|
||
Мэргэжлийн сумогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Анандын гайхалтай сайхан барилдаан, ур чадвар монгол түмнийг баярлууллаа. Их аварга хэмээх алдар хүндийн эзэн болсон М.Анандын аав, ээж өнгөрөгч бямба гаригт эх орондоо иржээ. М.Анандын аав ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургуулийн захирал профессор Ч. Мангалжалав гуйтай уулзаж ярилцлаа.
-Таны хүү Ананд Их аварга боллоо. Юуны өмнө таньд болон танай гэр бүлд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе? -Баярлалаа. Их баярлалаа. -Онгоцноос буусан даруйд тань яриахад их ядарлаа гэж байсан. Аварга боллоо гээд албан ёсны арга хэмжээнээс гадна бас бус арга хэмжээ тасардаггүй бололтой? -Тийм юм билээ. Үнэхээр нэр хүндтэй сайхан ч цол юм. Ёкозүна гэх эрхэм нэр хүндтэй цолны эзэн бурхны хүү болдог гэж япончууд үздэг юм байна. Тийм ч учраас олон албан ёсны арга хэмжээ тасардаггүй юм байна. Миэ мужийн Исэ сүмд болсон арга хэмжээнд бид хоёр оролцож чадалгүй ирсэн. -Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Танай хэд дэх нь вэ? -Манайх хоёр хүүхэдтэй. Ананд маань хүүгийн том нь айлын отгон нь. Хүү маань ингэж хэлэхээр их инээдэг юм. Олон сайхан хүүхэдтэй больё гэж боддог л байлаа. Цаг үе тэр үед хэцүү байсан болохоор олон хүүхэдтэй болох хүслээ гүйцээж чадаагүй юм. /Инээв/ -Мэргэжлийн сумод хүч үзэж буй тамирчид маань ихэвчлэн бөх хүний хүүхэд, бөхийн удамтай байдаг. Танай удамд бас бөх байна уу? -Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул. Миний ханийг Лхамноржмаа гэдэг. Завхан аймгийн Идэр сумын уугуул. Эхнэрийн маань төрсөн ахын хүү Батбаатар гэж сайхан барилддаг хүн байсан юм. Чөлөөт бөхөөр Азийн хоёр удаагийн аварга болж байсан. Одоо бурхан болсон. Бөхийн удам гэхээсээ илүү би нэг сонин түүх ярьж өгөх үү? -Тэг л дээ. Таны удмын талаар юм уу? -Ханийн маань эмэг эх Завхан аймгийн Идэр сумын уугуул хөгшин байж. Тэр хөгшин Дилав хутагтад үйлчилдэг нэгэн байсан түүхтэй. Хоол ундыг нь хийж, дээл хувцсыг нь оёод дагаад явдаг байж. Дилав хутагт нэг өдөр “Та насаараа намайг дагалаа. Одоо хань ижилтэй бол. Би үхээд л өгнө” гэж сануулсан юм билээ. Эмэг эх “Надад үр хүүхэд үрчлээд л өгчих” гэж гуйсан гэсэн. Дилав хутагт өөрөө зааж өгнө гэж амлаад тэр нэгэн өдөр Идэр сумын нутгаас нэгэн айлын охиныг зааж өгсөн нь Анандын эмээ байгаа юм. Дилав хутагтын хэлсэн үг, хийсэн үйлдлээс буцах хүн байдаггүй байсан учир охиноо шууд өгсэн юм билээ. “Танай охин төдийгүй үр удам нь их сайн явна. Санаа зоволтгүй, та нарт ч үр заяана” гэж Дилав хутагт өргүүлсэн хүмүүст хэлсэн юм билээ. Ээжийнх нь удмын түүх ийм байдаг юм. Японы хэвлэлүүдэд М.Анандын Их аварга болсон талаарх мэдээллийн нийтлэжээ -Сонин сайхан түүх байна. Таны хүү сагс сайхан тоглодог юм билээ. Энэ их спортод хөл тавих эхлэлийг хэн тавив? -Миний хүү сонирхдоггүй спорт, чаддагүй тоглоом гэж үгүй. Зөвхөн сагс ч биш, ширээний теннес, воллейбол, хөлбөмбөг, билльярд гээд чадахгүй зүйл гэж бараг үгүй. Би боддог юм. Хүүгийнхээ сонирхсон зүлийг хорьдоггүй, үзэл бодлыг нь сайн дэмждэг, хамтарч спортоор хичээллэдэг байсан нь их нөлөө үзүүлсэн юм болов уу гэж. Гэртээ нэг жижигхэн сагсан бөмбөгийн самбар зоочихно. Тэрэндээ бөмбөгөө оруулах гээд үзэж тарна аа, бид хоёр. Хөлсөө гартал тоглоно шүү. Монгол айл бүтэн сайн өдөр сайхан банштай цай хийж уудаг даа. Тэгээд л аягаа угаах дээрээ тулахаараа хэн олон гоол оруулсан нь угаая гэж тохирно. Би ялагдсан бол аягаа заавал угаана. Тэр үед хүү маань их гайхаж “ Та нээрээ угаах гэж байгаа юм уу” гэж асуудаг. Ялагдсан л бол ялагдсан гээд л би ажлаа хийнэ. Хүүд маань энэ мэт байдал нөлөөлсөн гэж боддог юм. -Бөхийн хүүхдүүд ихэвчлэн сумод явдаг байсан юм билээ. Харин таны хүү ямар шалгуур давж, хэний тусламжтай сумод хөл тавьсан бэ? -2000 оны дундуур манайд Хакаки гэдэг нэр хүндтэй хүн ирдэг юм байна. Тэр хүн Б.Бат-эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуульд зочлоод бүртгэл хийсэн. Тэр үед 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн учир арав арваар нь баг болгосон. Тэгээд баг бүрээс шалгарсан тус бүр хоёр хүүхэд нийлүүлж, 20 хүүхдийг бэлтгэл хийлгэж байгаад сумод авч явахаар болсон юм. Миний хүү барилдаад зургаа давж, дөрөв ялагдлаа. Ингээд шалгарах боломжгүй болсон. Хүү маань манай сургуулийн лицед сурдаг байсан ч “Би спортын лидер нь болно” гэж ярьдаг байлаа. Хичээлээ тараад миний өрөөнд ороод ирнэ. Манай багш нар “Энэ бөх болно шүү, хүзүүг нь” гээд л тоглоом шоглоомоор хэлдэг байсан юм. Одоо бодох нь ээ тэгж харагддаг байсан юм байлгүй дээ. -Багадаа япон хэл мэддэг байсан гэсэн үү? -Их нээдтэй түүх юм даа. Миний хүү нэг өдөр япон хэлний дамжаанд явмаар байна гэлээ. Төлбөр нь 10 мянга л байх болов уу гэж бодоод зөвшөөрсөн юм. Сонирхсон зүйлээ тасална гэж байдаггүй учир яваад л байна. Коничива, саянаратайгаа болчихож. Нэг өдөр төлбөр нэхээд 60 мянган төгрөг гэдэг байгаа. Их сургуулийн багш хүнд яаж тийм их мөнгө байдгийн. Ярилцаад яах ч арга алга. Миний хүү бултаарай гэж хэлсэн.(инээв) Гудамжинд явж байхад нь нэг эмэгтэй “Ананд аа, чи төлбөрөө төлөхгүй байлаа ч хичээлдээ явах ёстой” гэж орилсон гэсэн. Инээдтэй байгаа биз. Ингэж л хөглөж явсан хоёр доо. -Япон багшийн шалгуурт тэнцээгүй юм байна. Ямар арга замаар сумод хөл тавив? -Шалгуурын дараа хоёр гурван сарын дараа миний нэг шавь баахан япон сэтгүүл явуулдаг юм байна. Хүү маань тэр сэтгүүлийг нэгд нэгэнгүй үзээд л байна. Тэгж байснаа “Аав аа би ийм хүн болмоор байна” гэсэн. Тэр үед би “Сумо их хэцүү гэсэн. Зоддог, их хүч чадал, тэсвэр тэвчээр шаарддаг гэсэн” гэхэд “Тэд нар хүний хий гэснийг хийхгүй л байхгүй юу. Би хий гэснийг нь хийнэ” гэж хэлж байсан. Хүү маань надад та асууж хөөцөлдөөд өгөөч гэж гуйгаад болдоггүй. Тэгэхээр нь Спортын төв ордон руу очоод бөх мэддэг олон хүнд хандсан. Одоо нэрийг нь хэлээд яахав. Зарим нэг нь мөнгө хүртэл нэхсэн. Багш хүнд тэдний нэхэж буй мөнгө нь яаж байхын. Ингээд л энэ бодлоо орхилоо. Гэтэл хүү маань нэг өдөр “Захиа бичье” гэдэг байгаа. Тэгэхээр нь тоглоом шоглоом хийгээд “Чи захиа бич л дээ” гэхэд “Яаж бичдэг юм бэ” гэсэн. “Би тэдэн см өндөртэй, биеийн жин тэд. Сумод сонирхолтой гэх мэтчилэн бичээд сэтгэлийн үгээ оруул” гэсэн. Тухайн үед хүүхэд юу бичих бол гэж бодоод л өнгөрсөн. Долоо хонолоо чимээгүй л байна. Гэтэл арван өдрийн дараа би захиагаа биччихлээ гэсээр ирсэн. Их сайхан үгтэй захиа байсан. Одоо ч би хадгалдаг юм. Тэр захиаг нь япон хэл мэддэг хүмүүсийг гуйж байгаад орчуулж авлаа. Монгол япон хүний сэтгэлгээ өөр учраас “Сумогийн дэвжээнийхээ төлөө үнэнчээр зүтгэн, байнга өндөрт өргөж явна” гэж бичсэнийг нь хариуцлагатай байна гээд л орчуулчихсан. Заа тэгээд бэлэн болсон захиагаа хэнд явуулахаа мэддэггүй. Гэтэл нөгөө сэтгүүлд сонирхогчийн сумогийн холбооны утас, хаяг нь байсан юм билээ. Тийшээ хоёр ч удаа захиа явуулчихлаа. Гэтэл нэг өдөр Японоос хариу ирдэг юм байна. Сонирхогчийн сумогийн холбооныхон “Изүцү” дэвжээнийхэнд энэ тухай хэлснээр хүүгийн маань нэрээр захиа ирлээ. Тэр үед сургуулийн хэмжээнд ганцхан факсын аппараттай байсан юм. Хурал дээр сууж байтал гэнэт хариу ирдэг байгаа. Захидлыг хүлээж аваад судалж байна, авах бодол байна. Долоо хоногийн дараа эцсийн хариу гарна гэсэн захиа ирсэн. Хүү маань хүлээгээд л. Гэтэл авахаар боллоо гэдэг байгаа. Явах бэлтгэл хийгээд бэлэн болтол визний асуудал тулгарлаа. Хоёр удаа буцаасан. Ямар үндэслэлээр гэдгээ хэлдэггүй юм билээ. Хүүгийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө зүтгээд л байсан. Гэтэл нэг өдөр Кёкүшюүзан Батбаярын аав Даваа гуайтай уулзлаа. “Би Батбаярт хэлье. Явуулж болох байх” гэж хэлсэн. Тэгээд удалгүй виз нь гараад явахад саадгүй болсон. - Ананд тэр үед 16 настай байсан юм байна. Та хүүгээ явуулахдаа юу бодож байв? -Эцэг хүних юм боддог юм билээ. Насанд хүрээгүй шахуу, ганц хүүгээ би хаашаа, юунд явуулах гэж байна. Би зөв зүйл хийж байна уу, үгүй юу гэж эргэлздэг юм билээ. Хүү маань ч хилийн дээсэн дээр очоод зогсчихсон. Хоёулаа бодол болсон хүмүүс, яахаа мэддэггүй. Яг тэр үед хүүгийнхээ араас бага зэрэг түлхээд “Миний хүү яв даа” гэж хэлсэн. -Эхний хэдэн сар хэл чимээгүй байсан гэдэг. Та бүхэн санаа зовж байв уу? -Гурван сар ямар ч хэл чимээ ирээгүй. Гэтэл нэг өдөр дэвжээнийх нь багшийн эхнэрээс гаргацтай нь аргагүй бичсэн захиа ирсэн. Хүү тань сайн байгаа. Бэлтгэлээ сайн хийдэг, санаа зоволтгүй гээд л. Тэр захиаг аваад их баярлаж байсан. -Мэргэжлийн сумод хүч бяраа гайхуулж буй залуус маань маш богино хугацаанд амжилт гаргасаар байна. Сүүлийн башёд амжилт гаргах тухай мэдээ аль эрт тархсан. Та хоёр хэзээ Японыг зорьсон юм бэ? -Гуравдугаар сарын 15-нд Япон руу явсан. Манай бөхчүүд энэ тэнцүү хүчээ үзэж байсан. Тэгээд л Хакүхо М.Даваажаргал унангуут л шууд Япон явах шийдвэрээ гаргасан. -Нэг зүйл асуумаар санагдчихлаа. Та бүхний өмнө хаалттай, хоёр удаа буцаасан визний асуудал энэ удаа ямар хурдан шийдэгдээ вэ? -Харин тиймээ, гарахаа хүрвэл хэдхэн цагийн дотор л виз гардаг бололтой юм билээ. -Хүүгийнхээ барилдааныг яг дэргэдээс нь харах ямар байв. Та Их аваргын болзол хангалаа гэхэд нь нулимс унагав уу? -Зурагтаар харах, дэргэдээс нь, орчинд нь очоод үзэх хоёр мэдээж эрс ялгаатай байдаг.Сэтгэл гэдэг хөөрөөд дээд цэгтээ хүрсэн байх. Их баярладлаг юм билээ. Миний хүү олон аавын хүүхдүүдийн шантарч, буцаж байсан давааг даваад оргилд нь хүрлээ гэж бодохоор өөрийн эрхгүй баярлаад байсан. Үгээр хэлэхийн аргагүй юм билээ. Харин би нулимс унагаагүй. Миний хүү өмнө нь хоёр удаа түрүүлэх боломжноос атгаад алдсан хүн шүү дээ. Баяр, жаргалтай үйл явдлыг нулимсаар угтаад яах вэ гэж бодсон. Харин нэг зүйл хэлмээр санагдлаа. Ялалтаас илүү ялагдлын агшин хамгийн хэцүү. Би хүүгээ ялагдал хүлээхэд нь үнэхээр их шаналсан. Тэр үе ямар гэж хэлэхийг аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. -Сумогийн холбооны ёслолын арга хэмжээ нь одоо ч дуусаагүй бололтой? - Ямар их нэр хүнд дагадгийг би анзаарсан. Бурхны хүү гэж үздэг юм билээ, япончууд. Хамаагүй ойртохгүй, их ёс заншилтай хүмүүс юм. Сумогийн холбооны гишүүдийн ихэнх нь Япоын нэр хүндтэй, алдар цуутай хүмүүс байдаг юм билээ. Тэд гаргасан амжилтыг нь сонсоод шууд шийдвэрээ л хэлнэ. Их зохион байгуулалттай, нарийн дэг журамтай арга хэмжээ болдог. Хүү маань уг нь эх орондоо хамт ирье гэж байсан юм. Гэтэл арга хэмжээ нь дуусдаггүй. Албан болоод албан бус арга хэмжээ тасрахгүй юм билээ. -Хүүг тань аварга боллоо гэхтэй зэрэгцээд Гавьяат тамирчин цол олгоё гэх яриа цахим хуудсаар тархсан. Та энэ талаар мэдсэн үү? -Мэдсээн, манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гавьяат тамирчин цол олгох тогтоол гаргаад наашаа ирүүлсэн байна лээ. Аймгийн төвд залуус жагсаал зохион байгуулсан гэсэн. Манай Асгатынхан найрлаад маргааш нь босох тэнхэлтэй хүн байгаагүй гэсэн шүү. (инээв) -Хүү тань тэгээд хэзээ эх орондоо ирэх бол? -Долдугаар сард ирэх санаа байгаа. -Монголчууд монгол эр хүний хүч тэнхээ, оюун ухааныг цусандаа шингээж үлдээх чин хүсэлтэй. Хүүгээ монгол бүсгүйтэй гэрлэх талаар анхаарна биз дээ? -Миний хүү сайхан үг хэлснийг уншсан биз дээ. “Би сайхан монгол бүсгүйтэй гэрлэнэ” гэсэн. Миний хүү тэгнэ л гэсэн бол тэр үгэндээ хүрдэг хүн. -Та өвөө болчихсон уу. Анандад одоогоор үерхэж, нөхөрлөдөг бүсгүй байдаг болов уу? -Өвөө болсоон. Охины хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлэх гээд өвөөгийн үүрэг их шүү дээ.(Инээв) Хүүд маань яг одоо үерхэж буй бүсгүй байхгүй байх аа. Таилцаж, үерхсэн ганц нэг бүсгүй байсаан. Гэхдээ бүр дотносоогүй. -Хүүгийн тань өгсөн хамгийн том бэлэг юу вэ. Гэхдээ үнэтэй эд хөрөнгө гэсэн утгаар асуугаагүй юм шүү? -Тиймээ, ойлгож байна. Миний хүү Ёкозүна цол авч чадсан нь надад хамгийн том бэлэг. -Таньд баяр хүргэх гэсэн, тусгайлсан хүлээн авалт олон байх шиг байна. Гэхдээ бидэнд цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Хүү тань улам их амжилт гарган, Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж явах болтугай. -Ерөөлөөр болог. Хүн бүхэн чаддаг зүйлээ хэнээс ч дутахгүй хийж байж Монгол орон хөгжинө. Монгол орон минь үүр мандан бадрах болтугай гэж ах нь зальбирдаг юм. Та бүхэн хамгийн түрүүнд ярилцлага авлаа. Хүүг маань ирэхээр уулзаарай. Та бүхэнд ажлын амжилт хүсье. -Баярлалаа. Х.Оюунсүрэн http://www.mass.mn/123878.html
|

Уншигчдын сэтгэгдэл