Хүний сэтгэл эвдэрдэг аж. Энэ нь амархан бухимдах, уурлах, эсвэл нэгнээ гутаан доромжлох зэрэг олон шинжээ илэрдэг гэх. Хамгийн аюултай нь “халдвартай”. Бас сэтгэлийн тэжээлийг цаг тухайд нь зөв өгөхгүй бол өлсгөлөнд автаж өөрийгөө магтуулах, өрөвдүүлэх дуртай болдог аж. Энэ талаар “Дотоод сэтгэл” төрийн бус байгууллагын судлаач, сэтгэлзүйч Ч.Туяатай ярилцлаа.
-Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа нь олон шалтгаантай. Хүнээс өөрөөс нь шалтгаалахгүй олон хүчин зүйл нөлөөлж тайван биш болгож байна. Тэгэхээр хүн өөрийгөө яаж энэ байдлаас аврах ёстой вэ?
-Нийгэм бухимдалтай байгаа нь бидний сэтгэл маш их эвдэрч өвчилсөнтэй холбоотой. Хүн бие нь өвчилдгийг мэддэг хэрнээ сэтгэл нь өвддөгийг мэддэггүй, энэ талаар мэдлэг муутай байдаг. Сэтгэл гэдэг харагдахгүй ч нэгэнт амьд эрхтэн учраас гадаад орчны нөлөөнөөс болж байнга эвдэрч байдаг. Бие өвдөхийг хүн тэсч чаддаг. Харин сэтгэл өвдөхөөр тэсдэггүй. Түүнээс гадна сэтгэлийн эвдрэл сэтгэцэд нөлөөлдөг аюултай.
Гадаад орчинд муу муухай зүйл маш их болж байна. Мөн ядуурал байгаа газар амьтны адгууслаг араншин илэрч байдаг. Бид өдөр тутам биеэрээ тааралдахгүй ч мэдээллээр муу зүйлийг аваад байгаа нь сэтгэлийг маань эвдээд байгаа юм. Аль нь өөрт нь хэрэгтэй, аль нь хэрэггүй гэдгийг ялгаж салгах, шүүн тунгаах чадваргүйгээс мууг нь илүү тусгаж авч байна. Энэ нь сэтгэл оюун эвдрэх шалтгаан болж буй. Сэтгэл эвдрэхээр хүнийг хүн байлгадаг үнэт чанар багасдаг. Харахад хүн биетэй ч амьтны зан авирууд илэрч байна. Үүний шалтгаан маш олон байдаг. Жишээ нь өлсгөлөн байх нь адгууслаг байдлын шалтгаан болдог.
-Тэгэхээр сэтгэл өвчилж эвдэрснийг ямар шинжээр мэдэх вэ?
-Монголчууд цочир түргэн уур уцаартай, дүрсхийн уурладаг, бие биенээ муухайгаар гутаан доромжилдог болсон байна. Уг нь хүнийг хүн байлгадаг зүйл бол зөөлөн сэтгэл юм. Сэтгэл бол саруулхан, гэгээтэй байх ёстой. Гэтэл сэтгэл эвдрэхээр энэ байдлаа алдаж, хүнийг өрөвдөх, хайрлах, энэрэх хэв шинжээ алддаг. Хатуурсан сэтгэлээс хүнийг муу муухайгаар хэлэх, гутаан доромжлох, харгис хэрцгий зан үйл гаргах, дээрэнгүй харилцах шинж илэрдэг. Энэ нь тэр хүний сэтгэл өвдөхөө больчихож байна гэсэн үг.
Хүний сэтгэл урам зориг, хайр, баяр баясал, итгэл, сэтгэл, тэвчээр, хатуужлаар дүүрэн байх ёстой. Гэтэл дотоод сэтгэл хоосрохоор гадаад талдаа, өнгө мөнгөнд илүү шунамгай болдог. Үзэн ядалт, хорсол, шунал. Бусдаас аваад байх тусам илүү шунана. Шуналд нь ёроол, эцэс төгсгөл гэж байдаггүй. Тэгсэн хэрнээ түүндээ хэзээ ч баярлахгүй, бусдад юм өгөхгүй. Сэтгэл өвчилбөл хоол, хувцас, бэлгийн харьцаанд хэт их шунамгай байдлаар хандаж шунаж эхэлдэг. Хүний идэх, өмсөх бол зөвхөн хэрэгцээ шүү дээ.
Өнөөдөр бэлгийн харьцааны хувьд хэтэрхий замбараагүй болж, зөвхөн хэрэгцээнийхээ төлөө амьдарч байна. Яг л амьтан шиг. Амьтан бол идэх, унтах, бэлгийн харьцаанд орох, өөрийгөө хамгаалахын төлөө л амьдардаг шүү дээ. Тэгэхээр бид яг амьтны түвшинд амьдарч байна гэсэн үг. Хүн гэдэг бол хийж бүтээхийн төлөө, аливаа зүйлийг дээшлүүлж дэвшүүлэхийн төлөө, бусдыг хайрлахын төлөө, энэ бүхнийг өргөхийн төлөө амьдрах учиртай. Хүн бусдад сайн сайхныг хүсч, буян хийж, бусдыг хайрлаж, бусдын төлөө амьдрах ёстой. Хүнийг баярлуулж, хүн баярлаж байгааг харахад тэр хүний сэтгэл ямар гоё дүүрдэг билээ. Тэгэхэд хүмүүс өнөөдөр хүнээс авахаа боддог, авсандаа л их баярладаг болсон. Хамгийн гол нь баярлаж талархсанаа олигтойхон илэрхийлж чаддаггүй.
Монголчууд бидний харьцаа өнөөдөр зөвхөн өөрийгөө бодсон, аминч үзэлтэй, хэн нэгний сэтгэлийг өвтгөхөөс айдаггүй болж. Сэтгэл эвдэрсний шинж бол зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө дөвийлгөж, эрээ цээргүй магтаж, би л мундаг, би агуу, та нар намайг хүндлэх ёстой гэдэг болдог. Магтаалд амархан дасч, тэрүүгээр сэтгэлээ тэжээдэг. Магтаал хүнд урам өгдөг ч хэмжээнээс хэтэрвэл хүнийг эвддэг. Өөрийг нь магтахгүй л бол уурладаг хүмүүс байдаг. Энэ нь сэтгэл доройтсон, хоосорсон, шуналаар дүүрсний шинж.
Сэтгэл доройтсоны өөр нэг шинж бол өрөвдүүлэх. Өрөвдөнө гэдэг бол энэрэнгүй шинж. Бусдад хайр халамж, халуун дулаан сэтгэл өгдөг. Гэтэл сэтгэл нь хатуурсан хүн зөвхөн өөрийгөө өрөвдүүлэх гээд байдаг. Энэ надад анхаарал тавихгүй байна, энэ намайг ингээд байна гээд ойр дотнын хүмүүс, хамаатан садан, найз нөхдөдөө ойлгуулчихдаг, нөгөөдүүл нь яг тэр хэлснээр нь энэ болохгүй байгаагаас дүү маань, найз маань зовоод, зүдрээд байна гэсэн ойлголтыг авчихдаг. Ийм байдлаар гэр бүл салсан, үл ойлголцсон тохиолдол зөндөө.
-Хүн бие нь өвдвөл эмчид очиж эмчилгээ хийлгэдэг, ямар нэгэн зүйл нь бүтэхгүй болохгүй байвал лам, бөө дээр очиж засал хийлгэдэг. Гэтэл энэ бол ердөө өнгө юм байна, тийм үү?
-Хүн миний сэтгэл өвчилсөн, эвдэрсэн юм байна гэж мэдвэл өөрийгөө эмчлэх амархан. Гэтэл хүмүүс арга билгээр, бөөгөөр, ламаар засал хийлгэдэг. Энэ нь сэтгэл дорой, өөртөө итгэлгүй, бусдад өөрийгөө найдаж байгаагийн шинж. Дотоодод байгаа зүйлийг гадна,өнгөн талаас нь арилгадаггүй. Хүний сэтгэл эдгэрч цэвэр ариун болоод ирвэл дотоодоосоо гадагшаа эдгэж, дархлаатай болно. Хэн нэгэн хажууд нь уурлаж загнаж байсан ч сэтгэл чинь муу муухай зүйлд автахгүй, даваад гарах тэвчээртэй, тэнхээтэй болдог. Хүний бие сэтгэл эрүүл болж байж өөртөө итгэлтэй болдог. Хүн юу ч хийж чадах хүчтэй, чадалтай. Сэтгэл өвдөөгүй хүний сэтгэл дүүрэн байдаг.
-Тэгвэл сэтгэл минь өвчилчихөж гэдгийг мэдсэн хүн өөрийгөө яаж эмчилж болох вэ. Арга байдаг биз дээ?
-Эн түрүүнд сэтгэлийн өвчлөлөө танин мэдэж, анагаан эмчлэх хэрэгтэй. Сэтгэл нь өвчилсөн гэдгээ мэдвэл зарим хүн өөрөө амархан эмчилчихдэг. Зарим нэгнийг нь сэтгэл зүйч эмчилнэ. Ер нь янз бүрийн арга бий. Гэхдээ аргыг нь хэлэхээр өөрсдийгөө эмчилж байна гээд бусдыг өвчлүүлчих гээд байдаг. Хамгийн гол нь зөв амьсгалж сурах, зөв тэжээл өгөх, бас сэтгэлээ онгойтол сэтгэлзүйчтэй ярилцах нь зүйтэй.
Сэтгэл бол амьдралын уг үндэс байдаг. Сэтгэл бол маш гэрэл гэгээтэй, асар хүчирхэг зүйл. Хүн сэтгэлээрээ хардаг гээд ярьдаг. Тэгэхээр сэтгэл гэрэл гэгээтэй байвал аливаа зүйлийн сайн сайхныг олж харж, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг. Ингэснээр урам зоригтой, гэрэлтэй гэгээтэй, ирээдүйдээ итгэлтэй байдаг. Гэтэл уг үндэс маань өвчилж, сэтгэл харанхуйлчихаар бүх зүйлийг муугаар хардаг, ирээдүйдээ итгэлгүй төдийгүй амьдрал, хүмүүсийн зан харилцаа өөрчлөгдөж, аливаа зүйлийг хараад гоочилдог, өөчилдөг, шүүмжилдэг. Ямар нэгэн саад бэрхшээл тулгарахаар давж дийлэх чадваргүй, сэтгэлийн хатгүй, тэнхээгүй болчихдог. Уг нь зовлон, бэрхшээл хүн бүрийн амьдралд тохиолддог зүйл. Жижигхэн зүйлийн өмнө бууж өгдөг, уйлж унждаг, амиа хорлодог, архи дарс уудаг. Энэ бол ердөө л сэтгэл доройтсонтой холбоотой.
-Түрүүнд сэтгэлд тэжээл өгөх хэрэгтэй гэлээ. Сэтгэлийг юугаар тэтгэх вэ?
-Хүний бие хоолоор тэжээл авдаг шиг сэтгэл ч гэсэн тэжээгдэх ёстой. Цэцэг олон зүйлээр тэтгэгдэж тэжээгдэж байж сайхан ургадаг шүү дээ. Тэрэн шиг хүний сэтгэл гэдэг олон сайхан зүйлээр тэтгэгдэж байх ёстой. Бие биедээ халуун дулаан хандана гэдэг бол хамгийн сайхан тэжээл. Гэтэл сэтгэл хатуурчихаар хүн рүү хараад аятайхан инээмсэглэж чадахаа больдог. Өнөөдөр монголчууд инээж чадахаа больсны учир нь энэ. Хүн инээвэл эсрэгээр ойлгоно. Дотоод сэтгэл муухай байгаа учраас сайхнаар хүлээн авч чаддаггүй. Энэ намайг шоолов уу, эсвэл мэдрэл муутай юм уу гэж боддог. Хүн өнөөдөр хэн нэгнийг хайрлахаар сэтгэл нь их сайхан болдог, дүүрдэг. Сэтгэл нь эвдэрсэн хүн бол зүгээр л бусдыг шимэгчлэх хэрэгсэл болгодог. Хүний мууд дурлаж, цус болсон хар бараан мэдээллийг уншдаг хүмүүс байдаг даа. Ийм хүмүүсийн сэтгэл өвчилж, муу муухайгаар дүүрчихээр хар бараан мэдээллээрээ тэтгэгдэж, тэжээгдэж, тэрнээсээ таашаал аваад байдаг. Хүн хүсвэл тийм мэдээллээс татгалзаж, уншихгүй, сонсохгүй байж чадна.
-Хүмүүс сэтгэлзүйчид хандана гэхээсээ илүү найзтайгаа ч юм уу, дотнын хэн нэгэнтэйгээ сэтгэлээ онгойтол сайхан ярихыг хүсдэг. Энэ бас нэг арга мөн үү?
-Энэ бол буруу. Өөрийнхөө сэтгэлийг эмчилж байна гээд нөгөө хүнээ өвчлүүлж, сэтгэлийг нь эвдэлчихдэг. Тэгэхээр өөрийг нь сайн сонсч чадах, гарах гарцыг зааж зөвлөх хүн бол сэтгэл зүйч л байдаг. Манайхан харин ч сэтгэл зүйч дээр очиж сурч байна.
Үүнээс гадна хүн бас тайвшрахын тулд ямар нэг зүйлийг хүчилж хийдэг байх ёстой. Хүнтэй муудалцах, сэтгэл санаа тавгүйтэх, бухимдах үедээ муу муухайгаа гадагшлуулах шаардлага гардаг. Тэрнийг дотроо хуримтлуулах ёсгүй. Дотроо угааж цэвэрлэж, уудалж, гаргаж хаяж байх ёстой. Аливаа сав хэмжээтэй шүү дээ. Зарим эмэгтэй бол гэрээ цэвэрлэх, юм угаах зэргээр стрессээ тайлдаг. Гэтэл зарим хүн дотнын хүндээ, эргэн тойрондоо уураа гаргаж тайвширдаг. Дандаа тэгж гаргаж болохгүй. Энэ бол эмгэг.
Зарим хүн архиар тайвшрах гэж оролддог. Сэтгэл эмзэг болохоор үг даахгүй, бүхнийг өөр дээрээ тусгаад, гомдоод байдаг болчихдог. Мөн хэзээ ч буруугаа хүлээдэггүй, уучлалт гуйж чадахгүй болдог. Манайхан уучлаарай, баярлалаа гэдэг үгийг маш ховорхон хэлдэг. Сэтгэл эрүүл байгаа үед эдгээр үгийг амархан хэлж чаддаг.
Хүмүүс бие биедээ хатуу ширүүн хандаж байна. Гэр бүл гэдэг уг нь хүний хамгийн үнэ цэнтэй зүйл байдаг. Түүнийгээ хайрлаж дээдэлж, хүндэлж, муу муухайгаас хамгаалж явах ёстой. Гэтэл яг л хогийн сав шиг хамаг муу муухайгаа гаргадаг зүйл болгоод байна. Над дээр гэр бүлээ авармаар байна гэсэн хүмүүс их ирдэг. Дөнгөж 20 хүрч байгаа охид ахимаг насны эр хүнтэй, 20 гаруй насны залуус нь болохоор эгчмэд хүмүүсийг сонирхож, нууц амраг нь болж, тэднээр тэжээлгэж, тэтгүүлэх болсон байна. Гэр бүлээ дээдлэх ёстой хүмүүс маань нууц амрагаа үнэ цэнтэй хүн болгож, байр машинаар хангаж, хамаг л эрх ямбыг эдлүүлж байна.
-Ер нь хүн өөрийгөө л эмчлэх нь чухал гэж ойлголоо?
-Хүн өөрийгөө л эмчлэх ёстой. Өөрийгөө эмчилнэ гэдэг нь нийгэмд цэвэр, зөв үндэс соёолж байна гэсэн үг.
Өнөөдөр ямар ч зорилгогүй амьдарч буй залуус олон байна. Амьдралыг доод түвшинд харж, идэж ууж, наргих цэнгэх, бэлгийн харьцаанд орох зэргээр л боддог. Бид маш их хөдөлмөрлөж, асар ихээр сурч мэдэх ёстой. Би нэг судалгаа хийсэн юм. Өнөөдөр ядуурал арилахгүй байгаагийн шалтгаан нь ердөө өөрсдөө хүсэхгүй байна. Зах зээлийн нийгэм биднээс асар өндөр хөдөлмөр, оюуны потенциал шаардаж байна, бид тэрэнд нь тэнцэхгүй байгаа юм билээ. Нэг газар ажиллаж, яг адилхан ажил хийж байгаа солонгос, хятад, монгол гурван хүний солонгос, хятадын нь ажиллах чадвар асар өндөр. Өдөрт тэд тасралтгүй олон цагаар ажиллаж чадаж байхад монголчууд энэ хурдыг нь гүйцдэггүй. Энэ ачааллыг дааж чаддаггүй. Ажил олдохгүй байна гэдэг, гэтэл олдохгүйдээ биш, ажил хийж сураагүй.
Хүмүүс үхлийн тухай их ярьдаг, боддог болж, өөдрөгөөр сэтгэхээ больчихож. Жижигхэн зүйлийг зовлон гэдэг болж. Зовлонд нэг давуу тал байдаг. Хүнийг хөгжүүлдэг. Хүн өөрт тохиолдсон зовлон бэрхшээлийг туулах замдаа асар их хөгждөг. Тэр бүхнийг даван туулбал зовлон бэрхшээл үүсгэж байсан зүйл нь жаргал болж хувирдаг.
Сэтгэл хайраар дүүрэн байвал эрч хүчтэй, тэнхээтэй байдаг. Дотроосоо ядардаггүй, ухардаггүй, буцдаггүй, тэр зүйлийнхээ төлөө маш их зүтгэдэг. Монголчуудын сэтгэлгээг гэрэлтэй галтай болгох хэрэгтэй байна. Маргаашдаа, ирээдүйдээ итгэлтэй байвал ямар ч хүндийг даван туулж чадна.
Л.Тунгалаг
Эх сурвалж: “Үндэсний шуудан”
