонгуулийн сурталчилгаанд явахаар чинь хүмүүс танаас юу асуудаг вэ?

-Аглуу, чи аль намынх юм бэ л гэж хамгийн их асуудаг. Би бол ардчилсан хүчин, ардчилсан үзлийг л дэмждэг. УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаар явж байхад надаас нэг хүн “Ардчилсан намын чинь хүмүүс яагаад хуулиа зөрчөөд байгаа юм бэ?” гэж асууж байсан. Олон хүн сайнтай муутай байдаг шиг Ардчилсан намд ч гэсэн болох бүтэхгүй хүмүүс байж л таарна. Тэр хүмүүстэй бид хариуцлага тооцож чадна аа, бидэнд тийм эрх нь байгаа гэж би хэлдэг. Би 24-25 наснаасаа энэ ардчилсан нийгэм, эрх чөлөөтэй байх, эрх чөлөөтэйгээр уран бүтээлээ хийх гэдгийг үзлээ. Гэхдээ эрх чөлөөтэй байна гээд энэ сандлыг хугалж болдоггүй юм байна. Эрх чөлөө гэдэг уяанаасаа алдуурсан нохой шиг явахын нэр биш. Ард нь хариуцлага гэдэг юм заавал дагаж явдаг. Наанадаж татвараа төлдөг байх ёстой биз дээ.

-Мэдээж таны, бас бидний үеийнхэн, түүнээс дээшлэхээр ардчилсан нийгэм гэж юу юм, өмнө нь ямар нийгэм байсан бэ гэдгийг мэддэг. Гэтэлд одоо ардчиллын 20 жилд төрж өссөн, одоо хорь хүрч байгаа хүүхдүүд ардчилал гэж юу яриад байгаа, ардчилалгүй бол ямар нийгэм байх байсан гэдгийг төсөөлөх ч үгүй өсч байна…

-Магадгүй, угаасаа л ийм байсан гэж бодож байж магадгүй. Гэхдээ би одоогийн залуучуудад итгэдэг. Би Баянхонгорт өнгөрсөн сонгуулиар ажиллахдаа Баянхонгорчуудаар маш их бахархсан. Тэр хүмүүс сонголтоо хийж чадсан, амьдралаа өөрчилсөн.

Үнэнийг хэлэхэд би нэг удаа ангийн дарга болох гэж үзсэн байхгүй юу. Багш маань “Нэг, хоёр, гурав” гэхэд гараа өргөсөн хүн ангийн дарга болно шүү гэсэн юм. Гэтэл би “өргөх үү, болих уу” гэж бодсоор байгаад арай гэж гараа өргөтөл аль хэдийн гурван хүүхэд гараа өргөчихсөн байсан. Хамгийн түрүүнд гараа өргөсөн хүүхэд ангийн дарга болсон, ангийн хүүхдүүд ч гэсэн түүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Яагаад гэвэл намайг ангиа удирдах хэмжээнд хүрээгүй байна гэдгийг манай ангийн хорин хүүхэд мэдэж л байсан байхгүй юу. Би бас тэнэг биш, өөрийгөө мэднэ шүү дээ. Тэгээд “Би арай болоогүй юм байна, анги удирдах хэмжээнд очоогүй юм байна, би бол удирдагч биш юм байна” гэдгээ ойлгоно шүү дээ. Зугаалганд явахад ч гэсэн нутгийн индианууд зодох гээд ирэхэд дунд нь зохицуулалт хийдэг нэг хүн заавал байдаг биз дээ. Хамаагүй нэг нь цамцаа өгье, цамцаа өгөөгүйгээс болж хэн нэг нь нүд амгүй болбол яана. “Зодолдъё” гээд байгаа нэгийгээ дарж чаддаг, бусдыгаа дагуулж чаддаг, энэ нь илүү сайн зурдаг, тэр нь арай ухаантай гэхчлэн аав шиг, ээж шиг бүгдийг харж чаддаг нэг хүн байдаг даа. Тийм л хүн айл гэрийг ч, төр улсыг ч авч явах ёстой. Зөв хүнээ гараад ирэхээр бид чинь  бөөнөөрөө нэг баярладаг даа.

-Дөрвөн жилийн өмнө нэг удаа тэгж баярлаж байсан байх, тийм үү?

-Тийм ээ. Дөрвөн жилийн өмнө бид яаж баярлаж байлаа даа. Тэгэхдээ хэн нэгнийгээ муулж ерөөсөө болохгүй. Зүгээр сонгох, сонгогдох эрхийн хувьд бол хэн ч сонгогдох эрхтэй.  Би ч сонгуульд оролцох эрхтэй, энэ Дорж, Дулмаа ч сонгуульд оролцох эрхтэй. Энэ намын бүх хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Мэдээж нэг намаас нэг хүн нэр дэвшинэ ч, нэг хэсэг нам нийлээд нэр дэвшүүлж болно ч гэдэг юм уу, цаанаас нь зааж өгсөн тоо байдаг л байх. Гэхдээ сонголтоо хийх хүмүүс нь бид нар. Энэ улс орны төлөө хэн нь юу хийж чадах вэ гэдгээ л ярих ёстой.  Ард түмэн харж байгаа шүү дээ. Мэдээж улс төрийн аль ч намд өрсөлдөгчөө шүүмжлэх, өөрийнхөө нэр дэвшигчийг дээгүүрт үзэх зүйл байдаг. Тэр нь хэрээсээ хэтрэхгүй л байх хэрэгтэй.  Би өөрийнхөө багаар жишээ авч ярих их дуртай л даа. Би жишээ нь өөрөө чадахгүй мөртлөө Онон ах, эсвэл Одноо эгчийн тоглох гэж байгаа дүрийг би авна гээд улайраад байвал манайхан мэднэ шүү дээ. “Яан аа, Аглуу ах энэ дүрийг чадахгүй ш дээ. Тэгсэн мөртлөө ямар аймаар чичирдэг юм бэ” гэнэ. Тэгж бодоод манайхан сонголтоо хийнэ. Чадахгүй мөртлөө, царай зүс, бие хаа юугаараа ч таарахгүй байж мянга тэдэнд “Ахыгоо сонго” гэж хашгираад яах юм. Аглуу ямар жүжигчин бэ, энэ дүрд тоглож чадах уу, үгүй юу гэдгийг “Х Түц”-ийнхэн мэдэж байгаа. Ард түмэн ч гэсэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа.

-Сонгууль болгоноор нь “хар пи ар” гэж нэг юм гарч ирдэг. Ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн тухай “хүзүүгүй”, “хужаа“, “намхан жижигхэн” гээд элдвээр л бичдэг. Та гайхдаг уу?

-Би заримдаа сөрөг намуудын ярьж хэлж байгаа зүйлийг хараад үнэхээр гайхдаг. Надаас ухаантай хүмүүс байгаа даа л гэж би дотроо боддог. Тэгээд яагаад тэд нар нь хараа хяналт тавьдаггүй юм. Шударгаар л өрсөлд л дөө. МАН бол маш олон лидертэй нам, МАХН-д ч гэсэн тулхтай олон хүн бий. Тэд нар нь яагаад тэр штабынхандаа “Болохгүй шүү” гэж хэлдэггүй юм. Нэг л өдөр сонгууль дуусна, нэг нь Ерөнхийлөгч болно. Бид эргээд л наадмынхаа талбай дээр цуглана, бөхөө барилдана, сураа харвана. Бие биентэйгээ инээмсэглээд л уулзана шүү дээ. Тийм учраас бие биенийхээ сэтгэлд битгий юм хийгээсэй, сонгогч түмнийхээ сэтгэлд битгий юм хийгээсэй л гэж хүсч байна. Өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймагт ажиллаж байхад Шинэ жинст сумын Ардын нам, Ардчилсан намын дарга нар нь төрсөн ах дүү хоёр байсан. Мэдээж тийм байж болно л доо. Гэхдээ нэг байшингийн хоёр хаалгаар өглөө хоёр тийшээ дуугарахгүй гараад орой нь дуугарахгүй ирж унтдаг байсан. Тэгээд Ардчилсан намын дарга нь “Ах аа, сонгууль нэг л өдөр дуусна. Би цагаан сараар танд хадаг бариад л золгоно шүү дээ” гэж хэлсэн, тэгээд эвлэрсэн. Яг л тийм байхгүй юу. Гэхдээ яах вэ, хүн хүний шахалтаар биш, өөрөө өөрийнхөө үзэл бодлоор сонголтоо хийдэг болсон цаг. Тийм учраас сонгууль сайхан болох байх, үнэн ялах байх, эв нэгдэл ялах байх.

Б.СЭМҮҮН

http://www.news.mn

 



Хасар Жагаа буюу Д.Жаргалсайхан; “Аянгын бороо”дэндүү олон шагнал авчихав уу даа

$
0
0

Д.Жаргалсайхан; “Аянгын бороо” дэндүү олон шагнал авчихав уу даа

Хүмүүс: Жаргалсайхан |
index

-Би төмөрбаатар ах шиг чөлөөт уран бүтээлч болохгүй, дамдин гуай шиг бүх насаа театртаа зориулна аа-

Монгол Улсын гавъяат жүжигчин Хасар Жагаа гэж алдаршсан Б. Жаргалсайхантай ярилцлаа.

-”Гэгээн Муза”-д яагаад нэр дэвшсэнгүй вэ?
-Би “Парисын дарь эхийн сүм” жүжгийн гол дүрийн эмэгтэйгийн аавд тоглосон. Их сайхан дүр байсан. Би ч дүрээ сайн гаргаж өгсөн гэж бодож байна. Үүндээ их бардам байгаа. Хамгийн гол нь “Парисын дарь эхийн сүм” маань дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшсэн. Миний дур дуулдаггүй л дээ. Тийм болохоор энэ жилийн хувьд шүүгчээр ажилласан. Наадам маань сайхан боллоо. Ямарч байсан шагналууд нь нүдээ олсон гэж бодож байна.

-Анх удаа шүүгчээр ажиллаж байгаа бил үү?
-Тийм ээ.

-Хэцүү санагдав уу?
-Тэгэлгүй яахав. Яг адилхан чанар чансаатай уран бүтээл, уран бүтээлчдийг шүүнэ гэдэг амар хэрэг биш юм билээ. Гэхдээ хэцүү гээд яахав. Мэдээж нэг нь арай илүү байж таарна. Түүнийг олж харахыг хичээлээ. Чадсан байх гэж бодож байгаа шүү.

-Наадмын дараахан жүжигчин Г.Онон “Гэгээн Муза” шударга болж чадаагүй гээд жаахан гомдолтой байх шиг байсан?
-Тийм үү. Тэр талаар сонсоогүй юм байна.

-”Аянгын бороо” аль ч талаараа “Парисын дарь эхийн сүм” жүжгээс илүү байсан гэсэн утгатай зүйл ярьж байна лээ?
-Ярих хүмүүс нь яриад л явж байг. Тэртээ тэргүй хүн бүхэн өөр өөр санаа бодолтой байдаг шүү дээ. Ямар ч гэсэн хоёулаа л сайхан жүжиг. Гэхдээ “Аянгын бороо” жүжгийн зохиол нь өөрөө алдартай. Дүр бүр нь дэндүү сайхан. Хятадууд өөрсдөө кино хийсэн байдаг шүү дээ. “Парисын дарь эхийн сүм” бол жүжгийн зохиол биш. Харин түүнийг манай драмын театрын уран бүтээлчид хөгжимтэй болгож, шинэлэг байдлаар үзэгчиддээ хүргэсэн. Үүгээрээ давуу талтай. Энэ жүжгийг найруулагч Н.Наранбаатар асар их зүйл бодож хийсэн байх гэж боддог юм.

-Тэгвэл “Аянгын бороо” жүжгийг зохиол нь өргөж гарсан гэж ойлгож болох уу?
-Нэг талаараа тийм шүү. Харин ч энэ жүжиг “Гэгээн Муза” наадмаас дэндүү олон шагнал авчихав уу гэж бодож байна. Тийм сайхан зохиол дээр ажиллаж байгаа юм чинь илүү нарийн нямбай ажиллах хэрэгтэй байсан байх аа. 1993 оны үед энэ жүжгийг манайд анх удаа Цэргийн театрт тоглож байсан. Би тэр жүжгийг үзэж байлаа. Тухайн үед дэндүү гоё тоглож байсан. Гэхдээ энэ бүхэн зөвхөн миний бодол юм шүү. Үзэгчдийн зүгээс ч энэ хоёр жүжгийг дүгнэхэд “Парисын дарь эхийн сүм”-ийг л гэнэ дээ.

-Хүмүүс таныг “Хасар” Жагаа гэдэг. Мэдээж танд сайхан санагддаг байх. Нөгөө талаараа энэ нэр хүндээ сэвтээхгүй юмсан гэж хичээнэ биз?
-Тэгэлгүй яахав. Би дэлгэц болон театрын тайзнаа олон дүрд тогложээ. Гэхдээ жүжигчин хүн тоглосон дүр бүрээрээ алдаршина гэж байхгүй. “Хасар” Жагаа гэдэг нэрийг би өөртөө өгөөгүй. Ард түмэн надад өгсөн. Энэ нэрэндээ их хайртай. Би энэ бүтээлээрээ ямар нэгэн байдлаар өөрийгөө үзэгчиддээ ойлгуулжээ гэж боддог. Гэхдээ “Хасар” Жагаа гэхээсээ илүү жүжигчин Жаргалсайхан гэдэг нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явах юмсан гэж боддог. Тэглээ гээд би сайхан хүний баг өмсдөггүй, сайхан аашилж хэн нэгэнд тал засдаггүй. Байгаагаараа л байдаг.

-Урлаг танд сайн хань, нэр алдрыг харамгүй өгсөн. Хэрэв та урлагийн хүн болоогүй байсан бол бөх болох байсан гэл үү?
-Тийм ээ. Би багадаа бөхөөр хичээллэдэг байсан. Өдийд би дасгалжуулагч юм уу эсвэл бөхийн чиглэлээр ямар нэг амжилт үзүүлсэн байх байсан. Мөн урлагийг сонгоогүй бол Урнаатайгаа учрахгүй ч байсан байх. Тэгэхээр бурхан миний амьдралыг их сайхан аливаа уран бүтээлийг хийх явцдаа биш хийснийхээ дараа үзэгчдийн алга ташилтыг авсны дараа уйлах шахдаг шүү. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн биш байгаа биз.

-Театрт ороод 23 жил болсон байна. Амбий, Бооёо зэрэг үеийнхэн чинь хувийн продакшн байгуулаад гарсан. Та театрын урлагт үнэнч үлджээ?
-Ерөнхийдөө кино, драм хоёрыг хослуулсан л даа. Ажлынхаа хажуугаар олон кинонд тоглосон ч би драмын урлагтаа үнэнч байж чадсан. Нэг жил нэг cap ч завсардаагүй. 1990 онд нийгмийн байдал өөр болоход бүх хүн хувийн хэвшил байгуулж, зарим нь ганзагын наймаа хөөсөн. Тэр үед ч би гэр бүлийнхээ хүнтэй театртайгаа хамт байсан. Өөр олон жүжигчин байсан л даа. Гэхдээ би тэдний нэг болж үлдэж чадсандаа одоо баяртай явна.

-Цаашид яах бол. Чөлөөт уран бүтээлч ч юм уу, өөрийн гэсэн нэг юмтай болъё гэсэн бодол бий юу?
-Надад өөр тийшээ хазайх бодол байхгүй. Ер нь хүн чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Би Төмөрбаатар ах шиг чөлөөт уран бүтээлч болохгүй, “Хөх чоно” Дамдин гуай шиг бүх насаа театртаа зориулна аа. Би бол театрын хүн тул эндээ л байх ёстой. Хэрвээ гарах юм бол театр маань намайг үгүйлэх байх аа. Онгирч хэлж байгаа юм биш шүү.

-Таныг улс төрч болох гэж байгаа гээд шуугиад байсан?
-Тийм зүйл байхгүй. Тоглож байсан юм аа. (инээв) Хошигноод л ярьсан байхгүй юу. Нэг сэтгүүлч намайг дэвших үү гээд асуугаад байхаар нь “Хүн бүр нэр дэвшээд байхад би яагаад болохгүй гэж” гээд хэлчихсэн чинь хүмүүс тэгж ойлгосон юм билээ.

-Гэхдээ улс төр сонирхоно биз?
-Сонирхолгүй яахав. Ер нь дэлхийд хамгийн их улс төр сонирхдог улс орон гэвэл Монгол байна. Арван жилийн нэгдүгээр ангийн хүүхдээс эхлээд 80 настай буурал хүртэл бүгд л сонирхдог. Тэгэх ч ёстой байх л даа. Би ч сонирхоно. Гэхдээ сонирхогчийн түвшинээс халихгүй.

-Зарим театрын уран бүтээлчид цалин бага учир хувиараа юм хийхгүй бол болохгүй нь гэдэг шүү дээ. Драмын театрын цалин таны амьдралд хүрч байна уу?
-Ер нь аль ч салбарт зөвхөн цалингаараа сайхан амьдарч чадахгүй байна шүү дээ. Манайх ч гэсэн түүнтэй л адилхан. Гэхдээ би театрынхаа улаан байшингаас сэтгэл санаа, нэр хүнд, эд хөрөнгө бүгдийг авч чаддаг. Би яаж ч голох билээ дээ. Хүний амьдралд ард түмэнтэйгээ танил явах шиг сайхан зүйл ховор байхаа.

-Та өвлийн өвгөн болдог. Шинэ жилийг тэсэн ядан хүлээж байна уу?
-2004 оноос хойш өвлийн өвгөн болж байна. Ер нь арванхоёрдугаар сарын нэгэн болохоор л өөрийгөө сойдог морь шиг догдолно доо. Хүн бүхэнд инээд сайн сайхан бэлэглэж байдаг болохоор өвлийн өвгөн болох надад их гоё санагддаг. Энэ ажлыг өвгөн буурал болтлоо хийнэ гэж бодож байгаа.

-Таныг ахмад жүжигчин гэж хэлэхгүй, бас нэг их залуу ч гэхгүй байх. Харин туршлагатай жүжигчин гэж хэлж болох байх л даа. Тэгэхээр энэ хугацаанд таны олж авсан ухаарал юу вэ?
-Ер нь жүжигчин ч бай, өөр мэргэжлийнх ч байсан хүн гэдэг хүн шиг л байх ёстой гэдгийг ойлгосон. Үүний цаана олон юм багтах байх гэж бодож байна.

-Таны хувьд чадаж байна уу?
-Би өөрөө өөртөө бол чадаж байгаа. Бусдад ямар санагддагийг мэдэхгүй л дээ.

-”Жүжигчид би дүр бүхэндээ хайртай” гэдэг. Таниас ямар дүрдээ хайртай вэ гэж асуувал мөн л энэ хариултыг хэлэх үү?
-Анх сургууль төгсчихөөд байхад Жумдаан найруулагч намайг “Хүний хүн” киноны Бадарчид тоглуулахаар авсан юм. Тэр дүр бол миний кинонд тоглосон анхны дүр. Намайг кино урлагт хөтөлсөн дүр ч гэж хэлж болно. Энэ дүрдээ би их хайртай. Жүжгийн тухайд гэвэл мөн л анхны дүр болох Доржсамбуу найруулагчийн “Халуун газар” жүжгийн Батсуурийн дүрдээ би их хайртай. Ер нь тэгээд тэр энэ гэлгүйгээр жүжигчин хүн бүтээсэн дүр болгондоо л хайртай байдаг л даа.

-”Парисын дарь эхийн сүм” жүжигт дуулаагүй гэсэн. Магадгүй таныг муу дууддаг болохоор дуулдаггүй дүр өгсөн юм болов уу?
-Үгүй дээ. Дуулна. Би дуу хуурийн өлгий Дундговь нутгийн хүү. Дууг өөрөөсөө төрүүлж, дуулах дуугаа өөрөөсөө гаргасан дуу хуурын өлгий гэмээнэ аяа миний Дундговь минь юм шүү дээ. Тэгэхээр би дуулдаг л байхгүй юу.

-Нутагтаа очиж байна уу?
-Тэгэлгүй яахав. Жил бүр очдог. Зун болохоор уран бүтээлч бидний амралт эхэлчихдэг шүү дээ. Тэгээд Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газраар тэнэж өгнө дөө. Ямар сайхан эх орон нутаг устай юм бэ гэдгээ тэр үед л мэдэрдэг.

-Драмын театр ирэх тавдугаар cap хүртэл долоон жүжгийг цувралаар тоглох гэж байгаа. Эдгээр жүжгийн чанар чансааны тал дээр хүмүүс шүүмжлэлтэй байна л даа. Богино хугацаанд хийж байгаа учраас тэгж байгаа байх?
-Бид ерөнхийдөө хоёрдугаар сараас бэлтгэлдээ орсон. Богино хугацаанд чанаргүй уран бүтээл хийлээ гэж ойлгож болохгүй л дээ. Уран бүтээлчид бүх л авьяас чадвараа дайчлан ажиллаж байна. Одоо бүх жүжиг тавигдахад бэлэн болсон. Мөн нэг уран бүтээлч нэг л жүжигт тоглож байгаа. Миний хувьд “Дон жуан”-ы жагсаалт буюу “Эр хүн” гэсэн жүжигт тоглох гэж байна.

Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

http://factnews.mn/4yl

 

 

 

 


УДЭТ-ийн найруулагч Ч.Түвшин. Ном эрдмийг мартсан Норовтонгуудтай тэмцэе.

$
0
0

Норов”-ууд цөөрөөсэй

Өнөөдөр 10 цаг 6 минут
Улсын драмын эрдмийн театрын хаалгаар оронгуут цоглог хөгжим эгшиглэж, “Ном эрдмийг мартсан Норовтонгуудтай тэмцэе” хэмээн хүмүүс хоолой нийлүүлэн дуулах нь сонсогдоно. 1957 онд хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн бичсэн “Норовын намтар” хошин найраглалаас сэдэвлэсэн хүүхдийн дуулалт инээдмийн жүжгийн сургуулилт болж байгаа нь энэ. УДЭТ-ийн найруулагч Ч.Түвшингийн зохиолыг нь бичиж, найруулж байгаа уг жүжгийн нээлт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр болох байсан ч уг төслийг ирэх хичээлийн жилд нээхээр болсон байна. Ун жүжгийн гол дүр буюу Норовт УДЭТ-ийн менежер, залуу жүжигчин А.Чингүн тоглож байгаа бол түүний найз охин Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан тоглож байгаа ажээ. Орчин үеийн Норов бол эрх өссөн айлын ганц хүү бөгөөд компютер тоглоомонд донтсон, худалч сахилгагүй нь дэндсэн хүү юм. Харин түүний найз охин болох Жимсээ нь онц сурлагатан, цэвэрч нямбай нэгэн. Норовын гэрийн даалгаварыг хийж өгөх, өглөө хичээлдээ хамт явахаар гэрээс нь ирж авдаг, нэг үгээр бол үлгэр жишээ сайн хүүхэд.

Түүнээс гадна жүжигчин Т.Хулан өмнө нь “Лусын дагина” хүүхдийн жүжигт тоглож байсан болохоор энэ удаад харьцангуй хялбар байгаагаа хэлж байсан. гэхдээ үзэгчид маань бүхнийг байгаагаар нь хүлээж авч, тэгж ойлгодог болхоор бид жижигхэн ч гэсэн алдаа гаргах эрхгйү хэмээн ярьж байсан юм. Харин Норов ийм сайн найзаасаа маш их эмээх боловч тоглоом тоглохын тулд Жимсээгээ үхчихсэн гэж ээж аавдаа худлаа хэлээд мөнгө авч байгаагаар одоогийн хүүхдүүдийн тоглоомонд донтохын аюул, муу талыг жүжигт илэрхийлсэн байна. Норовын аавд СТА жүжигчин Б.Амгаланбаатар, ээжид СТА жүжигчин Д.Ганцэцэг харин эмээд нь МУГЖ Г.Урнаа, өвөөд СТА Л.Дэмидбаатар нар тоглож байгаа ажээ.  Хэн хэнээсээ ганц хүүгээ өмөөрч, хаацайлсаны хар гайгаар гац хүү Норов нь буруу өсч хүмүүжиж байгааг нэг удаа эцэг эхийн хуралд нь суусан өвөө нь мэднэ. Гурван улирал дараалан муу дүнтэй суралцаж, эмч ээжийнхээ чөлөөний бичгийг хулгайлж аваад ангийнхаа хүүхдүүдэд хоолойны халдварт өвчин гэж бичиж өгсөнөөс болоод тэдний сургууль 14 хоног амарсан гэдгийг өвөө нь мэднэ.

Асар ихээр ууралсан өвөө гэртээ ирж “Норовтой нэг гэрт амьдарч чадахгүй, түүнийг сургаад өгнө”  хэмээн дайрахад эмээ нь “хичээлээ хийгээд сууж байгаа хүүхэд зодох гэлээ” гэж өмөөрнө. Удалгүй ээж, аав хоёр нь ирж тэр дөрөв Норовт байнга мэхлүүлж байснаа ойлгон өрөөнд нь орно. Бөөн уур, уцаар болсон тэр дөрөв Норовын өрөөнд ортол сандал дээрээ тоглоом тавьж орхиод гараад явсан байна. Удалгүй тайз солигдоход Норов ба түүний нөхөд цахим ертөнц доторх баатруудын дүрд хувилан буудалцаж эхэлнэ. Тун удалгүй тэдний цаг дуусаж тэд мөнгө олох арга хайж эхэлнэ. Мөнгө олох арга нь мэдээж худлаа хэлэх, хүүхэд айлгах гэх мэт дандаа үл бүтэх санаанууд.

Найруулагч Ч.Түвшин орчин үеийн хүүхдүүдэд зориулсан монгол жүжиг тоглогдохгүй байгааг анзаарч энэхүү төслөө эхлүүлжээ. Үүнээс гадна дэлхийн бусад улс орон өөрсдийн гэсэн хүүхдийн баатруудтай байдаг нь түүнд монголын хүүхдүүдийн баатар бий болгох санааг төрүүлжээ. Харин шууд үлгэрээс сэдэвлэн хийх нь одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйд таарахгүй гэж үзсэн учраас 1957 онд зохиогдсон “Норовын намтар”-ыг орчин үед авч иржээ. Тэрээр өмнө нь 1998 онд Үнсгэлжин хэмээх хүүхдийн жүжиг найруулж байсан бол түүнээс хойш “Цондоолой, Цүндээлэй хоёр” гээд нилээд хэдэн хүүхдийн уран бүтээл дээр ажилласан туршлагатай нэгэн юм. Харин тус жүжгийн хөгжмийг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин СТА А.Төгсбаяр бичиж байгаа ажээ. Найруулагч Ч.Түвшин уг хөгжмийн зохиолчтой өмнө нь “4-5 жүжиг дээр хамтран ажилласан болохоор биенээ ойлголх нь илүү амар, дээрээс нь манай Төгсөө их авьяаслаг нэгэн” хэмээн магтаж байна билээ. Мөн түүний хэлсэнээр компютер тоглоомонд дандаа алах, устгах, мэхлэх зүйлс гардаг бол номонд энэрэх, хайрлах, гэгээрэх байдаг. Тийм болохоор одоогийн хүүхдүүдийг компютер тоглоом тоглохоо жаахан багасгаж, ном унших, хичээлдээ шамдаасай гэж хүсэж энэ жүжгээ бичсэн гэдгээ хэлж байсан юм. Тийм ч учраас энэ жүжгийг үзсэн “Норов”-ууд цөөрч, засарна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Харин “Норовын намтар” жүжиг маань Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-нд үзэгч хүүхэд багачууддаа хүрэх байсан ч зарим нэгэн зүйлээс болоод ирэх хичээлийн жилд нээлтээ хийхээр болсон байна билээ.

Т.ДҮҮЖИН




Урна моодонд оров уу, монголчууд хөгжив үү

$
0
0
2013 оны 5 сарын 30

Цахар Тугч Урнагийн тоглолтын тасалбар дуусч бөөн юм болов. Бие биеэсээ эрж сурч, зохион байгуулагч “Цэрэн турс” компанийнхнаас “За яадаг юм, шалан дээр суугаад үзчихье, оруулаад л өг” гэж гуйв. Өвөр Монголын Ордос нутгийн уугуул, Герман улсын суугуул дуучин эмэгтэйг Европт үзэгчид хэрхэн тойрон хүрээлж буйг нь 16 жилийн өмнө анх харсан Э.Цэрэндолгор 2005 онд Монголдоо урьж тоглолтыг нь зохион байгуулахад монголчууд үндсэндээ үзээгүй. Цөөн хэдэн монгол, гадаад голдуу үзэгчтэй л байсан. Гэтэл найман жилийн дараа монголчууд Урнагийн дуулахыг сонсох гэж уралдаж буйн учир юу вэ. Дуучны талаарх суртал¬чилгаа сайн байснаар Урна зүгээр л моодонд орж, сайн гэсэн болгоноос хүртэж амсах гэдэг хийсвэрээр даган баясагчид хүссэн хүсээгүй тоглолтыг нь үзэх гэв үү, аль эсвэл үнэн сэтгэлээсээ түүний уран бүтээлийг таалж, таашаах болов уу. Монголын урлагийн зөвлөл сар бүр зохион байгуулж байх “Ур-лаг-тай яриа” хэмээх уулзалт ярилцлагынхаа анхны зочноор дуучин Урнаг урьсан юм. Хаанбанкинд байх тус зөвлөлийн “Улаан гэр” галерейд болсон уулзалтад Урлагийн зөвлөлийн гишүүд, дэмжигчид оролцсон юм. Энэ үдшийн гол баатар нь дуучин Урна.

Ярилцлагыг Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, уг зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал хөгжим судлаач Д.Баянмөнх нар сонирхолтойгоор хөтөлж явуулсан. Хэн юу асууж, дуучин хэрхэн хариулж байсан талаар мэдээлэл бэлтгэснээ сонирхуулъя.   

АЯЛГУУ ТАНЫ  СЭТГЭЛЭЭС УРСДАГ

МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа:

-Юуны өмнө уулзалт ярилцлагын эхэнд дуучин Урнагийн уран бүтээлийн тоглолтыг эх орондоо хоёр дахиа зохион байгуулж байгаа “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгорт талар­хаж байгаагаа илэрхийлье. Энэ эмэгтэй амжилттай бизнес эрхлэгчийн зэрэгцээ дэмжиж, ивээн тэтгэх замаар Монголын урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсаар байгаа хувь хүн юм. Түүнийг нийгмийн хариуцлагатай иргэн гэж тодорхойлмоор байна.

Дуучин Урнаад хандаж хэдэн үг хэлье. Би таны фэн. Таны дууг сонсдог. “Амилал” CD тань манайд байдаг. Гэртээ тайван амрах өдрөө зорьж сонсоход сайхан тайвшралыг, талын уудам, хүн зоны амар амгаланг мэдрэх шиг болдог. Мөн гэртээ урлагийн чиглэлийн зочид урихдаа зориуд онцолж сонсгодог. Тэгэхээр би таны сонсогч, уран бүтээлийн тань хэрэглэгч. Миний мэдэрснээр та зүрхнээсээ дуулдаг, үнэнийг өгүүлдэг, уянгалаг, хүчтэй, өргөн цар хүрээтэй хоолойтой, олон олон түүхийн талаар өгүүлдэг, дуу бүр тань өгүүлэмжтэй, нүүдэлчин соёлтой хүний мөн чанарыг агуулдаг. Ингээд дүгнэхэд та давтагдашгүй бүсгүй, дэлхийн том дуучин. Энэ бүхэн миний хувьдаа хийсэн дүгнэлт юм. Таны уран бүтээлийг бүхэлд нь авч үзээд товч тодорхойлбол би “Сэтгэлээс урсах уянга, хүч, давтагдашгүй, тайвшрал” гэнэ. Ингээд өнөөдөр энд  хүрэлцэн ирсэн та бүхэнд Урнагийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн хөгжим судлаач Баянмөнхийг урьж байна.

Д.Баянмөнх:

-Дуучин Урна бол Өвөр Монголын Ордос нутагт төрсөн, малчны хүүхэд. 18-тайдаа ёочин хөгжим сурч, улмаар энэ мэргэжлээрээ Шанхайн Хөгжмийн дээд сургуульд элсч,  амжилттай суралцаж төгссөн. 1993 онд уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн. 1994 оноос хойш гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсноор өөрийн гэсэн урлагийн замыг өөртөө нээж, Герман, Египетэд суурьшиж амьдран уран бүтээл туурвих болсон. Олон улсын хөгжим судлаачид түүнийг дэлхийн дуучин гэж тодорхойлдог. Ингээд ярихаар дэлхийн хөгжим гэж юу юм бэ гэсэн асуулт гарах байх, тайлбарлая. Олон улсын хөгжим судлаачид юуг дэлхийн хөгжим гэдэг вэ гэхээр дэлхийд алдаршсан хөгжим судлаач Роберт Брауны “Сонгодгоос бусад язгуур гэх бүх, өөрөөр хэлбэл олон үндэсний хөгжмийг дэлхийн хөгжим гэнэ” гэсэн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх нь илүү байдаг.

Ц.Ариунаа:

-Та Монголд гурав дахиа ирж байна. 2005 онд таны тоглолт үзэгчээр тааруу байсан. Өнөөдөр монголчууд таныг, таны уран бүтээлийг ингэж сонирхох болсныг юу гэж үзэж байна вэ?

-Манай Цэрэнгийн сайных юм болов уу. Мэдээлэл түгээх харилцаа холбооны орчин үеийн сүлжээний ач ч байх.

-Таны төрөлх Ордос нутаг танд юу өгсөн бэ?

-Эх нутаг, байгалиа хайрлах, дээдлэх сэтгэлийг.

“Азийн урлаг” сэтгүүлийн редактор Ян:

-Та Хятадад сурч байхдаа тус улсын бага ястнуудын хөгжмийг судалж байсан уу?

-Сонирхож байсан. Би Шанхайд сурч байхдаа Хята¬дын бүхий л, 56 үндэстний хүүхдүүдтэй хамт сурч байлаа. Сургуулиа төгсөхдөө олон үндэстний долоо, найман уран бүтээлчтэй нэгдэж хамтлаг болж уран бүтээл хийж байсан.

“МонРеИмпекс” компа­нийн захирал Р.Туяацэцэг:

-Би нээлттэй, илэн далан­гүй ярилцахыг хүсч  байна.  Би таны дуу, уран бүтээлийг сайн ойлгохгүй байгаа юм. Зарим талаар уйтгартай ч юм шиг. Таны чухам юу хүмүүсийг татдаг юм бол гэж бодож байсан удаатай. Та юу гэж хариулах вэ?

-Сэтгэлд хүртэл дуулъя гэвэл сэтгэхүйтэй дуул гэдэг үг бий. Би хаана ч явсан монголоороо дуулдаг. Тайзан дээр гараад монголоороо мэндэлдэг. Энэ сэтгэл, сэтгэлгээ маань хүмүү¬сийг татдаг байх.

Зочин:

-Та монгол дуучин байж яагаад дандаа гадаадад амьдардаг юм бэ?

-Уран бүтээлээ хийх, монгол дуу, урлагаа дэлхийд таниулж явах үүднээс гадаад оронд амьдардаг. Гэхдээ нутагтаа байнга очдог. Жилдээ нэг, хоёр удаа очдог. Тэндээ янз бүрийн юм хийдэг. Хүүхэд залуусыг дэмждэг. Гэртээ очиж, малаа хариулдаг. Аав ээждээ очсон хүн чинь зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Шууд л малчин болчихдог. Тэгээд мал дагаад бэлчээрт яваад байхаар манай нутагт “Энэ одоо дэлхийд нэртэй дуучин гэж үнэн юм уу даа. Нэртэй дуучин юм бол юу гэж ингээд явж байх вэ, худлаа байх аа” гэсэн яриа хүртэл гарсан байсан.

“Моханик” хамтлагийн дуучин Цоожоо:

-Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монголын уран бүтээлчид хэт гадаад тийшээ хазайсан юм хийдэг. Тэгсээр байгаад мэдрэмжээ гээгээд эхэлсэн. Юу алдаад байгаагаа мэдэхгүй л хоо­сон даган дуурайгаад бай­даг. Таныг анх сонссон хүмүүс таниас өөрийн сонсч дассанаа хайгаад бай­сан байх. Бид анх ямар ч хаалтгүй задгай ертөнцөд хөгжим, аялгууг мэдэрч тоглодог, дуулдаг байсан бол одоо улам л хаалттай, ханаар тусгаарлагдсан баригдмал байдалд уран бүтээл хийх болсон. Ханатай, хаалгатай, бас түлхүүртэй тэр ертөнцөд уран бүтээл хийх гэсэн хүмүүс түлхүүрийг нь олж байж ажиллах гээд байдаг. Гэтэл таны ертөнцөд нэвтрэхэд ямар ч түлхүүр хэрэггүй юм байна. Та өөрөө л хүмүүсийг дууддаг гэж бодогдож байна. Ийм мэдрэмж өгсөн танд баярлалаа. Таны шүлэг хаанаас төрдөг вэ?

-Надаас, өөрөөс минь юм болов уу. Багадаа тэмээн жингээр давсанд явсан аав, өвөөгөө хүлээж, харуулдаж ээжтэйгээ хамт суудаг байлаа. Тэгж байх үеийн дурсамж, бодрол шүлэг болсон байдаг. Энэ мэтээр миний амьдрал, ахуй, монгол байгаа минь шүлэг болж өгдөг. Гэхдээ би шүлэгч биш ээ. Тархинд хааяа орж ирсэн бодол, шүлгийн мөрүүдийг тэр даруйд нь цаасан дээр тэмдэглээд авдаг юм. Тэгэхгүй бол мартчихна. Дахиад яг түүн шигээр санахгүй. Би аливааг ажиглаж суралцдаг. Хүнтэй юм ярьж байхдаа тэр хүнээс суралцаж л байдаг.

Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилтан Монгол хатан:

-Би Германд 10 жил амьдар¬сан. Тэр үеэс таныг мэднэ. Таны уран бүтээлийг ойлгодоггүй гэж хэлж байгаа хүмүүст хандаж хэлэх үг байна л даа. Дуучин Урнаагийн урлаг бол ухаанаар ордог гэхээс илүү зүрх сэтгэлд хүрдэг урлаг онцгой урлаг. Тиймээс хүмүүсийг аяндаа дагуулдаг. Та “Эзэн Богдын хоёр загал” дуугаа дуулж өгөхгүй юу.

Дуучин Цахар Тугч Урна “Эзэн Богдын хоёр загал”-аа дууллаа. Хэн нэгэн шүлсээ залгисан ч сонсогдом нам гүмд Урна дуулж хүмүүс нүдээ анин сонсов. Түүний “Амилал”CD-д буй дуунуудын жагсаалтад “Тэнгэрийн шувуу” гэсэн нэр байсан. Урнагийн дуулахыг, ер нь түүнийг өөрийг нь юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Тэнгэрийн дууч шувуу ч юм уу. Хүчээр зүйрлүүлэх гэхийн хэрэг алга. Ерөөсөө л МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаагийн хэлдгээр Урна бол давтагдашгүй, аялгуу сэтгэлээс нь урсдаг Монголоороо бахархаж, Монголоо дээдэлж, Монголоороо гоёж, Монголдоо сүсэлж амьдардаг дэлхийд монголоороо мэндэлж, дуулж яваа малчин эмэгтэй аж.

Зочин:

-Таны хөгжим, дуунд хүрэх цэг, хүрээ байна уу?

-Хөгжим, дуунд  хил хязгаар гэж байхгүй.

Зочин:

-Өвөр Монгол, Монгол Улсаас ч тэр, яагаад танаас өөр дуучин дэлхийд гарахгүй байна гэж боддог вэ?

-Хойно хойноосоо дуучид гарах байх аа. Хүмүүс намайг Германд амьдардаг байж яагаад германаар дуулдаггүй юм бэ гэж асуудаг. Тэгэхэд нь би “Германаар дуулдаг хүн олон шүү дээ. Гэтэл монголоор хэн дуулж байгаа юм. Ядаж би монголоороо дуулж явъя л даа” гэж хариулдаг.

“Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор:

-Монголд ирээд явсан европ жуулчин бүр Урнаг мэддэг, ойлгодог, түүнд дуртай болдог. Найзыгаа Монголдоо урьж, тоглолтыг нь зохион байгуулж байгаа маань миний өөрөө өөртөө барьж буй маш том бэлэг юм.

ТАНСАГ, ТОРГОМСОГ МЭДРЭМЖ ТҮҮНИЙНХ

-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ:

-“Бөртэ” хамтлаг, кино найруулагч Д.Бямбасүрэн бид хамтарч уран бүтээл хийж байсан. Урнаг ойлгохгүй байна гэсэн хүмүүст хандаж нэг тодотгол хэлэхийг хүсч байна. Түүний дуунаас хамгийн гоё торгомсог тансаг мэдрэмжийг авдаг.

“976” галерейн захирал Б.Гантуяа:

-Таны дууг сонсоход тал газар юу ч бодохгүй дээшээ хараад хэвтэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Баярлалаа. Би амьдралаас олон юмыг сэрж мэдэрдэг. Хоёр настан минь намайг “Талтайгаа адил цээжтэй яваарай” гэж сургадаг. Талын чинээ  уудам, уужуу байгаарай гэсэн үг ээ дээ. Тал нутаг, монгол газар минь намайг дуучин болгосон.
Р.Туяацэцэг:  -Би энэ дуучны урлагийг, дуулахыг нь тэгтлээ ойлгохгүй байгаа юм биш л дээ. Залуучууд намайг ойлгохгүй байна гэж бодоод байх шиг байна. Урнаг илүү олон хүн сайн мэдэж таниасай гэж хүссэн юм.

Ц.Ариунаа:

-Энд байгаа хүмүүсийн дунд Туяаг таних­гүй хүн байж магадгүй. Балет¬мейстер, сонгодог ч, модерн ч чиглэлээр уран бүтээл туур¬видаг, одоо бизнес эрхэлдэг хүн. Урлагт хөрөнгө харамгүй зориулдаг ивээн тэтгэгч. Туяа чамд, энэ удаагийн уулзалтыг сонирхолтой, өрнөлтэй болгож өгсөнд баярлалаа. 

Уулзалт ярилцлагын дараа “Моханик” хамтлагийн Цоожоогийн хэлсэн үг бодогдоод байлаа. Дуучин Урна бүхий л талаар нээлттэй хүн юм. Монголчууд бид удам угсаагаа гэх болж. Түүх, соёл, ахуй, зан заншил маань бусад улс үндэстнээс ялгаатай юм байна, тэгэхээр бид бусад үндэстнээс ялгаатай, тийм болохоор сонирхолтой ард түмэн юм гэсэн бодол төрсөөр байлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


“Tseren tours”-ын захирал, хатагтай Э.Цэрэндолгор. Би яагаад Урнааг сонсдог гээч.

$
0
0
2013 оны 5 сарын 24
Хөгжмийн ертөнцдөө Азийн дива хэмээн нэрлэгддэг Өвөрмонгол гаралтай энэ гайхалтай эмэгтэй Урнаа энэ сарын 29-нд Монголд “Тэнгэрийн шувуу” нисгэхээр ирнэ.

Түүний тоглолтыг  “Tseren tours” санаачлан, ивээн тэтгэн, зохион байгуулж байгаа.  “Tseren tours”-ын захирал, хатагтай Э.Цэрэндолгор бол Урнаа Цахар Тугчийг бидэнд авчирч танилцуулсан Урнаагийн үнэнч сонсогч, дотны найз нь. Цэрэн хатагтай цахим ертөнцийн сонирхолтой бүсгүйчүүдийн нэг. News week сонин хатагтай Э.Цэрэндолгорт хандаж энэ гайхамшигт дуучны талаар уншигчидтай маань хүүрнэнэ үү хэмээсэн урилга илгээсэн юм. Ингээд түүний манайд ирүүлсэн бичлэгийг хүргэж байна.



Урнаагийн тоглолтыг Монголд яагаад зохион байгуулж байгаа?

Ер нь Урнааг хэдийнээс сонсдог болсон?  гээд л хүмүүс миний олон нийттэй харилцах хэрэгслээр олон асуулт тавих юм. Хэдийгээр би хариулт өгөх ёстой гэж бодсон ч гэсэн хүн болгонд тус тусад нь хариулт өгөх цаг хомсхон. Гэвч заавал хариулт өгөх юм сан гэсэн хүсэл бол дэндүү их байсаар. Магад энэ хариултыг түүний тоглолтоос та өөрөө харж болох биз.

Урнаа Цахар Тугчийг би одоогоос 16 жилийн өмнө анх сонсч байжээ. Монгол Урнаа гэгч дуучны тоглолт болох тухай Бельги хүүхэн хэлж “Гайхамшигтай хоолойтой…би уйлсан” гэж ярин СD-ийг үзүүлтэл миний хараагүй төрх байлаа. Баруунд тэр бүр монголчууд тоглодог байгаагүй үед Недерландад Урнаа тоглолтоо хийнэ гэдгийг сонсоод хоёр цаг гаруй машинаар явж байж үзэж билээ…

Үнэнийг хэлэхэд өмнө хараагүй хөгжмийн зэмсэг, сонсоогуй сонин аялгуу сонсохын зэрэгцээ эгэлгүй энгийн бүсгүй тайзан дээр гараад зөвхөн монголоор ярьж монголоор дуулсаар дуусахад яагаад сэтгэлийг минь тэгж их татсаны учрыг олж эс чадав… Гэсэн ч тэнд цугларсан нөхөд чихээ тавин сонсч, тоглолтын эцэст бүгд босч алга нижигнүүлсээр өнгөрөв. Ар Халхаас ирсэн миний бие Урнаагийн анхны тоглолтыг “шок”-ын байдалтай харсан нь энэ. Би хэдийгээр хөгжмийг бүрэн гүйцэд ойлгоогуй ч Урнаагийн ярьсан зүйлсийг тод санадаг. Тэрээр миний өсч төрсөн нутагт арвин сайхан сүм хийд байсан ч цөвүүн цагаар довтлон устгасан хэмээн ярьж дуулахад чихэнд чийртэй үнэхээр л цөвүүн цагийг чихээ бөглөтөл ч тархинд сонсогдсоор байхаар дүрсэлснийг санаж байна.

Ингэсээр өөр, өөр улс оронд болсон тоглолтуудыг үзсээр дүүнд нь шингэж ордог болов. Сүүлдээ хаана ирэх бол гэж тандан хүлээдэг байсан бол  найман жилийн өмнө манай компани тоглолтыг нь анх Улаанбаатарт зохион байгуулж билээ.

Урнагийн өөрөөрөө байхын үлгэр жишээ ч надад нөлөөлсөн. Бид дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхахын хажуугаар тэдэнд зохицуулж өөрсдийн хэл соёлоо хүртэл өөрчлөх гээд байх шиг. Урнаа дэлхийн аль ч тайзан дээр гарсан өөрийгөө “Би монгол хүн” гэсэн ганц хаягаар зарлахыг мөн олон удаа харлаа. Харин тэрээр хүмүүс нарийн ширийн асуувал тоглолт дотроо нутаг орныхоо тухай, их гүрэн доторх монголчуудын тухай дурсдаг.

Сүүлийн 20 гаруй жил Урнаа барууны тайзнаа дуулж улс орон болгонд өөрийн хүрээллийг бий болгожээ. Голдуу Иран, Польш, Унгар, Пэрсийн хөгжимчидтэй тогло­дог ба зарим тохиолдолд цэвэр Урнааг хөгжимчидгүйдан хоолойг нь сонсох гэсэн хүсэлт их ирдэг билээ.

Урнаагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггуй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэх хүүрнэл, салахын аргагуй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл, төрөлх хэлээ эрхэмлэн хаанахын аль ч тайзан дээр зөвхөн монголоор ярих түүнийг би биширдэгээ нуудаггуй.

Энэ жил тохиож байгаа “Цэрэн турс” компанийнхаа 20 жилийн ойгоор Урнаа Цахар Тугчийг дахин давтагдахгүй ганц тоглолтыг Улаанбаатартаа зохион байгуулж байгаа билээ. Сэтгэл зүрхээ нээн, сонороо мялаах энэ тоглолт сэтгэлийн их тайвшрал ханамж өгнө гэдэгт би итгэлтэй байна. Манай компанийн санаачилсан энэ төслийг МИАТ, Номадс сүлжээ ресторан, Бишрэлт зочид буудал, ММ агентлаг, Гоодаль сэтгүүл ивээн тэтгэж байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Facebook хуудаснаа Tseren Enebish:

Шүтээн


Хүн болгонд өөрийн шүтээн гэж байгаа. Хүн болгонд… Дурлан дурлан шимтэн сонсдог дуучид байгаа. Сонсоод л баймаар… Аз жаргал, гуниг, хөөр баясалд автан өөрийн эрхгүй хэмнэлд нь ороод найгах ч гэдэг юм уу. Хайртай хүнээсээ холдоход сэтгэлийн тэр их хоосон орон зайг нөхдөг ч гэх үү… Миний хүн болж төрснийг ухааруулан, амьдралын нандин хэлхээ холбоог дуугаараа сануулсан тийм нэг мэдрэмжийг би Урнаа Цахар Тугчаас авдаг. Сонсоод үз. Орчноос тасраад үз. Гайхамшигтай. Урна Монголд ирж буй нь үнэндээ миний өөрөө өөртөө өгч буй бэлэг мэт.

Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ… Урнагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггүй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэх хүүрнэл, салахын аргагуй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг. Надад ямар ч дуучин энэ хэмжээнд нөлөөлдөггүй. Миний үзсэн тоглолт болгон өөр байсан… Тэр зөвхөн дуулдаг биш зохиодог бас зохиомжилдог. Таныг ч бас ойлгож мэдрээсэй гэж би хүсч байна.

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №012

Цахар Тугчийн Урна: Монгол хүн ам нээвэл л дуулдаг гэж бардамнах дуртай

$
0
0
2013 оны 5 сарын 28

Урдаас хараад ялдамхан инээмсэглэх бүсгүй. Түүнийг анх хараад гадаадын олон оронд тоглолтоо хийдэг, Азийн төдийгүй дэлхийд танигдсан дуучин гэж хэлэхэд хэтэрхий энгийн. Өнгө будганд уусаагүй хөрслөг бор төрхтэй түүний царайнаас тал газрын салхи үнэртэх шиг. Монголд газардаад дөнгөж хоёрхон цаг болж байгаа ч сэтгүүлчидтэй уулзахаар ирсэн Цахар Тугчийн Урна дуучинтай цөөн хэдэн үг солилоо. ӨвөрМонголын Ордосоос гаралтай, цус нэгтэй дуучин маань одоогоор Германы иргэн. Гэхдээ тэрээр тал нутгийн дуучин учраас Монголоо санан санан хоёр дахь удаагаа дуу хоолойгоороо монголчуудтайгаа учран золгохоор ирсэн нь энэ.

Тэр энэ удаагийн тоглолтод өөрөөсөө гадна гурван хөгжимчин, нэг дууны техникчтэйгээ иржээ. Аав, хүү, гурван хөгжимчин. Аав нь Ираны алдарт хэнгэрэгчин хүн гэнэ. Одоо нас 70 гарсан ч Урнагийн урилгыг дуртайяа хүлээн авч Монголын тал нутагт хөл тавиад байна. “Хэдийгээр нас дээр гарч дэлхийн орнуудаар аялан тоглолт хийхээ больсон ч энэ удаа миний урилгыг хүлээн авч ирсэн нь бидний хувьд маш том аз завшаан болсон” хэмээн дуучин Урна инээмсэглэн ярилаа. Тоглолтодоо голчлон Ордос ардын дуу дуулна гэснийг нь сонсоод түүнээс Ордос ардын дууны утгыг хэрхэн илэрхийлэхийг ч мэдэх хүсэл төрсөн юм.

Түүнд энэ сонирхол маань маш таалагдлаа. Сайхан асуулт байна гээд л нүд нь сэргэх тэрээр “Манай ӨвөрМонголд чинь Ордос, Алшаа, Хөлөнбуйр гээд олон дуу байдаг. Би 1997 онд нутгаараа явж ардын дуунуудыг бичиж авсан юм л даа. Тэр үед нэг дууг өндөр настай таван хүн өөр өөр янзаар дуулсан байсан. Үг нь давтагдах ч, ая нь өөр. Монгол орон ийм л уудам агуу байхгүй юү. Тийм ч учраас би ардын дуугаа дуулах дуртай. Би хөдөөний хүүхэд шүү дээ. 18 нас хүртлээ мал маллаж амьдарсан. Түүнээс хойш Шанхайд ирж, урлагийн сургуульд суралцаад, Германд очиж уран бүтээлээ хийж эхэлсэн. Гэхдээ одоо жил бүр нутагтаа, аав ээжийнхээ амьдардаг газарт очдог. Манай аав, ээжийн нутагладаг газрын баруун талаас говь эхэлдэг юм. Ордост бүх зүйл байдаг. Говь, хангай, уул нуруу, ус, ургамал гээд. Тийм агуу баялаг учраас дуу нь ч гэсэн баялаг. Би дэлхийн хаана ч явсан монгол хүн ам нээвэл л дуулдаг гэж бардамнах дуртай” хэмээн ярьсан юм.Түүний дуунууд нэг л амар амгалан, бас уудам. “Ойр орчны хүмүүс маань заримдаа намайг монголоор дуулж байна уу гэдэг. Би тийм ээ л гэж хариулдаг. Тоглолтын үед гэнэт шинэ дуу толгойд орж ирэх үе бий. Тэр үед нь хөгжимчидтэйгээ ярилцаж байгаад л шууд тэрийг тоглож үзэгчдэд хүргэх ч үе бий. Монголчууд чинь угаасаа тэнгэр шүтлэгтэй, бөө мөргөлтэй улс. Намайг магадгүй онгод тэнгэр ч чиглүүлдэг байж магад” хэмээн яриад “Ээж маань надад “Монгол хүн байгаа газар бүр Ордос ардын дуу байх ёстой” гэж хэлсэн нь миний амьдралыг утга учиртай болгосон” гэлээ. Тэрээр 20 гаруй цаг онгоцоор нисэж ирсэн ч  ердөө төвөгшөөлгүй сэтгүүлчдэд Ордос ардын дуу дуулж сонирхууллаа. Нүдээ анин дуундаа тэр чигээрээ уусан шингэж дуулах түүний дуутай хамт тал нутгийн салхи хацар илбэх шиг мэдрэмж төрсөн юм.
Улс доторхи тусгаарлагдсан улс гээд хэлэхэд буруудахгүй өвөрлөгч ах дүүсийн маань дуу хоолойг дэлхийд таниулах гэсэн зоригтой алхмыг хийсэн дуучин Урна “Дундад улсын паспорттай учраас гадаадын бусад оронд чөлөөтэй нэвтэрч, уран бүтээлээ хийхэд төвөгтэй байсан. Хамгийн анх удаа Тайванд очих гэж хоёр ч удаа буцсан. Тэр үед найз маань Германы паспорт авахыг зөвлөсөн” хэмээн ярилаа. Хэдийгээр иргэншлээ сольсон ч тэр Монголынх. Монголоор чөлөөтэй ярьж, монгол төрхөөр өөдөөс ширтэж, инээмсэглэх бас тал нутгийн уянгыг хөгжим мэт хоолойгоороо эгшиглүүлэх тэр эгэл бүсгүй бол Монголынх.
Цахар Тугчийн Урна…


Цахар Тугчийн Урна гэх дуучин бүсгүйн дуунуудыг сонсч байсан ч үүнээс илүү ихийг мэдэх түүний найз “Цэрэн турс” компанийн үүсгэн байгуулагч Э.Цэрэндолгорын Урнаг тодорхойлсонг хүргэж байна. Өвөрмонгол гаралтай энэ гайхалтай эмэгтэй хөгжмийн ертөнцдөө Азийн дива хэмээн нэрлэгддэг. Түүний тоглолтыг Монголын сонсогчид нь тэсэн ядан хүлээж байна. Урна энэ сарын 29-нд эх оронд минь “Тэнгэрийн шувуу”-г нисгэнэ. Түүний тоглолтыг  “Tseren tours” санаачлан, ивээн тэтгэн, зохион байгуулж байгаа юм.

Э.Цэрэндолгор: Шүтээн

Хүн болгонд өөрийн шүтээн гэж байгаа. Хүн болгонд… Дурлан дурлан шимтэн сонсдог дуучид байгаа. Сонсоод л баймаар… Аз жаргал, гуниг, хөөр баясалд автан өөрийн эрхгүй хэмнэлд нь ороод найгах ч гэдэг юм уу. Хайртай хүнээсээ холдоход сэтгэлийн тэр их хоосон орон зайг нөхдөг ч гэх үү… Миний хүн болж төрснийг ухааруулан, амьдралын нандин хэлхээ холбоог дуугаараа сануулсан тийм нэг мэдрэмжийг би Урна Цахар Тугчигаас авдаг. Сонсоод үз. Орчноос тасраад үз. Гайхамшигтай. Урна Монголд ирж буй нь үнэндээ миний өөртөө өгч буй бэлэг мэт.

Би яагаад Урнаг сонсдог вэ… гэж үү?

Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ… Урнагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггүй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэх хүүрнэл, салахын аргагуй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг.
Надад ямар ч дуучин энэ хэмжээнд нөлөөлдөггүй. Миний үзсэн тоглолт болгон өөр байсан… Тэр зөвхөн дуулдаг биш зохиодог бас зохиомжилдог. Таныг ч бас ойлгож мэдрээсэй гэж би хүсч байна.

Эх сурвалж: www.assa.mn

философич С.Молор-Эрдэнэ. Бурхан байх хэрэгтэй

$
0
0

2013 оны 5 сарын 29
Бурхан хийгээд ёс суртахуун, хүмүүжлийн талаар философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бурхан гэж бий юу. Хүмүүс бурхан гэж яг юуг хэлээд байна вэ?
-Бурхан гэж байгаа. Бурхан хүний болоод энэ ертөнцийн амьдралд маш чухал. Бидний цаашид ч ярих ёстой гол сэдэв бол бурхан. Монголын бурхан гэж байхгүй шүү дээ. Тиймээс Монголчууд бурхантай болох ёстой. Одоохондоо Монголын бурхны байранд Чингис л байна.

-Будда монголын бурхан биш үү?
-Биш. Будда бол Энэтхэг, Түвд гэх мэт манайхаас урдуур оршдог азийн орнуудын л шүтээн. Тэдний соёл амьдрал, байгаль орчинтой нь будда их гоё зохицдог. Харин хатуу ширүүн уур амьсгалтай, ааг омогтой монголын ард түмэн арай өөр бурхантай байх ёстой.

-Яагаад?
-Яагаад гэхээр халуун оронд мах идэхгүй ус уугаад, талхаа идээд байж болно. Гэтэл монголд тэгж амьдарч болохгүй. Христийн шашин болохоор Европын орнуудын бурхан. Гэтэл бидэнд монгол хэлээр ярьдаг. Монгол ном судартай, монгол хэл дээр засал номоо хийдэг монголын бурхан гэж байхгүй байна. Тэгэхээр бид өөрийн гэсэн бурхантай болох нь л чухал болоод байна. Би энэ талаар дорвитойхон бүтээл хийе гэж бодож явдаг.

-Бид эцэг дээдэсдээ сүсэглээд, засал номоо хийлгээд л өнөөг хүрч байгаа шүү дээ?
-Гандан дээр очиход надад харамсалтай санагддаг. Яагаад гэхээр түвдээр номоо уншаад байдаг. Монгол хэлээр унших нэг ч ном байхгүй. Уг нь засал номоо монгол хэл дээр унших юм бол бидний тархинд зөвөөр нөлөөлөх ёстой. Үг гэдэг бодолтой хамаатай. Бид үгээр боддог. Гэтэл түвд үгээр ном уншуулаад байхаар хэзээ ч бодол, сэтгэлийн хөдлөл явагдахгүй.

-Хүмүүс ойлгоод л маань, мэгзэм уншаад байдаг юм шиг санагддаг?
-“Ум ма ни бад ми хум” гэдэг чинь түвд үг учраас сэтгэлд тэр бүр хүрдэггүй. Уг нь “ум ма ни бад ми хум “ гэдэг нь муу муухайгаас салаад сайн сайхан болох боломжтой гэсэн утгатай үг. Мөн чанар нь хэн ч цэвэршиж, ариусч сайн сайхан болох үүд хаалга нээлттэй шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Яг ингээд монголоор хэлж тайлбарлаад байвал бидний оюун ухаан, сэтгэлд суугаад амьдралд зөвөөр нөлөөлнө. Тэгээд хаа нэг газар явж байгаад ажил бүтэхээ болиход нөгөө сэтгэлийнхээ тэнхээг чангаруулах үгээ санана шүү дээ. Тиймээс бурхан ярьж эхэлнэ гэвэл хамгийн түрүүнд өөрийн гэсэн бурхантай болох ёстой.

-Гэхдээ таны аав ээж тодорхой хэмжээгээр шүтэж ирсэн. Тэгэхээр өнөөгийн шүтээн бидний оюун ухаанд байгаа юм шиг надад санагддаг?
-Үгүй. Түвд хэлтэй учраас оюун ухаанд түвдийн ном, судар нөлөөлөөгүй. Харин зураг нь бидэнд танил болсон. Тийм учраас нэг талаараа түвд шашныг монгол хэл дээр буулгаагүй нь бидэнд ашигтай. Яагаад гэхээр тийм муухай мухар сүсэгт монголын ард түмэн орчихоогүй байна. Хэл өөр болохоор. Одоо христийн шашин хүмүүст их ойр болсон. Учир нь ертөнцийн эзэн, шинэ гэрээгээ монгол хэлээр буулгачихсан болохоор хүмүүс ойлгоод байна. Тиймээс хэл гэдэг маш чухал.

-Таны бодлоор монголын ард түмэн өөрийн гэсэн бурхантай болох ёстой юм байна. Тиймээс яаж болох уу?
-Яагаад бурхан байх ёстой юм, яагаад байлгах гээд байгаа юм гэхээр бидний бүх болж бүтэхгүй зүйл бурхангүйтэй л холбоотой. Хилийн зааг дээр байгаа сумын ажилгүй иргэний архидалт, нийслэлд байгаа саарал ордон хоёрын хооронд л нийгэм бужигнаж байна шүү дээ. Гэтэл бүгд бурхангүй. Ордонд ч бурхан байхгүй, захын сумд ч бурхан байхгүй. Чиний яриад байгаа чинь бурхан биш нэг л сүм шүү дээ. Гэхдээ амьдралд орж ирээгүй. Яахав эмээ өвөөгөө ярьж болно. Гэхдээ тэдний үе өнгөрчихсөн. Одоо интернетэд сууж байгаа хүүхдүүдэд буддын шашин ярих юм бол ойлгох ч үгүй, хүлээж авах ч үгүй. Яагаад бидэнд бурхан хэрэгтэй вэ гэхээр бидний түүх, үндэс угсааг тээж явах дээдийн дээд зүйл хэрэгтэй болоод байна. Нөгөө талаасаа хамгийн үлгэр жишээ. Бид бурхнаас сурах ёстой. Яагаад гэхээр бурхны амьдрал, сахилга бат, ёс суртахуун, зан чанар, мэдлэг боловсрол, хайр энэрэл нь дээдийн дээд болохоор.

-Одоогийн шүтээд байгаа будда ч бай христ ч бай бүгд хүний бүтээл гэдэгтэй санал нийлэх үү?
-Үгүй. Тиймээс бид өөрийн монгол бурхантай болох хэрэгтэй. Христ тэгж хэлсэн гэж номлодог. Манайхан ч гэсэн Чингис тэгж хэлсэн гэж бичээд л байдаг. Гэхдээ хэзээ ч Чингисийн хажууд суугаад хэлсэн үгийг нь тэмдэглээд авчихсан хүн байхгүй л биз дээ. Монгол хүн төрлөө. Тэгээд хүүхэд байхад нь аав, ээж нь бурхныхаа сургаалыг хэлэх ёстой. “Манай монголын бурхан бол маш их тэвчээртэй. Тиймээс чи бурхан шиг тэвчээртэй болох хэрэгтэй.” Гэх мэтээр багаасаа монгол бурхантай нь ойртуулж, үлгэр дууриалыг нь заах ёстой. Мөн сургаал ном, айлдварыг нь тогтмол биед нь өгч явуулж хаа явсан газраа түүнийгээ харж алдаагаа засч, залруулахад нь зориулах үүрэгтэй байх нь чухал.

-Шашны гарын авлагыг хүн бүхэн л уншиж байгаа харагддаг шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй гэж болохгүй байх аа?
-Супер маркетаас христ, буддагийн хэрэгтэй хэрэггүй жижиг танилцуулга аваад уншчихаж байна. Мөн нэг хэсэг нь өөр шашин гэх нэр зүүсэн шашны хэв хэмжээнд хүрээгүй юм шүтэдэг. Нэг ийм бужигнасан хөл толгойгоо олохгүй хоёр сая гаруйхан хүн байна шүү дээ. Тиймээс одоо цэг тавьж өөрийн гэсэн шүтлэгтэй болох хэрэгтэй.

-Өв соёл талаас нь үзвэл ?
-Бидний хувьд өв соёл гэж нарийн ширийн юм байхгүй. Бидний өвөг дээдэс малчин, малаа дагаж нүүж суудаг хүмүүс. Тиймээс бидний хөгжим гэж яригдаад байгаа морин хуур ч гэсэн тээж явахад хөнгөхөн шүү дээ. Хэрэв төгөлдөг хуур байсан бол авч явахад хэцүү биз дээ. Дуу ч гэсэн хөнгөн шингэн байгаль орчинтойгоо тохирсон. Нэг их айхтар соёл ярьж болохгүй. Хот газрын гайхуулах соёл бидэнд байхгүй. Түрэгээс хойш хот суурин устаад соёл гээд байх юмгүй болсон. Чингис хаан дандаа дайн хийж олон зуун жил тэнэж яваад л ирсэн шүү дээ. Бидний түүх соёл гэхээсээ илүүтэйгээр дайнтай их холбоотой.

-Монголоороо бид их бахархдаг. Таны хувьд?

-Бидний хаяг бол монгол. Гэхдээ маш бүдэг. Гарцаагүй хэл л монгол. Дээл хувцас, хөгжим зэмсэг гээд ихэнх нь холилдчихсон гэж би ойлгодог. Яг одоо бид үндэстэн болж чадаагүй. Удам угсаагаа ярих юм бол монгол гэж ярих нь зөв. Гэхдээ Монгол гэдэг нэр их сүүлд гарч ирсэн. Хүннү, Сүннү гэж явж байгаад монголын түүх сүүлд эхэлсэн. Яахав Чингисийг л дагаж монгол гарч ирсэн. Тэгэхээр чи бид хоёр Чингисээс үлдсэн үлдэгдэл шүү дээ. Монгол үндэстэн гэх баталгаа бидэнд алга. Иргэний үнэмлэх дээр ч монгол үндэстэн гэж бичээгүй шүү дээ.

-Гэмт хэргийн шинжтэй шашны урсгал байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Зүгээр нэг жишээ татахад Мүүний шашин байна. Энэ бол хүний тархи толгойг угааж, охидыг бузарласан гэмт хэргийн шашин. Мөн чанартаа бол дээр хэлсэнчлэн шашин биш байхгүй юу. Энэ шашны асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа. Мөн гэр бүлийг их устгаж байна. Яадаг вэ гэхээр эхнэр нь хувцас тараана гэхээр нь очоод нэг хачин шашинд орчихдог тэгээд л хамаг аз жаргалаа хөмөрч хаяж байна. Бидэнд ямар ч оюуны дархлаа байхгүй болчихсон. Хэнд ч хамаагүй очоод л тархиа нээгээд хэрэгтэй хэрэггүй юмаар толгойгоо дүүргэчихдэг. Тиймээс шашныг төрийн хэмжээнд ярих асуудал болчихоод байна.

-Бөөгийн шашны талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Бөө бол бидний удам, түүх, соёлын гол анхдагч шашин. Буддын шашин гарч ирээд бөөгийн шашинг устгасан түүх бий. Одоогийн бөө хэрэглэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь орчин үеийн сэдэв ярих хэрэгтэй. Гэтэл манай бөө нар ардчиллын үед л эмээ, өвөөгөөсөө үлдсэн нууж, хадгалж байсан хувцсыг өмсөөд л гараад ирсэн. Уг нь бөө нар хөгжсөөр байгаад нийлээд сүм байгуулж, олноороо уншлага хийдэг болох ёстой. Гэтэл тийм зөв замнал, орчин үеийн хөгжлөөрөө явж чадахгүй байна.

-Нэг хэсэг хүмүүс бурхан байхгүй гэж үздэг. Үүнд ямар хариулт өгмөөр байна?

-Бурхан байхгүй гэдгийг хэн мэдэж байгаа юм. Хүн төрөлхтөн бурхан байгаа гээд шүтэж байна. Эцсийн эцэст бидний хамтын амьдрал л сайн сайхан байх нь чухал болохоос биш бурхан байх, байхгүй нь сонин биш. Би иргэнийхээ хувьд бурхнаа хайгаад монгол бурхантай болох гээд явж байна. Гол нь бид өөрийн гэсэн бурхангүй учраас л хамаагүй ярьж байна. Бурхан гэдэг зүйлтэй маш хүмүүжилтэй, боловсролтой харьцах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн надад бурхан гэж байдаггүй гэж хэлэх юм бол тэр хүнтэй би дараа уулзахгүй. Яагаад гэхээр тэр хүнд айх, эмээх, ёс суртахуун байхгүй байна.

-Бурхан үхсэн гэж нэг удаа би сонсч байсан юм байна. Тэгэхээр бурхан үхдэг болов уу?

-Тийм түүхэн яриа байдаг. Ницше хэмээх суутан тэгж хэлсэн юм. Яагаад бурхан үхсэн гэж хэлсэн гэхээр 20 дугаар зууны эхэнд капитализм хөгжөөд техник технологи гарч ирээд хүний амьдрал маш хэцүү байдалд орж байсан. Дайн болж л нэг нэгнээ алах харгислал явагдаж байсан. Тэр үед Ницше “Хүн төрөлхтөн ийм муухай харгис болчих гэж. Бурхан байхгүй болчихож дээ хөөрхий” гэж бурхныг үгүйлж хэлсэн байдаг. Үүнтэй адил бид нар ч бурхныг өөрснөө үхүүлчихсэн байна. Ёс суртахуунгүй зэрлэг, хүн чанараа алдаж байгаа нь бурхнаа үхүүлсний жишээ. Тиймээс л би бурхантай болох нь чухал гэж хэлээд байгаа юм. Монгол орон бурхангүй бол хэзээ ч хөгжихгүй. Бид мөнгөтэй болоод юм уу баян болоод амьдрал хэзээ ч тайвшрахгүй. Харин ч нүгэл нэмэгдэнэ. Тиймээс монголын нэгэн дээд бурхантай болох юм бол амар амгалан болно.

-Уул ус, газар дэлхийг бурхантай холбож ойлгож болох уу?

-Бүгдийг болно. Ерөнхийдөө бурхан уул ус газар дэлхий, зүрх сэтгэлийг жолоодно. Хүн бүхэн дотроо бурхан яваа л гэж бодох хэрэгтэй. Тэр бурхнаа гаргаж ирэхгүй дараад байна. Тиймээс гадагшаа уул уурхай газраа ухаж төнхөж, мод бутаа гэмтээж, ан амьтныг устгаж байна. Тэгэхээр энэ бүхнийг зогсоох бурханаа л ил гаргах хэрэгтэй. Үнэндээ өөрийн гэсэн бурхнаа буй болгож чадаагүй болохоор л бурхны тухай замбараагүй ойлголт яваад байна.

-Энэ бүхнийг Таны үзэл бодол гэж ойлгож болох уу?

-Болохгүй. Үзэл бодол гэдэг чинь шал өөр. Чи бид хоёр монгол хүн учраас нэг л үзэл бодолтой байгаа. Яагаад гэвэл бид хоёрын түүх, гарал, хэл, соёл, нутаг нэг. Гэхдээ боловсролын төвшин өөр байж болно. Монголчууд бид хоорондоо ертөнцийг үзэх үзэл өөр гэж яриад байдаг. Энэ бол буруу зүйл. Харин орос, монгол хоёр хүн байх юм бол өөр өөр үзэл бодолтой байж болно.

-Таныг олон ном уншсан гэж сонссон. Ер нь ном уншихын гол утга учир нь юу вэ?
-Би яах гэж ном уншиж байгаа юм. Бас яагаад ном бүтээгээд байна гэхээр монгол бурхнаа л хайгаад байна. Эцсийн эцэст нэг л бурхантай болох гээд яваад байна. Тэгвэл би тайвширна. Би ч биш зон олон тайвширна. Бид ярьж хэлэлцэж байж бурхнаа тодорхойлох ёстой. Насанд хүрсэн хүмүүс үүнийг хүлээж авахад маш хэцүү. Харин хүүхдүүдээ багаас нь сургачихвал хэдэн жилийн дараа өөрийн гэсэн шүтээнтэй болоод өсчихнө. Улс орон маань үлгэр жишээ байх тийм шүтээнтэй болох хэрэгтэй.

В.НЭРГҮЙ

Үнэн сонин.


Анатолий Рахлин: Ямар ч хүнд бэрх сорилт Володяг айлгаж, ухрааж дөнгөдөггүй

$
0
0

 

2013 оны 6-р сарын 1

 

Анатолий Рахлин: Ямар ч хүнд бэрх сорилт Володяг айлгаж, ухрааж дөнгөдөггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг жүдо бөхөөр хичээллэж байсныг, бүр наймдугаар дан буюу зэрэгтэй гэдгийг дэлхий даяараа мэднэ.

Тэгвэл түүний багш, жудогийн дасгалжуулагч Аркадий Рахлин төрийн тэргүүн болсон шавийнхаа хүүхэд насны талаар “Аргументы и Факти”-д цөөн хором дурсан ярьсан байн. Өдгөө ОХУ-ын жудо бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрээр энэ сарын 23-нд 75 насыг зоогложээ.

-Бидэнд цаг гаргасанд тань баярлалаа. Хоёулаа одоогоос арав гаруй жилийн өмнөх түүхэн өдрийг эргээд сөхье. 2000 онд таны шавь ОХУ-ын Ерөнхийлөгч болж, та ч бас алдартай нэгэн болсон. Танд ямар сэтгэгдэл төрж байв. Тэрхүү алдар хүнд таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бусад зүйлсийн л адил алдар хүнд үргэлж эерэг болон сөрөг талтай байдаг. Юун түрүүнд “Хөөх, ямар мундаг, яасан сайхан юм бэ. Миний шавь Ерөнхийлөгч, би Ерөнхийлөгч багш боллоо” гэж бодсон. Шавь минь олимпийн аварга болж байгаагаас илүү их баярласан.

Гэхдээ нэг ялгаатай нь тамирчин хүн заавал дасгалжуулагчийн тусламжтайгаар олимпийн аварга болдог бол Володя миний ямар ч оролцоогүйгээр Ерөнхийлөгч болсон. Мэдээж түүний зарим сайн зан чанар спортоор дамжиж төлөвшсөн. Ямар ч талбарт ялалт байгуулахын тулд ялалтад хүргэх зан чанарууд төлөвшсөн байх шаардлагатай. Түүнд тийм чанарууд бий. Путин их хөдөлмөрч, шаргуу, аливаа саад бэрхшээлд бие, сэтгэлийн хувьд хэзээд бэлтгэгдсэн байдаг. Ямар ч хүнд бэрх сорилт түүнийг айлгаж, ухрааж дөнгөдөггүй. Миний бодлоор энэ түүний төрөлхийн зан чанар.

Гэсэн хэдий ч тэмцээнээс бусад үед бол хүнтэй нөхөрлөж чаддаг. Зарим тэмцээний үеэр бидэнд хоёрдугаар зэрэглэлийн галт тэргээр явж, галт тэрэгний зогсоол дээр хонож, бандан сандал дээр, эсвэл шалан дээр унтах тохиолдол гардаг л байсан. Тэгж явахдаа л хөвгүүд их сайхан нөхөрлөж, жинхэнэ нэг баг болж чаддаг. Хэн нь ч нэгнийхээ хөнжлийг булаах гэж оролдохгүй, бүгд бие биедээ санаа тавьж тусалдаг. Үнэндээ спортынхны дунд ил харагддаг шигээ тэмцэл, тэр дундаа хар муу санасан тэмцэл бараг байдаггүй. Гэтэл илүү соёлтой гэдэг театр, шоу бизнесийнхнийг хар. Нэгнийхээ нүүр, нүд рүү хүчил цацаж байна.   Спортынхны дунд ийм зүйл гарах нь тун ховор. Дэвжээн дээр өрсөлдөгчид, дэвжээнээс буугаад сайн найзууд болдог.

-Владимир Владимирович анх танай сургуульд орохдоо ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?

-Жирийн л нэг хүү байсан. Владимир анх 1965 оны намрын цугларалтын үеэр самбогоор хичээллэхээр бидэн дээр ирж байсан. Нэг найз нь дагуулж ирж байсан юм даг. Бид шалгаж үзээд авч байсан.

-Яагаад бөхийн спортыг сонирхсон талаараа хэлж байсан уу?
-Хөвгүүд бүгд л хүчтэй, өөрийг нь дээрэлхсэн нэгэнд хариу барьж чаддаг байхыг хүсдэг. Бас үргэлж тэмцэлдэж байх дуртай байдаг. Володяд ч бас бусад хөвгүүдтэй ижилхэн хүсэл, сонирхол байсан.

Хичээллэж эхэлснээсээ хэдхэн сарын дараанаас хүүгээ илүү сахилга баттай, сурлагадаа ч илүү шамддаг болсонд эцэг, эх нь талархаж, бөхөөр хичээллэх сонголтыг нь их дэмждэг болсон. Надад бас хааяа өдрийн тэмдэглэлээ үзүүлдэг, би үе үе гэрт нь очиж, эцэг, эхтэй нь уулзаж ярилцдаг байлаа.

Шавь нартаа тэгж санаа тавих, амьдралд сургах нь миний үүрэг гэж боддог байлаа. Ер нь Зөвлөлтийн үеийн хүн бүрт суусан зан чанар юм уу даа. Володя миний бусад шавь нарын л адил жирийн хүү байсан. Хэн ч тэр хүүг хожим төрийн тэргүүн болно гэж бодож, төсөөлж, илүү дутуу хандаж байгаагүй.

-Шавийн тань хувьд ялахын төлөө хэр улайрдаг хүүхэд байсан бэ?
-Путин болон түүний найзууд олон сайхан, томоохон ялалтыг байгуулж байсан. Гэхдээ түүнийг ялагдсан үедээ нэг их гутарч, сэтгэлээр унаж байхыг ер харж байгаагүй юм байна. Өдөр тутмын амьдрал дээр их л даруу төлөв, олны анхаарлыг тэгж их татаад байдаггүй хэрнээ дэвжээн дээр ер нь их сэтгэл хөдлөл гаргадаг хүүхэд байсан. Бас маш хурдан дүгнэлт хийж, өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг их сайн тооцоолно. Хэн нэгэн тамирчинд нэг л тэмцээн дээр ялагдсан бол хэдэн өдрийн дараа  дахиад барилдахдаа заавал ялдаг байсан.

Хоёр дахь удаагийн барилдаанд түүнд өрсөлдөгчөө ялахад ердөө хэдхэн секунд хэрэгтэй байдаг. Энэ бол өмнө нь ялагдсандаа уурлаж хорссоных биш өрсөлдөгчөө маш зөв таньж, мэдэрснийх гэж биш боддог. Өөрөөр хэлбэл тэр нэг талаар багаасаа л их сайн сэтгэлзүйч байсан. Тэр маш сайн тамирчин болж чадах байсан. Гэхдээ Володя сургуулиа төгсөхийн өмнөхөн гэнэт л нэг өдөр надад мэргэжлийн спортод орохгүй, тагнуулч болно гэж хэлсэн.

Мэдээж би түүнийг Ерөнхийлөгч болоход маш их баярласан.

-Та Ерөнхийлөгчтэй одоо хэр их уулзалддаг вэ?
-Бид заримдаа уулздаг. Сүүлд гэвэл Лондоны олимпийн дараа. Хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёдугаар сард Сочид уулзсан юм байна.

-Шавь тань төрийн тэргүүн болсноосоо хойш спортод хэр их цаг зарцуулж байх шиг байна вэ?
-Би бол Путинийг спортлог Ерөнхийлөгч гэж хэлнэ. Хэдийгээр нас нь ахисаар байгаа ч эрүүл чийрэг, сайхан бие хаатай хэвээрээ байгаа. Тэр бас хоккей тоглож байгаа, заримдаа кимоногоо ч өмсөнө. Өөрөө спортоор хичээллэхээс гадна жудогийн спортыг хөгжүүлэхийн төлөө их зүйл хийж байгаа. Түүний санаачилгаар Звенигородод Жудогийн академи, Санкт-Петербургт “Yawara-Newa” клубыг байгуулсан.

-Ерөнхийлөгч наймдугаар дантай гэсэн. Тэр нь юу гэсэн үг болохыг энгийн уншигчдад тайлбарлаж өгөөч.
-Дан гэдэг нь Японы жудогийн зэрэг. Эх орондоо болон дэлхийн дэвжээн дээр гаргасан амжилтаар нь жүдочдод 1-12 хүртэл зэрэг олгодог юм.

-Саяхан спортын хөгжлийн талаар болсон дасгалжуулагчдын уулзалтын үеэр гадаад дасгалжуулагч нар, цалин хөлстэй холбоотой болон бусад асуудал яригдсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ ч асуудал шүү. Хэрвээ Ерөнхийлөгч надтай энэ талаар зөвлөж, асуусан бол үндэсний шигшээ багуудад гадаадын дасгалжуулагч ажиллуулахын эсрэг байр суурьтай байгаагаа хэлэх байсан. Тэдэнд маш өндөр цалин хөлс төлдөг.  Гэтэл манай орос дасгалжуулагч, мэргэжилтнүүд өчүүхэн бага хөлсөөр хөдөлмөрөө үнэлүүлдэг. Бид өөрийн гэсэн бахархалтай байхын тулд өөрийн гэсэн Платон, Ньютонуудыг төрүүлж, хүмүүжүүлэх ёстой гэж алдарт Ломоносов  нэгэнтээ бичиж байсан.

Хүн амьдралаа залгуулж сайн сайхан амьдрахад цалин мэдээж чухал. Гэтэл манай энэ салбар шинэ залуу боловсон хүчнийг татахааргүй үнэхээр бага цалинтай. Тийм болохоор биеийн тамирын сургууль төгссөн залуус спорт биш бизнес, арилжаа наймаа, бүр улс төр хөөх болж.

Үүнээс гадна бүх нийтийн биеийн тамирыг манай төрийн түшээд эн тэргүүнд тавих хэрэгтэй байна. Зарим нь үүнд их зардал гарна гэж боддог. Тэгээд арилжааны чанартай спорт руу хошуураад байна. Гэтэл цаана чинь үндэсний, мартагдах шахсан олон спорт биднийг үнэ төлбөргүй хүлээгээд байж байна.

Б.Тамир

http://www.gogo.mn

 



Дэлхийн хүүхдийн шатрын аварга долоохон настай Е.Төгстөмөр: Би Каспаров биш Карлсен шиг болно

$
0
0

 

2013 оны 5-р сарын 23

 

Монгол хүний оюун ухааны гайхамшигийг дэлхийд гайхуулсан бахдам амжилт гаргасан долоохон настай Есөнтөмөрийн Төгстөмөр хүүг удахгүй болох эх үрсийн баяртай холбогдуулан “GoGo cafe”-д урилаа.

Тэмцээн эхлэхийн өмнө 48 хүүхдээс рейтингээрээ 45 дугаар байрт бичигдэж байсан тэрээр есөн өргийн дараа найман оноогоор өрсөлдөгчдөө төвөггүйхэн хошуучилж чадсан гэхээр үнэхээр бахадмаар.

Е.Төгстөмөрийн эмээтэй нь ярьж зөвшөөрөл авснаар гэрт нь очиход мундаг хүү маань хоёр дүүгийн хамт үүднээс намайг угтан авлаа. “Танай сайтад ярилцлага өгөөрэй гээд эмээ утсаар хэлсэн. Гэхдээ ярилцлага өгөхөө аавдаа бас хэлээдхий. Энэ миний хамгийн бага дүү адилхан байна уу” гээд л шуудхан л надтай яриа өрнүүллээ.

Шатрын өрөөндөө дагуулж ороод цомоо үзүүлж медаль нэг бүрээ танилцуулснаар бидний яриа эхэлсэн юм. Шатрынхаа талаар ярихдаа их хэрсүү хэрнээ бусад зүйлсийн талаар асуухад хүүхдийн гэнэн томоогүй зангаараа хариулаад л, гэнэтхэн гар утсаараа тоглоод л.

-Долоон настай мөртлөө Азийн аварга, Сурагчдын дэлхийн аварга гээд хоёр том цомтой, өчнөөн медальтай үнэхээр мундаг хүү юм аа?
- Баярлалаа танд.

-Тэмцээнийхээ талаар яриач. Хамгийн хэцүү тоглолт аль өрөг байв. Хүчтэй өрсөлдөгч нь аль улсын сурагч байв?
-2013 оны улсын аваргаас алтан медаль авсан. Улсын аварга болчихоор дэлхийн аварга, Азийн аваргад аль алинд нь явах эрхтэй болдог. Тэмцээнд 48 хүүхэд оролцсон. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Перугийн хүүхэд байсан. /тоглолтынхоо өргүүдийг тэмдэглэсэн зүйлсээ шалгаж харав. сур/ 48 нүүж байж хожсон. Нэг муу хүүхэд байсан. Би 19 нүүгээд л хожчихсон ш дээ. Надад шууд буугаад өгчихсөн. /инээв.сур/

-Үнэхээр мундаг юм аа. Хамгийн сүүлийн шийдвэрлэх өрөг хэр байсан бэ. Английн Жао Хаолинтай тоглосон шүү дээ. Рейтингээрээ 48 хүүхдээс хоёрдугаарт бичигдсэн байсан?
-Миний рейтингээс муу л хүүхэд байсан. 28 нүүгээд тэнцсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Киргизстаны хүүхэд. Киргизстан, Казахстан, ОХУ, Англиас олон хүүхэд байсан. Монголоос би ганцаараа байсан ш дээ.

-Насныхаа ангилалд ганцаараа оччихоод алтан медалийн цомтой нь аваад яах аргагүй мундаг юм. Тэмцээн болсон Грек улс чамд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Бид нарын байрласан Порто Карраст гээд буудал их гоё байсан. Аймаар олон бассейнтэй, бас далайн эрэгт байрладаг. Энэ нь их гоё санагдсан. Чөлөөт цагаараа бассейнд нь ороод л.

-Тэмцээнд дасгалжуулагчаар нь эмээ нь явсан уу?
-Эмээ хамт явсан. Гэхдээ манай эмээ тоглодоггүй л дээ. Миний гадаад багш Германаас ирж дасгалжуулсан. Гэртээ бол бэлтгэл хийхэд өвөө эсвэл ээж дасгалжуулдаг. Заримдаа өөрөө бэлтгэлээ хийчихдэг.

-Герман багштай юм уу?

-Тийм ээ. Герман багштай. Сая дэлхийн аварга болоход сайн байна гэсэн.

-Герман багш нь хэзээнээс эхэлж дасгалжуулж эхэлсэн бэ. Германд байдаг гэхээр интернэтээр холбогдож  бэлтгэлээ хийдэг үү?
-Би багштайгаа дөрвөн настайгаасаа эхэлж холбоотой байгаа. Багшийнхаа цолыг мэдэхгүй. Заримдаа монголд ирдэг. Ихэнхдээ компьютерээр холбогдоод бэлтгэлээ хийчихдэг. Багштайгаа оросоор Skype-аар холбогдоод яриад бэлтгэлээ хийдэг.

-Азийн аваргын цом чинь их гоё юм аа. Зургаан настайдаа Азийн аварга болоход гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?
-Тийм ээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн Шри Ланкад болсон. Герман багш маань намайг дасгалжуулж ээж дагаж явсан. Киргизийн хүүхэдтэй тэнцээд бусдыг нь бүгдийн хожсон. Киргизийн хүүхэдтэй тоглоход ээж 21 нүүгээд тэнцчих гэсэн. Би өөрөө 32 нүүгээд тэнцсэн. Азийн аваргад рапид, стандарт, блиц гээд гурван төрөлд алтан медаль хүртсэн ш дээ би. Тухайн үед хамгийн хүчтэй өрсөлдөгч Энэтхэгийн шатарчин байсан. Тэр үед тэнцсэн Киргиз хүүхэд сая сурагчдын дэлхийн аваргад оролцсон ч бид хоёр хоорондоо таарч тоглоогүй л дээ.

-Ингэхэд миний дүү хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?
-Хоёр. Тоглож эхэлсэн нь гэвэл гурван наснаасаа. Анхны медаль гэвэл дөрвөн настайдаа цэцэрлэгийнхээ аварга болсон. Тэгээд л тэрнээс хойш олон медальтай болсон доо.

-Их мастер Т.Батчимэг танай ээжийн дүү гэсэн. Тэгэхээр ийм багаасаа шатар тоглоод мундаг шатарчин байх нь аргагүй юм аа?
-Манай гэр бүлд шатар тоглодог олон хүн байгаа. Аав, ээж хоёр маань шатар тоглоно. Аав маань цол байхгүй, ээж ОУМ. Өвөө Түвшинтөгс дэд мастер, эмээ болохоор тоглодоггүй. Манай нөгөө өвөөг Тогоонтөмөр гэдэг. Батчимэг эгч их мастер. Батзориг ахыг Фиде мастер гээд биччих. Баярцэцэг эгч маань багадаа сайн тоглож байгаад больчихсон гэсэн. Манай хамгийн бага дүү Соку нэг настай мөртлөө морь мэддэг. Хоёр настай дүү маань нэг нүүдлийн мад мэддэг ш дээ. Би хоёр настайдаа бас ийм л байсан.

-Т.Батчимэг эгч, Т.Батзориг ахтайгаа шатар тоглох уу?
-Батзориг ахтай нэг удаа тоглосон. Би ээжтэйгээ гурван удаа тоглоод нэг хожиж, нэг хожигдож, нэг тэнцээд байгаа.

-Том болоод хэн шиг шатарчин болох вэ?
-Каспаров шиг гэж боддог байсан. Дэлхийн хамгийн мундаг шатарчин байсан л даа. Гэтэл одоо бол Карлсен гарч ирсэн. Тэгэхээр Каспаров биш Карлсен шиг болно. Монголын шатарчдаас Гүндавааг хамгийн мундаг гэж боддог. Гэхдээ дээд зэрэглэлийн тамирчин болохоор би тоглож үзээгүй л дээ.

-Тоглож үзэх юмсан гэж боддог уу?
- Тийм ээ.

-Чи аль сургуульд сурдаг вэ. Шатраар мундаг юм чинь онц сурдаг байх даа?
-33 дугаар сургуулийн 1-ийн “Г” ангид сурдаг. Миний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 7-нд. Тэгээд сая долоон нас хүрсэн. Би математикийн хичээлдээ л сайн. Монгол хэлдээ сайн биш. Манай аав монгол хэлдээ сайн байсан гэсэн. Ээж бол онц сурдаг байсан гэсэн.

-Ангийнхан нь сурагчдын дэлхийн аварга болчихоод ирэхэд нь яаж хүлээж авав?

-Би ирчихээд сургуулийнхаа хаалгаар яваад орсон чинь бүгдээрээ хоёр эгнээ болоод зогсчихсон байсан. Тэгсэн чинь миний инээд шууд хүрээд.

-Яагаад?

-Мэдэхгүй. Олон хүүхэд хараад инээд хүрээд байсан ш дээ. Зарим нь ядарсан юм уу суучихсан байсан. Багш нар хүүхдүүд бүгдээрээ надад баяр хүргэсэн.

-Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ. Чөлөөт цагаараа юу хийх үү?
-Сурагчдын дэлхийн аваргад орохын өмнө өдөрт нэг удаа бэлтгэл хийж байсан. Одоо бол гайгүй. Чөлөөт цагаараа бассейнд явна, хоёр дүүтэйгээ тоглоно, компьютер тоглоно. Заримдаа гар утсаараа тоглоно. Шатрын бодлого бодно, номнуудаа уншина. Ийм их тоглоом суулгачихсан. /утсанд суулгасан тоглоомоо үзүүлэв.сур/

-Чиний рейтинг хэд байгаа вэ?
-Монголын рейтинг 1740, гадаадынх 1623. Гэхдээ одоо дотоод, гадаад аль аль нь дээшилчихсэн байх.

-Одоо чамайг ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

-Зургадугаар сард Азийн аварга, арванхоёрдугаар сард дэлхийн аварга байгаа. Би өнгөрсөн жил жинхэнэ дэлхийн аваргад зургаан настайдаа ороод 38 дугаар байрт орсон. Саяны тэмцээн бол сурагчдын дэлхийн аварга. Тийм болохоор би жинхэнэ дэлхийн аваргад түрүүлэхийг хүсч байна.

-За ярилцлага өгсөн дүүдээ баярлалаа. Удахгүй Азийн аваргад амжилтаа бататгаад, жинхэнэ дэлхийн аваргаас алтан медаль аваад ирээрэй. Тэгээд эгч нь дахин ирж ярилцлага авъя?

-Тэгнэ ээ.

У.Бадамцэцэг


“Адтай жаалууд” олон ангит киноны гол дүр Ялгуунд тоглосон С.Алтанцэцэг: Бүх зүйлийн ард гарсныхаа дараа л нэг сайхан уйлдаг

$
0
0

 

2013 оны 6-р сарын 1

 

 

“Адтай жаалууд” олон ангит киноны гол дүр Ялгууныг хүүхэд багачууд төдийгүй үзэгчид сайн танидаг болсон.

Тэгвэл энэ дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин бас дуучин, бүжигчин, хөтлөгч Саруултуяагийн Алтанцэцэг охиныг “Gogo Cafе” уншигчидтайгаа уулзуулж байна.

Өдгөө “Хүрээ Тулга” сургуулийн есдүгээр ангид сурдаг тэрээр урлагийн олон талын авьяастайгаас гадна ухаалаг хэрсүүхэн яриатай нэгэн. Түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялъя.

 -Хичээл сурлага, уран бүтээл өндөр үү. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-Өндөр өндөр. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байна. Бид “Адтай жаалууд” киноныхоо гурав дахь цувралыг амжилттай хийж дуусгаад үзэгчдийн хүртээл болгосон. Одоо шинэ дуу, клипнийхээ бэлтгэлийг базааж байна. Мөн “Гэгээн алсын одод” хүүхдийн урлагийн их наадмыг хөтөлж байгаа. Урлагийнхаа хажуугаар хичээл номоо хийж, шалгалт шүүлгээ өгөөд л нэлээд цаг завгүй гүйж байна.

-Кинонд тоглохын зэрэгцээ дуулж, бүжиглэдэг. Ер нь урын сандаа хэчнээн дуу, клиптэй болж байгаа вэ?
-Ганцаараа болон хамтлагаараа дуулсан нийт 10 гаруй дуу, 5, 6 клиптэй болсон. Мөн бусад уран бүтээлч хүүхэд, хамтлагуудын нэлээд хэдэн клипэнд тоглосон.  Сүүлийн үед өөрийн бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Манай “Лоолойгийн найзууд” хөтлөгчийн дугуйлангийн дэргэд охидын LN болон AJ гээд хамтлаг байдаг. Мөн хөвгүүдийн L-Boys гэж хамтлаг байгаа. Миний хувьд LN хамтлагийнхаа ахлагч нь.

Манай хамтлаг анх долоон гишүүнтэй байсан. Сүүлдээ зарим нь Хөгжим бүжгийн сургуульд ороод, зарим нь хөтлөгчийнхөө чиглэлийг дагнаад явсан. Одоо гурван охин дуулж байна. Охидын болон хөвгүүдийн хамтлаг маань уран бүтээлээрээ их өрсөлдөнө. Нэг нь шинэ дуу, клиптэй болвол нөгөө нь шарандаа шинийг хийнэ.

Гэхдээ бид тооны хувьд олон байхаас илүү хүний сэтгэлд хүрсэн чанартай уран бүтээл хийхийг үргэлж эрмэлздэг. Бидний тоглосон киноны дуунууд болон бусад уран бүтээл маань хүүхэд багачуудын дунд нэлээд танигдаж, тэдний дуулах, сонсох дуртай дуу болсонд баяртай байдаг. Би “Адтай жаалууд”-аас гадна 2009 онд “Мөрөөдлийн зүгт” гээд хүүхдийн музикл кинонд Чээмка гэдэг охины дүр бүтээж байсан. Өөр хэд хэдэн кинонд оролцон тоглосон.

-Уран бүтээлийн чинь гараа хаанаас эхтэй вэ?
-Намайг гурван настай жаахан байхад ээж маань “Бяцхан мисс” тэмцээнд оролцуулж байсан юм. Цэцэрлэгт байхдаа урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцдог байсан. Бага ангидаа ч мөн л тийм урлагт элэгтэй хүүхдүүдийн нэг нь. Фото модель гэх мэт янз бүрийн дугуйланд явна. Уралдаан тэмцээнээс болж өгвөл медаль авчихна. Нэг уралдаанд сайн оролцвол дараагийн тэмцээндээ дахиад амжилттай оролцохыг л хичээнэ. Тамирчин хүмүүс ч тийм байдаг шүү дээ. Энэ бүхэн л миний урлаг хэмээх том салбарт хөл тавих эхлэл болсон байх гэж боддог.

-“Адтай жаалууд”-ын гурван цувралд гурвууланд нь гол дүр бас өөр хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Жүжигчний мэргэжлийг бүрэн эзэмшээгүй хүүхэд учраас хүнд хэцүү зүйл олон байсан нь мэдээж. Энэ бүхнээс чи юу суралцав, бас юу суралцаж байна?
-Би багаасаа л кинонд тоглож үзэхийг, өөрийн хайрлаж хүндэлдэг алдартай жүжигчид шигээ болохыг хүсч мөрөөддөг байсан. Ээж маань бас жүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч яагаад ч юм өөр мэргэжилтэй болсон. Тиймээс би өөрийнхөө бас ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж, сайн жүжигчин болохыг хүссэн.

Ингээд “Лоолойгийн найзууд” хөтлөгчийн дугуйланд суралцаж эхэлсэн л дээ. Улмаар миний насанд тохирсон, хүүхдүүдэд зориулсан ийм гоё уран бүтээлд оролцох, өөрийгөө сорих боломж олдсон. Мэдээж мэргэжлийн уран бүтээлч биш учраас анхандаа хэцүү зүйл олон л тохиолдож байсан. Ер нь кинонд тоглоно гэдэг их хүнд ажил байдаг юм билээ. Наад зах нь, халуун хүйтэнд зураг авалтад орохын тулд маш их тэсвэр тэвчээр шаардана. Би “Адтай жаалууд” киноноос үнэхээр их зүйлийг суралцсан. Жишээ нь, анхны цуврал дээр гол дүр Ялгуун ихэмсэг бардам, нэлээд маягтай, бусадтай муухай харилцдаг, баян айлын охин байдаг шүү дээ. Найруулагч надаас яг л тийм дүр бүтээж, тэр охины ааш араншинг аль болох товойлгон харуулахыг шаардсан.

Гэтэл би амьдрал дээр Ялгуун шиг охин биш. Бас мэргэжлийн жүжигчин биш учраас асар их тэсвэр тэвчээр гаргаж, өөрийгөө эвдэх хэрэгтэй болсон л доо. Бас цуврал хоёр, гурав дээрээ Ялгуун гэдэг дүр нэр нь хэвээрээ боловч өөр хоорондоо эсрэг тэсрэг характертай, огт өөр амьдрал ахуйтай хүүхэд байдаг. Тэр бүх онцлог ялгааг нь гаргахын тулд би маш их хичээх хэрэгтэй болсон. Тиймээс багш, найруулагч нараасаа байнга зөвлөгөө авна. Тэвчээртэй, хариуцлагатай байх, цаг барих гэх мэт олон ч зүйлийг суралцсан.

Биднийг киногоо хийгээд явж байхад энд тэндээс өөр кино, рекламанд тоглох санал их ирдэг. Тийм тохиолдолд урлагийн хүн их бодолтой, хариуцлагатай байх ёстой юм билээ. Бид нар хүүхэд учраас тэр болгоныг мэдэхгүй. Тэгээд суралцаад л байна. Гэхдээ надад мэдээгүй, чадаагүй юм зөндөө бий. Цаашид улам их зүйлийг суралцахыг хичээж байгаа.

-Кинонд тоглоно гэдэг зөвхөн авьяасаараа, эмоциороо жүжиглээд болчихдоггүй. Асар их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг?
-Үнэхээр тийм юм билээ. Би чинь гол дүрийн жүжигчин болохоор бусад хүүхдээс хэд дахин илүү текст уншиж, өөрийн болгох ёстой. Түүнийгээ амилуулах ёстой. Наад зах нь ярихдаа шүлсээ залгиад байж болохгүй. Зөв, тод тэгээд бас үнэмшилтэй, жүжиглэлттэй ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхнийг хичээж, хөдөлмөрлөж байж л ард нь гардаг юм билээ. Би авьяастай гээд эмоциороо хийчихнэ гэж байдаггүйг ойлгосон. Одоо бас миний үеийн хүүхдүүд чинь маш мундаг болсон. Бүгд л өөр өөрийн гэсэн авьяастай. Тэгээд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад өөрсдийгөө хөгжүүлээд нэг ёсондоо хүчтэй өрсөлдөөн бий болж байна. Тиймээс бусдаас илүү байхын тулд улам л илүүг сурч, хөдөлмөрлөх ёстой байх.

-Охид их шартай байдаг шүү дээ. Өрсөлдөөн нь заримдаа шоглоом болж хувирах тохиолдол гарна биз?
-Аягүй шартай хүүхдүүд байдаг. Тэгээд нэгнийгээ хорлоно. Бид нар байнга л энд тэнд тоглолтод оролцоно, дуулж бүжиглэнэ. Заримдаа намайг яг тайзан дээр гараад дуулах гэтэл платийг маань хэн нэг нь муухай болгочихсон байдаг. Бүр балаар дээр нь сарааччихсан байх нь ч бий. Өрөөсөн ээмэг алга болчихно. Би ч мөчөөгөө өгөхгүй дараа нь хариугаа авна. Гэхдээ одоо бол нэг нэгнийгээ сайн ойлгож, дэмждэг болсон. Арай бага байхдаа л хүүхдийн гэнэн томоогүй зангаар тэгдэг байсан байх. Одоо бодохоор их инээдтэй санагддаг.

 

-“Адтай жаалууд” кино цааш 4, 5… гээд үргэлжлэх үү. Цаашид киноны үйл явдал хэрхэн өрнөх бол оо?
-Үргэлжлэх нь үргэлжлэх байх. Дөрөв дэх цувралын зохиол нь бичигдээд эхэлчихсэн гэсэн. Гэхдээ киноны үйл явдал, дүрүүд ямар байхыг би сайн мэдэхгүй байна. Өмнөх гурван цуврал дээр найруулагч маань зохиолоо бичихдээ жүжигчин хүүхдүүдээ бүгдийг нь цуглуулж байгаад биднээс санал авч, тусгадаг байсан л даа. Жишээ нь, та нарт юу юу тохиолддог вэ, ямар зүйлийг онцлох вэ гэх мэтээр харилцан ярилцана. Харин одоо бичиж байгаа зохиол дээр хүүхдүүдээс санал аваагүй. Тиймээс би тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна л даа.

-Чиний уран бүтээлүүдээс өөрийн чинь сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн эсвэл түүх агуулсан нь гэвэл?

-Нэг тохиолдол байгаа. Намайг “Адтай жаалууд-1” кинонд тоглож байхад аав маань нас барсан юм л даа. Тэгтэл “Адтай жаалууд-2” киноны зохиол миний хувийн амьдралтай зарим талаараа төстэй болсон байсан.

Өмнөх цуврал дээр хотын баян айлын эрх танхи охин байсан Ялгуун энэ удаа аав ээж нь байхгүй, хүрдэн дээрээс олдсон хүүхэд болж таардаг. Тэгээд үүнийгээ гэнэт мэдээд хөдөө явж, улмаар аавынхаа ах дүүстэй танилцаж байгаа үйл явдал өрнөдөг л дөө. Энэ бүхэн надад их сонин байсан. Сэтгэл их хөдөлсөн. Яагаад гэвэл дүрээ амьдруулж, жүжиглэхтэй зэрэгцээд миний өөрийн дурсамжууд тодорч, аавынхаа тухай их боддог байсан. Гэхдээ киноны үйл явдалтай яг таг адилхан биш л дээ. Ямар ч байсан би эндээс жүжигчин хүнд их олон зүйл тохиолдож болохыг бага ч болов ухаарсан. Их сонин байдаг юм билээ. Энэ бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн дүр.

Харин хөгжилтэй, дурсамжтай түүх бол олон л доо. “Адтай жаалууд-1” киногоо гарч дууссаны дараа бид орон нутгаар тоглолт хийсэн юм. Гэтэл нэг аймгийн төвд явж байтал манай найзууд намайг бушуухан машиндаа ороорой гээд л сандраад бөөн юм боллоо. Би гайхаад яав ийв гэсэн чинь нэг эгч аймаар том чулуу барьчихсан “Энэ муу Ялгуун ёстой зэвүүн охин. Чамайг болгоод өгье л дөө” гээд дайрч байсан. Инээдтэй юм шиг хэрнээ бас аймаар. Энд тэнд явж байхад хүүхдүүд, ялангуяа охид “Нөгөө муу Ялгуун чинь байна” гээд л сонин сонин хараад байдаг. Зарим нь гадуурхана. Уг нь би чинь амьдрал дээр Ялгуунаас тэс өөр.

Ээжтэйгээ хоёулаа амьдардаг эгэл жирийн л нэг хүүхэд шүү дээ. Бас нэг удаа манай найруулагч руу нэг эгч утсаар яриад “Танай тэр муу Ялгуунаас чинь болж манай хүүхэд ааш зан нь дийлдэхээ болилоо. Би гомдол гаргана. Ялгууныг чинь таарсан газар нь үсэртэл алгадна” гэж байсан. Иймэрхүү юмнаас эхлээд би их айдаг байсан. Хэрэг хийчихсэн юм шиг гадуур ч чөлөөтэй явж чадахгүй. Надад хэцүү байна гээд найруулагчдаа уйлаад хэлэхэд “Зүгээр ээ, миний охин. Чи дүрээ сайн бүтээсэн учраас л тэгж байгаа юм” гэж хэлээд тайвшруулсан. Түүнээс хойш урлаг гэдэг ийм хүчтэй байдаг гэдгийг улам илүү ойлгож эхэлсэн дээ.

-Урлаг сайхан бас хэцүү. Чи аль алинаас нь ярьж байна. Зүгээр нэг бэрхшээл гэхээс илүү хэн нэгэнд хэлж чадахгүй, ил уйлж ч болохгүй тийм хэцүү үе байсан уу?
-Тийм үе гэвэл… Жишээ нь, би одоо хүүхэд шүү дээ. Мэдээж насанд хүрсэн мэргэжлийн жүжигчин биш. Тийм болохоор ажлын ачаалал даах чадвар гэх мэтээр том хүмүүс шиг байж чадахгүй. Киноны ажлын үеэр заримдаа үнэхээр их ядардаг. Найруулагчийнхаа өгсөн үүрэг даалгавар бүрийг цаг тухайд нь яс биелүүлнэ. Хийх ёстой юмаа сайн хийх тусам улам их даалгавар өгдөг. Өдөржин шөнөжин шахуу л бэлдэж байгаа юм чинь. Заримдаа амрах нь байтугай хичээл номоо хийх ч зав гарахгүй.

Ядарч байна гээд шантраад орхивол надаас өөр авьяастай, бас илүү их тэвчээртэй хэн нэгэн гараад л ирнэ шүү дээ. Тиймээс хэчнээн ядарч хэцүү байлаа ч гүрийгээд зүтгэдэг. Хэцүү байна гэж ээждээ ч хэлдэггүй. Гүрийсээр байгаад бүх ажлыхаа ард гарч байж л санаа амардаг. Тэгээд ээжийгээ ажлаас ирэхээс өмнө гэртээ ганцаараа сууж байгаад нэг сайхан уйлна даа. /Инээв/ Бас найзуудтайгаа зовлон жаргалаа их ярилцана аа. Манай “Лоолойгийн найзууд”-ынхан чинь олон жил хамт байгаа болохоор нэг ангийнхнаас дутахгүй. Бараг л нэг гэр бүлийн ах дүүс шиг амь нэгтэй. Заримдаа хөвгүүд нь хүртэл уйлаад л ярьдаг.

Бид нарыг “Та нар шиг дуулж бүжиглэдэг хүүхдүүд ядарна гэж юу байдаг юм” гээд л загнадаг болохоор нээрээ ч том хүмүүсийн хажууд ядарлаа гэвэл ичмээр ч юм шиг санагдана. Гэтэл том хүн ч бай, хүүхэд ч бай адилхан л хүн юм чинь бас стресс ядаргаанд орох гэж байдаг юм билээ. Гэхдээ би яаж ч ядарч байсан тайзан дээр гараад дуулж, бүжиглэхээрээ бие хөнгөрөөд нэг л гоё болчихдог. Тийм болохоор л би урлагтаа хайртай.

-Танай “Лоолойгийн найзууд” хэр олуулаа юм бэ?
-Одоо бол их олон болсон. Нийт элсэгчийн тоо бараг 200 давсан байх. Энэ олон хүүхдийн зарим нь телевизийн хөтлөгч болох зорилготой, зарим нь зөвхөн “Адтай жаалууд” кинонд тоглох хүсэлтэй гэх мэт олон янз байдаг. Анхны бид хэд чинь хэзээний багш аятай л шинэ хүүхдүүддээ зааж сургана. Заримдаа найруулагч шигээ хүний хүүхэд загначихсан давхиж явна. Их инээдтэй. Ер нь манай дугуйлан урлагийн хүүхдүүдийн дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн их гоё орчин л доо. Гэхдээ одоо 7-8 жил болсон анхны гишүүдийн маань ихэнх нь хүүхэд насаа үдэж, оюутны ширээнд шилжих гэж байна.

Энэ жил хөвгүүд нь, дараа дараачийн жилээс охид нь оюутан болоод явна. Бид нар үргэлж л хүүхэд хэвээрээ ийм гоё гэгээн цайлган үргэлж байх юм шиг төсөөлдөг байсан. Харин цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Гэхдээ бид нар хүүхэд ахуй насныхаа хамгийн гоё тэр торгон агшнуудыг кино хальсанд, тэр дундаа бүхэл бүтэн гурван цуврал олон ангит кинонд мөнхлөн үлдээсэн болохоор их азтай хүүхдүүд. Бүр том хүмүүс болсон хойноо киногоо үзэх үнэхээр гоё байх болов уу гэж боддог.

-Алтанцэцэгийн хамгийн дургүй зүйл вэ?  

-Би өөрөө бусдыг дуурайх дургүй. Тиймээс бусдыг шууд дуурайгаад, хуулаад байгаа хүүхдүүдэд их дургүй л дээ. Манай “Лоолойгийн найзууд” дугуйланд шинээр суралцаж байгаа зарим хүүхэд зүгээр л хэн нэгнийг дуурайгаад байдаг. Тэгээд байхаар тэр хүүхдийн жинхэнэ авьяас гарч ирэхгүй шүү дээ. Өөрийнхөөрөө байж чадвал тэр хүүхэд хөгжинө. Бусдын ур чадвараас л суралцана уу гэхээс бусдыг хуулаад чадвартай болно гэж байхгүй биз дээ.

Бас нэг инээдтэй ч гэмээр, муухай ч гэмээр юм гэвэл фэйсбүүк дээр нэрийг минь ашиглаад 5, 6 хүүхэд хаяг нээгээд миний баахан зургийг тавьчихсан байсан. Тэгээд бас утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг маань оруулчихсан байна билээ. Тэгээд миний өмнөөс сонин сонин юм бичээд аягүй эвгүй юм билээ ш дээ. Би өөрөө ч бараг харж байгаагүй багын зургийг хаанаас ч олчихдог юм. Хоорондоо маргалдаад “Би жинхэнэ нь, энэ албан ёсны хуудас нь” гээд байгааг нь хараад үнэхээр гайхсан. Тийм сонин хүүхдүүд бас байдаг юм билээ.

-Ирээдүйд урлагийн яг ямар чиглэлээр явъя гэж бодож байна?

-Одоохондоо сурагчийнхаа ширээнээс хөндийрөх хараахан болоогүй байна. Ямартай ч, хичээл сурлагадаа урьд урьдынхаас илүү анхаарна. Яг үнэнийг хэлэхэд бага, дунд ангид байхад урлагийн талаа илүү хөөгөөд хичээл ном маань бага зэрэг орхигдох тохиолдол байсан. Урлагийн татах хүч ч их байдаг байх. Бас хүүхдийн гэнэн томоогүй зан ч нөлөөлдөг байх.

Харин одоо би ахлах ангийн сурагч учраас хичээл номоо нэгдүгээрт тавьж, боловсролдоо илүү анхааръя гэж бодож байгаа. Шалгалт шүүлгэдээ анхаарч хариуцлагатай байх ёстой. Ер нь урлагийн авьяастай хүүхдүүд энд тэнд цаг наргүй тоглолт, зураг авалт гээд л гүйгээд байдаг. Багш нар маань биднийг дэмжиж ойлгодог ч, хичээлээ нөхөөд хийх боломж олддог ч бусад сурагч шиг хичээлийнхээ гүнд орж чадахгүй. Тиймээс урлагийн авьяастай хүүхдүүд үүнийг заавал анхаарах хэрэгтэй юм билээ.

Сурагч байхдаа хичээлээ сайн сурвал оюутан болоод сайн сургуульд орж чадна. Сайн боловсрол эзэмшинэ шүү дээ. Мэдээж урлагийнхаа чиглэлээр сурна. Одоохондоо яг тийм чиглэлээр гэж тодорхой зүйл хэлмээргүй байна. Ер нь орчин үед хүн олон талын авьяас чадвартай байх ёстой юм шиг санагддаг. Тиймээс зөвхөн нэг чиглэлийг гэлтгүй бүх л талын авьяасаа хөгжүүлэх зорилготой. Хэлтэй хүн хөлтэй гэдэг. Одооноос хэлний боловсролдоо анхаарч гадаад хэлээ нэлээд шахуу үзэж байгаа. Ирээдүйд гадаадад урлагийн сургуульд суралцах төлөвлөгөө бий.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн чамд баярлалаа. Хичээл сурлага, урлагийн гэгээн үйлсэд чинь уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай уншигчдад бас сайн сайхныг хүсье.

Д.Үлэмж


SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлгийн хөтлөгч, “Ерөнхийлөгчийн туслах” кинонд тоглосон И.Мөрөн. Би Холливудын жүжигчин болох хүсэлтэй, дүүдээ бол сайн ах.

$
0
0

2013-05-31 13:15:00

 “Би дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, бас спортоор хичээллэдэг. Манай ангийн багш намайг ойлгодог болохоор зарим хичээлээс хоцроход нөхөж заадаг” гэх жаалыг Ихбаярын Мөрөн гэдэг. Гуравдугаар сургуулийн V ангид сурдаг тэрбээр SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлгийн хөтлөгч, “Ерөнхийлөгчийн туслах” кинонд тоглосон. И.Мөрөнтэй ярилцлаа.

-Телевизэд ажиллах, кинонд тоглох гээд нэлээд ачаалалтай байдаг юм байна. Энэ бүхнийг яаж амжуулдаг вэ?

-SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлэгт хөтлөгч авна гэсэн зарлал уншаад ээжтэйгээ очиж бүртгүүлсэн. Шалгалт өгч, тэнцээд хөтлөгч болсон. Кинонд тоглох болоод ажиллахаа больсон. Телевизийн хөтлөгчөөр ажиллахад хэцүү зүйл бага. Текстээ цээжилж, өөрийн болгоод камерийн өмнө гараад чөлөөтэй ярихад болно. Харин шууд нэвтрүүлэг нэлээд хэцүү. Гэхдээ амархан ажил гэж хаана байх вэ. Хичээвэл бүтнэ шүү дээ.

“Ерөнхийлөгчийн туслах” кинонд Ерөнхийлөгчийн дүрд тоглосон. Өвөөгөө алдсан, ядуу бас эрх хүүхдийн дүр. Би айлын том хүүхэд учраас эрх хүүхдийн дүр бүтээхэд хамгийн хүндрэлтэй байсан. Дээр нь муухай хувцас өмсөж, шуудай үүрээд гудамжаар явна гэдэг сонин, бас эвгүй юм билээ. Киноны зураг авах үеэр бид автобусанд байрласан. Халуунд халж, хүйтэнд хөрж явсан өдрүүд хүнд байлгүй яах вэ. Дөрвөн улирал дамнаж зураг авахуулсан. Кинонд тоглоно гэдэг амаргүй. Тоглоё гэсэн хүн бүр чадахгүй. Найруулагч маань намайг сайн мэддэг болохоор “Энэ дүрд чи яг тохирно, шалгуул” гэсэн. Очсон чинь маш олон хүүхэд шалгуулах гээд ирсэн байлаа. Найруулагч “Энэ хүүхдүүд дундаас чамайг гүйцэх хүүхэд гарахгүй бол чи тоглоорой” гэж хэлдэг юм байна. Тэр олон хүүхдээс илүү байж, тоглосон өөрөөрөө бахархдаг. Энэ кинонд тоглох болсон нь миний хувьд том завшаан. Ирээдүйд би хүүхдүүддээ “Аав нь нэг ийм кинонд тоглож билээ” гэж ярина шүү дээ.

-Нэлээд хэцүү санагдсан гэлээ. Кинонд дахин тоглох хүсэл бий юү?

-Би нэртэй жүжигчин болохыг хүсдэг. Цаашид олон дүр бүтээнэ гэж бодож байгаа. Кинонд тоглох урилга ирвэл татгалзахгүй.

-Олон авьяастай гэсэн. Яагаад дуучин, бүжигчин биш жүжигчин болохоор шийдэв. Кинонд тоглосон нь нөлөөлсөн үү?

-Жүжигчин бол олон ажлын нийлбэр тул гайхалтай мэргэжил. Дуулж, бүжиглэнэ, спортоор хичээллэнэ гээд олон төрлийн дүрд хувирч болох учраас сонгосон. Миний хамгийн эхний мөрөөдөл бол дунд сургуулиа онц төгсөөд, СУИС-д орж, жүжигчин болох. Дараагийнх нь мөрөөдөл маш том. Том юм мөрөөдөж байж л дунд дээр нь бууна гэдэг болохоор би их юм мөрөөддөг. Одоохондоо миний хамгийн том мөрөөдөл бол Холливудын жүжигчин болох. Хэрэв энэ мөрөөдөлдөө хүрэх юм бол тухайн үед дахиад өөр том мөрөөдөл гарч ирэх байх.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач. Багаасаа урлагийн мөр хөөхөд гэр бүлийнхний чинь дэмжлэг, туслалцаа их байсан байх?

-Би одоогоор ээж, дүүтэйгээ амьдарч байгаа. Аав БНСУ-д ажиллаж, амьдардаг, удахгүй ирнэ. Урлагт ээлтэй болоход ээж, аав хоёрын ажил, мэргэжил нөлөөлсөн. Ээж найруулагч, эвлүүлэгч, зураглаач, аав дууны найруулагч, зураглаач, эвлүүлэгч мэргэжилтэй. Миний дүүг И.Орхон гэдэг, ирэх есдүгээр сард таван нас хүрнэ. Дүү минь маш ухаантай болохоор би их бахархдаг. Том болоод дуучин болно гэсэн. Би өөрийгөө нэлээд гайгүй ах гэж боддог. Дүүгээ цэцэрлэгээс нь авдаг, ээжийнхээ ажилд тусладаг. Хүний амьдралд мөнгө нэг их чухал биш. Хүн чанар, сайхан сэтгэлтэй бол хөдөлмөрлөөд мөнгө олж болно. “Хамгийн гол нь хүн чанартай бай” гэж ээж, аав минь сургадаг. Би өөрийгөө нэлээд хүн чанартай гэж боддог шүү. Бусдад туслахыг хичээдэг. Ээж, аав хоёр Мөрөн гэдэг сайхан нэр хайрласан, цаашид дуурсах нэрийг өөрөө олох учраас их хичээх хэрэгтэй.

-Хүн чанарыг чи юу гэж ойлгодог вэ. Хэр олон найзтай вэ?

-Саяхан би найзтайгаа тоглож байтал найз минь цүнхээ хулгайд алдчихсан. Би түүнд “Найз нь үүнээс өөрөөр тусалж чадахгүй нь” гээд цүнхээ өгсөн. Хүн чанар гэдэг бол үүнтэй адил бие биедээ туслах, бусдад сэтгэлээсээ хандах гэж би ойлгодог. Замаг сайтай нууранд шувуу цуглана гэдэг шиг би нөхөрлөл өө хамгаас эрхэмлэдэг учраас олон найзтай. Найзуудтайгаа сайхан харилцана, хэцүү үед нь тусална. Манай ангийнхан маш тусархаг, сайн хүүхдүүд.

-“Academy awards 2013”-д нэр дэвшсэн. Шилдэг туслах дүрийн шагнал авчих юмсан гэж бодож байв уу?

-“Academy awards” гурав дахь жилдээ болсон юм байна лээ. Энэ хугацаанд анх удаа хүүхэд нэр дэвшсэн нь би гэсэн. Шагнал авчих юмсан гэсэн мөрөөдөл байсан ч том, нэртэй жүжигчидтэй хамт улаан хивсэн дээр алхана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Анхны кино байсан, цаашид олон уран бүтээл хийх учраас шагнал авах боломж бишүй гарна.

-Ямар хичээлдээ дуртай вэ?

-Математик. Мөн спортод сонирхолтой болохоор биеийн тамир, уран зохиол унших дуртай, монгол хэлнийхээ хичээлд ч сонирхолтой. Хүүхдийн ном, уран зохиол их уншдаг. Эхлээд хүүхдийн зохиолоо уншиж ойлгочихоод дараа нь роман уншина. Ном уншвал мэдлэгтэй болно. Өнөө үеийн хүүхдүүд маш хүмүүжилгүй, юм л бол интернэт гэдэг болсон. Интернэт хэрэглэж болох ч хэмжээнээс нь хэтрүүлж болохгүй. Интернэтийн эрин зуун эхэлснээс болж хүүхдүүд олон муу мэдээлэл авч, маш хүмүүжилгүй болж байна гэж боддог. Би хичээлээ тараад автобусанд суугаад ирэхэд зарим хүүхэд намайг заагаад “Энэ чинь нөгөө жүжигчин байна. Автобусанд суугаад явж байна шүү дээ” гэж шивнэлддэг. Адилхан хүн шүү дээ. Миний үеийн хүүхдүүд автобусаар явж болоод байхад би яагаад болохгүй гэж. Ээж намайг хүргэж өгье гэдэг боловч би аль болох ганцаараа явж, биеэ дааж сурахыг хүсдэг. Сургууль хүртлээ автобусаар ганцаараа явдаг.

 Ч.МӨНХЗУЛ


яруу найрагч Ш.Дулмаа: Зүрхнээс гарсан гэрэл зүрхэнд шингэдэг

$
0
0
2013 оны 06-р сарын 11. 14:47


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч хаан найргийн хатан эх Шагдарын Дулмаатай ярилцлаа.

.

-Таны төрж өссөн нутаг ус, хүүхэд ахуй насны талаар ярилцлагаа эхэлье?

-Миний бага насны амьдрал Монголын тэр үеийн хүүхдүүдийнх шиг л хөдөө өсч цэцэг, солонго хоёрын сайхныг гайхан цэнгэлтэй, хөөр баяртай зүггүйтэж, зүлэг ногоон дээгүүр гүйж, аргалчин ээжийнхээ хормойноос зүүгдэж, алаг чулуугаар гэр барин тоглож, нар, газар хоёрын дунд л наадан баяч өссөн дөө. Миний төрж өссөн нутаг хуучнаар Төв аймгийн Авдарбаян сум одоогийн Сэргэлэн, Баянцагаан, Баян сумын зарим газрыг багтаасан өргөн уудам нутагтай малчин ардын нутаг сэлгэн нүүхэд нэн таатай ой хээрийн сайхан бэлчээртэй, онгон дархан овоо тахилгатай сайхан нутаг. Би хүүхэд ахуй цагтаа сурлага сахилгаар сайн, сургуулийн уран сайхны бүлгэмд явдаг дуу, хөгжим бүжигт авьяастай охин байсан.

Сургуулийнхаа урлагийн тоглолтод Төрийн шагналт Ч.Чимэдийн “Би монгол хүн”,  Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж”, “Зугаацахаар мордсон нь” зэрэг шүлэг уншиж, уран уншигч болж явлаа. Мөн сургуулийнхаа жүжгийн дугуйланд явж тэр үеийн эсэргүүнүүдийг дарсан тухай жүжигт тоглож байлаа. Биеийн тамирын “Овоолго” гимнастик, уран нугаралт хавсарсан тоглолтод идэвхтэй оролцож сургуулиас шагнал, сайшаал олныг хүртэж байсан.

Багаасаа хөдөө хөл нүцгэн гүйж хурга, тугал эргүүлж, хонь малаа сааж, айраг бүлж, тараг бүрж, ааруул тавьж хөдөөний амьдралд хүн болох их ухаанд суралцсан. Хамгийн чухал нь би хүүхэд насандаа хүнийг өрөвдөн хайрлах ухааныг аав, ээжээсээ сурсан. Манай аав, ээж ядуу хүмүүст байнга тусалж байдаг нь хожим намайг шүлэг бичихэд энэрэхүй нандин сэтгэлийн тухай бичих ухаарал хайрласан гэж боддог юм. Ер нь хөдөөгийн хүүхдийн амьдрал бол монголын малчин ардын агуу гүн ухаан, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байсан амьдралын том сургууль байсан гэхэд болно. Тэр үед аав, ээжийн маань сургааль бол  өнөөгийн сурган хүмүүжүүлдэг багш нарын  үгнээс ч дутуугүй үнэтэй жинхэнэ хүн болж өсөх их монгол ухаан байсан юм.

.

-Та монголын эмэгтэй цөөн зохиолчдын нэг. Бүтээлээ ид туурвиж байх үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Эмэгтэй хүн зохиол, яруу найраг бичнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэлээ ч хүний хүсэл мөрөөдөл, авьяас билэг гэдэг ямар ч саад бэрхшээлийг даваад л гардаг юм билээ. Зарим хүн эмэгтэйчүүдийг дорд үзэж та нарын зохиол бичих гэж юу байсан юм.

Гэрийн ажлаа хийгээд хүүхдээ хараад сууж байвал барав гэх нэгэн ч зохиолчдын дотор байсан. Гэвч тэгж басаж байсан хүн хожим надаас гойд дээр гоц юм бичээгүй л насыг элээсэн дээ. Намайг анх шүлэг бичээд гарч ирэхэд зарим нь энэ сүрхий сайхан биччихсэн байх чинь хэнээр бичүүлээ юм бол гэх ч юм уу? Хэн засч өгсөн юм бол гэж их хардаж ярихыг сонсоод жаахан гомдмоор санагдаж байсан. Би Монгол Улсын Төрийн шагналт Ч.Чимэд багшид зовлонгоо хүүрнэлээ.

Намайг шүлэг бичихээр хүмүүс хэнээр бичүүлж хэнээр засуулсан юм бол гээд ярьдаг гэнэ. Би ер нь шүлэг бичихээ больдог юм уу гээд хэлсэн чинь багш их дургүй нь хүрсэн бололтой. Муусайн юмнууд өөрснөө олигтой бичиж чадахгүй, авьяасгүй хүмүүс атаархсандаа л тэгдэг юм. Тийм үгийг бүү хайхарч бай. Тэнгэр бурхнаас заяасан төрөлхийн авьяас гэж байдаг юм. Чамд энэ талаар нэлээд юм бий. Байгаа юмаа л хөгжүүлэхийг бод. Хүний тархинд байгаа юмыг хэн ч булааж авч чаддаггүй юм. Битгий уруу царайлаад бай. Багшийнхаа үгэнд ор. Харин сайн бичихийг л хичээ гэж билээ. Багшийн энэ үг одоо болтол миний сэтгэлд тодхон байдаг юм. Тэгээд эмэгтэй хүнд шүлэг бичих амаргүй ч миний араас гарч ирсэн авьяаслаг хүүхнүүддээ би баярлаж тэдний шинэ сайхан бүтээлээр амьсгалж цэнгэж, баярлаж бахдаж явдаг.

Би монголын уран зохиолын тансаг өргөөний хаалгаар анхны шүлэгтэйгээ орж ирснээс хойш 60 гаруй жил шүлэг бичиж нэлээд олон шүлгийн ном, роман, тууж, баримтат кино, хошин шог гээд багагүй зүйл бүтээжээ. Харин миний араас гарч ирсэн С.Оюун, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ж.Сарантуяа, нар бол миний шавь Ш.Лхамноржмаа,  Б.Болорцэрэн, Д.Отгонцагаан, Ц.Дэлгэрмаа нар болон хамгийн отгон шавь Б.Болормаа мөн эрдэмтэн, доктор профессор Х.Сүглэгмаа, Д.Сумъяа гээд тоолж баршгүй олон сайхан яруу найрагч бүсгүй Монголын уран зохиолын залуу халаа болон их утга зохиолд мөрөө үлдээж, нэрээ дархалж явна.

Энэ бол манай уран зохиолын их далайд бүсгүйчүүдийн уран санаа, уянгалаг дуу хоолой нэгэн цутгалан болон нийлж байгаа гэсэн үг. Миний шавь яруу найрагчид аль хэдийнэ өөрсдийн уран бүтээлээр бахархам сайхан амжилт гаргаж байгаад би бахархаж байна. Дэлхийд монгол хүний оюун ухаан гайхагдаж сэтгэлгээний урлаг, биеийн хүч чадал, ухааны их тэнхэл мандан бадарна гэдэгт эргэлзэхгзүй байна.

.

.

-“Хар нүдэн бүсгүй” дууг мэдэхгүй хүн цөөн. Энэ сайхан дууны шүлэг таных. Дуу хэрхэн бүтэж байв?

-Миний бичсэн “Зүрхний наран”  гэдэг шүлэг байдаг. Наяад онд хөгжмийн зохиолч Б.Магсаржав, дуучин Х.Уртнасан, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Н.Амгалан, “Морины” Г.Батбаяр бид хэд хилээр явж концерт тоглож  уулзалт хийж байсан. Тэгэхэд Сулинхээрийн застав дээр байх үед дээ нэг бага даргын гэр бүл,хөөрхөн хорголжин хар нүдтэй бүсгүй бидэнд хоол зөөгөөд гүйж явсан. Энд шувууд нисэхгүй, хярхаг хаяа нь харагдахгүй хязгаар нутагт энэ хөөрхөн бүсгүй яаж он жилийг туулна даа гэсэн юм бодож суулаа. Тэгээд маргааш өглөө нь цайгаа уусны дараа өрөөндөө ирээд тэр бүсгүйн тухай бодлоо бэлчээж суутал ийм хоёр мөр сэтгэлд буугаад ирсэн юм.

“Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай” гэсэн дахилт маягийн юм орж ирсэн. Тэгээд л энэ дууны үгийг гурван бадаг болгож бичээд сууж байтал хөгжмийн зохиолч Б.Магсаржав ороод ирэхээр нь бас нэг ийм дуу бичлээ гээд үзүүлсэн чинь ямар гоё үг вэ? гээд шүүрч аваад гараад явчихлаа. Орой нь бид цэргүүдэд концертоо тоглоход Ш.Дулмаагийн шүлэг, Б.Магсаржавын ая “Зүрхний наран” Г.Батбаяр дуулна гээд зарладаг байгаа. Ингэж энэ дуу тэр дороо хилчдийн дунд амнаас ам дамжин түгээд бүр сүүлдээ “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”  гэсэн нэрээр дуулагдаж олонд түгсэн түүхтэй.

.

-Яруу найраг, шүлэг уран бүтээлийн талаар таны бодлыг сонсвол уншигчдад сонин байх болов уу?

-Яруу найраг бол сонсох уран зураг, уран зураг бол харах яруу найраг гэдэг үгтэй би бүрэн санал нийлнэ. Уран зургийн тэр яруу сайхан өнгө, будаг дүрслэл бол чухамдаа будгаар илэрхийлсэн яруу найраг гэж би боддог. Манай байгалийн уран зураач Цэмбэлдоржийн  олон сайхан зургаас  би говийн тухай олон сайхан шүлгийн санаа олж байсан. Ер нь уран зургаас сайхан таашаал авч сайн шүлэг бичих онгод буудаг гэж би хэлж чадна. Манай яруу найрагчдаас Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Ринчиний Чойном нарын шүлгүүд уран зургийн дүрслэл мэт тод дүрслэн үзүүлсэн шүлгүүд байдаг. Энэ бол уран зургийн нүд, яруу найргийн өнгө аястай хослон буусны илэрхийлэл гэж би боддог.

М.Цэмбэлдоржийн зурсан Гималайн уулын зургийг хараад сайхан шүлэг бичиж болно гэж би боддог. Харах сэтгэхийн их туйл дээр уран зураг, яруу найраг хоёр бие биедээ бурхнаас заяаснаараа их ойр дотно юм. Монголын утга зохиол агуу их өв уламжлалтай. Бидний ахмад үе монгол хүний сэтгэхүй, аж байдал, байгаль ертөнцийн олон үзэгдлийг чадал авьяасынхаа хүчээр дүрслэн үзүүлж хүнд хүчир үе, дайн тулаан, ган зуд, аливаа бүхэнд ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлж, урам хайрлаж ухаан нь тэлээсэй гэж бодит амьдралыг магтан дуулдаг. Мөн хүний сэтгэл оюуны ертөнцөд гэрэл гэгээ түгээх, эерүүн бодол энэрэхүйн нандин чанарыг харуулсан шүлэг найраглалыг өргөн олондоо хүргэхийг чухалчилж байлаа. Харин өнөөгийн ороо бусгаа цагт зарим залуучууд олон “измүүдийн” учрыг олох гэж бас гадныхныг дуурайн амьдралыг хар бараанаар үзүүлэх нь нэлээд элбэг болжээ.

Амьдрал тэртэй тэргүй хямралтай байхад зохиолч, яруу найрагч бид дээрээс нь хүний сэтгэлд гэрэл гэгээ нэмэхгүй, хүмүүст сэтгэлийн дэм өгөхгүй, улам муу муухай юм бичиж нэрмээс болохын хэрэг байна уу гэж боддог.

6

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хайрын шүлгүүдээ эмхтгээд ном болгох санаатай сууж байна. Зарим албан байгууллага, сургуулиудад яруу найргийн уулзалт хийж байна. Шинэ залуу яруу найрагчдынхаа бүтээлийг болон дэлхийн зохиолчдын шилдэг номоос уншаад барахгүй л сууна. Их олон ном гарчээ.

6

-Таны амьдралаас олж авсан хамгийн том олз юу вэ?

-Хүнийг хайрлах сэтгэл юм. Хүн хүнээ хайрлана гэдэг хүн төрөлхтний агуу их энэрэл хайр, ухаалаг сэтгэл. Мандан бадрахын гэрэл гэгээ юм.

6

-Та “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх сайхан дуу бичсэн. Энэ үг ард түмний дунд зүйр үг шиг тархжээ?

-Амьдрал ерөөсөө хайр дээр л тогтдог. Хүн өөрөө хайраас амилсан. Энэ хайр дээр эцэг эхийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр, хань ижлээ хайрлах хайр, эх дэлхийгээ хайрлах хайр дээр оршин тогтнож байгаа юм. Хайр гэдэг бол хүний зүрхнээс гарсан гэрэл зүрхэнд нь очиж шингэдэг аугаа их сэтгэлийн гэрэл гэгээ юм.

6

-Буурлаас үг сонс, болсноос ам хүрт гэдэг. Ахмад зохиолчийн хувьд залуу зохиолчдод хандаж юу хэлэх бол?

-Эзэн Чингисийн удамтай их монголын эрдэнэсийн их сантай, өгөөмөр баян газар нутаг дээр амьдарч байгаа бид  эв эеийг эрхэмлэж, энэ сайхан нутагтаа эзэн шиг эзэн байж, хүн бүр өөрийгөө боловсруулж хөгжүүлж, хөдөлмөр бүтээлээр жигүүрлэж “Монгол хүн “гэсэн агуу нэрэндээ эзэн байж эх орноо хөгжүүлнэ гэсэн нэгэн сэтгэл зорилгоор бүтээж, хөдөлмөрлөж сэтгэн бодож чадвал бидэнд эрдэнэс баялаг, мал сүрэг, уудам тэнэгэр газар нутаг цөм байна. Гагцхүү эх оронч сэтгэл л дутаж байна.

Монгол орон уудам дэлгэр, агаар ус нь тэгшхэн, дэлхийн дээвэр болсон Гималайгаас дутахгүй Отгонтэнгэр, Хан Хөхий, Богд хан, Бүрэн хан уул зэрэг олон сайхан уул усны илч гэрэл, өгөөж хишиг монгол түмнийг гийгүүлж байна.

Монгол орон мөнхийн их гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй агуу сайхан улс. Энэ оронд эзэн болж төрсөндөө хүн бүхэн баярлаж явах хэрэгтэй. Тийм ч учраас монгол хүн бүхэн оюун ухааны их чадамжтай сэтгэлийн энэрэл өгөөжтэй өгөөмөр баян оюун ухаантай байдаг учраас дэлхийн түмний соёлын их өв санд монгол хүний байраа эзлэх бүтээл оюунаараа гайхуулах эрин цаг хэдийнэ иржээ. Тиймээс манай төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс дэлхийн дэвжээнд байраа эзэлж байгааг бид бахархалтайгаар харж байна.

Монголын залуучууд минь эрдэм номдоо шамдаж ажил амьдралынхаа их замд ямагт хошуучилж, XXI зууны хүн төрөлхтний хөгжилд гар бие оролцон дэлхийд гайхуулж явна гэж итгэдэг. Харин залуу уран бүтээлчдээс эх орноо гэсэн хүнлэг сайхан сэтгэл үнэртэж, амтагдсан олон сайхан уран бүтээл туурвиж байгаарай гэж хүсэх байна. Хүмүүсийн сэтгэлийн зулыг бадраах гэрэл гэгээтэй, уянгалаг мэдрэмжтэй, хүн хүнээ хайрлах аугаа их эерэг энергитэй  уран бүтээлийг туурвиж ард түмнийхээ зүрх сэтгэлд байраа эзлээрэй гэж залуу уран бүтээл, яруу найрагчдадаа хүсэн ерөөе.

6

П.Наран

http://www.shuud.mn/?p=241649


Бага ангийн багш С.Энхбат: Шавь нар маань одон медалиас ч илүү үнэ цэнэтэй

$
0
0
2013 оны 03-р сарын 28. 09:46


Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн Бага ангийн “Арга зүйч” багш Санжаагийн Энхбаттай ярилцлаа.Тэрбээр 2008 онд аймгийн Боловсрол соёлын газрын “Ахлах багш”, цол тэмдэг, 2009 онд “Ахмад багш нарын холбоо”-ны “Багшийн алдар”, 2010 онд  Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2011 оны сумын байгууллагын аварга” гээд  гавьяа шагнал нь үргэлжилнэ.Түүний ажлын туршлага, шавиа гэсэн сэтгэлийнх нь ертөнцөөр бага ч атугай аялахаар зорилоо.

 

-Дөнгөж сургуульд орсон жаахан хүүхдэд багшийн үг бурхны сургааль шиг санагддаг. Багш хэмээх эрхэм алдарыг хүртсэн тэр түүхэн үеэс тань яриагаа эхэлье?

-Би багаасаа л багш болохыг мөрөөддөг байлаа. Тэр гэгээн хүсэлдээ хөтлөгдөн явсаар 1993 онд Архангай аймгийн Багшийн сургуульд элсэн орж 1997 онд “Бага ангийн багш” хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн дээ. 2004 онд МУБИС-ийг “Орос-Англи хэл”-ний багшаартөгссөн. Залуу хүний хувьд цаг ямагт мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхсэн гэж хичээдэг. Самбар, шохойтой залуугаасаа зууралдсан болохоор энэ мэргэжилдээ дэндүү дасчээ. Багш болоход миний аав, ээжийн минь ач буян их байсан. Миний аав, ээж маш их хөдөлмөрч, дайчин, хүнлэг энэрэнгүй сайхан хүмүүс байлаа. Аав, ээж минь “Эх орон, энхрий бяцхан шавь нартаа ээлтэй сайн багш болоорой” гэж үргэлж захидаг байв. Эцэг, эхийнхээ захиасыг би маани, мэгзэм шиг дээдэлж хүндэтгэн биелүүлнэ дээ гэж цаг ямагт бодож явдаг даа.

-Багш хүн далд увидасаараа ч шавиа үлгэрлэн хүмүүжүүлж байдаг.  Та энэ үгтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Бага ангийн хүүхдийг цэцэгтэй зүйрлэдэг. Тэд цэвэрхэн цагаан цаас шиг “амьтад”. Багшийн үйл хөдлөл, үг яриаг аль хэдийнэ анзаарч дуурайна.  Тиймээс тэднийхээ хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхсэн гэж хичээдэг. Би хичээлийг уран бүтээл гэж боддог.  Багш хүн хичээлдээ өмгөөлөгч байх хэрэгтэй.  Мөн олон янзаар сэтгэх гээд нарийн юм бий бий.

-Түмний үрсийн оюуны уурхайг нээж түүнээс шавхагдашгүй их нөөц гаргаж чадах шидтэн бол багш хүн. Та шавийнхаа оюуны уурхайн нөөцийг хэрхэн, ямар аргаар нээдэг вэ?

-Ихэнх хичээлээ багаар зохион байгуулж, аль болох хүүхдийн сонирхолд нийцүүлж хичээлээ заахыг эрмэлздэг. Багаар зохион байгуулж хичээл заахад хүүхдүүд  бие биеэсээ их зүйл сурдаг. Тухайлбал, “Зураг урлал, технологийн хичээл”-ийг багаар зохион байгуулахад, хүүхдүүд маш их идэвхтэй оролцож урам ордог. Жишээ нь, уг хичээлд үүрэггүй хүүхэд гэж байхгүй. Багийн гишүүн тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ нэр төртэй биелүүлэх болдог.

-Таны бодлоор сайн багш гэж хэнийг хэлэх вэ?

-Шавиа сонсдог, энгийн үгээр хэлэхэд мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлдэг, илүү сайн болохыг цаг ямагт хичээдэг, хүнлэг хүнийг хэлэх болов уу.

-Та дээрх шалгуурт нийцэх үү?

-Нийцэх байх аа .

-Сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүй гэж юу вэ?

-Багш хүнд ур чадвар, эв дүй маш чухал. Бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлж, итгэл үнэмшилтэй иргэн болгон төлөвшүүлэх нь багш бидний эрхэм үүрэг. Балчир хүүхэдтэй ээжээс нь өөрцгүй харьцаж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээх нь чухал. Би залуу хүний хувьд туршлагатай,ахмад багш нараасаа ур чадвар, эв дүйг нь өвлөж авахын тулд одоо ч  гэсэн суралцдаг. Багш хүн насаараа суралцдаг байх аа.

-Хувийн янз бүрийн онцлогтой 30 гаруй хүүхдийн сурах үйл ажиллагааг төлөвлөн жигд зохион байгуулах нь тийм ч амар зүйл биш байх?

-Багшийн мэргэжил заах арга барил, эв дүй их шаардсан ажил. Одоо миний даасан анги 37 сурагчтай. Тэд маань 37 зан гаргана шүү дээ. Тэр бүгдэд тэдний эвийг олж эрдэм номд шамдан суралцахын учрыг тайлбарлаж эвээр заадаг даа. Хүүхэд багшийн үгнээс зөрдөггүй юм. Гэхдээ хүүхэд л  юм чинь дүрсгүйтэх  үе байж л байдаг. Тэр бүгдэд нь зэмлэнэ гэдэг учир дутагдалтай.

-Тэгэхээр та шавиа зэмлэдэггүй гэж ойлгож болох уу?

-Хаанаас даа. Зэмлэх үе гаралгүй л яахав. Жишээ нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй сурагчийг эхлээд учир шалтгааныг нь эвээр асуудаг. Хариулахгүй тохиолдол ч бий. Энэ үед нь “Даалгавар хийхийн ач холбогдолыг тайлбарлаж өгдөг. Олон удаа даалгавар хийгээгүй тохиолдолд  “Илжиг шиг зөрүүд байж болохгүй шүү” гэж зэмлэдэг юм. Би шавь нартаа ихэвчлэн зүйр цэцэн үг хэлдэг. Тухайлбал, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн” гээд л ярина шүү дээ/инээв/

-Та өөрийн болон шавь нарынхаа амжилтаас сонирхуулаач?

-“Багш нарын ур чадварын уралдаан”-д  гурван удаа тэргүүн байр, 2011 онд аймагт гуравдугаар байр,олимпиад уралдаанд тогтмол амжилт гаргаж байсан. Би өөрийнхөө амжилтаас илүү шавь нараараа бахархдаг. Шавь нар маань ч их амжилт гаргадаг. Бүгдийг нь яривал зай талбай их орох байх. Жил бүр зохиогддог  математикийн олимпиадад алт хоёр, мөнгө хоёр, хүрэл дөрвийг авчээ. Миний амжилт гаргасан нь дан ганц миний хөдөлмөр биш, хамт олон, гэр бүлийн минь нөмөр нөөлөг их шүү дээ.

-Багш, шавийн барилдлагыг биеэр туулж яваа танаас багш хүний “үнэт чанар” мэдрэгддэг?

-Багш мэргэжлээрээ өөрийн төрсөн нутаг болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаа сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нэгдүгээр ангийг дөрвөн удаа даан авч төгсгөсөн. Даасан ангийн сурагчдын сурлагын амжилт чанар сум, аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдагт урамшдаг юм. Багш бол бүтээлч ажил. Сурагчдаа бүтээлч сэтгэлгээтэй болгохыг хүсдэг.  Бүтээлч сэтгэлгээг эзэмшсэн хүүхэд цаашид улам ихийг санаачлан хийх нь дамжиггүй. Шавь нар маань ямар ч одон медалиас илүү үнэ цэнэтэй. Миний шавь нараас монголын ирээдүйн сэхээтэн, эрдэмтэн мэргэд төрнө гэдэгт  огтхон ч эргэлздэггүй.  Шавь нарын минь зам мөр алтан нарны цацраг шиг гэгээн байгаасай гэж залбирдаг.

-Арав гаруй жил багшилсан хүнд олон сайхан дурсамж бий байх. Нэгийг нь ч гэсэн хэлж өгөөч?

-Өө зөндөө бий. Чамайг асуухаар нэг дурсамж санаанд бууж байна. Миний хамгийн анхны даасан сурагчид дөрөвдүгээр анги төгсөхдөө дурсамж үлдээсэн юм. Уг дурсамждаа:

“Одоо болохоор дурсгал гээд

Оюутан болоод мартуузай, багшаа” гээд биччихсэн байсан. Хүүхэд болохоор нарийн учрыг нь ойлгоогүй, ах, эгч нараасаа л хуулсан юм шиг байна лээ.

П.Наран

http://www.shuud.mn/?p=212500


Viewing all 579 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>